Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42-т оршин байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг /РД:2076675/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Нарлаг шанд хороолол, 54 дүгээр байрны 02 тоотод оршин суух, эрэгтэй 44 настай, Хар хиргис овогт Жамбалын Мөнхбат /РД:ТБ73091071/,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Данзанваанчиг гудамжны 10-17 тоотод оршин суух, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Замын 4 дүгээр ангийн хүний нөөцийн менежер ажилтай, эмэгтэй, 32 настай, Дамбынхан овогт Батбаатарын Эрдэнэтуяа /РД:ЕК85041164/ нарт холбогдох

Журам зөрчиж сургалтын төлбөрт шилжүүлсэн 11,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа,        Б.Болор-Эрдэнэ, хариуцагч Ж.Мөнхбат, Б.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Мөнхбат, Б.Эрдэнэтуяа нар нь УБТЗ-ын даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 тоот тушаалаар батлагдсан “Их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг зөрчиж 2013-2017 онуудад Б.Баярсайхан, Э.Хатанбат нарын сургалтын төлбөрт 11,300,000 төгрөг төлсөн нь 2017 оны 11 дүгээр сард хийгдсэн дотоод аудит хяналтын албаны шалгалтаар илэрч, дотоод аудит хяналтын албаны аудиторын СТ-01/03/113 тоот акт тавигдсан байна. Дээр дурдсан журамд төмөр замын ажилтны төрсөн нэг хүүхэд нь их дээд сургууль, коллежид суралцах хугацаанд нэг удаа төгсөх ангид нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ гэж заажээ. Гэтэл эдгээр хүүхдүүдэд суралцах бүх хугацаанд төлбөрийг нь төлсөн бөгөөд эцэг эх нь УБТЗ-д ажилладаггүй байна. Шалгалтын дараа Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ганболдын удирдан хийлгэсэн шуурхай хурлаас “эрх мэдлээ хэтрүүлэн журам зөрчиж, мөнгө зарцуулсан тухайн үеийн ажил хариуцсан хүмүүсээр төлүүлэх” шийдвэр гарсан ба Ж.Мөнхбат тухайн үед замын 4 дүгээр ангийн даргаар, Б.Эрдэнэтуяа хүний нөөцийн менежерээр ажиллаж байхдаа Б.Баярсайхан, Э.Хатанбат нарын сургалтын төлбөрийг төлөх шийдвэр гаргаж бичиг баримтыг бүрдүүлж байжээ. Иймд журам зөрчин байгууллагад 11,300,000 төгрөгийн хохирол учруулсан Ж.Мөнхбат, Б.Эрдэнэтуяа нараас энэ мөнгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. ... УБТЗ-д мөрддөг Замын даргын 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/146 тушаалаар баталсан гэрээ байгуулах журам юм. Энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрээ байгуулж байгаа этгээд гэрээнийхээ төслийг шаардлагатай бүх албатай зөвшилцөнө. Энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт өөрсдийн өдөр тутмын аж, ахуйн шуурхай үйл ажиллагаанд шаардагдах сэлбэг материалыг 5,000,000 төгрөгөнд багтаан худалдан авч болно гэж заасан байгаа юм. Энэ журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хариуцлагын талаар энэ журмыг зөрчих юм бол УБТЗ-ын даргын болон бусад замын удирдлагыг хариуцаж шуурхай хурал хийж арга хэмжээ авна гэсэн байгаа юм. Гэрээ байгуулах журмын А/146 дахь хэсгийг нэмэлтээр өөрчилсөн байдаг. Ж.Мөнхбатад олгосон итгэмжлэл байгаа. 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэл байгаа. Энэ итгэмжлэлд гэрээ байгуулах журмыг баримтлан 2013 оны батлагдсан их барилга, хөрөнгө оруулалт, их засварын төлөвлөгөөнд багтаан бараа материал худалдан авах, ажил, үйлчилгээний болон түрээс, салбар зам арчлалтын гэрээ байгуулах итгэмжлэл олгосон байгаа юм. Энэ итгэмжлэлийн дагуу үнийн судалгаа хийж гэрээг хянуулах бусад үүргийг энэ итгэмжлэлээр Ж.Мөнхбатад хүлээлгэсэн байна. Гэрээ байгуулах журмын А/146 дахь хэсгийг нэмэлтээр өөрчилсөн байдаг. Энэ нэмэлт өөрчлөлтийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт энэ журмыг зөрчих юм бол сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтууд байна. УБТЗ-д мөрддөг журам зөрчиж байгууллагад 11,300,000 төгрөгийг Баярсайхан, Хатанбат нарын сургалтын төлбөрт төлсөн нь нотлох баримтаар харагдаж байгаа. Гэрээ ёстой байгуулах байсан бол УБТЗ-ын даргаас итгэмжлэл эрх авч, УБТЗ-ын даргын эрхийг шилжүүлж авсны үндсэн дээр тэр гэрээг байгуулах ёстой. Ийм байдлаар ажиллах ёстой байтал хариуцагч нар аль, алийг нь хийсэнгүй. Журмуудаа зөрчиж сургалтын гэрээ байгуулж ажилласан зүйл харагдаж байгаа юм. Тэгэхээр үүний улмаас байгууллагад хохирол учирсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. УБТЗ-д мөрддөг хэд хэдэн журмуудыг зөрчиж, төлөх ёсгүй байсан сургалтын төлбөрийг төлж байгууллагад 11,300,000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар сургалтын төлбөрт шилжүүлсэн   11 300 000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу Ж.Мөнхбатаас 5 650 000 төгрөгийг, Б.Эрдэнэтуяагаас 5 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сургалтын гэрээ байгуулах, говийн замын байгууллагуудад мэргэжлийн боловсон хүчинг бүрдүүлэх зорилгоор тухайн салбар нэгжээс заавал санал, хүсэлт албан тоот ирсний дагуу УБТЗ-ын дарга өөрөө, холбогдох албууд нь судалж үзээд сургалтыг гэрээ байгуулах зөвшөөрлийг тухайн аж, ахуйн байгууллагын дарга нарт олгодог юм. Үүнийг хамгийн гол нь зөрчсөн байна. Хэрэв дээд байгууллагадаа албан тоот, хүсэлт тавьсан бол сургалтын гэрээ байгуулах УБТЗ-ын даргын тушаал ирэх ёстой гэв.

