Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1616

 

   2022        11         03                                   2022/ШЦТ/1616

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Оюунбат,

            Шүүгдэгч Ц.Бь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Бьд холбогдох эрүүгийн 2206 00000 3081 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Ц.Бь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын задгайд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Энхтуяагийн толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, баруун гуянд гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Бь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

  Эрүүгийн 2206 00000 3081 дугаартай хэргээс:

 

  Яллагдагч Ц.Бь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

  Хохирогч Д.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр найзууд болох Аямхан, Оюунбилэг, Ц.Бь нартай хамт Баян зүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Бы гэрт очиж хөзөр тоглож байсан ба энэ үед Ц.Бь нэлээд согтчихсон байсан. Тэгээд 19 цагийн орчим гэрлүүгээ явцгаахаар болсон ба Аямхан, Оюунбилэг нар түрүүлэн гэрээс гараад би араас нь гарах гэтэл Ц.Бь араас гарч ирээд миний толгой руу чулуугаар 2 удаа цохиж, миний толгойг хагалсан. Тэгээд би такси барьж гэртээ ирээд охинтойгоо хамт эмнэлэгт очиж оёдол тавиулсан...миний толгой 2 газартаа хагарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

 

Гэрч Д.Оюунбилэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Ц.Бьтай хамт амьдраад 7 жил болж байна. Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр охин Мөнхтуулын хүүхдүүдийг харж байгаад 12 цагийн үед гэрлүүгээ явсан. Замдаа найз Аямхантай утсаар ярьж байгаад уулзахаар болсон. Тэгээд Энхтуяа, Аямхан нартай уулзаад дэлгүүр орж идэж уух юм аваад манай гэрт очоод хоол унд хийж идээд хөзөр тоглосон. Бид нар хөзөр тоглож байхдаа 2 шил архи уусан. Тэгээд Энхтуяа Аямхан нар буцахаар болоод би Энхтуяаг сугадаад замруу алхаж байхад манай нөхөр газраас чулуу шидээд байсан. Шидсэн чулуунд нь Энхтуяа бид 2 оногдоогүй. Тэгтэл араас гүйж ирээд Энхтуяагийн толгой руу чулуугаар цохиод авсан. Би таксигаар Энхтуяа, Аямхан нарын хүргэж өгөөд буцаад гэртээ ирсэн...ганцааранг нь үлдээгээд хаяж явлаа гэж уурласан байх. Хэт их согтсондоо агсраад байсан...би тэр өдөр Энхтуяатай анх уулзахад биед нь ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Манай нөхөр толгой руу нь цохиж гэмтээсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12184 дугаартай: “Д.Энхтуяагийн биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, баруун гуянд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бь нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ц.Бь холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Бь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын задгайд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Энхтуяагийн толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, баруун гуянд гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Бь, хохирогч Д.Энхтуяа, гэрч Д.Оюунбилэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 12184 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Бийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Д.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Бь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Бь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Бь нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.Энхтуяа нь баримтаар 148,000 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Ц.Биас гаргуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Д.Энхтуяа нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Ц.Биас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

           

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Ц.Бьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Бьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ц.Бьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Бь нь оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  Ц.Бь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Бьд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бьд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Бьд оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Бь нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Д.Энхтуяа нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Ц.Биас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Ц.Бь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Биас 148,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Энхтуяад олгосугай.

 

9. Хохирогч Д.Энхтуяа нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Биас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Х.САНЖИДМАА