Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1480

 

 

 

 

 

 

 

   2022         10          13                                   2022/ШЦТ/1480

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

   Улсын яллагч А.Ариунаа /тээврийн прокурор/,

   Хохирогч Т.Г, түүний өмгөөлөгч Г.Н

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт С.Б холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2,  эхийн хамт амьдардаг. .............тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч, ....... тоотод түр оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

.... овогт С.Б /РД: ЛБ96969696/.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 01 цаг 03 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр зам 2-ийн задгайн урд замд “Kia K5” маркийн .... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан явган зорчигч, Т.Гыг мөргөж, дайран эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Хохирогч Т.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бид нар ажлын газрынхантайгаа 6 дугаар сарын 25-ны өдөр гадуур гарсан. Караоке ороод нэг шил архи уучхаад. Осол болсон газар очоод дахин нэг шил архи уусан. Тэгээд харих гээд Т.Ө-тэй хамт тамхи татах гээд явж байсан. Батболд ах машинаа хөдөлгөөд бид хоёрын өмнүүр гарсан. Т бид хоёр холдъё гээд холдоод явж байгаад эргээд харахад намайг мөргөсөн. Тэгээд нүдээ нээхэд машины доогуур орсон байсан. Би өдрийн 80.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Би энэ хугацаанд 109 хоног ажиллаагүй. Надад асаргаа шаардлагатай байсан учир аав ээж маань малаа хүнд цалин өгч маллуулсан. Би эмчилгээний зардал, малчны хөлс, мөн ажилгүй байсан хугацааныхаа зардлуудыг нэхэмжилж байна” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

-102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас,/хх-ийн 5 дугаар хуудас/,

-2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 6-11, 13-14 дүгээр хуудас/,

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл дэх “С  овогтой Б-ыг драйгер багаж ашиглан шалгахад 1.80% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо..” гэх тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

-Хохирогч Т.Гын “...Осол болсон газар дээр очоод нэг шил архи уугаад дуусаад гадаа Түмэн-Өлзий бид 2 тамхи татаад зогсож байтал Бэ? гэхэд  ах машинаа ахиад согтуу жолоодон дрифт хийгээд байгаа юмуу мэдэхгүй хажуугаар гарч давхиад 2 дахь удаагаа хажуу талаар гарах үед намайг мөргөөд би машин доор нь орсон машин шууд зогсоод Батболд ах машинаас бууж ирээд данхраадаа гаргаж ирээд намайг машин доороос гаргаж авчихаад машиндаа суулгаад Батболд ах машинаа жолоодоод барилга дээрээ очиж, барилгын даамалд хэлээд дуудлага өгүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Тгийн “...Нэг машин руу харсан чинь бид 2 луу чиглээд ирсэн хохирогч миний зүүн гар талд зогсоод согтолт гайгүй байсан. Би машинаас нь зайлаад хазайсан чинь хажууд зогсож байсан хохирогч Гыг мөргөөд дээр нь гарч дайраад зүүн гар тийш дараад зогссон...” гэх мэдүүлэг,/хх-ийх 23 дугаар хуудас/,

-Гэрч Э.Э-ын “...Г, Түмэн-Өлзий 2-ын зогсож байсан газар луу хөдлөөд явсан бөгөөд тэр хоёрын ойролцоо очоод дахин кардан татаж дрифт эргэх үедээ Гыг мөргөж унагаан машинтайгаа Гын дээр нь гараад зогссон..” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/

-Гэрч Б.Г-ийн “...Ингээд тэр хоёрын зогсож байсан газар луу дөхөх үедээ Батболд дахиад кардан татаж эргэсэн бөгөөд энэ үед тас няс хийсэн чимээ гараад хүн орилсон. Тэгээд машин зогсонгуут сандраад буугаад харахад Гийг мөргөөд машинтайгаа дээр нь гараад зогссон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Х-ийн гаргасан “...Т.Гын биед цээжний битүү гэмтэл, цээжний хөндийн хий хуралдалт, дух, бүсэлхий шарх, нүүр цээж, хэвлий, бүсэлхийн том хэмжээний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9155 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 29 дүгээр хуудас/,

-Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Н-ын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 832 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”, /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

-“Kia K5” маркийн ----- УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хх-ийн 114 дүгээр хуудас/,

-“Транс Капитал ББСБ” ХХК-ний 22/891 дугаартай албан бичиг, /хх-ийн 112 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч О.М-ын “...Ерөнхийдөө анх энэ машиныг авахдаа өөрийн ажилтан Баяраа гэдэг хүнд худалдаж авч өгсөн бөгөөд Баяраа нь зээлээ дуусгаад өөр хүнд зарсан юм шиг байна лээ.. Миний хувьд ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол, санал байхгүй. Энэ асуудалд тухайн машиныг жолоодож явсан хүн өөрөө хариуцах байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/,

