Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1496

 

 

 

 

 

 

 

 

  2022        10          14                                      2022/ШЦТ/1496

 

                            

                           

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

улсын яллагч А.Өсөхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч Ө.У,

гэрч М.Ж, Г.А, Г.Б,

шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт П.Лид холбогдох эрүүгийн .....  дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Хот бууз цайны газрыг түрээслэн ажиллуулдаг,

....... овогт Пү. Л /РД: ЧЛ80808080/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Л нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.Э-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 0 тоотод “Хот бууз” цайны газрын үйл ажиллагааг эрхлэн явуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйл /Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна. /Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 /Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна/, 28.1.4/ Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 28.1.16. / Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэснийг, мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно: 7.1.8. /тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бус газарт/ гэж заасныг зөрчиж согтууруулах ундаа /пиво/ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн, хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчиж, үйл ажиллагаа явуулах байрны доош подвал руу уруудах шат нь Дэд бүтцийн сайд нь 2003 оны 252-р тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Олон нийтийн барилга” БНбД 31-03-03-д заасан норм стандартад заасан хэмжээг хангаагүй байхад, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, бууруулах, арилгах арга хэмжээ аваагүй, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх боломжийг бүрдүүлж, хэрэглэсэн зэргээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус цайны газрын тогооч Ш.Мягмарсүрэн нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн үед ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ подвал руу уруудах шатнаас унаж, гавлын дагз ясны баруун хажуу хэсэгт доороос дээш чиглэлтэй 9 см урттай шугаман хугарал, их тархины зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн талын бөмбөлгийн суурийн хэсэгт  урд өвдөг хэсэгт тархины бор ба цагаан бодисыг хамарсан 2х3 см тархины эдийн няцрал бүхий гэмтэл учирч, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О мэдүүлэхдээ: “2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад миний дүү А ээж ухаан алдаад унасан байна гэж ярьсан. Би Дарь эхийн дунд буудлаас гараад очиход манай ээж подвалд хажуу тийшээ хараад хөндлөн байрлалтай хэвтсэн байсан. Толгойн доор нь алчуур тавьсан. Хамраас нь цус гарсан, хэргийн газар чийгтэй цэвэрлэгээ хийсэн байдалтай байсан. Манай эрэгтэй дүү түрүүлээд очиход Л утсаа оролдоод байж байсан. Тэгээд дүү маань “Хүн ухаан алдчихаад байхад түргэн тусламж дууддаггүй юм уу?” гэж Лид хэлэхэд Л “Чи юундаа пээдэлзээд байгаа бацаан бэ? Наад хүн чинь үхээгүй. Чи юу яриад байгаа юм” гээд хэрэлдсэн. Тэгээд би 103 дуудсан. 103 ирээд энэ хүн аврагдах боломжгүй юм байна. Нас барсан байна. Цагдаагийн байгууллага дууд гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгсний дараа яах ийхийн зуургүй цагдаа нар орж ирээд битүүмжилсэн. Би 2 дүүтэйгээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очоод мэдүүлэг өгсөн. Ж нь манай эмэгтэй дүүг гэртээ байж байхад нь залгаад ээж чинь зүгээр байж байгаад ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн байсан. Төд удалгүй залгаад ээж чинь босоод суучихлаа эгч нь ус өгөөд сууж байна. Ээжтэйгээ ярь миний дүү гэж хэлсэн байсан. Манай эмэгтэй дүү ээжтэй утсаар ярих гэхэд ярихгүй байсан тул сандраад ямар нэг зүйл болсон байх гээд гүйгээд ажлын газар нь ирсэн. Тэр үед ээж маань хөндлөн байрлалтай хэвтэж байсан. Манай дүү үүнийг хараад бие нь эвгүйрхээд унах шахсан. 2 дүүгээ тэндээс авч гараад Баянзүрхийн 2 дугаар хэлтэс дээр мэдүүлэг өгсөн. Ийм асуудал болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.А мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цаг 39 минутын үед Л гэх хүн ээж чинь ухаан алдсан байна гэж над руу утсаар ярьсан. Би гэрээсээ гараад 20 минутын дотор яваад очсон. Тэр үед түгжрэл байгаагүй. Тухайн үед очиход Л үл тоосон  байдалтай байсан. намайг хэл амаар доромжилж байсан. Манай эгч ирээд эмнэлэг, цагдаа дуудсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Б мэдүүлэхдээ: “Эхлээд манай ах руу ярихад ах түрүүлээд явсан. Би санаа зовоод юу болсныг нь лавлах гээд Ж руу залгасан. Ээжийн ажил гээд надад утасны дугаар нь байдаг. Ээж чинь ухаан алдсан. Одоо гайгүй ээ эгч нь ус өгөөд байж байна гэж хэлсэн. Мийгаа эгчээ охин чинь утсаар ярьж байх шиг байна гээд цаанаа ээжтэй маань ярьж байх шиг болоод надтай утсаар яриулах гэхэд ярихгүй байсан тул би янз бүр болчихсон юм биш байгаа даа гээд санаа зовоод гэрээсээ гараад яваад очсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Ж мэдүүлэхдээ: “Би ариун цэврийн өрөөнд бие засчхаад гарах гэж байхад чимээ гарсан. Мийгаа эгч шатны доор уначихсан байсан. Би Лхагваа ахад хүйтэн ус алчууртай аваад ирээч гэж хэлсэн. Би ухаан алдаанд уначихсан байна гэж хэлээгүй. Ээж чинь шатнаас унасан байна. Ээжид нь ус өгөөд байж байна гэж хэлсэн. Би ухаан алдаад уначихсан байна гэж хэлээгүй. Ээж чинь шатнаас унасан байна. Ээжид нь ус өгөөд байж байна гэж хэлсэн” гэв.