 

Хариуцагч Б.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Баярсайхан, Э.Хатанбат нарын сургалтын гэрээ нь хамааралгүй, тусдаа гэрээ нь цэвэр гэрээний харилцаа юм. УБТЗ-ын даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 тоот тушаалаар батлагдсан “Их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-д дээрх гэрээ нь ямар ч хамааралгүй. Итгэмжлэл нь төмөр замаас бусад гадны байгууллагатай ямар нэгэн аж, ахуйн харилцаанд оролцоход баримтлагддаг зүйл болохоос биш төмөр замын хоёр салбар нэгж хоорондоо ажил үүрэг зохион байгуулахад үйлчилдэг дүрэм журам огт байгаагүй. Хоёр байгууллагын хооронд бэлэн мөнгө шилжсэн асуудал байдаггүй. Тэр нь хоорондын тооцоогоор тооцогдоод, нэхэмжлэл нь ирэхээр тооцож, дотоод тооцоор явдаг байсан учраас үүнд мөнгөний зөрчил болон төмөр зам хохирсон зүйл харагддаггүй. Харин ч мэргэжилтэй боловсон хүчин нь тогтвор суурьшилтай ажиллаж байгаа нь УБТЗ-ын Замын 4 дүгээр ангид илүү үр дүнтэй ажил болсон гэж харж байна. Үүнийг Огторгуй дарга албан дээр байхдаа албаны хүний нөөцийн сургалтанд манай жишээг тод, томруунаар болон төмөр замын бусад байгууллагууд жишээ авааштай гэж ярьж байсан... Сургалтын гэрээ нь төмөр замд учруулсан хохирол байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Ж.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай хүний нөөцийн бодлого нэлээн сулхан явдаг байсан. Хойд орон нутгаас ирсэн инженерүүд болон ажилтнууд ирж ажиллаад 1 жилийн дотор буцаад явчихдаг байсан. Хүний нөөцийн албаны дарга Огторгуйд орон нутгаасаа инженер бэлтгэх талаар санал тавьж байсан. УБТЗ-ын хүний нөөцийн дарга Огторгуй, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Мижиддорж нар 2 хүүхэд сурга гэж үүрэг өгсөний дагуу 2 хүүхэд инженерээр сургасан. Бид тэр хүүхдүүдэд том хариуцлагыг хүлээлгэсэн. 5 жилийн турш манай байгууллагад ажилла гэсэн юм. Хэрэв сурч төгсөөд ажиллаж чадахгүй бол сургалтын төлбөрийг 3 дахиж авна гэж гэрээндээ тусгаж өгсөн. Хэрэв тэр хүүхдүүд өнөөдөр ажлаасаа гарлаа гэвэл сургалтын төлбөрийг 3 дахин нугалж төлөхийг гэрээндээ заасан байгаа юм. Азаар энэ хоёр хүүхэд сайн ажиллаж байгаа юм. Нэхэмжлэгч талын яриад байгаа журамд энэ 2 хүүхдийг сургахдаа байгуулсан гэрээ нь ямар ч хамааралгүй. УБТЗ нь нийгмийн өмнө хүлээх хариуцлага байх ёстой. Бид төлбөрийн чадваргүй, техникийн сонирхолтой, хагас өнчин хоёр хүүхдийг сургасан. ... Санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм бол ерөнхий нягтлан бодогч Түмэндэмбэрэл гэж мэргэшсэн нягтлан бодогч дансаа хариуцаад мөнгийг хаашаа шилжүүлэх, ямар зардал руу хувиарлах талаар тэр хүн мэддэг юм. Гэтэл яагаад ерөнхий нягтлан бодогч хариуцлага хүлээхгүй байгаа юм. Би зөвхөн шийдвэр гаргадаг байсан. Миний гаргасан шийдвэр Нягтлан бодох тухай хуулийг зөрчиж байсан бол ерөнхий нягтлан бодогч намайг санхүүгийн буруу үйлдлээ зогсоо гэж надад арга хэмжээ авах байсан гэж бодож байна. Намайг ажлаас халагдсаны дараа орсон Оргодол гэх дарга сүүлийн жилийн сургалтын төлбөрийг шилжүүлсэн байсан. Өөр хүний шилжүүлсэн мөнгийг одоо надаас нэхэмжилж байгаа нь ямар учиртай юм. Тэр мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн байгаа юм. Нэхэмжлэгч тал итгэмжлэлийн талаар ярьж байна. Би гадны аж, ахуйн нэгжээс худалдах, худалдан авахаар байгууллагатай 5,000,000 төгрөгийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. 5,000,001 төгрөг болох юм бол дээд байгууллага болох Төмөр замын удирдах байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Тээврийн дээд сургууль чинь төмөр замын нэг салбар юм. 2 байгууллагын мөнгө данснаас дансны хооронд шилжсэн болохоос биш бэлэн мөнгөө бариад явсан асуудал байхгүй. Тийм учраас би УБТЗ-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

            Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг нь хариуцагч Ж.Мөнхбат, Б.Эрдэнэтуяа нарт холбогдуулан УБТЗ-ын даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 тоот тушаалаар бат лагдсан “Их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг зөрчиж 2013-2017 онуудад Б.Баярсайхан, Э.Хатанбат нарын сургалтын төлбөрт 11,300,000 төгрөг журам зөрчиж, сургалтын төлбөрт олгосон 11,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч Ж.Мөнхбат, Б.Эрдэнэтуяа нар үл зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сургалтын төлбөрт шилжүүлсэн 11 300 000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу Ж.Мөнхбатаас 5 650 000 төгрөгийг, Б.Эрдэнэтуяагаас 5 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас гаргасан тайлбартаа:

 

-2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн ст/ /113 тоот актаар сургалтын төлбөр 11 300 000 төгрөгийг Замын 4-р ангийн дарга асан Ж.Мөнхбат, Хүний нөөцийн менежер Б.Эрдэнэтуяа нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр заасан.

 

- УБТЗ-ын даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 тоот тушаалаар батлагдсан “Их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг зөрчсөн. Энэ журманд зөвхөн Төмөр замын ажилчдын хүүхдийн их дээд сургууль, коллежид суралцах хугацаанд нэг удаа төгсөх ангид нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ гэж заажээ. Гэтэл эдгээр хүүхдүүдэд суралцах бүх хугацаанд төлбөрийг нь төлсөн бөгөөд эцэг эх нь УБТЗ-д ажилладаггүй.

 

-Бусадтай сургалтын гэрээ байгуулах эрх хариуцагч нарын эрх хэмжээний хүрээнд олгогдоогүй.

 

-Хариуцагч нар нь Хөдөлмөрийн гэрээгээр УБТЗ-д ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа байгууллагад хохирол учруулсан. Хөдөлмөрийн тухай хуулиараа сахилгын шийтгэл ногдуулна гэж дээрх бүх журмуудад заасан байгаа юм. Байгууллагад учруулсан хохирол нь өөрөө тухайн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахад илүү гарсан байгаа учраас би анхнаасаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлээр би нэхэмжилсэн гэжээ.

 

Хариуцагч талаас гаргасан тайлбартаа:

 

- “Сургалтын гэрээг” байгуулахдаа Улаанбаатар Төмөр Замын боловсон хүчин, нийгмийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга Ч.Мижиддорж, Хүний нөөцийн албаны дарга Д.Огторгуй гэх албан тушаалтнуудтай зөвшилцөж тэднээс зөвшөөрөл авсан.

 

- УБТЗ-ын даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 тоот тушаалаар батлагдсан “Их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-д Б.Баярсайхан, Э.Хатанбат нарын сургалтын гэрээ нь хамааралгүй, тусдаа гэрээ юм.