-Шүүгдэгч С.Б-оос хохирол төлсөн баримтууд, /хх-ийн 116-122 дугаар хуудас/,

-Хохирогч Т.Гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд, /хх-ийн 130-137 дугаар хуудас/,

-Шүүгдэгч С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 01 цаг 03 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр зам 2-ийн задгайн урд замд “Kia K5” маркийн ---- УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан явган зорчигч, Т.Гийг мөргөж, дайран эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тзэврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9155 дугаартай дүгнэлт, хохирогч Т.Гын мэдүүлэг, гэрч Б.Т, Б.Г , Э.Э т нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч О.Мөнхбаяр нэхэмжилсэн зүйлгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.483.550 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заалтыг үндэслэж шүүгдэгчээс гаргуулж Төрийн сангийн 1009000280 тоот дансанд төлүүлэх, хохирогч Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн боловч хэргийг прокурорт шилжүүлсний дараа хохирол төлөгдөөгүй. Хохирлоо нэхэмжилнэ гэж баримтууд гаргаж өгсөн. Хохирогчийн гаргаж өгсөн баримтаас 771420 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байна.  Зээл гэх 1.000.000 төгрөгийн баримтыг юунд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй. Хууль зүйн зөвлөгөө авсан гэх 50.000 төгрөг гэж шилжүүлсэн байсан баримт нь хэнд ямар дансанд шилжүүлсэн нь тодорхойгүй. Ковидын тест гэж 25.000 төгрөгийн баримтыг 2 удаа гаргаж өгсөн байна. Карт уншуулсан баримт байхгүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй. Шүүхийн шатанд хохирогч 3.168.000 төгрөгийн хохирлын  баримт гаргаж өгсөн байна. Энэ нь эм тарианы баримт учир нотлох баримтын шаардлага хангаж байна. Өмнөговь аймгийн засаг даргаас тодорхойлолт гаргаж өгсөн байна. Энэ тодорхойлолтод хохирогчийн аавыг малаа маллуулахаар Дарханбаатартай тохиролцож мөнгө тухай бичсэн байна. Хохирогчийн аав нь хэчнээн хэмжээний малтай вэ? үүнийг хэдий хугацаанд малласан бэ гэх талаар баримт байхгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн боловч тухайн байгууллагад хохирогчийг ажилладаг гэх тодорхойлолт байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, 3.839.520 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна  гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Н гэм буруугийн талаарх саналдаа: “Хохирогч гэж хэнийг хэлдэг вэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт маш тодорхой хуульчилсан. Миний үйлчлүүлэгч ажлаа тарж яваад бие махбоддоо хүндэвтэр гэмтэл авсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр гарсан. Гол осол болох шалтгаан нь шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үүссэн. Машины доогуур орсон хүүхэд өнөөдөр эсэн мэнд байгаа нь зууд нэг тохиолдох тохиолдол шүүх гэдгийг хэлмээр байна. Хэрэг шөнийн 01 цагт болсон бөгөөд драйгер багажаар 02 цаг өнгөрч байхад үлээлгэсэн. Согтолтын зэрэг 1.80 бүхэл байсан. Тэгэхээр тухайн үед үүнээс илүү согтолттой байсан байна. Гэм буруу дээрээ шүүгдэгч маргахгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид учирсан хохирол төлбөр буюу 10.680.110 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Улсын яллагчтай санал нийлэхгүй байна. Хүний ээж, аав үр хүүхдээ хөдөөнөөс ирээд хагалгаанд орохоос нь эхлээд сахиж байсан. Улсын яллагч ээж нь сахиад аав нь сахихгүй байсан гэж ярьж байна. Хүүхдийнхээ төлөө хэн ч хаанаас ч зорьж ирнэ. Хүүхдийнх нь амь нас шийдэгдэх зүйл дээр гарын үсгээ зурах гээд ирж байна шүү дээ. Хөдөөний хүмүүст тогтсон цалин хөлс байхгүй. Малын ашиг шимээрээ амьдардаг хүмүүс юм. Малчнаар малаа маллуулсан хугацааны цалин хөлсийг өгөхгүй гэж байгаа нь хуульчийн ёс зүйн хувьд ёс зүйд нийцэхгүй байна. Хохирогч өнөөдрийг хүртэл эмчилгээтэй  явж байна. Бүтэн бие нь түлэгдэлтэй, цээж хэсгээ нээлгэж хагалгаанд орж амьд үлдэх эсэх нь шийдэгдэж байсан.  Би шүүхийн шатнаас  өмгөөлөгчөөр ажилласан. Энэ хүүхдэд учирсан гэмтэл нь хүнд гэмтэлд орох байсан. Худал материал бүрдүүлээд ирсэн бол эдгээр хүмүүс хуулийн хариуцлага хүлээнэ шүү дээ. Малчин нь ажлын хөлсөө авсан гээд засаг даргын тодорхойлолт хийж өгсөн байна. Коронагийн тестийн талаар ярихад баримт байхгүй гэж зүйл ярьж байна. Би ч гэсэн Баянзүрх дүүргийн хажуу талын эмнэлэгт би хэвтэхэд надад бас баримт өгөөгүй. Ээж нь цалингийн тодорхойлолт авах гээд ажил олгогч дээр нь очиход цалингийн тодорхойлолт өгөхгүй гэж хэлээд утсаа унтраагаад алга болсон. Эрүүл мэндийн даатгалын талаарх нэхэмжлэлийг прокурор тусдаа иргэний нэхэмжлэл гаргаад шийдүүлэх байх гэж бодож байна. Нийт хохирол 10.680.000 төгрөгийг гаргуулахаар харилцан тохиролцсон тул энэ мөнгийг гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэхээр нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Э гэм буруугийн талаарх саналдаа: “Батболдын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг зохих хэмжээгээр төлсөн. Цаашдаа гарах хохирлыг төлнө. Үүн дээр маргах зүйл байхгүй байна. Цаашдаа хохирогчид хохирол гарах учир 10.700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргахгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

             Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч С.Б нь зам тээврийн осол гаргаж хохирогч Т.Гын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч С.Бын зам тээврийн осол гаргаж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч С.Бод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

Хохирогч Т.Г нь эмчилгээний зардалд 2.486.954 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6.400.000 төгрөг, нийт 8.886.954 төгрөгийг нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч О.Мөнхбаярын зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба Эрүүл мэндийн даатгалын санд 1.483.550 төгрөгний хохирол учирсан.

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Б нь баримттайгаар 345.728 төгрөгний хохирол төлсөн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, мөн хуульд зааснаар 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хохирогчид 10.680.000 төгрөгийн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1191079 дугаарын жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх саналтай байна, Битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа:Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхой хуульчилсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх нь гол зорилгуудын нэг юм. Шүүгдэгчийн зүгээс хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа эвлэрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа:Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд ээжтэйгээ хамт нийтийн байр түрээсэлж амьдардаг. Улсын яллагч хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргасан тул үүнтэй санал нэг байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Бод эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохиролоос сайн дураараа төлсөн, цаашид гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял оногдууллаа.

Шүүхээс шүүгдэгч С.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, оршин сууж байгаа газар буюу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээс гарч явахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч С.Б нь хохирогч Т.Гын эрүүл мэндэд учирсан гэм хорын арилгах үүрэгтэй бөгөөд хохиролд 4.168000 төгрөг төлсөн нь хэрэгт хавсарган ирүүлсэн баримтуудын хүрээнд хохиролыг төлсөн байна. Энэхүү үнийн дүнд талууд маргаангүй байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохиролын зардлуудаас эмчилгээний 3068100 төгрөг, асаргаа сувиллагааны зардалд 3360000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3000000 төгрөг, 3 сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 1260000 төгрөг нийт 10688100 төгрөгийг шүүгдэгч төлөхөө илэрхийлж хохирогч үүнийг хүлээн зөвшөөрч тохиролцон эвлэрсэн болно.

Хохирогч Т.Г нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.483.550 төгрөгийг төлсөн гэх мэдээлэл хэрэгт авагдаж иргэний нэхэмжлэгчээр Сандагсүрэн тогтоогдсон тогтоолтой байх боловч дээрх мөнгийг төлсөн шилжүүлсэн гэх санхүүгийн албан ёсны баримт байхгүй, иргэний нэхэмжлэгч шүүгдэгчид хандаж нэхэмжлэлээ гаргаагүй, түүнээс энэ нэхэмжлэлийн талаар тайлбар ч аваагүй байх тул хэлэлцэхгүй орхиж цаашид Иргэний хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. Мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон С.Бын жолоодож явсан машины эзэмшигч гэх Мөнхбаяр нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдлаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..... овогт С.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч С.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээс /Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул/гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Боос 10.688.100 төгрөг гаргуулж хохирогч ......... оршин суух, регистрийн ..... дугаартай, Бо. овогт Т. Гад олгож, иргэний нэхэмжлэгч Сандагсүрэнг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг, иргэний нэхэмжлэгч О.М-ыг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.Бын хэрэгт хавсаргагдан ирсэн “В” ангиллын 1..... дугаарын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт шилжүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.АЮУШЖАВ