Нотлох баримтуудын талаар:

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-30, 36 хуудас!

-хохирогч Г.Огийн “2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн үед намайг ... найз залуугийнхаа гэрт байхад миний төрсөн дүү болох А нь над руу залгаад ээж ажлын байран дээрээ ухаан алдаад унасан байна гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад шууд ... Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хот бууз дээр шууд очсон. Би гэрээсээ гарахдаа 103 дугаарын утсанд 86116027 дугаарын утаснаас 4-5 удаа залгаж дуудлага өгсөн. Тэгэхэд дуудлага давхацсан байна таны өмнө 99345200 дугаарын утаснаас дуудлага өгсөн гэж надад хэлсэн...Тэгээд ээжийн ажлын газар руу ороод подвал руу ороход буудаг төмөр шатны дор манай ээж дээшээ харсан байрлалтай байсан. Тухайн үед тэнд намайг ороход манай эрэгтэй дүү А, Хот буузны эзэн Лхагва, тогооч Жавзаа гэх 2 хүн согтуу байдалтай байсан. Амь хохирогчийн оршуулга, буяны үйл ажиллагаатай холбоотой зардлууд нийт 9,846,390 төгрөг, Тухайн цайны газар ажиллаж байсан цалин 750,000 төгрөг,түүнийг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор буюу нийт 27,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, ингээд 86,846,390 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Манай ээжийг санаатай түлхэж унагаасан байх гэж бодож байна. ... Тухайн дүгнэлтэд камерын бичлэг байхгүй гэсэн байна. Би камерын бичлэгийг устгасан гэж бодож байна. Яагаад гэвэл Л гэрээсээ камераа өөрийн гар утсан дээрээсээ хянадаг байсан, ажилчид өглөө хэдэн цагт, цэвэрлэгээ үйлчилгээ, тооцоо хийж байгаа эсэхийг хянадаг байсан. Шат руу туссан камер байгаа талийгаач шатнаас унасан тухайн камерын бичлэгт бичигдэх боломжтой байсан. ... Хэргийн газартаа ул мөргүй чийгтэй цэвэрлэгээ хийсэн байсан. Талийгаачийн толгой тус газар нойтон алчуур тавьсан байсан. ..Бидэнд анх Л утсаар ярихдаа ээж чинь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. ..Талийгаач шатнаас унасан нь худлаа. Яагаад гэвэл талийгаач шатны доор хөндлөн байрлалтай, нэг углааш нь өөр газар, нөгөө углааш нь хөлд нь байсан. .. Мөн 523 дугаартай дүгнэлтэд хормогч нь шинэ урагдалтай гэж гарсан. Тэгэхээр хормогчноос нь татаж чангааж зууралдсан, түлхээд унагасан гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45, 49, 56 хуудас/,

