Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/235

 

 

2022          10            26                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Г.Баянжаргал нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Баянжаргалд холбогдох эрүүгийн 2215000000250 дугаартай, 163/2022/0228/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хариад овогт Гомбодоржийн Баянжаргал, Хөвсгөл аймаг, Жаргалант суманд 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, 17-29 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баялаг ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 24 настай, эмэгтэй, РД: РЕ98012705.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Баянжаргал нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймаг, Хангал сум, 2 дугаар багийн Бөхөн гэх газарт хадам ээж А.Лхагванямтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000250 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Баянжаргал нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн Бөхөн гэх газарт хадам ээж А.Лхагванямтай гэр бүлийн ахуйн шинжтэй маргааны улмаас хоорондоо маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баянжаргалын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Лхагванямын өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12-13 цагийн үед Мягмарсүрэнгийн хамт төрсөн хүү Батхишигийн гэрт хонь гаргуулахаар очсон. ...Нэг их удалгүй охин Мягмарсүрэн гэрээс гарч ирэхэд араас нь Батхишигийн эхнэр Баянжаргал Батхишиг надад эм авч өгөөгүй гэж хэлж байсан. Тэгсэн охин Мягмарсүрэн Батхишигт чи яагаад эмийг нь авч өгөөгүй юм бэ? гэхэд Батхишиг надад мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Баянжаргал манай охин Мягмарсүрэн дээр очоод хүний амьдралд та оролцдог хэн бэ? гээд үсдэж аваад доошоо дарсан. ...Тэгсэн чинь Батхишиг ирээд Баянжаргал, Мягмарсүрэн хоёрыг салгасан. Тэгээд Батхишиг Мягмарсүрэнтэй юм яриад зогсож байхад Баянжаргал над дээр ирээд үсдэж аваад миний хамар хэсэгт цохиход миний хамраас цус гараад эхэлсэн. Хамар цөмөрсөн, хүзүү чих зулгарсан байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцах шаардлагагүй. Шүүх хуралдаанд оролцохыг хүсэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 13 дахь тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мягмарсүрэнгийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12-13 цагийн үед ээж Лхагванямын хамт төрсөн дүү Батхишигийн гэрт очиж хонь гаргуулахаар очсон. Гэрт нь ороход Батхишигийн эхнэр Баянжаргал бие өвдсөн гээд гэртээ хэвтэж байсан. ...Гэрээс гараад ирсэн чинь Баянжаргал араас наад горгор чинь эм авч өгөөгүй гээд гараад ирсэн. Тэгэхээр нь би Батхишигт чи яагаад эмийг нь авч өгөөгүй юм бэ? гэхэд Батхишиг надад мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Баянжаргал над дээр ирээд хүний амьдралд та оролцдог хэн бэ? гээд намайг үсдэж аваад доошоо дарсан. ...Тэгсэн чинь Батхишиг ирээд Баянжаргал бид хоёрыг салгасан. Би Батхишигт хүүхдээ яагаад Хөвсгөл рүү явуулж байгаа юм бэ? гээд яриад байж байхад Баянжаргал ээж дээр очоод үсдэж аваад хамар хэсэгт нь цохисон чинь ээжийн хамраас цус гараад эхэлсэн. Тэгсэн чинь Баянжаргал дээрээс нь цохиод байсан. Тэгээд Батхишиг ээж Лхагваням, Баянжаргал нарыг салгасан. Тэгээд бид нар явах гэсэн чинь Батхишиг миний машины түлхүүрийг авчаад өгөхгүй байсан. Тэгээд Нямдорж гэх хажуу айлын хүн ирээд миний машины түлхүүрийг авч өгөөд ээж, бид хоёр хүүхдүүдээ аваад явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батхишигийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн үед ээж хонь гаргуулах гээд манай гэрт ирсэн. Ирэхдээ манай эгч Мягмарсүрэнг дагуулаад ирсэн. Тэгээд би гэрийн гадаа хонь гаргаад байж байхад гэрээс манай эхнэр Баянжаргал яаж байна аа гээд гарч ирсэн. Гарч ирснийхээ дараа Мягмарсүрэн эгчийг та яасан сонин юм бэ? гэж хэлсэн. Тэгсэн Мягмарсүрэн эгч чи яасан ялархуу юм бэ? гэр орноо цэвэрлээч гэсэн. Баянжаргал, Мягмарсүрэн эгч хоёр үсдэлцэж аваад зодолдсон. Тэгэхээр нь би очоод салгасан чинь цаанаас ээж ирээд миний охин Мягмарсүрэнгийн үснээс зулгаалаа гээд Баянжаргалын үснээс зулгаасан. Тэгсэн Баянжаргал бас ээжийн үснээс зулгаагаад энэ хоёр газар унасан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нямдоржийн өгсөн: ...Батхишигийнд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр очиход Батхишигийн эхнэр Г.Баянжаргал, хадам ээж Лхагваням, хадам эгч Мягмарсүрэн нартайгаа маргалдаад хоорондоо зодолдсон байдалтай байсан. Баянжаргал, Лхагваням хоёрыг харахад хамар, амнаас нь цус гарсан байсан. Мягмарсүрэнгийн машины түлхүүрийг Батхишигээс авч өгөөд Мягмарсүрэн, Лхагваням нарыг явуулсан. Дээрх иргэд хоорондоо байнга хэрүүл маргаантай байдаг. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,

6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 680 дугаартай: А.Лхагванямын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний дэлбээ, хамрын баруун самсаанд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

7. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 679 дугаартай: Г.Баянжаргалын биед баруун гарын бугалга, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын бугалга, баруун хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Баянжаргалын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ байж байхад хадам эгч Мягмарсүрэн, хадам ээж Лхагваням нар ирсэн. Тэгээд манай нөхөр Батхишигээр хонь гаргуулахаар хонь авчирсан байсан. Тэгээд авчирсан хонийг нь манай нөхөр Батхишиг төхөөрөх гээд гэрийн гадаа байж байсан. Би гэрт Мягмарсүрэнгийн хамтаар байж байхад Мягмарсүрэн нь намайг чиний бие зүгээр байна, босооч хэвтээд байхын гэж хэлсэн. Намайг модон сандлаар толгой хэсэгт цохисон. Тэгэхээр нь би босож ирээд гэрээс гараад зогстол Мягмарсүрэн араас гарч ирээд намайг барьж авсан. Би зөрүүлээд барьж авахад хадам ээж Лхагваням нь миний охиныг аллаа гээд намайг бариад авсан. Тухайн Мягмарсүрэн нь намайг үстэж дарж байгаад больтол хадам ээж Лхагваням нь намайг үсдэж дарсан. Тэгээд би болиоч ээ гэж хэлэхэд болихгүй байсан. Тэгэхээр нь би зөрүүлж үстэж авсан улмаар би хацар хэсэгт нь цохисон. Мөн хадам ээж миний хамар хэсэгт 3 удаа цохисон. Улмаар бид хоёр хоорондоо ноцолдож байгаад газарт унаж хөрвөөж эргэсэн. Тэгтэл манай нөхөр Батхишиг салгасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.Лхагваням, гэрч Д.Мягмарсүрэн, Д.Батхишиг, Б.Нямдорж нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн Г.Баянжаргалын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймаг, Хангал сум, 2 дугаар багийн Бөхөн гэх газарт Г.Баянжаргал нь хадам ээж А.Лхагванямтай гэр бүлийн ахуйн шинжтэй маргааны улмаас хоорондоо маргалдаж, харилцан үсдэлцэж, улмаар Г.Баянжаргал нь А.Лхагванямын нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний дэлбээ, хамрын баруун самсаанд олон тооны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Баянжаргалын хохирогчийг цохисон, үснээс нь татсан гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Г.Баянжаргал нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Баянжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч А.Лхагваням нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Баянжаргалыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Баянжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Баянжаргалын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Баянжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 83-84 дэх талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Баянжаргал нь ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, 17-29 тоотод амьдардаг, Баялаг ХХК-д тогооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Баянжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/127 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Баянжаргалын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Баянжаргал нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт Гомбодоржийн Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баянжаргалыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Баянжаргал нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Баянжаргал нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР