Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал

шүүгдэгч Ч.Дагвадорж нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Дагвадоржид холбогдох эрүүгийн 2215000000253 дугаартай, 163/2022/0225/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Божригон овогт Чойжилсүрэнгийн Дагвадорж, Булган аймаг, Сайхан суманд 1978 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, Булган аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Жаргантын гол гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 44 настай, эрэгтэй, РД: ГЗ78091314.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Дагвадорж нь 2022 оны 07 дугаар сард Булган аймаг, Сайхан сум, 2 дугаар багийн Жаргантын гол гэх газарт зусаж байхдаа тус багийн иргэн Ц.Энхбатын хээр зүсмийн даагыг өөрийнхөө адуун сүрэгт нийлсэн болохыг мэдсээр байж 2022 оны 09 дүгээр сард өөрийн имээр имнэж завшсаны улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сард Булган аймаг, Сайхан сум, 2 дугаар багийн Жаргантын гол гэх газарт зусаж байхдаа тус багийн иргэн Д.Баасанжалбын хонгор зүсмийн үрээг өөрийнхөө адуун сүрэгт нийлсэн болохыг мэдсээр байж хууль бус эзэмшил тогтоон өөрийн уналгадаа ашиглаж завшсаны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000253 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.Дагвадорж нь 2022 оны 07 дугаар сард Булган аймаг, Сайхан сум, 2 дугаар багийн Жаргантын гол гэх газарт зусаж байхдаа тус багийн иргэн Ц.Энхбатын хээр зүсмийн даагыг өөрийнхөө адуун сүрэгт нийлсэн болохыг мэдсээр байж 2022 оны 09 дүгээр сард өөрийн имээр имнэж завшсаны улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сард Булган аймаг, Сайхан сум, 2 дугаар багийн Жаргантын гол гэх газарт зусаж байхдаа тус багийн иргэн Д.Баасанжалбын хонгор зүсмийн үрээг өөрийнхөө адуун сүрэгт нийлсэн болохыг мэдсээр байж хууль бус эзэмшил тогтоон өөрийн уналгадаа ашиглаж завшсаны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Дагвадоржийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхбатын өгсөн: Би 2022 оны 06 дугаар сарын сүүл, 07 дугаар сарын ихээр манай хээр зүсмийн 2 настай даага манай хөрш Ч.Дагвадорж гэх залуугийн адуунд нийлсэн байсан. Би Ч.Дагвадоржтой таараад манай “Шар хээр” зүсмийн 2 настай даага танай адуунд нийлсэн байна лээ гэж хэлэхэд Ч.Дагвадорж нэг шар хээр даага үрээнүүдтэй нийлсэн байсан. Танай даага юм уу? гэж байсан. Би тиймээ гэж хэлээд тэгж байгаад би авна гэж хэлсэн. Тэгтэл Ч.Дагвадорж нь тэгээрээ гэж байсан. Би 2022 оны 08 дугаар сарын 15 -ны өдөр Ч.Дагвадоржоос хээр даага аа авах гэж очиход Ч.Дагвадоржийн адуунд манай хээр даага байгаагүй. Би Ч.Дагвадоржоос танай адуунд нийлсэн байсан хээр даага маань байхгүй байна хө гэж асуухад танай даага алга болчихсон байна лээ гэж хэлсэн. Би тухайн үед алга болчихсон юм байна гэж бодоод өөрөө хайсан боловч олоогүй. Тэгээд Сайхан сумын цагдаагийн хэсэгт тэмдэглүүлж байсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр Ч.Дагвадоржийн алга болсон гээд байсан даага тэдний адуунд байхаар нь би Дагвадорж дээр очоод чиний алга болсон гэж хэлсэн даага танай адуунд явж байна. Би даага аа авъя гэхэд Ч.Дагвадорж нь энэ танай даага биш миний даага байгаа юм гэж хэлээд малын имтэй байгаа гэсэн. Би өөрийн даага аа танилгүй яах вэ дээ гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр сумын хэсгийн төлөөлөгчид энэ талаар хэлэхэд төлөөлөгч би шалгаад өгье, тантай холбогдоно гэсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр намайг цагдаа дээр дуудаж өргөдөл бичүүлсэн. Би хулгайд алдсан хээр зүсмийн даага аа олж авсан учир өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, саналгүй. Миний хохирол бүрэн барагдсан болохоор шүүх хуралд оролцохгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баасанжалбын өгсөн: Би 2022 оны 08 дугаар сард гэрийн гаднаас хонгор үрээгээ хулгайд алдсан. Өөрсдөө ойрхон байж магадгүй гэж бодоод хайсан боловч олоогүй. Сайхан сумын цагдаад тэмдэглүүлээд удалгүй 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сайхан сумын хэсгийн төлөөлөгч залгасан. Таны хулгайд алдсан адууг олсон та ирээд өргөдөл гаргаж өг гэхээр нь би цагдаа дээр ирсэн. Би хулгайд алдсан хонгор зүсмийн морио бүрэн бүтэн олж авсан учир өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Миний хохирол бүрэн барагдсан болохоор би шүүх хуралд биеэр оролцохгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47, 49 дэх тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ханджамцын өгсөн: ...2022 оны 09 дүгээр сард бар хийж байх үед унагануудаа имнэсэн. Тухайн үед 30 гаруй тооны унага имнэсэн. Тэр дунд хээр зүсмийн даага манай нөхөр имнэж байсан. Ц.Энхбатын ахын хээр даага манай адуунд 2022 оны 07 дугаар сарын үед нийлсэн. Тэгээд манай нөхөр тэр даагыг алга болсон гэж хэлээд дараа нь өөрийн им тэмдгээр имнэсэн гэж байсан. Би дараа нь нөхөртөө чиний имнээд байсан хээр даага чинь Ц.Энхбатын ахын даага байсан юм уу? гэж асуухад манай нөхөр тиймээ гэж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Мягмарсүрэнгийн өгсөн: Манай хүүгийн гэрийн гадаа 2022 оны 08 дугаар сарын дунд үеэс хонгор зүсмийн үрээг буурал морины хамт аргамжаатай байдаг байсан. Тухайн үед би өөрийнх нь юм байх гэж боддог байсан. Хонгор үрээг уначихсан усалж яваа харагддаг. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

6. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 222029 дугаартай: хээр зүсмийн 2 настай даага зах зээлийн үнэ ханш 550.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-24 дэх тал/,

7. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 222028 дугаартай: Хонгор зүсмийн үрээ морь зэх зээлийн үнэ 1.000.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-63 дахь тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Дагвадоржийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 08 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. Манай адуунд улаан хээр зүсмийн даага ирж нийлсэн байсан. Тухайн даагыг хэнийх гэдгийг нь мэдэхгүй байсан юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын эхээр манай нутгийн Энхбат ах ирээд улаан хээр зүсмийн даагыг хараад манай даага байна гэж хэлээд явсан. Тэгээд би 2022 оны 9 сарын сүүлээр шиг санагдаж байна, манайх адуугаа тамгалж имнэсэн. Нөгөө хүний улаан хээр зүсмийн даагыг хамт имнэсэн. Улмаар Сайхан сумын хэсгийн төлөөлөгч намайг мал завшсан хэргээр шалгасан. Тэгээд хохирлоо барагдуул гэхээр нь Энхбатын ахын адууг аваачиж өгсөн. ...Уг шүдлэн үрээ нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Манай адуунд нийлж ирсэн байсан. Тухайн адууг хэний адуу гэдгийг бол мэдээгүй байж байтал 2022 оны 08 дугаар сарын сүүлээр Баасанжалба гэх хүн адуу хайж ирсэн. Тухайн үед манай адуунд ирж нийлсэн шүдлэн үрээг хараад манай адуу мөн байна гэж хэлээд тухайн үрээг аваад явсан. Улмаар хэсгийн төлөөлөгч намайг дуудаж энэ хэрэгт мэдүүлэг авах болсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33, 71 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхбат, Д.Баасанжалба, гэрч С.Ханджамц, Ч.Мягмарсүрэн нарын өгсөн мэдүүлэг, алдагдсан малын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Ч.Дагвадорж нь 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн Жаргантын гол гэх газарт зусаж байхдаа тус багийн иргэн Ц.Энхбатын хээр зүсмийн даагыг өөрийнхөө адуун сүрэгт нийлсэн болохыг мэдсээр байж 2022 оны 09 дүгээр сард өөрийн имээр имнэж завшсаны улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 08 дугаар сард Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн Жаргантын гол гэх газарт зусаж байхдаа тус багийн иргэн Д.Баасанжалбын хонгор зүсмийн үрээг өөрийнхөө адуун сүрэгт нийлсэн болохыг мэдсээр байж хууль бус эзэмшил тогтоон өөрийн уналгадаа ашиглаж завшсаны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Дагвадорж нь өөрийнх нь адуунд нийдсэн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшлийнх болохыг мэдсээр байж өөрийн малтай адил имээр имнэж уналагадаа ашиглаж буй үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Ч.Дагвадоржийн алдуул малыг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байдлыг ойлгоно гэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Дагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Ч.Дагвадоржийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Энхбатад 1 тооны хээр зүсмийн даага мал буюу 550.000 төгрөгийн хохирол,

Хохирогч Д.Баасанжалбад 1 тооны хонгор зүсмийн үрээ морь буюу 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Ц.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 550.000 төгрөг, хохирогч Д.Баасанжалба нь 1.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.Дагвадорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Ц.Энхбат, Д.Баасанжалба нарт малыг нь биет байдлаар буцаан өгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Ч.Дагвадоржийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Дагвадоржийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ч.Дагвадоржийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Дагвадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 72-78 дахь талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа, малын А дансны бүргэлийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Дагвадорж нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Жаргантын гол гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Дагвадорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/125 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.Дагвадоржийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ч.Дагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Дагвадорж нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Божригон овогт Чойжилсүрэнгийн Дагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Дагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Дагвадорж нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дагвадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Дагвадорж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР