Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1473

 

 

 

 

 

 

 

  

     2022         10          13                                     2022/ШЦТ/1473

 

                             

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г  овогт ......н Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн    дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ........ төрсөн, 36 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

.... овогт Б. Б /РД: ЖВ888888888/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр .......... тоотод хохирогч Д.Цтай архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хохирогч Д.Цыг унтсан байх хойгуур түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тус дүүргийн 27 дугаар хороо, Шинэ эцэст байрлах Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Тухайн үед ахтайгаа хамт нэг шил архи уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусаад дахиад дэлгүүр ороод нэг шил архи аваад хувааж уухад ах тасраад унасан. Тэгээд шагийн архи авах гээд АТМ-нээс 40.000 төгрөг авах гэж байгаад нэг тэг илүү дараад авчихсан” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Иргэн Д.Цаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дахь тал/,

-Хохирогч Д.Цын “Би 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Бест нэртэй караокед байж байхад миний авахуулсан шүд өвдөөд байсан юм. Тухайн үед надтай хамт миний багын найзууд болох О.Г , Б.Га , Хар Д  бид 4 сууж байсан юм. Тэгтэл манай найзууд шүд өвдөхөд 100 грамм татчих сайн гэхээр караоке-оос архи гаргаж уусан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,

-Хохирогч Д.Цын дахин өгсөн “Тэгээд манай багын найзууд архи уугаад яваад өгсөн дараа нь би дахин архи уумаар санагдаад гэрээсээ гараад явж байсан чинь Бтэй таарсан. Бид хоёр манайд орж ирээд нэг шил архи уугаад би дахиад уумаар санагдаад Бд картаа өгсөн тэгээд миний нууц үгийг мэддэг болсон байх. Тэгээд би тасраад унтсан бөгөөд өглөө нь карт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дэх тал/,

-Хохирогч Д.Цын Хаан банкны 5009197285 тоот дансны хуулга /хх-ийн 38 дахь тал/,

-2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-86 дахь тал/,

-Яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 112 дахь тал/, зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх  дүүргийн 27 дугаар хороо, Дунд-Дарь эхийн 745 тоотод хохирогч Д.Цтай архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хохирогч Д.Цыг унтсан байх хойгуур түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тус дүүргийн 27 дугаар хороо, Шинэ эцэст байрлах Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг авч хохирол учруулсан нь: Хохирогч Д.Цын “Би 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Бест нэртэй караокед байж байхад миний авахуулсан шүд өвдөөд байсан юм. Тухайн үед надтай хамт миний багын найзууд болох О.Г , Б.Г , Хар Д  бид 4 сууж байсан юм. Тэгтэл манай найзууд шүд өвдөхөд 100 грамм татчих сайн гэхээр караоке-оос архи гаргаж уусан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/, хохирогч Д.Цын дахин өгсөн “Тэгээд манай багын найзууд архи уугаад яваад өгсөн дараа нь би дахин архи уумаар санагдаад гэрээсээ гараад явж байсан чинь Бтэй таарсан. Бид хоёр манайд орж ирээд нэг шил архи уугаад би дахиад уумаар санагдаад Бд картаа өгсөн тэгээд миний нууц үгийг мэддэг болсон байх. Тэгээд би тасраад унтсан бөгөөд өглөө нь карт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дэх тал/, хохирогч Д.Цын Хаан банкны 5009197285 тоот дансны хуулга /хх-ийн 38 дахь тал/, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-86 дахь тал/, яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 112 дахь тал/, зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх  дүүргийн 27 дугаар хороо, Дунд-Дарь эхийн 745 тоотод хохирогч Д.Цтай архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хохирогч Д.Цыг унтсан байх хойгуур түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тус дүүргийн 27 дугаар хороо, Шинэ эцэст байрлах Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 Иймээс шүүгдэгч Б.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож шийдвэрлэлээ.

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирлыг нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч Б.Бд  урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч     ... овогт Б. Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан  300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.АЮУШЖАВ