Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 97

 

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гал овогт Цэрэнжавын Сүхбаатарт холбогдох 129/2016/0095/Э индекстэй, эрүүгийн 201603000332 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэхэд

           

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 01-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 39 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял оногдуулж, 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Гал овогт Цэрэнжавын Сүхбаатар, регистрийн дугаар: АЮ75030475 гэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 39-32 тоотод “хамт архи уусангүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Энхтайвантай маргалдан, улмаар С.Энхтайванг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                  

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Энхтайвантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохьсон. Тухайн үед Энхтайван намайг хэл амаар доромжлох үед нь миний уур хүрээд, түүнийг 1-2 удаа цохьсон. Би хөгшин ээжийн хамт амьдардаг учраас надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсч байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч С.Энхтайваны мэдүүлэг: Намайг өөрийн танил Саруулын гэрт нь байхад 2016 оны 07 дугаар сарын 13-ны шөнө Сүхбаатар гэгч нь зодсон. Би Саруулын гэрт очоод 1 хоночихсон байсан ба Саруулын гэрт Сүхбаатар гэгч нь орж ирсэн ба Саруулын гэрт архи уусан. Тэгээд сүүл рүүгээ архи уух, уухгүйгээс болж хэрүүл маргаан хийгээд миний нүүр амруу гараараа 2 удаа цохисон. Миний цээжний зүүн хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Намайг ямар ч байсан нилээд зодож цохисон. Тэгээд би уурандаа нэг хутга аваад Сүхбаатарын биерүү хутгалсан. Би яг хэдэн удаа яаж хутгалснаа мэдэхгүй байна. Түүнд зодуулсан уурандаа л хутгалсан юм. Баагий, Сармандал нар байсан, өөр хүн байгаагүй. Сармандал тухайн үед согтуу тасраад уначихсан байсан. Баагий гэдэг нь Сүхбаатарын танил юм шиг байна лээ. Архи ууж байхад Ц.Сүхбаатар миний хөхийг бариад байсан ба өмдрүү гараа хийгээд байсан. Яг бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Би халамцуу л байсан. Харин Сүхбаатар нилээн согтуу байсан. Сармандал тасраад уначихсан байсан. Баагий нь гайгүй байх шиг байсан. Хэрүүл зодоон хийх үед л гаднаас орж ирсэн. Надад шинжээчийн дүгнэлтүүдтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/

 

            Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 318 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлтэнд: С.Энхтайваны биед зүүн талын 5, 6 дугаар хавирганы суганы урд шугамаарх зөрөө багатай хугарал, 2 нүдний зовхи, хацар цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Зодуулсан гэх тухайн цагт үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хавирганы хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад нь 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 25% алдагдуулна гэжээ. /хх-ийн 37 дугаар тал/

