Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 125/ШШ2020/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Жанаргүлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Б.Жанаргүлийн нэрийг дэвшүүлэхийг даалгах,

2. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолт, тус газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31–ний өдрийн Б/100 дугаар тушаал 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/33 дугаар тушаалуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

3. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Б.Жанаргүлийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жанаргүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, гуравдагч этгээд Т.Фарида, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Жанаргүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Жанаргүл 1976 онд төрсөн, 1995 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль, 2017 онд Сэрүүлэг Их Сургууль, 2008 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг тус тус төгссөн. Дээд боловсролтой, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, Ня-бо бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент, эдийн засагч мэргэжилтэй. 2001-2011 онд ДКУИС-ийн салбарт нягтлан бодогч, эдийн засагч, 2016-2017 онд Санхүүгийн хяналт аудитын албанд шилэн данс, хяналт, үнэлгээ дотоод ажил хариуцсан ажилтан, 2017 оноос БОАЖГазар хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр ажиллаж ирсэн.

Улсад Санхүүгийн мэргэжлээр 12 жил, төрийн албанд 2 жил, нийт 14 жил ажилласан байсан ажлын туршлага, ур чадвартай, аливаа ажлыг зохион байгуулах, багаар ажиллах, тайлан балансыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргах чадвартай, баримт бичиг боловсруулах, зохион байгуулах чадвартай, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль дээдлэх, хүнтэй ажиллахад амжилт гаргадаг гэсэн үнэлгээг ажиллаж ирсэн байгууллагын удирдлагаас удаа дараа авч байв.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд 62,9 оноогоор тэнцэж байсан, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дэс түшмэл ТЗ- 5 ангилалд 70 оноогоор “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.1-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 116 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн.

Төрийн албаны зөвлөлөөс нийтэд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зарласан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ТЗ-5 ангиллын "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний" сул орон тоог нөөцөөс нөхөх болсон талаар олж мэдээд, тус орон тооны ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тул Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 7.3 дахь заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох бичиг баримтын хамт өргөдлөө гаргасан. Төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа тухайн албан тушаалд ажиллах хүсэлтээ гаргасан 3 иргэнээс Б.Жанаргүлийн хувьд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ба төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн онооны дараалал хамгийн өндөр байсан юм. Гэтэл онооны дарааллаар хамгийн бага оноо буюу 61.2 оноо авсан Т.Фарида гэх хүнийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан. Энэ талаар мэдэж Төрийн албаны Зөвлөлд гомдлоо гаргасан. Уг гомдлыг Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд харьяаллын дагуу шилжүүлсэн ба 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр "татгалзсан" хариу өгсөн.

Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь миний гомдлыг хангаагүй нь Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6 дугаар зүйлийн 6.2.3-г "...энэхүү журмын 2.1.1-2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд байгаа болон мөн журмын 2.2.1-2.2.4- т заасан төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа иргэдийн мөн журмын 1 буюу 2 дугаар хавсралтын дагуу гаргасан судалгааг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ", 6.2.4-т "иргэнийг нэр дэвшүүлэхдээ Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 2.1, 2.2-т төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн онооны дарааллыг харгалзана" гэснийг тус тус зөрчсөн. Хариуцагчаас маргаан бүхий орон тооны ажлын байрны тодорхойлолтыг зөвхөн нэг хүнд тааруулж 2018 оны 10 сарын 01-ний өдөр баталсан нь тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албан зөвлөлийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 44-р тогтоолоор батлагдсан ажлын байрны тодорхойлолт батлах зааврыг зөрчсөн.

