Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0538

 

 

 

 

 

 

 

 

 

Ж ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэлийн шаардлага Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 338 дугаар шийдвэрийн “Ж” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 420 дугаар шийдвэр

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 338 дугаар шийдвэрийн “Ж ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.         

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 420 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 338 дугаар шийдвэрийн “Ж ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх дээрх дүгнэлтийг хийхдээ нотлох баримтад үндэслээгүй тул уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их хурал 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль” батлахаас өмнө 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Ж ” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын МВ-015604 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг төрийн захиргааны байгууллагаас авсан байдаг. Тийм учраас тус компани дээр дурдсан тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийн Ашигт малтмал, газрын тосны газрын төрийн сангийн дансанд тушааж ирсэн билээ. Гэтэл анхан шатны шүүх хуульд заагаагүй үндэслэлээр хуулийн буцаан хэрэглэж уг маргааныг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

3.2. Монгол Улсын Их хурал 2014 онд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль” батлахаас өмнө олгогдсон 70 гаруй түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл төрийн захиргааны байгууллагын  кадастрын хэлтэст бүртгэлтэй байна. Тэдгээр бүртгэлтэй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу төлбөрөө тус байгууллагын төрийн сангийн дансанд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж хуульчилсан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

3.4. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 420 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

2.1. Нэхэмжлэгч “Ж ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 338 дугаар шийдвэрийн Ж  ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.2. Анхан шатны шүүх “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдсанаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн хэрэгжүүлдэг байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах чиг үүрэг Аймаг, нийслэлийн Засаг даргад шилжсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг гаргах үед тус газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, ийм чиг үүрэг, эрх хэмжээ хариуцагчид байхгүй байсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.3. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаанд “...Тусгай зөвшөөрөл цуцлах эрхгүй этгээд шийдвэр гаргасан тул маргаан бүхий шийдвэрийн “Ж ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.4. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх тул анхан шатны шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 338 дугаар шийдвэрийн Ж  ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтыг зөрчсөн илт хууль бус акт” гэх үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцжээ.

2.5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно”, 35.1.3-д “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан”, 37.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон”, 37.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 37.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан”, 37.1.4-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон” гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх аймаг, нийслэлийн Засаг даргад олгогдсон байх тул  Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга хуулиар олгоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж нэхэмжлэгч компаний түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж үзэхээр байна.

2.7. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... хариуцагчийн хуулиар олгогдоогүй эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлсэн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна” гэх дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

2.8.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