-гэрч М.Жын “...Тэр өдөр угаагч Б.Мягмарсүрэн 19 цагийн үед гарч дэлгүүрээс Нийслэл нэртэй 2,5 литрийн пиво 4 ширхгийг авч орж ирсэн. Тэгээд бид 4 тэр авчирсан пиво уугаад 21 цагийн үед манай ажлын угаагч Б.Мягмарсүрэн гэр рүүгээ харихаар яваад өгсөн. Бид 3 үлдээд авсан сүүлийн 1 пиво ууж дуусгачихаад би доод талын давхарт байдаг ариун цэврийн өрөө рүү орж бие засчихаад гарах гэж байсан чинь шатнаас хүн унах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би ариун цэврийн өрөөнөөс гараад харсан чинь Мягмарсүрэн эгч шатнаас унасан байдалтай газар дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд би Лхагва ах руу Мягмарсүрэн эгч шатнаас унасан байна, хамраас нь цус гараад байна, хүйтэн ус аваад ир жин тавья гэж хэлсэн чинь Лхагва ах шууд түргэн тусламж дуудсан. Тэгээд дараа нь Лхагва ах Мягмарсүрэнгийн хүүхэд рүү залгаж болсон асуудлын талаар хэлсэн. «Намайг ариун цэврийн өрөөнөөс гараад ирэхэд Мягмарсүрэн эгч дээр ирэхэд амьсгаатай байсан. Бид нар ажлын байран дээр хэрүүл маргаан хийж байгаагүй. Манай цайны газрын шат нь төмрөөр хийгдсэн хажуу талдаа хүн барьж буух бөөрөнхий бариултай, мушгирсан хэлбэртэй. Хүн хурдтай бууна гэж бол байхгүй, ер нь бол эвгүй байдаг. Урьд бас яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна бага насны хүүхэд унаж байсан. Тухайн шатнаас хурдан, эвгүй буусан бол халтирч унах боломжтой гэж бодож байна. ... Би амь хохирогчийг шатнаас унасан гэдгийг нойлын өрөөнөөс гараад мэдсэн. Намайг нойлын өрөөнд байхад шатнаас хүн унах чимээ гарсан.Түргэн тусламж дуудсан үе нь амь хохирогчийг шатнаас унасныг мэдсэн даруй дуудлага өгсөн. Надад талийгаачийн ар гэрийн хүмүүст “үнэнийг нь хэлчихье” гээд удаа дараа тайлбар хэлэх гэж оролдож байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-62, 2хх-ийн 16 хуудас/,

-гэрч Б.М-ийн “..Намайг байх хугацаанд бид 4-ын дунд ямар нэгэн маргаан бол болоогүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66 хуудас/,

