Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 093

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Нарийн бичгийн дарга: Т.Гангэрэл

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Ирээдүй

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар А.Ууганбаярт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000080 тоот  эрүүгийн хэргийг 2016 оны   06  дугаар сарын   02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, , хувьд ногдох хөрөнгөгүй,  Цахирч тайж овогт Түмэнжаргалын Мөнхтүшиг  /ВИ98022411/.

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, ээж, дүү, дүүгийн хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 2-29Б-12 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Алтантөгсийн Ууганбаяр /ВИ89060111/

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, аав, ээж, ах, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, Хоронго овогт Тэрбишийн Хатанбаатар /ВИ87031419/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Т.Мөнхтүшиг нь А.Ууганбаяр, Т.Хатанбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн Д.Очирбатын эзэмшлийн 32 тооны адууг мотоцикпь хэрэглэн тууж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг "Шанаган" гэх газарт А.Ууганбаяр, Т.Хатанбаатар хүргэж өгч улмаар А.Ууганбаяр, Т.Хатанбаатар нар нь дээрх 32 тооны адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Ууганбаяр нь Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн Д.Очирбатын эзэмшлийн адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Ууганбаяр нь Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай Т.Мөнхтүшигийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

Шүүгдэгч Т.Хатанбаатар нь Т.Мөнхтүшиг, А.Ууганбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн Д.Очирбатын эзэмшлийн адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хологджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Мөнхтүшигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... А.Ууганбаяр нь намайг дээшээ нуруунаас гараад 2 тооны сувай адуу аргалаад туугаад Шанаган гэх газарт хөөгөөд хүрээд ир гээд гуйгаад байсан. Би Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Адуун чулууны нуруу гэх газарлуу яваад очиход "Адуун чулууны" араар Хээр халзан азрагатай 10 гаран тооны адуу байсан. Намайг тэнд очиход харанхуй болсон байсан. Би тэр 10 гаран тооны адууг туугаад хөндий гатлаад урагш нь давуулж туугаад "Шанаган" гэх газрын хажуухан чулуун хороон дээр ирэхэд Ууганбаяр нь ирсэн машинаас 2-лаа бууж ирэхэд нь би адуугаа аваарай гэж хэлээд яваад өгсөн. А.Ууганбаяртай нэг хүн бууж ирсэн тэр хүнийг нь би танихгүй царайг нь хараагүй. Тэгэхэд харанхуй байсан болохоор хэлж мэдэхгүй байна. Чулуун хорооны хажуу талд нь адуу тогтсон байсан. Миний унаж явсан мотоциклийг манай аав надад 2014 онд худалдаж авч өгсөн мотоцикль байсан юм. Улсын дугаар бичиг баримт байхгүй мустанг-150 маркийн улаан өнгийн мотоцикль байгаа юм.

...Манайх 10 гаран тооны адуутай манай адуунд сувай гүү байхгүй. Ууганбаяр нь намайг хүний адуу туугаад ир гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл хулгай хийгээд ир гэж хэлсэн юм.

...Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд А.Ууганбаяр нь бор гүүтэй халзан азаргатай, хүрлэг голцуу адуу нуруугаад буюу Далтын ханан, Даамайн эх, Адуунчулууны эх хавьд байгаа байх ахдаа туугаад сумын төврүү ойртуулаад өг гэсэн би ойртуулж өгсөн. Мөн адууг ойртуулж өгснөөс 2-3 хоногийн дараа нь надруу А.Ууганбаяр нь залгаад дансны дугаар өг гэсэн би өгсөн. Тэгэхэд надруу 160,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэрийг нь аваад үрээд дуусгасан...гэх мэдүүлэг. /хх-ийн 90-93, 103-105/