            Гэрч Д.Батсайханы өгсөн: Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 39-32 тоотод байх Сармандах гэгч найзындаа очтол Энхтайван, Сүхбаатар, Сармандах нар байсан. Харин Сармандах унтаж байсан. Намайг ороход Энхтайван, Сүхбаатар нар хэрүүл маргаан хийгээд сууж байсан ба Энхтайваны нүүр ам нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд хэрүүл хийж байгаад Энхтайван нь Сүхбаатарыг 2 удаа цээжин тус газар нь хутгалсан. Эхлээд би гараараа цохиж байна л гэж харсан. Тэгээд очтол Энхтайвангийн гарт хутга байсан ба уг хутгыг нь булааж аваад салгаад түргэн тусламж, цагдаа дуудсан. Тэр хутга нь хар иштэй шөвгөрдүү үзүүртэй богинохон жижиг хутга байсан. Намайг Сармандахын гэрт ороход Энхтайваны нүүр ам нь хавдчихсан байсан. Намайг орохоос өмнө л Энхтайван, Сүхбаатар нар зодоон цохион хийсэн юм шиг байна лээ. Харин намайг байхад Энхтайван нь Сүхбаатарыг 2 удаа цээжин тус газар нь хутгаар хутгалсан. Өөр ямар нэгэн нарийн ширийн зүйлийг бол мэдэхгүй. Намайг ороход хувцас хунартайгаа хэрүүл хийгээд байцгааж байсан. Ямар нэгэн тийм хүчиндэхийг завдсан ч юм уу, бэлгийн харьцаанд орсон зүйл анзаарагдаагүй. Бие биенийгээ гичий нохойгоороо л дуудалцаад байсан. Тэгээд л Энхтайван Сүхбаатарыг хутгалсан. Уг хутгыг нь Сармандах цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байх. Би ч тэгээд эмнэлэг, цагдаа дуудчихаад явсан. Би маш их айсан. Намайг гаднаас орж ирээгүй бол юу болох байсныг мэдэхгүй. Энхтайван, Сүхбаатар нар маш их согтуу байсан. Миний нүдээр бол тэгж л харагдсан. Сармандах архиндаа тасраад унасан байсан. Энхтайван, Сүхбаатар нар ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж зодоон цохион хийсэн талаар мэдэхгүй. Би Энхтайван, Сүхбаатар нарыг ойролцоогоор 4-5 жилийн өмнөөс мэднэ. Гэхдээ ямар нэгэн байдлаар ойр дотно нэг их яваагүй. Би Сүхбаатартай хааяа ганц нэг удаа архи уудаг, Энхтайвантай бол ууж идэж байгаагүй. Сүхбаатар Энхтайван нар нь маш их архи уудаг. Сүхбаатарын зан ааш нь эрүүлдээ гайгүй л зан харьцаатай. Надтай ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийж байгаагүй. Энхтайванг бол зан аашийг нь мэдэхгүй. Нөхөргүй ганц бие энд тэнд архи дарс уусан л хүүхэн явж байдаг. Сүхбаатар ч гэр бүлгүй ганц бие хүн. Групт байдаг. Хөлийн хуруунуудаа тайруулсан гэсэн, хөл муутай хүн байдаг гэжээ. /хх-ийн 26-28 дугаар тал/

Гэрч Э.Сармандахын өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 13-ны шөнө Сүхбаатар, Энхтайван нар манай гэрт байхдаа хэрүүл маргаан хийсэн. Манай гэрт Энхтайван, Цэрэн бид гурав байж байтал гаднаас Баагий, Сүхбаатар нар орж ирсэн. Би нилээн согтуу  байсан. Тэгээд удалгүй Цэрэн явсан. Тэгээд Баагий, Сүхбаатар, Энхтайван бид 4 ганц шил архи хувааж уусан. Би согтуу байсан учраас нэг их уугаагүй. Тухайн архийг Сүхбаатар, Баагий, Энхтайван нар л уусан байх. Тэгээд нэг мэдсэн чинь намайг Сүхбаатар дуудаад, надад хандаж Энхтайван намайг хутгалчихлаа гээд цусаа гоожуулаад байж байсан. Би түүний цусыг цэвэрлээд түргэн тусламж дуудсан. Энхтайван манай гэрт байсан хар иштэй жижиг хутгаар Сүхбаатарыг хутгалсан байна лээ. Уг хутгыг би гаргаж өгнө. Урд өмнө нь бие биенийгээ таньдаг байсан. Харин эр эмийн харилцаа холбоотой байсан талаар нь сонсч байгаагүй учраас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэгэн өр авлага өс хонзонгийн харилцаа холбоо байхгүй байх. Ямар учраас хэрүүл маргаан үүссэн талаар мэдэхгүй байна. Намайг унтснаас хойш л хэрүүл маргаан үүсгэж зодоон хийсэн байх гэж бодож байна. Сүхбаатар намайг сэрээгээд хутгалуулсан талаараа хэлэхэд нилээн орой болчихсон ойролцоогоор шөнийн 01 цаг болж байсан шиг санагдаж байна. Цэрэн эрт явчихсан. Би тухайн үед унтаагүй байсан. Ойролцоогоор 19.00 цагийн орчмын үед л явсан. Түүнийг явах үед ямар нэгэн хэрүүл маргаан үүсгээгүй байсан. Бид нар бүгдээрээ л архи дарс ууцгааж байсан. Тийм болохоор согтуу байсан. Миний мэдэж байгаар Баагий бид хоёр л байсан. Би унтсан байсан. Өөр хүн байгаагүй. Намайг сэрүүн байхад л цохиж зодоогүй. Харин хэрүүл маргаан хийгээд зодож цохисон байна лээ. Сүүлд нь мэдсэн. Ямар ч байсан нойрон дунд нэг нэгийгээ архичин янханаар нь дуудалцаад байсан, юу болсныг мэдэхгүй байна. Сүхбаатар нь Энхтайванг хүчиндэхийг завдсан асуудал байхгүй байх. Миний хажууд тийм зүйл болоогүй. Би Сүхбаатарыг багаас нь мэднэ. Миний мэдэхээр Сүхбаатар автомашины толь хулгайлан цагдаад баригдаад баривчилгаанд явж  байсан. Ганц бие амьдардаг, тахир дутуу хүн байгаа юм. Уг нь сэтгэл нь цагаахан, архи уухаараа л зан харьцаа нь эвгүй болчихдог хүн юм. Харин Энхтайванг 10-аад жилийн өмнөөс мэднэ. Энхтайван нь архи дарс уудаг, нөхөр, хүүхэдгүй л хүн. Бид нар хааяа уулзаж архи дарс уудаг. Зан аашийн хувьд архи уухаараа их агсан зантай хүн. Өөрөөр бол гайгүй зан ааштай гэх мэдүүлэг. /хх-ийн 29-31 дүгээр тал/

