Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1577

 

 

 

 

 

 

    2022        10         31                                   2022/ШЦТ/1577

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...... овогт Олзвойн Тт холбогдох эрүүгийн .........дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 13 дугаар сургуулийн бага ангийн багш ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эгч, 3 дүүгийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Овоот 4-2 тоотод суух хаягтай боловч .........тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

..... овогт О- Т, /Регистрийн дугаар: УП0000000/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т нь “өөрийн ажилладаг Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн коридороос иргэн М.Сын гээгдүүлсэн Хаан банкны ...... тоот дансны виза картыг олж авч, улмаар уг картыг ашиглан 2022 оны 09 дүгээр сарын 12-ны орой 21 цаг 27 минутад хохирогч М.Ст мэдэгдэлгүй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс түүний эзэмшлийн Хаан банкны ....тоот данснаас 1 удаагийн гүйлгээгээр 570.000 төгрөгийг авч завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дэх тал/

            -Хохирогч М.Сын “...би өөрийн картын нууц үгийг зөвхөн найз болох О.Тын хажууд худалдан авалт хийж байхдаа хэд хэдэн удаа түүний хажууд хэлж байсан, түүнээс өөр хүн миний нууц үгийг мэдэхгүй, би өөрийн нууц үгийг төрсөн он сар өдрөөр биш өөрөөр 5566 гэж хийсэн байсан. ...би өөрийн найз О.Т нь миний Хаан банкны картыг авч, миний данснаас 570.000 төгрөгийг хулгайлан авсан байж магадгүй гэж сэжиглэж байна. Учир нь надад 2022 оны 09 дүгээр сарын 12-ны орой 08 цаг 30 минутын орчим гэртээ харихаар явж байна, Их засаг их сургуулийн ойролцоо байдаг Хаан банкны АТМ ороод дараа нь гэртээ харина гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,

            - О.Таас хохирлын 570.000 төгрөгийг хохирогч М.Ст хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх- ийн 13-16 дахь тал/,

            - Хохирогч Мягмарсүрэнгийн Сын эзэмшлийн Хаан банкны 5557269803 тоот дансны хуулга /хх-ийн 22 дахь тал/,

            - Хаан банкны .......... тоот данснаас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 570.000 төгрөгийн зарлагын гүйлгээг ........гудамж, Хил хамгаалах ерөнхий газрын ард байрлах Их засах их сургуульд байрлах АТМ1229-ИЙН хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-34 дэх тал/,

- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, Хил хамгаалах ерөнхий газрын ард байрлах Их засах их сургуульд байрлах АТМ1229-ийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.Т нь “өөрийн ажилладаг Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн коридороос иргэн М.Сын гээгдүүлсэн Хаан банкны .... тоот дансны виза картыг олж авч, улмаар уг картыг ашиглан 2022 оны 09 дүгээр сарын 12-ны орой 21 цаг 27 минутад хохирогч М.Ст мэдэгдэлгүй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс түүний эзэмшлийн Хаан банкны ..... тоот данснаас 1 удаагийн гүйлгээгээр 570.000 төгрөгийг авч завшсан” гэмт хэргийг үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж  завших” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

Шүүгдэгч О.Т нь хохирогч М.Сын гээгдэл эд хөрөнгийг авч завшсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Шүүгдэгч О.Тын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хуульд зааснаар торгуулийн ял шийтгэлийг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгч О.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж шүүгдэгч О.Т нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч М.Ст гэм хорын хохиролд 570.000 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүгдэгч О.Т нь төлсөн байх тул шүүгдэгч О.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Тыг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч О.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....... овогт О. Тыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