Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0543

 

 

 

 

 

 

 

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн

хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах

прокурор А-н дүгнэлттэй гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Б.Б

Гомдлын шаардлага: “Ч.З-д холбогдох 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0661053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Дүгнэлт гаргагч: А.Б

Хариуцагч:  Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 159/2024/0038/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дүгнэлт гаргагч нь “Ч.З-д холбогдох 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0661053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 44 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Б-н 08 дугаартай прокурорын дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-н 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0661053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчлийн тухай хуульд харъяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.40-д заасны дагуу зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг харъяаллын дагуу гүйцэтгэн тухайн газар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогчоор татсан нь хуульд нийцэж байна.

3.2. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж байдаг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн гэж байдаггүй. Иргэн аж ахуй нэгж, байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар дээр байшин барилга байгууламж барих, газар хагалж тариа ногоо тарих, өвөлжөө хашаа барих, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй болон өөр чиглэлээр зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа нь хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгахын тулд энэ заалтыг хэрэглэдэг.

3.3. ... Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Зөрчлийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.1. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0661053 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан, газар эзэмших эрх дууссан” гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэлийг Ч.З-д оногдуулжээ.

2.2. Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Б нь Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдуулан “Ч.З-д холбогдох 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0661053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан байна.

2.3. Анхан шатны шүүх ... иргэн Ч.З-н газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байна. Тухайлбал хэлбэл иргэн Ч.З нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй бөгөөд сунгуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрх дуусгавар болсон үндэслэлээр Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.4. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/352 дугаартай захирамжаар иргэн Ч.З нь газар эзэмших эрхийг шилжүүлсэн авсан байх бөгөөд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болжээ.

2.6. Маргаан бүхий энэ тохиолдолд иргэн Ч.З нь хуульд заасан журмын дагуу олж авсан газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ба Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/352 дугаартай захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул түүнийг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж үзэхээргүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл, иргэн Ч.З-н газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж, хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэхгүй.

2.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагуудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