Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 46

 

Ж.Хт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн 2019/ШЗ/452 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр Ж.Хт холбогдох эрүүгийн 1814002330176 дугаар хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ж.Х, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, 1999 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2001 оны 01 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар

Ж.Х нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 1-82а-4 тоотод 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр О.Сг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ж.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ... 1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд яллагдагч Ж.Хт холбогдох эрүүгийн хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хэрэг бүртгэлгийн хугацааг нийт 10 удаа сунгасан ба /хавтаст хэргийн  02-17 дугаар тал/ прокурорын даалгавраар хэрэгт ажиллагаа хийлгэхээр даалгасан боловч уг прокурорын даалгаварт заагдсан ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй.

Өөрөөр хэлбэл 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн /2 дугаар хугацаа сунгах/ мөрдөгчийн тоггоолд заагдсан ...гэрч нараас мэдүүлэг авах, хохирогчийг шинжээчийн дүгнэлттэй танилцуулах, прокурорын даалгаврын дагуу ажиллагаа хийх.... 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн / 6 дугаар хугацааг сунгах/ мөрдөгчийн тогтоолд заагдсан ... гэрчүүдээс мэдүүлэг авах, ...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн /8 дугаар хугацааг сунгах/ мөрдөгчийн тогтоолд заагдсан ...гэрч Энхтуяа, Мэндсайхан, хохирогч О.С нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ... гэх мэт

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт, эсхүл ... оролцогчид танилцуулна... гэх, мөн хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт ...оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно... гэж, мөн хуулийн 15.4 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр заасан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй

З. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч. иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч. өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ... гэж, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ... гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ж.Хт / хавтаст хэргийн  131-132 дугаар тал/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэж хэрэгг хавсаргасан бөгөөд хохирогчид хэргийн материал танилцах талаар мэдэгдсэн боловч хохирогч О.С нь 2019 оны 04 дүгээр сарын 16-наас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний хооронд БНХАУ-руу явах болсон гэх үндэслэлээр хүсэлтийг хангаж, хэргийн материалтай танилцуулаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт ...Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно... гэж заасан байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг эдлүүлээгүй буюу гомдол гаргах эрхийг хангаагүй.

4. Яллагдагч Ж.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах...” гэмт хэрэгт тоологдох хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болсон байна.

Тодруулбал: Уг гэмт хэрэг нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө үйлдэгдсэн. 2017 оны 07дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дуусгавар болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилал тодорхойлсон мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 заалтад заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно..." гэж заасан ба "... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дутаар зүйлийн 1.2 дахь заалтад зааж хуульчилсан байна.

Гэтэл Прокуророос яллагдагч Ж.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр №128 дугаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээр дурдсан хуулийн заалтыг үндэслэн яллагдагч Ж.Хт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан хэргийг хэрэгсэхгүй болгох атал яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байх тул нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 05 дугаар сарын сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамжаар Ж.Хт холбогдох эрүүгийн 1814002330176 дугаартай хэргийг шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд уг захирамжид прокуророос хэргийн хугацаа сунгасан тогтоолд заагдсан ажиллагааг хийлгээгүй шүүхэд ирүүлсэн, мөн хохирогчид шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулаагүй шүүхэд ирүүлсэн, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд ирүүлсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна.

Хэргийн хэрэг бүртгэлтийн явцад мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хугацааг прокуророос сунгаж байсан ба уг тогтоолд гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаах гэсэн үндэслэлээр хэргийн хугацааг сунгаж байсан бөгөөд уг ажиллагааг хийгдээгүй нь хууль ноцтой зөрчсөн зөрчилд орохгүй болно. Дээрх хэрэг бүртгэлтийн сунгасан хугацаанд хэрэг үйлдэгдэх үед байсан бүх хүмүүсийг гэрчээр байцаасан бөгөөд гэрчүүд нь өөр өөр орон нутагт байдаг тул нүүрэлдүүлэн байцаах боломжгүй, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Ж.Хын үйлдсэн хэрэг нь тогтоогдсон тул прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хохирогч О.Сд шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй болно. Мөрдөгч нь хохирогчтой утсаар урьж шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд хохирогч нь хэргийн материалтай танилцах шаардлагагүй очих боломжгүй талаараа хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлсэн бөгөөд ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй харин танилцах шаардлагагүй талаар холбогдох баримтыг ирүүлсэн тул хууль зөрчсөн зүйл байхгүй болно.Ж.Хын үйлдсэн хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч хөөн хэлэлцэх хугацаа прокурорын шатанд дууссан боловч шүүхээс түүний үйлдлийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой болно.

Иймд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2019 оны 05 дугаар 13-ны өдрийн 452 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцож байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй  болгоно уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Прокурор даалгаварт заасан ажиллагаагаа бүрэн гүйцэт хийлгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч О.Сд шинжээчийн дүгнэлт  болон хэргийн материал танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг нь хангаагүй, яллагдагч Ж.Хын  үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөрдөн байцаалтын шатанд дуусаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байтал түүнд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг Прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/452 дугаар захирамж үндэслэлтэй байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 40 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл  10 удаа хэрэг бүртэлтийн хугацааг сунгасан, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр О.Сг хохирогчоор тогтоож, хохирогч О.Сгийн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн хийсэн гэх  Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 287 тоот дүгнэлттэй хохирогч О.С танилцсан эсэх нь тодорхойгүй, гарын үсэг зураагүй, хохирогч О.С нь хэргийн материалтай танилцахгүй гэсэн хүсэлтийг хэзээ, хэнд, хэрхэн гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, цагдаагийн газрын хавтаст хэргийн материал танилцуулсан тухай  тэмдэглэл  хууль ёсны баримт болоогүй буюу гарын үсэг авагдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ...хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулах улмаар хохирогчийн гомдол, хүсэлт гаргах эрхийг  бүхэлд нь зөрчсөн  нь  мөн зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу  оролцогчдод танилцуулаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй үндэслэл болсон байх тул  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийгдээгүй нь хууль ноцтой зөрчсөн зөрчилд орохгүй, гэрчүүд нь өөр өөр орон нутагт байдаг тул нүүрэлдүүлэн байцаах боломжгүй, хохирогч О.Сд шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй, Ж.Хын үйлдсэн хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч хөөн хэлэлцэх хугацаа прокурорын шатанд дууссан боловч шүүхээс түүний үйлдлийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой   учраас  шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн Прокурорын эсэргүүцэл түүний шүүх хуралдаанд гаргасан санал нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  ...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. Мөн зүйлийн 2 дахЬ хэсэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох... гэж заасныг зөрчсөн  буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай нийцээгүй байх тул Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн 2019/ШЗ/452 дугаар захирамжийг хэвээр үлдээж, Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Ж.Хт холбогдох эрүүгийн  1814002330176 дугаар хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                        ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                                     Б. БОЛОР-ЭРДЭНЭ