-гэрч Г.Агийн “... миний гар утас дуугарч надруу 99084537 гэх дугаар 22 цаг 39 минутад залгасан. Тус дугаарын утаснаас манай ээж болох Ш.М.гийн ажлын газрын дарга гэх Л нь залгаад надад ээж чинь ажлын газрын шатнаас унаад ухаан алдсан байна гэх мэдээллийг өгсөн....Тэгээд би подвал хэсэг рүү ороход манай ээж Ш.М  хөндлөн байдалтай манай ээжийн дээр ажлын газрын хүн болох Ж дээр нь суучихсан байдалтай нүүр хэсэг рүү нь гараараа алгадсан байдалтай сэрээрэй гэх үг хэлээд байж байсан. Намайг анх хэрэг болсон газарт ороход талийгаач шатны доор хөндлөн байрлалтай хамрын нүхнээс нь их хэмжээний цус гарсан байдалтай байсныг цэвэрлэсэн байсан. Би цэвэрлэснийг яаж мэдсэн бэ гэвэл хамраас нь цус гарсан байдалтай хамар дахь цус нь дотроо хатсан, харин эргэн тойронд цус байхгүй цэвэрлэсэн байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80-81 хуудас/,

-гэрч Б.Н.ийн “... Би Хот бууз цайны газарт 2017 оны 05 дугаар сард ажилд орж байсан. Тэрнээс хойш тасралтгүй ажилласаар 2020 оны 04 сард ажлаас гарсан. ..Намайг ажлаас гарах үед тухайн цайны газрын хяналтын камер нь ажиллаж байсан. Хяналтын камерыг Л гар утаснаасаа хянадаг байсан” гэсэн мэдүүлэг 11 хх-ийн 84-85 хуудас!

-гэрч Б.Э-ын “...Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хот бууз гэх нэртэй цайны газрын объект нь миний эзэмшлийн барилга юм. Би 2013 оноос одоог хүртэлх хугацаанд уг байрыг Лид түрээсэлж байгаа юм. Уг байртай холбоотой бичиг баримт одоо Лид байгаа. Би зөвхөн түрээсээ авдаг. Тус шатыг би анх уг барилгыг бариулж байхдаа бариулж байсан” гэсэн мэдүүлэг /1 ХХ-ийн 88 хуудас/,

-гэрч Н.О-ын ”... тухайн үед СҮЛД-10-с шатнаас хүн унасан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу дэслэгч Рэгзэнгомбын хамт шалгахад Хот бууз гэх нэртэй цайны газрын эзэн гэх залуу болон өөр нэг эмэгтэйн дуудлагын дагуу ирсэн. Тэгээд дотогш орох үед хүн унасан гэх шат руу очиход эгц доош дугуй хэлбэртэй шатны доор хүн унасан байдалтай байсан. .. Тэгээд камерын бичлэгийг шүүж үзэх гэхэд хард байхгүйн улмаас бичлэг харагдахгүй байгаа гээд бичлэгийг үзэх гэхэд болохгүй байсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн.” гэсэн мэдүүлэг /1 ХХ-ийн 93-94 хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  ........ дугаартай: 1. Талийгаач М.-ийн цогцост гавлын дагз ясны баруун хажуу хэсэгт доороос дээш чиглэлтэй 9см урттай шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн суурийн хэсэгт урд өвдөг хэсэгт тархины бор ба цагаан бодисыг хамарсан 2х3 см тархины эдийн няцрал, хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр дагз хэсгээр унах үед үүсгэгдсэн гэмтэл байна. 2.Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ.5.Талийгаач нь гавлын дагз ясны баруун хажуу хэсэгт доороос дээш чиглэлтэй 9 см урттай шугаман хугарал, их тархины зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн суурийн хэсэгт урд өвдөг хэсэгт тархины бор ба цагаан бодисыг хамарсан 2х3 см тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ.6. Талийгаач нь 2021.01.21-ний өдрийн 02 цаг 32 минутын байдлаар нас бараад 2-4 цаг болсон байна. 7. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.1 промил, шээсэнд 2,5 промил спиртийн агууламж илэрсэн байна гэх дүгнэлт  /1хх-ийн 97-101 хуудас),

-Шинжээч эмч Н.Т.ийн “..Талийгаач эмнэлгийн анхан шатны тусламж авсан ч амь аврагдах боломжгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 109 хуудас),

-2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 617 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж нь дүрс бичлэг, техникийн оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд хүргүүлсэн хяналтын дүр бичлэгийн төхөөрөмжид дүрс бичлэг байхгүй байна. Устгагдсан дүрс бичлэгийг сэргээх боломжгүй” гэсэн дүгнэлт /1хх-ийн 111-115 хуудас),

-2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1507 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Ш.Мягмарсүрэнгийн баруун, зүүн гарын гэх хумсан дээр цус болон бусад биологийн ул мөр илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121-122 хуудас),

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ....... дугаартай шинжээчийн дүгнэлт: Дэд бүтцийн сайдын 2003 оны 252 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Олон нийтийн барилга” БНБД  31-03-03-ийн Олон нийт, иргэний барилгыг дараах нэр төрлөөр бүлэглэн ангилна. Үүнд: / А,,Б,В,  Г-д Худалдаа нийтийн хоол, ахуйн үйлчилгээний барилга, Д, Е,/ Барилгаас хүмүүсийг түргэн хугацаанд нүүлгэн шилжүүлэх гарц, аврах зам”-ын 3.67./А-Е/ Спортын байгууламжийн үзэгчдийн суудлын шатнаас бусад барилгын газар дээрх давхрын шатны өгсөлтийн налуу 1:2-оос ихгүй байх ёстой. Газар доорх болон хаяавчийн давхрын орц, дээвэр дээр гарах гарц, газар дээрх давхрын аврах гарцны шатнаас бусад шатны өгсөлтийн налууг 1:1.5 байхаар төлөвлөхийг зөвшөөрнө. Пандусын налууг дараах шаардлагыг заавал тооцож тогтооно. Үүнд: Барилгын доторх орон зайд 1:6, 3.69. /А-Е Барилгын шатны маршийн өргөн дараах шаардлагыг хангасан байвал зохино. /метрээр/....олон нийтийн бусад барилга... шатны өргөн 1.2м, - Шатны маршийн дундах уулзварын тавцангийн өргөн нь 1м-ээс багагүй байх, - Шатны тавцангийн өргөн маршийн өргөнтэй адилхан байх, /3.71./ Аврах гарцын  замд дугуй шат, цацраг, хэрчигдсэн шатны талбай болон бусад саад болох элемент төлөвлөхийг хориглоно... гэж тус тус зааж тогтоосон байдаг. Амь хохирогч Шадав овогтой Мягмарсүрэн нь ажлын газрынхаа шатнаас унаж нас барсан гэх Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хот бууз” гэх цайны газрын дотор угсрагдсан /шатны зураг 04, 05,06 /мөн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд /... уг шат нь доош эгц буусан дугуй хэлбэртэй төмөр шат байна. Шатны өндөр нь 2 метр 76 см, шатны байрлах хонгилын урт нь 1 метр 24 см байна, мөн шатны өргөн 0.85м-0.90м.. гэх байдлаар угсрагдсан нь уг төмөр шатыг дээрх Дэд бүтцийн сайдын 2003 оны 252 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Олон нийтийн барилга” БНбД 31-03-03-д заасан хэмжээтэй харьцуулахад:

Уг төмөр шатны өгсөлтийн налуу нь 2.76м:1.24м угсрагдсан нь 1:0.45 гэсэн хэмжээ гарч байх бөгөөд \стандарт 1:1.5\ гэж зааснаас 1.05-аар бага, мөн шатны өргөн нь 0.85-09м байгаа нь \стандарт 1.2м\ гэж зааснаас 0.30-0,35м-ээс бага хэмжээтэй байгаа нь норм стандарт заасан хэмжээг хангахгүй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараах этгээдэд үйлчилнэ:

4.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилтан, 4.1.2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, гэж заасан байдаг.