 

-Төмөр замын байгууллагууд нь хоорондоо гэрээ байгуулах эрхтэй ба Тээврийн дээд сургууль нь төмөр замын байгууллага мөн.

 

-Сургалтын төлбөрт шилжүүлсэн 11 300 000 төгрөгийг бид шилжүүлээгүй, нягтлан бодогч шилжүүлсэн байхад яагаад нягтлан бодогч хариуцахгүй байгаа юм.

 

-Сүүлийн жил буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Оргодол даргын шилжүүлсэн төлбөрийг яагаад надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр суралцагч Б.Баярсайхан, Э.Хатанбат нар нь Замын инженерийн ангид өдрөөр 5 жил суралцан төгсөж, захиалагч байгууллагад 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилллах, ажиллуулах нөхцөлтэйгээр  Замын 4-р анги, Тээврийн Дээд сургууль нарын хооронд “Сургалтын гэрээ” байгуулжээ. /хх-10-14-р тал/

 

Суралцагч Б.Баярсайхан, Э.Хатанбат нарын сургалтын төлбөрт 2013-2016 онуудад нийт 11 300 000 төгрөгийг Замын 4-р ангиас Тээврийн Дээд сургуулийн холбогдох дансанд шилжүүлсэн байна. /хх-8,8а,-9-р тал/

 

2017 оны 11 сарын 09-ны өдрийн ст-61 //113 тоот Улаанбаатар Төмөр Замын дотоод аудит хяналтын албаны аудиторын актаар сургалтын төлбөр 11 300 000 төгрөгийг Замын 4-р ангийн дарга асан Ж.Мөнхбат, Хүний нөөцийн менежер Б.Эрдэнэтуяа нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр заасан зэрэг үйл баримтууд тогтоогдсон болно.

 

Хариуцагч Ж.Мөнхбат нь “Сургалтын гэрээг” байгуулахдаа Улаанбаатар Төмөр Замын боловсон хүчин, нийгмийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга Ч.Мижиддорж, Хүний нөөцийн албаны дарга Д.Огторгуй гэх албан тушаалтнуудтай зөвшилцөж тэднээс зөвшөөрөл авч байсан гэж тайлбарлаж байгаа нь түүний тайлбар болон  /хх-67-62-р талд/ авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 зүйлийн 37.1,37.2,40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэхь хэсэгт “Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийг Замын 4-р ангийг төлөөлж, тухайн байгууллагад боловсон хүчин бэлтгэх зорилгоор сургалтын гэрээг Тээврийн дээд сургуультай байгуулж, төлбөрийг шилжүүлсэн байна.

 

Хариуцагч нар нь Сургалтын гэрээг байгуулахдаа удирдлагаасаа зөвшөөрөл авч байгуулсан, сургалтын төлбөрийг төлөхдөө өөрсдөө төлөөгүй, өөрөөр хэлбэл санхүү хариуцсан ажилтан төлж байсан зэргээс үзвэл хариуцагч нарын үйлдэл болон эс үйлдлээс нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгт 11 300 000 төгрөгний хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан гэм хор учруулсанаас үүссэн хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь сургалтын төлбөр гэж шилжүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 11 300 000 төгрөгийг хариуцагч Ж.Мөнхбат, Б.Эрдэнэтуяа нарт холбогдуулан хуулийн болон гэрээний дагуу шаардах эрхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн сургалтын төлбөрт олгосон 11 300 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Мөнхбат, Б.Эрдэнэтуяа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлээр нэхэмжилсэн гэжээ.

 

Хариуцагч нарыг гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хариуцагч нарын санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр нэхэмжлэгчид гэм хор учраагүй,              11 300 000 төгрөгийг бусдын сургалтын төлбөрт зарцуулсан ба суралцагч Э.Хатанбат нь Замын 4 дүгээр ангийн 9 дүгээр хэсэгт бригадын даргаар, Б.Баярсайхан нь Дорноговь аймгийн Өргөн суманд  УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн 5 дугаар хэсэгт бригадын даргаар ажиллаж байгаа нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн Улаанбаатар Төмөр Замын дотоод аудит хяналтын албаны аудиторын ст-61 //113 тоот актыг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа боловч актыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд зааснаар иргэний хэргийн шүүх баталгаажуулдаг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь хэсэгт зааснаар  Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нэхэмжилсэн сургалтын төлбөрт шилжүүлсэн 11 300 000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу Ж.Мөнхбатаас 5 650 000 төгрөгийг, Б.Эрдэнэтуяагаас 5 650 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.НАРАНЦЭЦЭГ