Шүүгдэгч А.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 01 дүгээр сарын дундуур байсан. Өөрийн холын ах дүүгийн хүүхэд болох Т.Мөнхтүшигтэй утсаар ярьж наад нуруунд чинь бор гүүтэй халзан азаргатай адуу байгаа, чи нааш нь туугаад Бөмбөгөр сумын төвийн арын Шанаган гэх газарт ойртуулаад өгөөч гэж хэлж Т.Мөнхтүшиг нь надад орой нь Шанаган гэх газарт адууг туугаад ирэхээр болсон. Би машин хайгаад олдохгүй болохоор нь Батсайхантай уулзаад машинаа өгчих яаралтай ажилтай Бөмбөгөр ороод ирэх хэрэг байна гэхэд машинаа өгсөн. Тэгээд би машин тэрэг унаж чадахгүй юм чинь өөрийн найз Тэрбишийн Хатанбаатартай уулзаад машин бариад яваад өгөөч гэж хэлж гуйсан. Ингээд Хатанбаатар бид 2 Гялаан буюу Батсайханын хар өнгийн 48-68 БНХ улсын дугаартай дунд гарын жийп маягийн машиныг аваад аймгийн төвөөс 15 цагийн үед гарч явсан. Ингээд замдаа утасны сүлжээгүй газарт явж байгаад сүлжээтэй газарт ирэхэд нэг танихгүй утасны дугаараас залгасан байхаар нь эргүүлээд залгасан чинь Мөнхтүшиг байсан. Уг дугаар нь 80313339 гэсэн дугаар байсан бөгөөд Мөнхтүшиг нь энэ миний дугаар байгаа юм гэж хэлээд би энэ дугаартай явж байгаа, та надруу энэ дугаарлуу залгаарай адууг олчихлоо гэж хэлсэн. Би тэгэхэд нь Бөмбөгөр сумын хойд талруу газрын цагаанд Шанаган гэх газарт туугаад ир гэж хэлсэн. Тэгээд 17 цагийн үед Шанаган гэх газарт ирэхэд Мөнхтүшиг нь адууг мотоцикльтой ганцаараа туугаад ирсэн байсан. Ингээд Мөнхтүшиг нь яваад өгсөн. Хатанбаатар бид 2 үлдээд Очирбатын адууг чулуун хорооруу шахаж байгаад хүрлэг зүсмийн, хар зүсмийн, хондон зүсмийн 3 гүүг магнайдаж буюу дэлдэж барьж аваад би нугасалж гаргасан юм. Ингээд шөнийн 23 цагийн үед байх 3 тооны адуугаа нядлаад 4 мөч болгож машинд ачиж хийгээд хүрлэг гүүний шир, 3 гүүний толгой, шийр зэргийг чулуун хорооны чулуугаар дараад үлдээсэн, ингээд аймгийн төврүү 23 цагийн үед явсан. Ингээд аймгийн төвд орж ирээд Гялаанд  машинд адууны мах байгаа зарах хэрэгтэй байна гэхэд Гялаан нь хүн рүү яриад зарах болж арван мянгатад буюу 3 дугаар баг 6 дугаар гудамж 1 тоотод нэг цагаан өнгийн амжиргаа гэдэг машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүнд зарсан. Адууг Гялаан зарсан учир нь надад таних хүн байхгүй гэхэд Гялаан таньдаг хүнтэй гээд залгаж зарах болсон юм. Нийт дууны мах 722,000 төгрөг болсон тэр өдрөө 422,000 төгрөг өгсөн, маргааш нь 300,000 төгрөг өгсөн. Миний хувьд энэ мөнгийг бүгдийг авсан. Энэ мөнгөнөөс 160,000 төгрөгийг Хатанбаатараар банкнаас Мөнхтүшигт шилжүүлүүлсэн. Гялаанд 25 литр бинзений мөнгө гэж өгч байсан хэдэн төгрөг болж байснаа санахгүй байна. Үлдсэн мөнгийг нь би өөрөө ганцаараа хэрэглэж дуусгасан юм....гэх мэдүүлэг. /хх-ийн 107-108, 110-112/

Шүүгдэгч Т.Хатанбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Бөмбөгөр сумруу явсан. Машинд Ууганбаяр бид 2 явсан, өөр хүн яваагүй. Мөн А.Ууганбаяр нь би машин барьж чадахгүй, чи барьж чаддаг юм чинь яваад өг би хүнээс өрөндөө адуу авах гэж байгаа юм гэж хэлсэн. Ингээд бид 2 Бөмбөгөр суманд нилээн аажуухан ирэхэд буюу сум руу орж ирж байхад А.Ууганбаяр нь адуу авах айл нь өнөөдөр адуу гаргадаггүй гэсэн гээд надад 3-н тооны адуу зааж өгсөн, тэрийг нь гаргаж аваад явна гээд Шанаган гэх газарт ирсэн. Тэгэхэд адуу тууж ирсэн гэх нэг хүн байсан би тэр хүнийг танихгүй уулзаагүй. Тэр хүн нь адууг хорооруу хамжиж шахалцаад 3 тооны адууг Ууганбаяр нь бугуйлдаж барьж аваад тэр адуу тууж ирсэн хүн явсан. Тэр бугуйл нь мяндсан бугуйл байсан бөгөөд А.Ууганбаяр нь аймгийн төвөөс авч ирсэн байх учир нь машинаас гаргаж ирсэн юм. Тэр адуу тууж ирсэн нэг хүн нь мотоцикльтой. Нүүрэндээ маск өмссөн байсан, хүйтэн байсан болохоор царайг нь хараагүй. Нэрийг нь мэдэхгүй байна. А.Ууганбаяр нь алаг гүү, хар гүү, зээрд гүү гэсэн 3 тооны адууг нугасалж гаргасан, би адууг хамжиж хуулалцаад махыг нь машиндаа ачиж ирсэн. Толгой шийрийг нь тэндээ үлдээсэн.

... унаж явсан машины талаар худал мэдүүлсэн учир тэрийгээ залруулж хэлье гэж бодож байна. Тэр үед миний унаж явсан машин нь дунд гарын жийп маркийн хар өнгийн 48-68 БНХ гэсэн дугаартай А.Ууганбаярын найзын машин гэж байсан. Мөн би 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр А.Ууганбаяр нь надад дансны дугаартай хамт 160,000 төгрөг өгч нэг дансанд хийлгэсэн уг данс нь хэний данс байсныг нь би мэдэхгүй. А.Ууганбаяр нь надад уг адууны махыг зараад мөнгө төгрөг өгөөгүй. Би машины эзэн болон хэнрүү мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Адууг тэр үед нэг мотоцикльтой хүн тууж ирээд А.Ууганбаяртай уулзаад яваад өгсөн. Одоо тэр хүн нь Түшиг буюу Мөнхтүшиг байсан юм байна лээ ...гэх мэдүүлэг/хх-ийн 115, 117-118/  

Хохирогч Д.Очирбатын  мөрдөн байцаалтын шатанд

 ...би 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Адуун чулууны ар хэсгээр залгаа Далтын ханан гэх газарт өөрийнхөө хээр халзан азрагатай 32 тооны адуу байхыг хамгийн сүүлд харсан. Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр уг газарт адуугаа харахаар очиход бүгд алга болсон байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр адуугаа хайгаад явсан чинь манай адуу "Далтын ханан" гэх газарт бэлчээртээ ирсэн байсан ба адуугаа бүртгээд үзсэн чинь 4 тооны адуу алга байсан юм. Тэгээд 4 тооны адуугаа хайгаад байсан чинь сартай хүрэн морийг Шанаган гэх газарт Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн иргэн Дэлдээ гэдэг залуугийн адуунд байхыг нь олж авсан. Ингээд адуугаа олохгүй байсан чинь тэр Шанаган гэх газарт байх чулуун хорооны дотор талд чулуу овоолсон юм шиг байхыг нь манай ах Хүрэлхуяг харсан гэсэн тэгээд үзсэн чинь манай алга болсон 3 тооны адууны толгой , хүрлэг гүүний шир зэрэг зүйл байсныг цагдаагийн байгуулагад мэдэгдсэн. Би адуугаа 2100000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 /

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бат-Ирээдүй мэдүүлэхдээ:

Би өөрийн төрсөн дүү Батсайхан, хоч нь Гялаанаас 2000 000 төгрөг болон 10 хонь, 1 адуу, монгол үхрийн 1 бяруу нийт 3.500 000 төгрөгөнд бодож тухай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ шилжүүлэхээр анхны эзэн Эрдэнэжаргалтай холбоо барьсан боловч татвар нь төлөгдөөгүй тул одоог хүртэл өөрийн нэр дээрээ шилжүүлж амжаагүй, тээврийн хэрэгслийг 2900000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Ирээдүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2016 оны 02 дугаар сарын эхээр цагаан сараас өмнө өөрийн төрсөн дүү Бямба-Очирын Батсайханаас хар өнгийн суудлын 4868 БНХ улсын дугаартай япон улсад 1998 онд үйлдвэрлэгдэж 2008 онд Монголд орж ирсэн Ниссан Пирсаж маркийн хөдөлгүүрийн багтаамж В-2380, хөдөлгүүрийн 1545220 дугаартай, арлын 1130012675 дугаартай тээврийн хэрэгслийг 2.900.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд бичиг баримтыг нь шилжүүлж авах гэхэд хүний нэр дээр байдаг гээд авч чадаагүй байгаа юм. Уг эзэн нь Эрдэнэжаргал гэж хүн надтай уулзаж байсан ч дахин уулзаж чадаагүй. Энэ машиныг манай дүү Хонгороо гэж хүнээс авсан гэсэн. Тэр хүн нь Эрдэнэжаргал гэж хүнээс авсан гэсэн.Найз нь малын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ миний машиныг ашиглан үйлдсэн байна... гэх мэдүүлэг/хх-ийн 35 /

Гэрч С.Хүрэлхуягийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Манай хадам дүү Д.Очирбат нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Адуун чулууны ар хэсгээр, залгаа Далтын ханан гэх газарт өөрийнхөө Хээр халзан азрагатай 32 тооны адууг байхыг хамгийн сүүлд хараад нөгөөдөр нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр уг газарт адуугаа харахаар очиход бүгд алга болсон байна гэж надруу утсаар хэлсэн. Тэгээд Д.Очирбат нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр адуугаа хайгаад явсан чинь адуу нь "Далтын ханан" гэх газарт бэлчээртээ ирсэн байна гээд 4 тооны адуу алга болсон байна гээд надад зүсийг нь хэлсэн юм. Хондон гүү /байдас/, хээлтэй, сартай хастамгатай, хүрлэг гүү / байдас /, хээлтэй , сартай хас тамгатай, им тамгагүй хар гүү өнгөрсөн жилийн сувай, энэ жил хээлтэй байсан, сартай хүрэн морь / соёолон / гэсэн 4 тооны адууны зүсийг хэлж би хүн амьтнаас сургалж байхад 2016 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр шиг санагдаж байна. Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн иргэн Дэлдээ / нэрийг нь мэдэхгүй байна гэх / гэдэг залуугийн адуунд сартай хүрэн морь байхыг нь олж авсан. Ингээд бусад 3 тооны адуугаа олохгүй байсан чинь Бөмбөгөр сумын 1-р багийн нутаг Шанаган гэх газарт байх чулуун хороон дээр ирээд хороон дотор ороод явж байхад дотор талд нь чулуу овоолсон юм шиг байхыг нь хараад үзсэн чинь манай дүүгийн алга болсон 3 тооны адууны толгой, хүрлэг гүүний шир, 3 гүүний хээл зэрэг зүйл байсан юм. Би өөрийнхөө гар утсаар зургийг нь авч угаалгасан юм. Учир нь хэсгийн төлөөлөгч байхгүй мөд ирэхгүй гэж сонсоод нотлох баримт устаж үгүй болох магадлалтай учир зургийг нь авсан. Одоо надад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Шанаган гэх газарт байх чулуун хороонд дүү Д.Очирбатын алдагдсан адууны толгой, шийр, адууны гэдэс болон хээлийг харуулсан, мөн алдагдсан хүрлэг гүүний нэг ширхэг ширний, тухайн үед хэргийн газарт байсан машины болон мотоциклийн мөрийг харуулсан А-4 цагаан цаасан дээр хэвлэсэн 8 хуудас бүхий 19 ширхэг гэрэл зураг, фото цаасан дээр угаалгасан 7 ширхэг зураг зэрэг байгаа...гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38/

Гэрч Ж.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би худалдан авсан малын мах болон худалдсан малын махны талаар тэмдэглэл хөтөлдөг юм. 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Гялаан гэж дууддаг залуу ирээд адууны мах өгсөн. Ирэхдээ 48-68 БНХ гэсэн улсын дугаартай маркийг нь мэдэхгүй хар өнгийн машинаас 3 адууны мах, 2 ширний хамтаар ирснийг нь худалдаж авсан. Нийт 361 кг мах болоод нэг кг-ийг нь 2000 төгрөг гээд нийт 722,000 төгрөг өгсөн. Адууны мах өгөхөд 3-лаа байсан шиг санагдаж байна. Би энэ хүмүүсээс одоо харах юм бол Гялааныг танина бусад хүмүүсийг нь танихгүй. Адууны ширний хувьд тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж авсан байна. Уг машины дугаар нь цасанд дарагдсан мэдэгдэхгүй болохоор нь тэр цасыг нь арилгаж байгаад бичиж авсан юм. Би уг залууг Өлзийт сумын хүүхэд болохоор хөдөөнөөс ирж дээ гэж бодсон тэрнээс хаанаас ирсэн талаар нь асуугаагүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 39-41/

Гэрч С.Нямжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..би Гялаан гэдэг залуугаас гарал үүсэл нь байна уу гэхэд байхгүй гээд миний өөрийн адууны мах гэж хэлж байсан. Мөн 3 адууны мах өгч байгаа мөртлөө 2 адууны шир өгөхөөр нь жаахан сэжиглээд юмыг яаж мэдэх вэ гэж бодоод эхнэртээ чи тал мөнгийг нь одоо өг, талыг нь маргааш банкнаас авч өгнө гэж хэлээд явуулчих гэж хэлээд гарч машины дугаарыг нь харах гэхэд машины дугаар нь шавар шалбааг, цастай хөлдсөн харагдахгүй байхаар нь гэртээ буцаж ороод шалны алчуур авч гарч ирээд машины дугаарыг харсан. Тэгэхэд 4868 БНХ гэсэн дугаартай хар өнгийн комбо хэлбэртэй машин байсан. Мөн адууны ширийг нь дэлгэж үзэх гэхэд хөлдүү боосон байсан учир дэлгэж нарийн үзээгүй, гэхдээ зүсийг нь эхнэртээ хэлж тэмдэглэлийн дэвтэрт зээрд цайвар сүүлтэй, хар гэсэн 2 адууны шир байсныг хэлж бичүүлсэн юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43/

Насанд хүрээгүй гэрч Н.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би өөрийнхөө 80313339 дугаарыг 2016 оны 01 дүгээр сарын дундуур 15,16-ны үед байх Т.Мөнхтүшигт өгч 3 хоног гэртэй барьж байгаад надад буцаан өгсөн. Т.Мөнхтүшиг нь миний утасны цэнэг дууслаа чи утсаа өгч бай би хүнтэй ярих ажилтай байна гэж хэлж миний утсыг нь гуйж аваад салсан юм. Ингээд миний утсыг өгөхгүй 3 хоноод буцааж өгсөн...гэх мэдүүлэг. /хх-ийн 48-19 /

Гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 01 дүгээр сарын дундуур байх өдрийг нь мэдэхгүй байна.Хөх толгой орчимд явж байгаад А.Ууганбаяртай тааралдсан тэгэхэд А.Ууганбаяр нь намайг хөдөө хамт яваад ирье гэхлээр нь би бүл муутай явж чадахгүй гээд салаад явсан. Тэгээд намайг ахындаа байхад танихгүй дугаараас миний 88223616 гэсэн дугаарын утас руу А.Ууганбаяр нь залгаад машинаа өгчих гэхэд нь би чи чинь жолооч биш биз дээ гэхэд манай нэг найз жолооч байгаа юм. Би хөдөө яваад өдөртөө ирнэ гээд байхаар нь машинаа өгөх болсон тэгээд нэг танихгүй залуутай ирсэн тэр хүнийгээ машин барьдаг манай найз байгаа юм гэж байсан. Би тэгэхэд нь чи өдөртөө ирнэ шүү, би маргааш ажилтай гэхэд өдөртөө ирнэ гээд 15 цагийн үед унаад явсан. Маргааш өдөр 17 цагийн үед ирсэн гээд ярихад нь би машинаа авах гээд очиход машин чинь халаад явдаггүй хүнтэй наймаа хийгээд 3 адуу авчирсан гэж байсан. Тэгээд намайг энэ адууны махыг гайгүй үнээр зарах хэрэгтэй байна, чи зараад өгөөч гэхэд нь би мах худалдаж авдаг Нямжав гэж хүний утсыг мэддэг болохоор залгаж асуухад авъя гэсэн. Ингээд би А.Ууганбаяр болон хамт машин барьж явсан гэх залуутай хамт Нямжавын гэрт ирээд махыг нь борлуулсан. Тэгэхэд би өөрийн найз Дэлгэрдалайгийн утсыг авч явсан учир Дэлгэрдалай нь намайг хаана байна гээд утсаа авах гээд хүрээд ирсэн. Ингээд бид нар 4-лээ болоод махыг нь буулгаж өгөөд тал мөнгийг нь авсан. Маргааш нь үлдэгдэл мөнгөө өгнө гэж байсан учир би зах дээр ирж үлдэгдэл 300,000 төгрөг авах гэхэд Нямжавын эхнэр нь гарал үүслийн гэрчилгээгээ хийлгээд өг гэхлээр нь би цагдаа ороод гарал үүслийн гэрчилгээ хийлгэе гэхэд цагдаа хэний мах юм гэхэд нь би миний мах байгаа юм гээд хэлсэн. Би А.Ууганбаярыг хулгай хийгээд ирснийг нь мэдээгүй ...гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51/

Гэрч Б.Дэлгэрдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 01 дүгээр сарын дундуур байсан байх тэгэхэд Б.Батсайхан нь хөдөөнөөс ирээд миний утас болохгүй байна гээд миний утсыг гуйж нэг өдөр барьж байсан. Би утсаа авъя гээд араас нь залгахад энд айлд байна хүрээд ир танайхтай ойрхон гээд хэлсэн. Тэгэхэд хаана байна гэхэд 3 дугаар баг 6 дугаар гудамж 01 тоот гэсэн хаяг хэлсэн тэр хаяг нь манайхаас ойрхон байсан учир би яваад очиход Б.Батсайхан нь өөрийнхөө тухайн үед унаж байсан 48-68 БНХ улсын дугаартай машинтай 2 хүний хамт байсан бөгөөд айлын хашааруу машинаа ухраагаад оруулж байсан. Би эхлээд хамт байсан хүмүүсийг нь таниагүй очиход таньдагаас А.Ууганбаяр нь нэг танихгүй хүний хамт байсан. Тэгээд айлын хашаанд машинаа оруулаад зогсож адууны нойтон мах буулгах гэхэд машины хойд тээшний хаалганы түгжээ ажиллахгүй доошоо унаад байсан учир би тэрийг нь барьж өгч нөгөө хэд уг адууны нойтон махыг зөөж өгч дуусгаад тэр айлд орж цай уугаад гарсан. Тэгэхэд тэр Б.Батсайханы машиныг хөдөө авч явсан хүмүүс мах авчирсан юм байна Б.Батсайхан нь хүнд зарж өгч байгаа юм байна гэж ойлгосон. ...гэх мэдүүлэг. /хх-52/

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний үнэлгээчин Д.Энхтуяагийн “...хондон гүү/хээлтэй/, хүрлэг гүү/байдас/  хээлтэй, хар гүү сувай хээлтэй, дээрх 3 ширхэг адууг 2100.000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт  / хх-ийн 66-67/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-8/, хураан авах тухай тогтоол, тэмдэглэл/хх-ийн 9-22/, хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн 23-25/, адуу үнэлсэн тухай тайлан/хх-ийн 66-67/, авто машин үнэлсэн тухай тайлан /хх-ийн 76-78/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухайтэмдэглэл/хх-ийн 94-101/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд/хх-ийн 119-128/, гэрч С.Нямжавын тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 167-168/, хураан авах тогтоол тэмдэглэл/хх-ийн 232-233/, шилжүүлсэн талаарх зарлагын баримт /хх-ийн 145-146 /, шүүгдэгч Т.Мөнхтүшигийн насыг тоолсон тухай тэмдэглэл/хх-ийн 162/, шүүгдэгч Т.Мөнхтүшигийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р багийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4 тоот тодорхойлолт/хх-ийн 150/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 153/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 165/, шүүгдэгч Т.Хатанбаатарын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р багийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13 тоот тодорхойлолт/хх-ийн 149/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 154/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 163/, шүүгдэгч А.Ууганбаярын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2/431 тоот тодорхойлолт/хх-ийн 148/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 155/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 164/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Мөнхтүшиг нь А.Ууганбаяр, Т.Хатанбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн Д.Очирбатын эзэмшлийн 32 тооны адууг мотоцикпь хэрэглэн тууж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг "Шанаган" гэх газарт А.Ууганбаяр, Т.Хатанбаатар хүргэж өгч улмаар А.Ууганбаяр, Т.Хатанбаатар нар нь дээрх 32 тооны адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Ууганбаяр нь Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн Д.Очирбатын эзэмшлийн адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Ууганбаяр нь Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай Т.Мөнхтүшигийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