Яллагдагч Ц.Сүхбаатарын өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 13- 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 39-32 тоотод байх найз Сармандахынд, Энхтайван гэгчтэй хэрүүл маргаан хийсэн. Миний хөл дээр гишгэсэн, мөн архи уух уухгүйгээс болж хэрүүл хийсэн. Би түүнийг эхлээд гараараа нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйлгүй. Харин сүүлд нь Энхтайван намайг 2 удаа хутгалсан. Гэхдээ миний цээж рүү хутганы үзүүр нэвтрээгүй. Миний арьсан дээр өнгөцхөн л арьс эсгэсэн байна лээ. Өөр зүйл болоогүй. Хэрэг болох үед Сармандах, Баагий нар байсан. Сармандах архиндаа согтоод унтчихсан байсан. Би болон Энхтайван хэрэг болох үед согтуу байсан. Үүнийг Баагий Сармандах нар хэлэх байх. Намайг хутгалсан хутга нь хар иштэй жижиг хутга л байсан. Би Энхтайванг хүчирхийлэхийг завдсан, хүчиндсэн зүйл байхгүй. Харин хэрүүл маргаан хийж зодоон цохион болсон нь үнэн. Би Энхтайвантай сайн дураар эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дахин гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэхгүй гэх мэдүүлэг. /хх-54-55 дугаар тал/

 

Нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэн Б.Батмөнхийн тодорхойлолт: /хх-ийн 56 дугаар тал/

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт: /хх-ийн 57 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-ийн 69 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл: /хх-ийн 73 дугаар тал/

 

Эд мөрийн баримт зэргийг тус тус шинжлэн судлав.

 

            Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

 Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 39-32 тоотод “хамт архи уусангүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Энхтайвантай маргалдан, улмаар С.Энхтайванг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч С.Энхтайван, гэрч Д.Батсайхан, Э.Сармандах нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Иймээс шүүгдэгч Ц.Сүхбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Гал овогт Цэрэнжавын Сүхбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Ц.Сүхбаатарт 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Ц.Сүхбаатар нь 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд баривчлах ялаар тооцож солих болохыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сүхбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