Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00275

 

           “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02956 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “И” ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С нь өөрийн эзэмшлийн 20-90 УНМ улсын дугаартай, цагаан өнгөтэй, Ланд круйзер 100 маркийн автомашиныг 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, өдрийн 100 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл өдрийн 70 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй “И” ХХК-д түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “И” ХХК нь автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, автомашин хүлээлгэн өгснөөс хойш 10 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах ёстой. Хариуцагч “И” ХХК-ийн захирал Ч.Б-н хамаатны дүү гэх н.Э нь автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд түрээсийн үлдэгдэл төлбөр 8 240 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Автомашиныг хүлээн авахад хаалга нь гажсан, бензин насос шатсан, 4 дугуй хавагнаж хэрэглэх боломжгүй болсон гэх мэт олон эвдрэл гэмтэл гарсан байсныг өөрөө янзлуулсан. Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр 8 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээ байгуулж автомашиныг түрээсэлж авсан бөгөөд хариуцагчаас 3 400 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн ба 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 5 040 000 төгрөгийг төлөх боломжтой. Харин 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд автомашиныг Т.Э нь Б.С-тай тохирсон гэж хэлээд авч явсан тул уг хугацааны түрээсийн төлбөр төлөх боломжгүй тул 3 290 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтыг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 8 240 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 800 төгрөгийн 146 790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “И” ХХК-иас 146 790 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Түрээсийн төлбөрт 3 400 000 төгрөг төлсөн ба 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн үлдэгдэл 5 040 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны төлбөрийг төлөх ёсгүй. Гэрээ дуусах үед автомашин Говь-Алтай аймагт байсан бөгөөд тэнд ажиллаж амьдарч байсан н.Э-ын уг автомашиныг “И” ХХК-ийн захирал Ч.Б-ээс хүлээн авсныхаа дараа “Ө” ХХК-ийн захирал Б.С-т машиныг Ч.Б-ээс машиныг бүрэн бүтэн хүлээн авсан тухайгаа мэдэгдэж, өлөх боломжтой. Харин 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд автомашиныг Т.Э нь Б.С-тай тохирсон гэж хэлээд авч явсан тул уг хугацааны түрээсийн төлбөр төлөх боломжгүй тул 3 290 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 8 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Ө” ХХК 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “И” ХХК-д Ланд круйзер маркийн автомашиныг 1 сарын хугацаанд 100 000 төгрөгөөр, 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 70 000 төгрөгөөр нийт 8 500 000 төгрөгөөр түрээслэх, уг автомашиныг түрээслэгч нь 2016 оны  9 дүгээр сарыни 26-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Түрээслэгч гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт 3 400 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, харин гэрээний хугацаа дууссан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөх эсэх нь талуудын хоорондын маргааны зүйл болжээ. Хариуцагч гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш автомашиныг Т.Э унаж, ашиглаж байсан тул өөр этгээдийн эзэмшилд байсан түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж маргасан байна.

Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон боловч түрээслэгч “И” ХХК-ийн захирал Ч.Б уг автомашиныг түрээсийн гэрээ байгуулаагүй Т.Э-т өгсөн болох нь зохигчдын тайлбар, гэрч Т.Э-ын мэдүүлгээр тогтоогдсон.

Түрээслэгч нь түрээсийн зүйлийг бусдад шилжүүлэхдээ түрээслүүлэгчийн зөвшөөрлийг авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, гэрч Т.Э хариуцагч байгууллагын захирал Ч.Б-ээс автомашиныг авч ашигласан гэж мэдүүлсэн баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна. 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохирсон элэгдлийг тооцож, түрээсийн зүйл болох 20-90 УНМ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг  түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж, бусдад дамжуулан өгсөн нь түүнийг уг тээврийн хэрэгслээ нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй хугацааны үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд түрээслэгч нь хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч “И” ХХК төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн, хариуцагчаас түрээсийн төлбөрт 8 240 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Тиймээс 2016  оны  9  дүгээр сарын 26-ны өдрөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөр 3 290 000 төгрөгийг төлөхгүй гэх хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА