| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0330/э |
| Дугаар | 2022/ШЦТ/336 |
| Огноо | 2022-10-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч Б.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Бат-Эрдэнийн Даваажавт холбогдох эрүүгийн 2221000000323 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16-30 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатигин овогт Бат-Эрдэнийн Даваажав /РД: ЖЮ 02290912/.
Шүүгдэгч Бат-Эрдэнийн Даваажав нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны 30 тоотод өөрийн эцэг Ч.Бат-Эрдэнийн төмөр сейфнээс түүний эзэмшлийн 20,000,000 (хорин сая) төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Даваажав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ч.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16-30 тоотод эхнэр Мөнхтуяа, хүү Баасанжав, Эрдэнэжав, Даваажав нарын хамт амьдардаг бөгөөд миний хувьд Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. Ингээд болсон хэргийн хувьд гэвэл би 2022 оны 06 дугаар сарын сүүлээр өдөр хоногийг нь хэлж мэдэхгүй байна, гэрийнхээ гал тогооны өрөөнд байх жижиг сейфэнд 20 сая төгрөг хийгээд түлхүүрийг нь хөргөгчийн дээр байх саванд хийсэн. Харин миний хувьд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Мөнхтуяа болон гэр бүлийн хамт Баян-Уул сум руу амрахаар явж тэр хооронд дунд хүү Даваажав гэрээ сахиад 3 хоног үлдсэн. Хөдөөнөөс ирээд сейфэнд хийсэн мөнгөндөө санаа зовохгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөнгөний хэрэг гараад сейфнийхээ түлхүүрийг гэртээ эрээд олоогүй. Ингээд аргаа ядаад өнөөдөр цоож онгойлгодог хүнээр төмөр сейфнийхээ цоожийг онгойлгуулахад хамгийн доод хэсэгт нь гялгар уутанд боож хийсэн бэлэн 20 сая төгрөг байхгүй байсан. ...гэртээ байнга байх дунд хүү Даваажавыг хардаж мөнгөө асуухад “мэдэхгүй” гээд байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгч гомдол гаргаж байна. ...Тухайн мөнгө бүгдээрээ минийх бөгөөд манай гэрийнхэнд ямар ч хамаагүй. ...Миний хүү Даваажавын ярьж байгаагаар тэрээр 15,000,000 орчим төгрөгөөр 1XBet нэртэй тоглоом тоглоод харин түүний найз Дөлгөөн нь 5,000,000 төгрөгөөр тоглосон талаар 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн. Ингээд би Даваажавын найз Дөлгөөнтэй тухайн өдрөө утсаар холбогдоод “Даваажав чам руу миний мөнгийг шилжүүлсэн байна, тухайн мөнгө байгаа бол над руу өгчих” гэж хэлсэн. Гэтэл тэрээр 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр надтай холбогдож байгаад миний данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо би 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 16-20/
Гэрч Б.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн найз залуу Б.Даваажавтай 2021 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод танилцаад өнөөдрийг хүртэл найзалж үерхэж байгаа юм. Харин найз Даваажавын хувьд 2022 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод ажил хийж байхдаа цалингаа бэлнээр авч АТМ-ээс миний данс руу хийж тэр мөнгөөр нь бид хоёр хамт байхдаа гэртээ ойр зуурын зүйлс авдаг байсан. Тэр үеэс би өөрийн ХААН банкны ... гэсэн дугаарын дансыг Даваажавт өгөөд аваагүй. Ингээд миний хувьд сургууль амарч зуны амралт эхэлж 2022 оны 06 дугаар сард Дорнод аймагт ирсэн бөгөөд араас 07 дугаар сард Даваажав ирж Дорнод аймаг байх хугацаандаа найз залуу Даваажавын гэр болох Хэрлэн сумын 9 дүгээр баг 16-30 тоотод 07 дугаар сард дандаа аав, ээжийг нь байхад 6 удаа хоносон гэж бодож байна. Даваажавын хувьд манай гэрт аавыг байхгүй үед хэд хэдэн удаа хоносон. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 17 минутад миний ХААН банкны ... гэсэн дансанд “АТМ-Дорнод” гэсэн утгатай 11,841,000 төгрөгийн орлого ороод буцаад 10 цаг 27 минутад өөр данс руу “С” гэсэн утгатай гарсан. Тухайн үед би юун мөнгө ороод гарсан талаар Даваажаваас асуухад надад олигтой зүйл хэлээгүй. Ингээд маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 52 минутад “АТМ-Дорнод” гэсэн утгатай 3,160,000 төгрөгийн орлого орсон, мөн араас нь 18 цаг 54 минутад “АТМ-Дорнод” гэсэн утгатай 3,480,000 төгрөгийн орлого орсон, мөн араас нь 18 цаг 56 минутад “АТМ-Дорнод” гэсэн утгатай 820,000 төгрөгийн орлого ороод нийт 7,400,000 төгрөгийн зарлага “88” гэсэн утгатай гарч 60,000 төгрөг үлдсэн байсан. Ингээд бодоход 2022 оны 07 дугаар сарын 30-аас 31-ний өдрүүдэд миний ХААН банкны ... дугаартай дансанд нийтдээ 19,301,000 төгрөгийн орлого орж буцаад 19,241,000 төгрөгийн зарлага гарч 60,000 төгрөг үлдсэн. Миний хувьд тэр мөнгийг Даваажав яг юунд хэрэглэсэн болон хэний мөнгө байсан талаар асуухад мөн олигтой зүйл хэлээгүй...” гэжээ. /хх-ийн 30-31/
Гэрч Б.Мөнхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 9 дүгээр баг 16-30 тоотод нөхөр Бат-Эрдэнэ, хүү Баасанжав, Даваажав, Эрдэнэжав нарын хамтаар оршин сууж байна. Миний хувьд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүү Баасанжав, Эрдэнэжав нарын хамтаар Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Тухайн үед манай гэрийн сейфэнд мөнгө байсан талаар би огт мэдээгүй. Гэрт маань манай нөхөр Бат-Эрдэнэ, хүү Даваажавын хамт үлдсэн. Ингээд манай нөхөр Бат-Эрдэнэ надаас утсаар холбогдон сейфний түлхүүрээ асууж эхэлсэн бөгөөд би “Наагуур чинь л байгаа байлгүй дээ” гэж хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Бат-Эрдэнэ түлхүүрээ олоогүй учраас хүнээр сейфээ онгойлгуултал дотор нь байсан гэх түүний эзэмшлийн 20,000,000 төгрөг алга болсон байгаа талаар надад утсаар мэдэгдэж байсан. Би түүнд хандаж “Цагдаагийн байгууллагад гомдол гаргаарай” гэж хэлсэн. Тухайн үед би уг мөнгийг манай хүү Даваажав авсан талаар огт мэдээгүй бөгөөд цагдаад гомдол гаргаснаас 2-3 цагийн дараа манай нөхөр Бат-Эрдэнэ над руу залгаад “Цагдаа ирээд мөрдөн шалгах ажиллагаа явууллаа, алга болсон мөнгийг манай хүү Даваажав авсан гэж цагдаа хэллээ” гэж хэлсэн. Би Даваажавтай утсаар холбогдож болсон асуудлын талаар тодруулж чадаагүй бөгөөд түүний ... дугаарын утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Харин түүний найз охин гэх Хулангийн ... дугаарын утас руу залгахад Хулан утсаа авч байсан бөгөөд миний хувьд одоог хүртэл хүүтэйгээ холбоо барьж чадаагүй байна. Даваажав эхлээд Хулангийн данс руу тухайн мөнгийг хийгээд түүний данснаас Дөлгөөн гэх найз руугаа тухайн мөнгийг явуулсан юм шиг байгаа юм. ...Дөлгөөний хувьд манай нөхөр Бат-Эрдэнийн данс руу 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн гэсэн...” гэжээ. /хх-ийн 33-34/
Гэрч Ж.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Даваажав нь миний ЕБС-ийн нэг ангийн найз бөгөөд бие биеэ мэддэг болоод 6 жил орчим болж байна. Дээрх данс нь миний эзэмшлийн данс бөгөөд анх 2016 онд нээлгэж ашиглаж эхэлсэн. Одоо уг дансаа ашиглаж байгаа бөгөөд интернэт банкаа холбож ашигладаг. Даваажав надад аавынхан мөнгө гэж хэлээгүй бөгөөд “гэрт байсан мөнгө өсгөх хэрэгтэй байна, би өрөнд орсон учир дээрх мөнгийг 1ХВЕТ олон улсын бооцооны сайтад бооцоо тавьж өсгөж, өрөө дарна” гэж тайлбарласан. Би Даваажаваас “5,000,000 төгрөгөөр тоглож болох уу" гэж асуухад Даваажав зөвшөөрсөн тул 1ХВЕТ сайтад 5,000,000 төгрөг тавиад алдаж дууссан. ...Даваажав нь 1ХВЕТ сайтад ямар нэгэн хаяггүй, миний хаягаар орж бооцоо тавьдаг байсан. Үлдэгдэл 14,200,000 төгрөгөөр Даваажав Дорнодод байхдаа миний хаягаар орж бооцоо тавьж тоглосон...” гэжээ. /хх-ийн 100-102/
Б.Даваажав мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тухайн түлхүүрийг ашиглан сейфийг онгойлгож үзэхэд их хэмжээний бэлэн мөнгө, аав Бат-Эрдэнэ, ээж Мөнхтуяа нарын алтан бөгж, бичиг баримтууд байсан. Тухайн сейфэнд байсан ойролцоогоор 20,000,000 төгрөгийг авч өөрийн үүрч явсан ногоон өнгийн даавуун үүргэвчинд хийсэн. ...Дөлгөөний хувьд 1ХBet нэртэй цахим бооцоот тоглоом тоглодог бөгөөд түүнээс “1ХBet-ийн өөрийнхөө аккаунтын эзэмшигчийн нэр, нууц дугаарыг өгөх боломж байна уу, би тоглох гэсэн юм аа” гэхэд тэрээр зөвшөөрч өөрийн ХААН банкны ... дансны дугаарыг өгсөн. Би түүнийг 5,000,000 төгрөгөөр тоглохыг зөвшөөрч үлдэгдэл мөнгөөр нь өөрөө тоглохоор шийдсэн юм. Ингээд найз охин Хулангийн хамтаар Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Афта худалдааны төвийн ХААН банкны АТМ рүү 22 цагийн үед очсон. Эхлээд 11,800,000 төгрөгийг найз охин Хулангийн эзэмшлийн ХААН банкны ... дугаарын данс руу 4 хувааж хийгээд Дөлгөөний эзэмшлийн ХААН банкны ... дугаарын данс руу 11,800,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би тухайн мөнгийг анх өөрөө авсан бөгөөд Дөлгөөн, Хулан нар л энэ асуудлын талаар мэдэж байгаа. Анх тэд нар намайг хулгай хийсэн талаар огт мэдээгүй, би ч тэд нарт хэлээгүй...” гэжээ. /хх-ийн 38-40/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-43, 103-104/
Б.Хулангийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-63/
Б.Даваажавын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 66-79/
Б.Даваажавын Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн 80-87/
Ж.Дөлгөөний ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 106-131/ Ч.Бат-Эрдэнийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 90/
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн ажлын албаны 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 91/
Б.Даваажавын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 92/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Даваажавт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Хатигин овогт Бат-Эрдэнийн Даваажав нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны 30 тоотод өөрийн төрсөн эцэг Ч.Бат-Эрдэнийн төмөр сейфнээс түүний эзэмшлийн 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тухайн түлхүүрийг ашиглан сейфийг онгойлгож үзэхэд их хэмжээний бэлэн мөнгө, аав Бат-Эрдэнэ, ээж Мөнхтуяа нарын алтан бөгж, бичиг баримтууд байсан. Тухайн сейфэнд байсан ойролцоогоор 20,000,000 төгрөгийг авч өөрийн үүрч явсан ногоон өнгийн даавуун үүргэвчинд хийсэн. ...Дөлгөөний хувьд 1ХBet нэртэй цахим бооцоот тоглоом тоглодог бөгөөд түүнээс “1ХBet-ийн өөрийнхөө аккаунтын эзэмшигчийн нэр, нууц дугаарыг өгөх боломж байна уу, би тоглох гэсэн юм аа” гэхэд тэрээр зөвшөөрч өөрийн ХААН банкны ... дансны дугаарыг өгсөн. Би түүнийг 5,000,000 төгрөгөөр тоглохыг зөвшөөрч үлдэгдэл мөнгөөр нь өөрөө тоглохоор шийдсэн юм. Ингээд найз охин Хулангийн хамтаар Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Афта худалдааны төвийн ХААН банкны АТМ рүү 22 цагийн үед очсон. Эхлээд 11,800,000 төгрөгийг найз охин Хулангийн эзэмшлийн ХААН банкны ... дугаарын данс руу 4 хувааж хийгээд Дөлгөөний эзэмшлийн ХААН банкны ... дугаарын данс руу 11,800,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би тухайн мөнгийг анх өөрөө авсан бөгөөд Дөлгөөн, Хулан нар л энэ асуудлын талаар мэдэж байгаа. Анх тэд нар намайг хулгай хийсэн талаар огт мэдээгүй, би ч тэд нарт хэлээгүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ч.Бат-Эрдэнийн “...2022 оны 06 дугаар сарын сүүлээр өдөр хоногийг нь хэлж мэдэхгүй байна, гэрийнхээ гал тогооны өрөөнд байх жижиг сейфэнд 20 сая төгрөг хийгээд түлхүүрийг нь хөргөгчийн дээр байх саванд хийсэн. ...2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөнгөний хэрэг гараад сейфнийхээ түлхүүрийг гэртээ эрээд олоогүй. Ингээд аргаа ядаад өнөөдөр цоож онгойлгодог хүнээр төмөр сейфнийхээ цоожийг онгойлгуулахад хамгийн доод хэсэгт нь гялгар уутанд боож хийсэн бэлэн 20 сая төгрөг байхгүй байсан. ...Тухайн мөнгө бүгдээрээ минийх бөгөөд манай гэрийнхэнд ямар ч хамаагүй. ...Миний хүү Даваажавын ярьж байгаагаар тэрээр 15,000,000 орчим төгрөгөөр 1XBet нэртэй тоглоом тоглоод харин түүний найз Дөлгөөн нь 5,000,000 төгрөгөөр тоглосон талаар 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Хулангийн “...2022 оны 07 дугаар сарын 30-аас 31-ний өдрүүдэд миний ХААН банкны ... дугаартай дансанд нийтдээ 19,301,000 төгрөгийн орлого орж буцаад 19,241,000 төгрөгийн зарлага гарч 60,000 төгрөг үлдсэн. Миний хувьд тэр мөнгийг Даваажав яг юунд хэрэглэсэн болон хэний мөнгө байсан талаар асуухад мөн олигтой зүйл хэлээгүй...” гэх, гэрч Б.Мөнхтуяагийн “...цагдаад гомдол гаргаснаас 2-3 цагийн дараа манай нөхөр Бат-Эрдэнэ над руу залгаад “Цагдаа ирээд мөрдөн шалгах ажиллагаа явууллаа, алга болсон мөнгийг манай хүү Даваажав авсан гэж цагдаа хэллээ” гэж хэлсэн. Би Даваажавтай утсаар холбогдож болсон асуудлын талаар тодруулж чадаагүй бөгөөд түүний ... дугаарын утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан....” гэх, гэрч Ж.Дөлгөөний “...Даваажав надад аавынхан мөнгө гэж хэлээгүй бөгөөд “гэрт байсан мөнгө өсгөх хэрэгтэй байна, би өрөнд орсон учир дээрх мөнгийг 1ХВЕТ олон улсын бооцооны сайтад бооцоо тавьж өсгөж, өрөө дарна” гэж тайлбарласан. Би Даваажаваас “5,000,000 төгрөгөөр тоглож болох уу" гэж асуухад Даваажав зөвшөөрсөн тул 1ХВЕТ сайтад 5,000,000 төгрөг тавиад алдаж дууссан. ...Даваажав нь 1ХВЕТ сайтад ямар нэгэн хаяггүй, миний хаягаар орж бооцоо тавьдаг байсан. Үлдэгдэл 14,200,000 төгрөгөөр Даваажав Дорнодод байхдаа миний хаягаар орж бооцоо тавьж тоглосон...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Хулан, Ж.Дөлгөөн, Б.Даваажав, Ч.Бат-Эрдэнэ нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Даваажав нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б.Даваажавт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Даваажавыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Даваажав нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Даваажавын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваажавт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Даваажавын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бат-Эрдэнэд 15,000,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваажаваас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 15,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Даваажав нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Даваажав нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатигин овогт Бат-Эрдэнийн Даваажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бат-Эрдэнийн Даваажавт 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваажавт оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Даваажавт мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваажаваас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Хатиган овогт Чимгээгийн Бат-Эрдэнэ /РД: ЖЮ 70091110/-д олгохоор тогтоосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Даваажав нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЮ02290912 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Даваажавт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА