| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2018/00753/И |
| Дугаар | 156/ШШ2019/00026 |
| Огноо | 2019-01-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2019/00026
| 2019 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 156/ШШ2019/00026 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00753/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: У................. тоотод оршин суух, Ц.Б (РД: .......)-д холбогдох,
Нэхэмжлэгч:.....................тоотод оршин суух, В.О (РД: ...........)-ы нэхэмжлэлтэй,
хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч В.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2007 онд Ц.Б-тэй танилцаж дотно болсон бөгөөд хоёулаа хамтран амьдарна гэдэг байсан юм.
Гэтэл 2008 онд намайг жирэмсэн байх үед хот руу чөлөөгөөр яваад ирнэ гээд явсан боловч эргэж ирээгүй. 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү О.Т-г төрүүлж, ганцаараа өсгөсөн.
Ц.Б-тэй одоог хүртэл холбоо барьж уулзаж чадаагүй. Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр охин төрүүлсэн. 5 дугаар анги болон нярай хүүхэдтэй тул хариуцагчийн байгаа газрын шүүхэд хандаж, ирж очих боломжгүй байгаа юм.
Иймд Ц.Б нь хүү О.Т-ийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...
Энэ хэрэг өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй...гэв. (хх-ийн 1, 20 тал)
Хариуцагч Ц.Бнь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Би В.О-ны нэхэмжлэлтэй танилцлаа.
2008 онд В.О-тай танилцаж, хүү О.Т төрсөн. Одоо би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. В.Оюунсайхантай хамт амьдрах боломжгүй.
Хүү О.Т-г эцэг тогтоолгуулах шаардлагагүй, хүлээн зөвшөөрч байна.
Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй... (хх-ийн 22 тал)
Хариуцагч Ц.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:...Би Сэлэнгэ аймагт түр амьдарч байгаа тул энэ шүүх хуралдааныг миний оролцоогүй хийж өгнө үү... (хх-ийн 23 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч В.О нь хариуцагч Ц.Б-аас хүү О.Т-д хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч В.О, хариуцагч Ц.Б нар нь 2007 онд танилцаж, улмаар хамтран амьдарч эр, эмийн харилцаатай болж, 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүү О.Т-г төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 20, 22 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 5 тал) Хэнтий аймгийн Хэрлэн сумын ,,дугаар багийн Засаг дарга Б.Х-ийн тодорхойлолт (хх-ийн 7 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2008 оноос тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү О.Т нь 2008 оноос хойш эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч В.О нь 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү О.Т-г өөрийн асрамжинд авч эцэг Ц.Б-аас тэтгэлэг тогтоолгохыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 22 тал)
Иймд зохигчдын хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж хүү О.Т-г эх В.О-ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ц.Б нь шүүхэд өгсөн тайлбартаа:... хүү О.Т-ийн төрсөн эцэг нь мөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 22 тал)
Иймд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү О.Т-ийн эцэг Ц.Б мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү О.Т-ийн эцэг нь хариуцагч Ц.Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү О.Т-г эх В.О-ны асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү О.Т-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Ц.Б-ын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү О.Т-нг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх В.О-д даалгасугай.
5. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү О.Т-г эцэг Ц.Б-тай уулзуулж байхыг эх В.О-д даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч В.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ц.Б-өөс 70 200 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