Хариуцагч талаас 3 төрлийн ажлын байрны тодорхойлолт баталсан. Эхнийх нь ямар ч он сар өдөргүй, зөвхөн гарын үсэг зурж баталсан. Дараагийнх нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баталсан тодорхойлолт байгаа. Мөн 2017 оны 1 дүгээр сарын 03-ний өдөр батлагдсан тодорхойлолт хэрэгт авагдсан. Эдгээр ажлын байрны тодорхойлолт нь Т.Фаридад давуу байдал бий болгохоор боловсруулсан. Энэ нь төрийн албаны зөвлөлийн ажлын байрны тодорхойлолт боловсруулах стандарт шаардлага хангахгүй байна. Мөн ажлын байрны тодорхойлолтод тухайн орон тоо бий болсон үед боловсруулан батлагдсан байх хэрэгтэй. Ажлын байрны тодорхойлолтыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн ба олон нийтэд зарласан тодорхойлолт хоёр нь зөрүүтэй байна.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор Т.Фаридаг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар тогтоол гаргаж, уг тогтоолыг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/3 дугаар тушаал гаргаж Т.Фаридаг томилсон. Бид эхлээд энэ тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өөрөө тушаалаар уг тушаалыг хүчингүй болгосон учир хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 3 сарын 03-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар тус газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан ба маргаан бүхий орон тооны нэршлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ахлах мэргэжилтэн болгож өөрчилж ТЗ-ийн 6 дугаар ангилалд хамруулсан байна. Албан тушаалын нэрийг нь ахлах гэдэг үг нэмсэн болохоос албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан. Ингээд хариуцагчаас 2020 оны 3 сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр тушаал гаргаж Т.Фаридаг  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ахлах мэргэжилтнээр томилсон. Бид энэ тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Гэтэл дахин тус газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/33 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал гаргаж 2020 оны 3 сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр тушаалд өөрчлөлт оруулсан. Бид дахин уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь тушаалд өөрчлөлт оруулах гэсэн утгатай атлаа Т.Фаридаг дахин уг албан тушаалд томилсон. Хариуцагч үүнийгээ би хуулийн зарим зүйл заалтыг нэмж оруулсан гэж тайлбарладаг. Тушаалын ямар зүйл заалтыг өөрчилсөн нэг ч зүйл байхгүй. Гэтэл  Хариуцагч өнөөдөр дахин 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/42 тоот тушаал гаргасан байна. Үүнийгээ Авилгатай тэмцэх газраас ашиг сонирхлын мэдүүлэг ирсний дараа гаргасан гэж сая хариуцагч тайлбарлалаа. Энэ тушаал бас хууль бус учир хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Тилеген шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлсэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 682 тоот албан бичгээр тус газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн”-ний сул орон тооны захиалгыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд тус зөвлөлийн 187 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу сул орон тоог нөхөх тухай зарыг хуулийн хугацаанд зарласан болно.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор байгуулагдсан бүртгэлийн ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын дэс болон туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан ажлын байрны сул орон тоог нөөцөөс нөхөх зарын дагуу бүртгэл явуулсан юм.

Дээрх зарын дагуу бүртгүүлсэн иргэдийн материалыг тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг гол шалгуур болгохын зэрэгцээ мэргэшлээ дээшлүүлсэн байдал, тухайн албан тушаалд ажилласан туршлага, тухайн албан тушаалын чиглэлээр сургалтад хамрагдаж, мэргэшил дээшлүүлсэн байдал, төрийн жинхэнэ албаны шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн зэргийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 23 дахь хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцээд ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг Т.Фарида нь хамгийн илүү хангаж байгаа гэж үзээд нэр дэвшүүлсэн болно.

Тухайлбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд бүртгэгдсэн 3 хүнээс Т.Фарида нь ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шалгуурыг илүү хангаж байх тул түүнийг уг албан тушаалд томилуулахаар Төрийн албаны тухай хуулийн 10.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-д заасныг тус тус баримталж Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар нэрийг нь дэвшүүлсэн болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нөөцөөс нэр дэвшүүлж өгнө үү гэх албан тоотыг хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 94 дүгээр тогтоол гаргаж Т.Фаридагийн нэрийг дэвшүүлсэн. Төрийн албаны хуулийн дагуу би тушаал гаргаж Т.Фаридаг тухайн албан тушаалд томилсон. Шаардлага хэрхэн хангасан талаар төрийн албаны салбар зөвлөлийн хариу тайлбарт тодорхой байгаа. Үүнийг би тайлбарлах шаардлагагүй.

2016 онд Засгийн газар өөрчлөн байгуулагдахад Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон. Тэр үед хөдөлмөр дэмжих сангийн мэргэжилтэн төрийн үйлчилгээний албан тушаалд хамрагдаж байсан.  2018 онд би төрийн албаны салбар зөвлөлд Т.Фаридагийн нэрийг өгөөгүй, зөвхөн ажлын байрны тодорхойлолт хүргүүлсэн. 2019 оны 1 дүгээр сард Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас бүтцийн өөрчлөлт хийсэн. Гэхдээ батлагдсан 45 хүний бүтэц дотроо өөрчлөлт хийсэн. 2020 оны 3 дугаар сард зарим ТЗ-5 дугаар ангиллын албан тушаалыг ТЗ-6 болгосон. Би үүнтэй холбоотойгоор 2020 оны Б/33 дугаар тушаал гаргаж Т.Фаридаг томилсон. Томилсны дараа Авилгатай тэмцэх газарт Т.Фаридагийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгуулахаар албан бичиг хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу ирүүлсний дагуу Т.Фаридаг 2020 оны Б/42 тоот тушаал гаргаж дахин томилсон. Энд ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Т.Фарида, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2002 онд хөдөлмөрийн эрхлэлтийн зохицуулалтын алба гэж манай аймагт байгуулагдахад Т.Фарида нь нягтлан бодогчоор анх ажиллаж байсан. Энэ байгууллага нь 2004 он хүртэл ажиллаж байгаад Засгийн газрын тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болсон. Тэр үед Т.Фарида Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлыг давхар хариуцан ажиллаж байсан. 2012 Засгийн газраас тогтоол гарч хөдөлмөрийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс гэж 2 хуваасан. Т.Фарида нь Хөдөлмөрийн хэлтэст үлдэж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлыг давхар хийж байсан.

2018 онд Засгийн газрын 9 дүгээр тогтоол гарч Хөдөлмөрийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтсийг татан буулгаж Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдаж бүтцийг баталсан. Өмнө нь 2 хэлтэст нийтдээ 65 хүн ажиллаж байсан. Шинэ бүтцээр 45 орон болж батлагдсан. 2016 оны 10 сард Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар Б.Сьезхан гэдэг хүн томилогдсон. Батлагдсан орон тоогоор үйл ажиллагааны нягтлан бодогч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний орон тоог салгаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтнээр Т.Фаридаг түр томилсон. 2017 онд манай аймагт төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүй. 2018 оны 1 сард төрийн албан салбар зөвлөл хууль ёсны үйл ажиллагаанд орсон. Тэгээд аймгийн хэмжээний төрийн жинхэнэ албаны сул орон тооны сонгон шалгаруулалт зарласан. Тэр үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын ТЗ-5-ын албан тушаал зарлагдахад Т.Фарида шалгалтад ороод тэнцэж албан ёсоор нөөцөд бүртгэгдсэн.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулиар ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллага өөрөө боловсруулдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг тодорхойлж албан тушаалын тодорхойлолтыг төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Нэхэмжлэгч Б.Жанаргүл Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний ажлын байранд төрийн албан шалгалт өгөөгүй. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зааснаар нөөцөд байгаа хүнээс тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа хүнийг төрийн албаны салбар зөвлөл нэр дэвшүүлэх журамтай байсан. Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 94 дугаар нөөцөөс нэр дэвшүүлэх тогтоол гаргасан. Уг тогтоолыг гаргахдаа Төрийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг тус тус баримталсан. Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоол нь төрийн албанд анх орох, нөөц бүрдүүлэх, нөөцөөс хасах, нөөцөд байгаа хүнийг хэрхэн дэвшүүлэхийг тус журмын 6 дугаар зүйлд зааж өгсөн.

 Уг журмын 6.2-д төрийн албан зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа нэг иргэнийг хуралдаанаар хэлэлцэн сонгож холбогдох байгууллагад захиалгын дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн гэж заасан. Нэхэмжлэгч би 70 оноо авсан, Т.Фарида 63 оноо авсан. Би илүү оноо авсан учраас нэр дэвших ёстой гэж маргаж байна. Гэтэл уг журмын 6.2-д иргэнийг нэр дэвшүүлэхдээ нөөцийг авч үзэх бөгөөд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шалгуур гол шалгуур болохын зэрэгцээ мэргэжлээ дээшлүүлсэн байдал, ажиллаж байсан туршлага, тухайн төрийн байгууллагын захиалгаар мэргэжил эзэмшсэн байдал, мөн нөөцийн жагсаалтад бүртгүүлсэн онооны дарааллыг харгалзаж нэр дэвшүүлнэ гэж заасан. 

Т.Фаридагийн хувьд 2004 оноос эхлэн мэргэжлээ байнга дээшлүүлж, төрийн жинхэнэ албан тушаалд 17-18 жил ажилласан, байгууллагын зардлаар олон удаа сургалтад хамрагдаж байсан.

Нэгэнтээ төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн учир ажил олгогч 2018 оны 100 дугаар тушаал гаргаж Т.Фаридаг ажилд томилсон. Энэ тушаал хууль зөрчөөгүй. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүтэц орон тоог тогтоодог. Үүний дагуу бүтэц өөрчлөгдсөн боловч 45 орон тоо хэвээрээ байгаа. Зарим хүмүүсийг мэргэшүүлэх байдлаар албан тушаалын ангиллыг нэмэгдүүлсэн боловч цалин, ажлын чиг үүрэг хэвээрээ байгаа.

Иймд нэхэмжлэгч Б.Жанаргүлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны маргаан бүхий тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргасан. Төрийн албаны салбар зөвлөл хууль журмын дагуу ажиллагаагүй, төрийн албаны зарчмыг баримтлаагүй, холбогдох хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан. Маргаан бүхий орон тоог сул орон тоо гэж үзсэн. Тухайн байгууллагад ажиллаж байсан хүнээр болон бусад төрийн байгууллагад ажиллаж байсан хүнээр нөхөх боломжгүй гэж үзээд нөөцөөс нөхөхөөр болж захиалга хүргүүлсэн. Өөрийн байгууллагаас нөхөх боломжгүй болсон учир Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар нөөцөд байгаа хүнээс ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа хүнээр нөхөхөөр болж захиалга хүргүүлсэн. Тэгэхэд нь ерөнхий болон тусгай шаардлагын алийг нь илүү хангаж байгаа гэдэг дээр төрийн албаны салбар зөвлөл зөв дүгнэлт хийж дэвшүүлэх ёстой байсан. Гэтэл төрийн албаны салбар зөвлөл төрийн албаны ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөөт тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах,  хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн.

Төрийн албаны салбар зөвлөл тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын ажлын байрны тодорхойлолтыг захиалга ирүүлсэн байгууллагаас авч шалгаруулалт явуулсан нь хууль бус. Тухайн байгууллагын боловсруулсан ажлын байрны тодорхойлолт нь ажлын байрны тодорхойлолт биш. Ерөнхий болон тусгай шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 33 дугаар зүйлийн 33.5–д тусгай шаардлага зааж өгсөн. Ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа иргэнийг шалгаруулахдаа Төрийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг баримталж шалгаруулах байсан боловч хууль бусаар нэг хүнд зориулж боловсруулсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслээд дүн шинжилгээ хийсэн нь хууль бус.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албан төв байгууллага тогтооно гэж заасан.

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.2.3-д төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс төрийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа иргэдийн 1 болон 2 дугаар хавсралтын дагуу гаргасан судалгааг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж заасан. Мөн журмын 6.2.4-д иргэнийг ингэж нэр дэвшүүлэхдээ төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэх журмын 2.1, 2.2-д заасан албан тушаалтан анх нөөцөд бүртгэгдсэн онооны дарааллыг харгалзан гэж заасан. Үүнийг төрийн албаны салбар зөвлөл ноцтой зөрчсөн. Онооны дарааллын хувьд Б.Жанаргүл 70 оноотойгоор илүү байгаа.

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон ерөнхий болон тусгай шаардлагыг аль нь илүү хангаж байгаа эсэхийг тайлбарлая. Аль аль нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэшил гэдэг нь санхүүч нягтлан бодох бүртгэлийн ажилтан байх ёстой. Хэн хэн нь илүү зүйл байхгүй. Санхүүгийн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан гэх шаардлага. Гэтэл нэхэмжлэгч Б.Жанаргүл 2-3 жил ажилласан байгаад хасагдсан бол бид маргахгүй. Б.Жанаргүл нь Казахстан улсын олон улсын сургуульд нягтлан, Норвегийн тусламжийн байгууллагын сангийн нягтлангаар, төрийн албаны хоёр ч байгууллагад ажилласан. Энэ туршлагаараа хэнээс ч дутахааргүй. Олон жил ажилласан хүн багаар ажиллаж чадна. Мөн олон улсын бүртгэлийн дагуу нягтлан бодох бүртгэлийн балансыг гаргах чадвартай байх ёстой. Энэ шаардлагыг нэхэмжлэгч олон улсын байгууллагад ажиллаж гадаад хэл дээр уг балансыг гаргаж байсан давуу талтай. Төрийн албаны салбар зөвлөл хэн нэгэнд давуу байдал олгохын тулд өрсөлдөгч хүний бичиг баримтыг устгах, алга болгох, ялгаварлан гадуурхах зүйл гарсан нь харагдаж байна.

Нөгөө талаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хангах, хууль дээдлэх тусгай шаардлага тавьсан. Т.Фарида энэ шаардлагыг хангаагүй. Учир нь аудитын газрын шалгалтаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалтын бусаар бусдад хөрөнгө мөнгө олгосон асуудлаар олон ч удаа санхүүгийн акт Т.Фаридад холбогдуулж тавьсан. Үүнийг шалгахгүйгээр төрийн албаны салбар зөвлөл шийдвэр гаргасан.

2016-2018 он хүртэл Т.Фаридаг хууль бусаар ажилласан гэж үзэж байгаа. Хууль бусаар ажилласан нь давуу байдал болох ёсгүй. Төрийн албаны тухай хуульд Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1, 33.5-д заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан иргэдийн өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албанд анх орох нөөцийн жагсаалтад бүртгэнэ гэж заасан. Уг шалгалтаар хэн нь илүү мэдлэг, ур чадвар, туршлагатай нь шалгалтын оноогоор тавигдаж нөөцөөс сонгогдох ёстой

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Жанаргүл нь 2019 оны 04 сарын 18-ны өдөр шүүхэд “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  2018 оны 12 дугаар сарын 17-ны  өдрийн 23 дугаар хуралдааны Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд Т.Фаридаг нэр дэвшүүлснийг хүчингүй болгуулж, тухайн албан тушаалд хамгийн илүү тохирч байгаа намайг онооны дарааллаар томилуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

2019 оны 08 сарын 15-ны өдөр “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  2018 оны 12 дугаар сарын 17-ны  өдрийн 23 дугаар хуралдаанаас Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд Фаридаг нэр дэвшүүлсэн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, тухайн албан тушаалд хамгийн илүү тохирч байгаа намайг нэр дэвшүүлэхийг даалгах” гэж тодруулж,

2019 оны 08 сарын 28ны өдөр “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж,

2020 оны 03 сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 10 сарын 01-ний өдөр боловсруулан баталсан ажлын байрны тодорхойлолт болон 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Т.Фаридаг ажилд томилсон 2020 оны 03 сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр тушаалын хүчингүй болгуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах гэж нэмэгдүүлж,

2020 оны 05 сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 04 сарын 06-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж,

шүүх хуралдаан дээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 04 сарын 06-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж, 2020 оны 05 сарын 06-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.  

Шүүх хуралдаанд хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Тилегенээс шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ илэрхийлж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар хүсэлт бичгээр ирүүлсэн ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасныг баримтлан шүүх хуралдааныг явуулсан болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болон шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн дүгнэлтийг хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Маргааны үйл баримтын талаар:

1. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 682 дугаар албан бичгээр[1] тус газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөн захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн.

2. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 187 дугаар албан бичгээр[2] төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлснээр  хүргүүлснээр зар цахим хуудсанд нийтлэгдсэн байна.[3]

3. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор[4] төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөх зарын дагуу бүртгэл явуулах ажлын хэсэг томилогдон ажиллаж, маргаан бүхий ажлын байранд Т.Фарида, С.Нурлан, Б.Жанаргүл нар бүртгүүлжээ.[5]

4. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 2018 оны 12 сарын 17-ны өдөр 81.8 хувийн ирцтэйгээр хуралдаж, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөх зарын дагуу бүртгүүлсэн иргэдийн материалыг хүн тус бүрээр хэлэлцэж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний сул орон тоонд Т.Фаридаг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар шийдвэрлэжээ.[6] 

5. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэснийг үндэслэн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор сул ажлын байранд томилуулахаар Т.Фаридаг нөөцөөс нэр дэвшүүлсэн.

6. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг Т.Фаридаг ажилд томилжээ.

7.  Б.Жанаргүлээс Т.Фаридаг нөөцөөс нэр дэвшүүлснийг хууль бус гэж маргаж, 2019 оны 01 сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 03 сарын 19-ны өдрийн 32 дугаар тогтоолоор гомдлыг хангах үндэслэлгүй гэх хариуг өгчээ.

 

  Маргааны хууль зүйн үндэслэлийн талаар:

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг  2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн дагаж мөрдсөн бөгөөд маргааны үйл баримтууд 2018 онд хамаарч байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Жанаргүлээс төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн онооны дарааллаар хамгийн өндөр оноотой, маргаан бүхий албан тушаалд тавигдсан бүх шаардлагыг хангасан байхад Т.Фаридагийн тухайн байгууллагад ажилладаг гэдгийг давуу тал болгож үзсэн нь үндэслэлгүй гэж маргана.

Т.Фарида нь 2002 оноос эхлэн Хөдөлмөр зохицуулалтын албанд / хуучнаар/, 2005 оноос  шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, 2013 оноос шинэчлэн зохион байгуулагдсан Хөдөлмөрийн хэлтэс, 2016 оноос Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн, үйл ажиллагаа, сан хариуцсан нягтлан бодогчоор тасралтгүй ажиллажээ.

2013 оноос Т.Фаридагийн эрхэлж байсан Хөдөлмөрийн хэлтсийн сан хариуцсан нягтлан бодогч мэргэжилтний албан тушаал төрийн үйлчилгээ /ТҮ-7/-ний ангилалд хамаарч байсан ба 2016 оноос Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холботойгоор төрийн захиргаа /ТЗ-5/-ны ангилал болж өөрчлөгдсөн байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04  сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолоор “”Төрийн албаны тухай /2002/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ гэж тайлбарласан.

Иймд Т.Фарида уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй болсон тул газрын даргын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 03 тушаалаар Т.Фаридаг тус албан тушаалд түр томилсон байна.  

Хариуцагчийн тайлбарласнаар тухайн үед Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүн бүрдэхгүй үйл ажиллагаа явуулахгүй маргаантай байсан учраас сул ажлын байрыг нийтэд зарлахгүй боломжгүй байсаар 2018 онд зарлуулсан гэжээ.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 682 дугаар албан бичгээр сул орон тоог нөөцөөс нөхөн захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт хүргүүлжээ.[7]

Ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагын туршлага хэсэгт санхүүгийн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан байх чухал шаардлагатай, тухайн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай гэж заажээ. Төрийн албаны зөвлөлийн албан ёсны цахим хаягаар зарлагдсан зард тухайн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдаагүй нь нэхэмжлэгчийн маргах үндэслэл болжээ.

Төрийн албаны зөвлөл нь  ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтод үндэслэн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг тодорхойлж зарладаг. Ажлын байрны зард туршлагын хувьд тухайн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан шаардлага тавигдаагүй болох нь цахим хаягт тавигдсан  зар, гэрч М.Нуржолын мэдүүлгээр[8] тогтоогдож байна гэж үзлээ.

Ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага, зард тавигдсан шаардлагыг харьцуулж үзвэл зард ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагаас туршлага, боловсрол, ур чадварын хувьд “чухал шаардлагатай” гэсэн шаардлагуудыг зарласан байна. Тухайлбал. Ур чадварын хувьд багаар ажиллах хүнтэй ажиллах чадварыг зохих түвшинд эзэмшсэн, тайлан балансыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргах чадвартай байх нь чухал шаардлагатай гэснийг зард тавьсан атлаа office-ийн программууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх гэсэн шаардлагыг зарлаагүй байна.

Эндээс үзвэл ажлын байранд тавигдсан бүх шаардлагыг тавихгүйгээр ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагад боловсруулалт хийх байдлаар чухал шаардлагатай гэсэн байдлаар зард оруулсан гэж дүгнэж болохоор байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “ажлын байрны тодорхойлолтыг хэзээ баталсан нь тодорхойгүй, тухайн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг нэмж оруулж өөрчилсөн” гэх тайлбарын тухайд анх сул ажлын байрны захиалгатай хамт хүргүүлсэн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөгдсөн байдал тогтоогдоогүй ба тодруулбал туршлагын хувьд тухайн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлага байсан харин зард тавигдаагүй болох нь тогтоогдсон. Харин ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулсан албан тушаалтны гарын үсэгтэй боловч огноо бичигдээгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Салбар зөвлөлөөр маргаан бүхий ажлын байранд нөөцөөс нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд Т.Фаридаг тухайн байгууллага, албан тушаалд ажилласан туршлага, ур чадвар илүү буюу тухайн ажилдаа мэргэшсэн гэх үндэслэлээр дэмжиж, нөөцөд бүртгэгдсэн онооны хувьд тухайн ажлын байранд зарлагдсан шалгалтын оноо бус тул оноогоор жагсаах шаардлагагүй гэж үзэж нэрийг нь дэвшүүлсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Учир нь Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.” гэж, 17 дугаар зүйлийн 17.2-д “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.” гэж заасан ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.4-д “... иргэний нэр дэвшүүлэхдээ тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг гол шалгуур болгохын зэрэгцээ мэргэшлээ дээшлүүлсэн байдал, өмнө  нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан туршлага, тухайн төрийн байгууллагын захиалгаар мэргэжил эзэмшсэн байдал, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн онооны дараалал зэргийг харгалзана. Гэжээ.

Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан тохиолдолд харгалзан үзэх шалгуур нь мэргэшлээ дээшлүүлсэн байдал, төрийн жинхэнэ албанд ажилласан байдал, тухайн байгууллагын захиалгаар мэргэжил эзэмшсэн байдал, нөөцөд бүртгэгдсэн оноо байна. 

Б.Жанаргүл, Т.Фарида нар нь маргаан бүхий ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байх ч мэргэшлээ дээшлүүлсэн байдал, тухайн байгууллагад ажилласан туршлага, мэргэшсэн байдлаар Т.Фарида нь шаардлагыг илүү хангаж байх тул түүнийг нэр дэвшүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд Б.Жанаргүлийн төрийн албанд орох эрхийг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, тухайн албан тушаалд хамгийн илүү тохирч байгаа намайг нэр дэвшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Т.Фаридаг ажилд томилох тухай” 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Б/100 дугаар, 2020 оны 03 сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр, “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 04 сарын 06-ны өдрийн Б/33 дугаар тушаалуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 2020 оны 05 сарын 06-ний өдрийн Б/42 дугаар тушаалыг хууль болохыг тогтоож хүчингүй болгуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Жанаргүл нь шүүхэд маргаан бүхий ажлын байранд нөөцөөс нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 94 дүгээр тогтоол нь төрийн албанд орох эрхийг зөрчсөн гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тогтоолд үндэслэн Т.Фаридаг ажилд томилсон тушаал, уг тушаал орсон өөрчлөлт, албан тушаалын ангилал өөрчлөгдсөнтэй холбоотой гарсан тушаалуудтай маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ба нэхэмжлэгчийн хувьд “субъектив эрх” зөрчигдсөн байхыг шаардана.

Нэхэмжлэгч нь холбогдох хууль, журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр нөөцөөс нэр дэвшсэн тул тухайн ажлын байранд нэр дэвшүүлсэн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянуулах, түүнийг дэвшүүлээгүй үндэслэлийн талаар маргах эрхтэй.

Харин уг тогтоолын үр дагавраар бий болсон харилцаа буюу Т.Фаридаг ажилд томилсонтой холбогдох тушаалуудтай маргах эрхгүй.

Учир нь уг тушаалууд нь нэхэмжлэгчийн субъектив эрхэд шууд чиглэсэн агуулгагүй буюу хуульд заасан эрх хэмжээг хориглосон, хязгаарласан агуулгагүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой тодруулбал, төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу нэр дэвшүүлсэн хүнийг ажилд томилохтой холбоотой байх тул нэхэмжлэгч энэ асуудлаар маргах эрхгүй гэж үзлээ.

Хэрэв нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоол хууль бус байсан болох нь тогтоогдож, Б.Жанаргүлийг нэр дэвшүүлсэн тохиолдолд дээрх тушаалууд эрх зүйн хувьд үйлчлэлгүй болох учиртай.

Иймд     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “… нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ” Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Т.Фаридаг ажилд томилох тухай” 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Б/100 дугаар, 2020 оны 03 сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр, “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 04 сарын 06-ны өдрийн Б/33 дугаар тушаалуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 2020 оны 05 сарын 06-ний өдрийн Б/42 дугаар тушаалыг хууль болохыг тогтоож хүчингүй болгуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

  Шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жанаргүлийн “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Т.Фаридаг ажилд томилох тухай” 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Б/100 дугаар, 2020 оны 03 сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр, “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 04 сарын 06-ны өдрийн Б/33 дугаар тушаалуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 2020 оны 05 сарын 06-ний өдрийн Б/42 дугаар тушаалыг хууль болохыг тогтоож хүчингүй болгуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд Фаридаг нэр дэвшүүлсэн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, тухайн албан тушаалд хамгийн илүү тохирч байгаа намайг нэр дэвшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

[1] хх1-ийн 79-р хуудас

[2] хх1-ийн 75-р хуудас

[3] хх1-ийн 76-р хуудас

[4] хх1-ийн 37-р хуудас

[5] хх1-ийн 39-р хуудас

[6] хх1-ийн 25-р хуудас

[7] хх1-ийн 80-81-р хуудас

[8] хх1-ийн 223-225-р хуудас