| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0196/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/196 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Т.Өсөхболд,
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2236000000135 дугаартай, 178/2022/0198/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн
Дуут суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Нэт капитал” банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 10-9 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар:ПД*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр “Тавын боолт” гэх газар 03-33 ХОҮ улсын дугаартай Toyoto Hilux маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Е.*******ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-12-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 13-17-р хуудас/
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч / хэргийн 18-19-р хуудас
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал Миг даатгал ХК-ний менежер Нямжаргал над руу залгаад “Шижигтийн хавцалд манайхны машин онхолдсон байна” гэж хэлэхээр нь би гэртээ байсан 2 ачаа суулгаад машинтай осол болсон газарт очсон. Тэр үед талийгаач машины цонхоор шидэгдсэн байдалтай байсан.Тэр машин нь Практикал даатгалын захирал *******ийн машин байсан...гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/
Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд даатгалын ажлаар Эрдэнэбүрэн суманд ажиллах хувиартай байсны дагуу 06 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед Эрдэнэбүрэн суманд очсон. Тухайн өдрийн 14 цагийн үед Миг даатгалын захирал Е.******* нөхөр Н.*******ын хамт ирсэн.Тэгээд Н.******* Ховдод 2 ачаа үлдээгээд ирсэн яаралтай буцна гээд “менежер жолоочийг аваад буцна, чи манай эхнэрт тус дэм болоод машиныг нь бариад Ховдод оруулж ирж өгөөрэй” гэж хэлээд явсан. Орой нь даатгалын менежер хийдэг Г.Амартүвшин, Г.Гантөмөр хоёр ирээд “ хэдүүлээ Шижигтийн хавцал яваад хорхог хийж идээд хоноод ирье” гэхээр нь зөвшөөрөөд бид нар 4 машинаар явсан.Тэнд хоноод өглөө нь 09 цагийн үед босоцгоогоод явахаар болж 0333 ХОҮ улсын дугаартай машиныг манай хүү Б.******* бариад хажуу талд нь талийгаач суугаад би арын суудалд суугаад хөдөлсөн.Тэндээс доошоо яваад боргион дээр ирж зургаа даруулцгаагаад явсан. Эрдэнэбүрэн сумын чиглэлд явж байтал манай машины арын бөгс шарваж шидээд газарт унаад 2-3 удаа өнхрөөд 4 дугуй дээшээ хараад тогтсон.Би жолооч талын хаалганы цонхоор мөлхөж гараад машины ар хэсгээс 10 м орчимд Е.******* хэвтэж байхаар нь гүйж очоод тэврэхэд амьсгаатай, толгойн орой хэсгийн арьс язарчихсан байсан.Дээлийнх нь товчийг тайлаад салхи оруулж цээж гар хэсэгт нь массаж хийх гэж оролдож байгаад судсыг нь бариад үзэхэд түргэн цохилттой байснаа удалгүй амьсгаа хураасан...гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/
Гэрч Н.Жүгдэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...0333 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл түрүүлж хөдлөөд араас нь 10-10 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлж хамгийн сүүлд манай машин явж байсан. Тэгтэл 03-33 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн орчимд шороо манараад тоос босоод машин өнхөрч харагдсан.Биднийг араас нь яваад очиход машины 4 дугуй дээшээ харчихсан байсан.Амартүвшин буугаад гүйж оччихоод “ түргэн дуудъя” гээд буцаж ирээд бид хоёр сумын төв рүү явсан... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/
Гэрч Г.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...сумын төв рүү явж байгаад замд гүн сайр гараад зам цагаарахад миний урд явсан хоёр машин хурдлаад явсан. Би 65-70 км/цагийн хурдтай явж байтал Г.Гантөмөрийн машины урд талд шороо манараад явчихсан.Араас нь ирээд зогсоход Б.******* машины жолооч талын цонхоор гарч байсан. Араас нь ******* ах гарч ирээд талийгаач машины урд талд хэвтэж байхад нь очоод тэвэрсэн.Би дуудлага дуудахаар Н.Жүгдэрмааг суулгаад машинтайгаа сумын төв рүү явсан...гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/
Гэрч Т.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бид нар хөдлөөд явж байтал урд явж байсан Б.*******гийн машины орчимд шороо босоод байсан.Бид хоёрыг яваад очиход 03-33 Хоү улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуй дээшээ хараад уначихсан, машин дотроос ******* гарч ирж байсан.Е.******* машинаас 10 метр орчим зайд дээшээ хараад хэвтэж байсан.Би яваад очиход нүд нь хөдөлж байсан, миний даралт ихдээд байхаар нь холдоод явчихсан...гэх мэдүүлэг / хэргийн 42-43-р хуудас/
Гэрч Г.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... ******* ******* хоёр машинаасаа гараад талийгаач руу гүйгээд очиж байсан. Би машинаасаа буугаад нөгөө хэд дээр очоод “ одоо яах уу, түргэн дуудах уу” гэтэл сүлжээ байхгүй байсан.Амартүвшинд “сүлжээ алга” гэж хэлэхэд дуудлага дуудахаар сумын төв явсан... гэх мэдүүлэг / хэргийн 45-46-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн...Е.*******ын цогцост зулайн зүүн хэсгийн урагдсан шарх, дагзны баруун дээд хэсгийн урагдсан шарх, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн голомтлог аалзавчийн доорх цус харвалт, баруун 1-8-р хавиргануудын хоёрлосон хугарал, зүүн 1-5-р хавиргануудын хугарал, хавирга хоорондын булчин, зөөлөн эдэд цус хуралт, 2 болон 5 дугаар хавирганы түвшин дэх өвчүүний хөндлөн хугарал, баруун эгэмний дунд хэсгийн цус хуралт, элэгний 5 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн цус алдалт, нойр булчирхайн цус харвалт, зүүн тохойн үений үйрсэн хугарал, зүүн гарын сарвууны арын хэсгийн цус хуралт, баруун ташаа хэсгийн цус хуралт, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралт, баруун хөлний шилбэний урд дээд хэсгийн хуучин зулгаралт, хоёр ташаан толгой, хоёр гуяны урд гадна хэсэг, хоёр хөлийн шилбэний урд хэсгийн цус хуралтууд баруун хөлийн шилбэний урд дээд хэсгийн хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Е.*******ын цогцост учирсан баруун хөлийн шилбэний урд дээд хэсгийн зулгаралтаас бусад дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Е.*******ын цогцост учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Е.******* нь элэгний урагдлын улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас барсан байна... гэх дүгнэлт / хэргийн 50-51-р хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 52-57-р хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай химийн шинжилгээний шинжээчийн ...Б.*******гийн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй...гэх дүгнэлт / хэргийн 82-р хуудас/
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 94-95-р хуудас/
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгаас аав *******ийн хамт 03-33 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарч Эрдэнэбүрэн сум орж даатгалын ажлаа хийчихээд орой нь Эрдэнэбүрэн сумаас хүмүүстэй хамт Шижигтийн хавцал орж хоночихоод маргааш өглөө нь 09 цагийн үед буцаад сум руу явсан. Энэ үед манай машинд ******* эгч, аав ******* бид гурав явсан. Би өөрөө машинаа жолоодоод явж байгаад цагаан зам дээр гарч ирээд хурдаа жаахан нэмсэн. Тэгтэл замын мушгиа гарч ирэхээр нь дартал машин бөгсөө шидээд тэнцвэрээ алдаад хөндлөн шарваж явж байгаад машин өнхөрч онхолдсон.Аав машинаас эхэлж гараад дараа нь би гарахад Е.******* эгч машины цонхоор шидэгдсэн байхаар нь очтол ухаантай байсан.Бид нарын араас явж байсан хүмүүс ирээд эмч дуудах гэтэл сүлжээ байхгүй болохоор сум руу эмч дуудахаар явсан.Эмч ирж үзэхэд Е.******* эгч амьсгал хураасан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 165-р хуудас/зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Тавын боолт гэх газар 03-33 ХОҮ улсын дугаартай Toyoto hilux маркийн Практикал даатгалын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Е.*******ын амь нас хохирсон хэргийн үйл баримт тогтоогдож байна
Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа анхаарал болгоомжгүй байдлаар хандаж, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байдал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогдоно.
Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Е.*******ын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би өөрөө машинаа жолоодоод явж байгаад цагаан зам дээр гарч ирээд хурдаа жаахан нэмсэн. Тэгтэл замын мушгиа гарч ирэхээр нь дартал машин бөгсөө шидээд тэнцвэрээ алдаад хөндлөн шарваж явж байгаад машин өнхөрч онхолдсон...гэх мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын акт зэрэг нотлох баримтуудаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Энэ нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 106-р хуудас/ тогтоогдсон.
Шүүгдэгч Б.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн үнэмлэхний хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас:Шүүгдэгч Б.*******г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид хохирол төлбөр төлснийг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна, Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан болно.
Шүүхээс: Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, улсын яллагчийн ялын санал болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хасаж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохоор шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******...манай талийгаачийн буяны ажилд гарсан зардал мөнгийг *******,Б.******* нар гаргасан тул дахин тэднээс нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг өгснийг, Практикал даатгалын Ховд салбарын ... 03-33 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Практикал даатгал ХХК-ний өмчлөлд байдаг бөгөөд үр дүнгийн гэрээний дагуу машины бүрэн бүтэн байдал үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг ажилтан өөрөө хариуцах үүрэгтэй.Иймд машины засвар, эвдрэл гэмтэл, сэлбэгний үнэ хөлсийг би өөрөө хариуцна. Авто машины хувьд компаний зүгээс гомдол санал байхгүй...гэх Ховд салбарын захирал Б.*******ийн тодорхойлолт / хэргийн 111-р хуудас/ зэрэг баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3.2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хассугай.
4. Шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохыг дурдсугай.
5. Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
6.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form