Хот бууз цайны газрын эзэн /түрээслэгч П.Л/ нь Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 /Ажил хөдөлмөр эрхэлж байгаа “иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг дадлагатай болон байна\,  мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 28.1.4. /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, \28.1.8\ аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтыг явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх /28.1.16/ Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй\ гэж заасан үүргээ биелүүлээгүй, мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах түүгээр үйлчлэхийг хориглоно: 7.1.8 /тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт\ гэж заасныг зөрчиж согтууруулах ундаа /пиво/ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн, хэрэглэсэн болох нь П.Л, М.Ж, Б.М. зэрэг гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна гэж заасны дагуу “Хот бууз” цайны газрын эзэн Л нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Ш.М  нь “Хот бууз” цайны газрын ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь \ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 сарын 15-ны өдрийн №213 дугаартай шинжээчийн дүгнэлт\-ээр мөн стандартын шаардлага хангахуй шатаар бууж явахдаа унаж осолдсон болох нь дээрх холбогдох баримтаар тогтоогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэгдсэн дүрэм”-ийн 2.2 /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ\ гэж заасан байдаг гэсэн дүгнэлт /1хх-ийн 129-131 хуудас/,

-2021 оны 01 дүгээр сарын 29-ний 892 дугаартай “ П.Лид гэмтэл тогтоогдсонгүй, П.Лийн цусанд спирт илрээгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 135-136 хуудас/,

-2021 оны 01 дүгээр сарын 26-ны 907 дугаартай “М.Жын биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 141 хуудас/,

-2021 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 523 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн босоо суудалтай угладаг хормогчинд урагдалтууд тэлэлтийн хүчээр шинээр гаргасан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. 2. Урагдалтууд хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 144-146 хуудас /

-2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 953 дугаартай: 1. Цэнхэр өнгийн өмдөн дээр цус илэрсэн. Бусад хувцас эд зүйлс дээр цус илрээгүй. 2. Дээрх хувцас эд зүйлс дээр биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. 3. Цэнхэр өнгийн өмдөн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт \1 хх-ийн 152-153 хуудас/

-гэрч Г-ийн “Хот бууз цайны газрын дотор байрлах ашиглаж байсан төмөр шатны налуугийн хэмжээ нь   стандартын шаардлага хангагдаагүйгээс огцом /1х1.5 зааснаас 1,05-с бага, огцом шат ашиглаж байсны улмаас хүний амь нас хохирох шалтгаан болсон. Уг газрын түрээслэгч П.Л нь амь хохирогч Ш.Мягмарсүрэнгийн ажил олгогч учраас  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжүүлэх хяналт тавих үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 7-8 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч П.Л нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.Энхсаруултай байгуулсан түрээсийн гэрээний дагуу, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 0 тоотод “Хот бууз” цайны газрын үйл ажиллагааг эрхлэн явуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйл /Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна. /Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 /Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна/, 28.1.4/ Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 28.1.16. / Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэснийг, мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно: 7.1.8. /тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бус газарт/ гэж заасныг зөрчиж согтууруулах ундаа /пиво/ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн, хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчиж, үйл ажиллагаа явуулах байрны доош подвал руу уруудах шат нь Дэд бүтцийн сайд нь 2003 оны 252-р тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Олон нийтийн барилга” БНбД 31-03-03-д заасан норм стандартад заасан хэмжээг хангаагүй байхад, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, бууруулах, арилгах арга хэмжээ аваагүй, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх боломжийг бүрдүүлж, хэрэглэсэн зэргээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус цайны газрын тогооч Ш.Мягмарсүрэн нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн үед ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ подвал руу уруудах шатнаас унаж, гавлын дагз ясны баруун хажуу хэсэгт доороос дээш чиглэлтэй 9 см урттай шугаман хугарал, их тархины зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн талын бөмбөлгийн суурийн хэсэгт  урд өвдөг хэсэгт тархины бор ба цагаан бодисыг хамарсан 2х3 см тархины эдийн няцрал бүхий гэмтэл авч, амь нас нь хохирсон болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 14-15 дахь тал/хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-ийн  45,49, 56 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-30, 36 дахь тал/, гэрч Г.Огийн мэдүүлэг /хх-ийн 45, 49, 56 дахь тал/, гэрч М.Жын мэдүүлэг /хх-ийн 59, 62, 2хх-ийн 16 дахь тал/, гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг, /1хх-ийн 66 дахь тал/, гэрч Г.Агийн мэдүүлэг /1хх-ийн 80-81 дэх тал/, гэрч Б.Нямхүүгийн мэдүүлэг /хх-ийн 84-85 дахь тал/, гэрч Б.Энхсаруулын мэдүүлэг /хх-ийн 88 дахь тал/, гэрч Н.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 93-94 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны 213 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-101 дэх тал/, шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.1 промил, шээсэнд 2.5 промил спиртийн агууламж илэрсэн байна гэх дүгнэлт /1хх-ийн 97-101 дэх тал/, шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг /1хх-ийн 111-115 дахь тал/, 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 1507 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 121-122 дахь тал/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 07/21 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 892 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны 907 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 144-146 дахь тал/, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны 953 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 152-153 дахь тал/, гэрч Б.Нямхүүгийн дахин өгсөн мэдүүлэг /2хх-ийн 13-14 дэх тал/, гэрч Г.Гантөмөрийн мэдүүлэг /2хх-ийн 7-8 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч П.Л нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.Энхсаруултай байгуулсан түрээсийн гэрээний дагуу, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 0 тоотод “Хот бууз” цайны газрын үйл ажиллагааг эрхлэн явуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйл /Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна. /Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 /Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна/, 28.1.4/ Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 28.1.16. / Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэснийг, мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно: 7.1.8. /тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бус газарт/ гэж заасныг зөрчиж согтууруулах ундаа /пиво/ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн, хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчиж, үйл ажиллагаа явуулах байрны доош подвал руу уруудах шат нь Дэд бүтцийн сайд нь 2003 оны 252-р тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Олон нийтийн барилга” БНбД 31-03-03-д заасан норм стандартад заасан хэмжээг хангаагүй байхад, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, бууруулах, арилгах арга хэмжээ аваагүй, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх боломжийг бүрдүүлж, хэрэглэсэн зэргээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус цайны газрын тогооч Ш.Мягмарсүрэн нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн үед ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ подвал руу уруудах шатнаас унаж, гавлын дагз ясны баруун хажуу хэсэгт доороос дээш чиглэлтэй 9 см урттай шугаман хугарал, их тархины зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн талын бөмбөлгийн суурийн хэсэгт  урд өвдөг хэсэгт тархины бор ба цагаан бодисыг хамарсан 2х3 см тархины эдийн няцрал бүхий гэмтэл учирч, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.У гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Тухайн үед анх хохирогчийн ар гэрийнхэнд шатнаас унасан тухай хэлээгүй. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлсэн. Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч камер хаардтай юу гэж асуухад хаардгүй гэж хэлсэн байдаг. Гэтэл камерыг шалгаад үзэхэд хаардтай байсан. Гэрч Ж, шүүгдэгч Л нар нь нэг үйл баримтыг хоёр өөрөөр яриад байдаг. Та хоёрын хэн нь түрүүлж хүн унасаныг мэдсэн бэ гэхэд хоёулаа би мэдсэн гэж яриад байна. Энэ мэдүүлгийн зөрүүг гаргах шаардлагатай байна. Гэрч Ж нь хүүхдүүдэд нь үнэнийг нь хэлье гэхэд хэлүүлээгүй гэж хэлсэн. Ингэж хэлснийг нь мэдэх цагдаагийн алба хаагч эсхүл эмнэлгийн ажилтан байх гээд байгаа юм. Энэ хүмүүс энд ийм яриа болоогүй гэж хэлээд байна. Би мөрдөн шалгах ажиллагаа хийж үүнийг тодруулаад өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьж байсан. Мөрдөгч ямар ч ажиллагаа хийхгүй байсаар байгаад энэ хэргийн зүйлчлэлээр хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.  Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтад буцааж эдгээр зүйлсийг шалгаж өгнө үү. Энэ хүмүүс үгээ нийлүүлээд байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй. Өнгөрсөн хурал дээр камерын бичлэгийн асуудлаар шинжээч орж ирээд маш тодорхой тайлбарласан. Шинжээч хард нь гацсан байсан тул бичлэг хийгээгүй гэдгийг хэлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж байгаа хохирлын баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй. Гэхдээ 7,0 сая төгрөгийг одоо бэлэн төлсөн. Үлдсэн 3,0 сая гаран төгрөгийг төлнө, энэ хохирлыг нь барагдуулж өгнө гэдгээ илэрхийлж байна” гэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч П.Л нь Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэлдээ санаатай,  энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний амь нас хохирсон хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч П.Лийн Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй санаатай үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 Иймээс шүүгдэгч П.Лид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.У “Тухайн үед анх хохирогчийн ар гэрийнхэнд шатнаас унасан тухай хэлээгүй. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлсэн. Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч камер хаардтай юу гэж асуухад хаардгүй гэж хэлсэн байдаг. Гэтэл камерыг шалгаад үзэхэд хаардтай байсан. Гэж мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хүү Г.А гэрчээр мэдүүлэхдээ “... миний гар утас дуугарч над руу 99084537 гэх дугаар 22 цаг 39 минутад залгасан. Тус дугаарын утаснаас манай ээж болох Ш.Мягмарсүрэнгийн ажлын газрын дарга гэх Л нь залгаад надад ээж чинь ажлын газрын шатнаас унаад ухаан алдсан байна гэх мэдээллийг өгсөн гэж мэдүүлсэн, дуудлагаар очсон гэх гэрч  Н.Отгонбаяр ”... тухайн үед СҮЛД-10-с шатнаас хүн унасан гэх дуудлага мэдээлэл ирсэн...гэж мэдүүлсэн, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дуудлагын тэмдэглэлд ...цайны газрын ажилтан шатнаас унаад мэргэхгүй байна гэж тэмдэглэгдсэн зэрэг баримтуудаар Л анхнаасаа худал мэдүүлж болсон үйл баримтыг нуун дарагдуулсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Түүнчлэн хяналтын камер ажиллаж байсан эсэх, бичлэг хийгдсэн эсэхийг шалгуулж шинжээч томилж дүгнэлт гарсан, шинжээчийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж дүгнэлттэй нь холбоотой мэдүүлгийг авсан байна. Иймээс дээрх өмгөөлөгчийн дүгнээд байгаа нөхцөл байдлууд хэрэгт шалгагдаж тогтоогдсон гэж үзэж шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Л  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч шүүгдэгч П.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах боловч П.Лийн энэ үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх  тухай хуульд хамрагдах боломжтой байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх 3.864.320 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлөхөө илэрхийлсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.У эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Тусгайлан гаргах саналгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О: “Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч П.Л: Хэлэх зүйлгүй гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн  яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч П.Лийн холбогдсон хэрэг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй байна.

Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Лид холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг багтаагүй байна.

Иймд шүүгдэгч П.Лийн үйлдсэн хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч хуулийн холбогдох шаардлагуудыг хангаж байх тул түүнд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж хуульчилжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт оршуулгын зардал буюу хохиролд нийт 10864320 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 7.0 сая төгрөгийг бэлнээр төлж үлдсэн хохирлоо 2022 оны 10 сарын 18-ны өдөр төлөхөө илэрхийлсэн тул хохирлоос үлдсэн 3.864.320 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Од олгож шийдлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч П.Л-ид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....... овогт П.Л ийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол улсын 2021 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн Өршөөл үзүүлэх

тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч П.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.  

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн

508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Л-оос 3.864.320 төгрөг гаргуулан хохирогч ............ оршин суух, ..... овогт Г. О /РД: ПЮ......../-т олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1

дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн

хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны

шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.АЮУШЖАВ