Шүүгдэгч Т.Хатанбаатар нь Т.Мөнхтүшиг, А.Ууганбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн Д.Очирбатын эзэмшлийн адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Мөнхтүшигийн ...Би тэр 10 гаран тооны адууг туугаад хөндий гатлаад урагш нь давуулж туугаад "Шанаган" гэх газрын хажуухан чулуун хороон дээр ирэхэд Ууганбаяр нь ирсэн машинаас 2-лаа бууж ирэхэд нь би адуугаа аваарай гэж хэлээд яваад өгсөн...гэх мэдүүлэг. /хх-ийн 90-93, 103-105/

Шүүгдэгч А.Ууганбаярын... Хатанбаатар бид 2 үлдээд Очирбатын адууг чулуун хорооруу шахаж байгаад хүрлэг зүсмийн, хар зүсмийн, хондон зүсмийн 3 гүүг магнайдаж буюу дэлдэж барьж аваад би нугасалж гаргасан юм...гэх мэдүүлэг. /хх-ийн 107-108, 110-112/

Шүүгдэгч Т.Хатанбаатарын ... А.Ууганбаяр нь алаг гүү, хар гүү, зээрд гүү гэсэн 3 тооны адууг нугасалж гаргасан, би адууг хамжиж хуулалцаад махыг нь машиндаа ачиж ирсэн. Толгой шийрийг нь тэндээ үлдээсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 115, 117-118/  

Хохирогч Д.Очирбатын  мөрдөн байцаалтын шатанд

 ... манай алга болсон 3 тооны адууны толгой , хүрлэг гүүний шир зэрэг зүйл байсныг цагдаагийн байгуулагад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 /

Иргэний нэхэмжпэгч Б.Бат-Ирээдүйн ... Би 2016 оны 02 дугаар сарын эхээр цагаан сараас өмнө өөрийн төрсөн дүү Бямба-Очирын Батсайханаас хар өнгийн тээврийн хэрэгслийг 2.900.000 төгрөгөөр худалдаж авсан.... гэх мэдүүлэг/хх-ийн 35 /

Гэрч С.Хүрэлхуягийн ...Бөмбөгөр сумын 1-р багийн нутаг Шанаган гэх газарт байх чулуун хороон дотор талд нь чулуу овоолсон юм шиг байхыг нь хараад үзсэн чинь манай дүүгийн алга болсон 3 тооны адууны толгой, хүрлэг гүүний шир, 3 гүүний хээл зэрэг зүйл байсан ...гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38/

Гэрч Ж.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 3 адууны мах, 2 ширний хамтаар худалдаж авсан. Нийт 361 кг мах болоод нэг кг-ийг нь 2000 төгрөг гээд нийт 722,000 төгрөг өгсөн....гэх мэдүүлэг. /хх-ийн 39-41/

Гэрч С.Нямжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.. 4868 БНХ гэсэн дугаартай хар өнгийн комбо хэлбэртэй машин байсан. Мөн адууны ширийг нь дэлгэж үзэх гэхэд хөлдүү боосон байсан учир дэлгэж нарийн үзээгүй, гэхдээ зүсийг нь эхнэртээ хэлж тэмдэглэлийн дэвтэрт зээрд цайвар сүүлтэй, хар гэсэн 2 адууны шир байсныг хэлж бичүүлсэн юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43/

Насанд хүрээгүй гэрч Н.Мягмардоржийн ...Би өөрийнхөө 80313339 дугаарыг 2016 оны 01 дүгээр сарын дундуур 15,16-ны үед байх Т.Мөнхтүшигт өгч 3 хоног барьж байгаад надад буцаан өгсөн...гэх мэдүүлэг. /хх-ийн 48-19 /

Гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... би А.Ууганбаяр болон хамт машин барьж явсан гэх залуутай хамт Нямжавын гэрт ирээд махыг нь борлуулсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51/

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний үнэлгээчин Д.Энхтуяагийн “...хондон гүү/хээлтэй/, хүрлэг гүү/байдас/  хээлтэй, хар гүү сувай хээлтэй, дээрх 3 ширхэг адууг 2100.000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт  / хх-ийн 66-67/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Прокуророос шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар, А.Ууганбаяр нарыг урьдчилан үгсэн тхиролцож бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэм хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх ба хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар А.Ууганбаярт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Ууганбаяр, шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах, мөн шүүгдэгч А.Ууганбаярыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар, А.Ууганбаяр нар нь амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэргийг сэдэж, санаачлан бусад этгээдүүдийг татан оролцуулах зэргээр идэвхитэй үйлдэлд хамтран оролцсон ба тухайн хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн нь мөрдөн байцаалтын шатанд хүлээн мэдүүлсэн бөгөөд энэ нь тэдгээрийг гэмт хэрэг үйлдэж олсон малыг хамтран нядалж, зарж борлуулж, ашиг олсон зэрэг үйлдлүүдээр хангалттай нотлогдсон болно

Шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар, А.Ууганбаяр нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 163-165/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа  шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалзав.

Харин шүүгдэгч А.Ууганбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан боловч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2014 оны 02 дугаар сарын  14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...яллагдагч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан..” зааснаар  Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор А.Ууганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар, А.Ууганбаяр нарын гэмт хэрэг үйлдэхдээ Ниссан персаж " маркийн 48-68 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэсэн  байх  бөгөөд уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Бат-Ирээдүй байх тул 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ,  шүүгдэгч А.Хатанбаатарын өмчлөлийн 20 толгой мал зэргийг эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 04 дүгээр сарын 12, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ¹0289066 тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийг Б.Бат-Ирээдүй,  Т.Хатанбаатар нарт тус тус буцаан олгох,  19 ширхэг гэрэл зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх, 1 ширхэг шаргал хутгыг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар, А.Ууганбаяр нар нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас  гаргуулах төлбөргүй, гэмт хэргийг улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

Шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар, А.Ууганбаяр нар нь хувьд ногдох хөрөнгөгүй, битүүмжилсэн зүйлүүд нь шүүгдэгч нарын өмчлөлийнх болох нь эргэлзээтэй, холбогдох баримтуудыг хэрэгт хийгээгүй орхигдуулсан байх тул шүүгдэгч нарт  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байх ба шүүгдэгч нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Мөнхтүшигийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Алтантөгсийн Ууганбаярыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Цахирч тайж овогт Түмэнжаргалын Мөнхтүшиг,  Боржигон овогт Алтантөгсийн Ууганбаяр, Тэрбишийн Хатанбаатар нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхтүшигийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Хатанбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Ууганбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр зурагаан сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүгдэгч А.Ууганбаярыг гурван сарын хугацаагаар баривчлах ялаар  тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан  шүүгдэгч А.Ууанбаярт оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан  гурван сарын хугацаагаар баривчлах ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зургаан сарын хугацаагаар баривчлах ялд багтаан шүүгдэгч А.Ууганбаярын биечлэн эдлэх ялыг  зургаан сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан А.Ууганбаярт оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхтүшигт оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Хатанбаатарт  оногдуулсан  хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхтүшигт оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Хатанбаатарт оногдуулсан хоёр жил зургаан сарын хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар, А.Ууганбаяр нар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ¹0289066 тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Бат-Ирээдүйд буцаан олгож, 19 ширхэг гэрэл зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх, 1 ширхэг шаргал хутгыг устгасугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Б.Бат-Ирээдүйн өмчлөлийн ниссан персаж  маркийн 48-68 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.Хатанбаатарын өмчлөлийн 20 толгой мал зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг өмчлөгч Б.Бат-Ирээдүй, Т.Хатанбаатар нарт тус тус буцаан олгосугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  шүүгдэгч Т.Мөнхтүшигийн өмчлөлийн мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ууганбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж. түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Мөнхтүшиг, Т.Хатанбаатар нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА