Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1563

 

 

 

 

 

 

 

 

    2022         10          27                                   2022/ШЦТ/1563

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

   Улсын яллагч А.Ариунаа /тээврийн прокурор/,

Шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч У.Х нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .....овогт Л. Гд холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .......... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........ тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

.......... овогт Л. Г, регистрийн дугаар ЧР0000000.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Л.Г нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 07 цаг 49 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, “Өгөөмөр” захын уулзвар дээр “Toyota Raum” маркийн ...... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зүүн гар тийш эргэхдээ чигээрээ яваа Б.Б жолоочтой “Surron” маркийн цахилгаан дугуйтай мөргөлдөж, Б.Бийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Л.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-12 дахь тал/,

 

- Хохирогч Б.Бийн: “Би тухайн замд зүүнээсээ баруун чиглэлд нэгдүгээр эгнээгээр 30-40 км/цаг хурдтай явж байсан. Намайг мөргөсөн машин нь баруунаас зүүн чиглэлд хоёр дугаар эгнээнээс зүүн тал руу эргэж ороод намайг нэгдүгээр эгнээнд явж байхад мөргөж унагасан...Ослын улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан эмчилгээний зардалд машины жолооч Л.Г надад 1 сая өгрөг өгсөн байгаа. Суран унадаг дугуйны хохирол 285.000 төгрөг болж байгаа энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-15 дахь тал/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Э-ын гаргасан 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10909 дугаартай шинжээчийн “...1 Б.Бийн биед зүүн 3,4-р хавирганы хоёрлосон, 5,6-р хавирга, дал яс, сээрний Тh5, Тh6, Тh7-р нугалмын сэртэнгийн хугарал, зүүн мөр, тохой, шуу, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу авто осолд орох үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 20-21 дэх тал/

 

- Итгэлт хөрөнгө” ХХК-ний “surron” маркийн цахилгаан дугуйны хохирлыг 285.000 төгрөгөөр тогтоосон 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4237 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, /хх-ийн 37-38 дахь тал/

 

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Б-ын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 831 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа, /хх-ийн 63-64 дэх тал/

 

-  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 12- ны өдрийн ...... дугаартай албан бичиг, хавсралт, /хх-ийн 46-47 дахь тал/

 

-  “Toyota Raum” маркийн 40-97 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хх-ийн 84 дэх тал/

  • Яллагдагч Л.Г-ын хохирол төлсөн баримт, /хх-ийн 33 дахь тал/
  • Яллагдагч Л.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн

49 дэх тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Л.Г нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 07 цаг 49 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, “Өгөөмөр” захын уулзвар дээр “Toyota Raum” маркийн 40-97 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зүүн гар тийш эргэхдээ чигээрээ яваа Б.Б жолоочтой “Surron” маркийн цахилгаан дугуйтай мөргөлдөж, Б.Бийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Бийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10909 дугаартай дүгнэлт,  “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 831 дугаартай магадалгаа, шүүгдэгч Л.Г-ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгч Л.Г нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 07 цаг 49 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, “Өгөөмөр” захын уулзвар дээр "Toyota Raum" маркийн 40-97 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зүүн гар тийш эргэхдээ чигээрээ яваа Б.Б жолоочтой "Surron” маркийн цахилгаан дугуйтай мөргөлдөж, Б.Бийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн.  Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.  Хохирогч Б.Бид эд хөрөнгийн хохиролд баримттайгаар 285.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 239.000 төгрөгийн хохирол учирсан ба Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжилсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явцад яллагдагч Л.Г-ын зүгээс хохирогч Б.Бийн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 285.000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Гас 239.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Х  гэм буруугийн талаар дүгнэлтдээ: “Замын хөдөлгөөний журам зөрчиж хохирогчид хүндэвтэр зэргийн хохирол учруулсан. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Сайн дураараа эрүүл мэндийн зардалд төлсөн. Цахилгаан дугуй нь үнэлгээгээр 285.000 төгрөг гарсан. Тэрийгээ төлсөн. Бусдад төлөх төлбөргүй. Шүүх шийдэж өгвөл төлнө. Хохирогч нь буруугүй. Манай үйлчлүүлэгч нь буруутай” гэв.

 

           Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Л.Г нь зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Бийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Л.Г нь зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Бийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймээс шүүгдэгч Л.Гд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Л.Г нь эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 285.000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хохирогч Б.Б нь шүүхэд нэмж хохирлын баримт ирүүлээгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүхээс шүүгдэгч Л.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Х эрүүгийн хариуцлагын саналдаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид сайн дураараа төлсөн. Хөнгөн хэрэг анх удаа үйлдсэн. Хохирлын нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх шүүгдэгч Л.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Гд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Л.Г нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Бид мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд баримтаар 1.000.000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 285.000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Бийн эмчилгээний төлбөрт 239.000 төгрөг төлсөн гэсэн мэдээлэл хавсаргасан байх боловч иргэний нэхэмжлэл шүүхэд ирээгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх төлбөрийг төлсөн гэх санхүүгийн баримт хавсаргаж ирүүлээгүй, нэхэмжлэгчээр тогтоогдсон хүн шүүхэд ирээгүй нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүгдэгчээс тайлбар мэдүүлэг аваагүй байх тул хэлэлцэхгүй орхиж Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Л.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..... овогт Л. Г-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлыг хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч нар цаашид баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