| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 219/2019/0054/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 72
С.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор А.Оргилбаяр
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 721 дугаар захирамжтай, С-гийн Т-д холбогдох, 1818002480275 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овгийн С-гийн Т-.
С.Т- нь 2018 оны 02 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох малчин Ж.О-д 4.580.000 төгрөгийн цалин олгосон тухай 2 хуудас баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 721 дугаар захирамжаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,
Хэрэг Прокурорын газар очтол яллагдагч С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор анхан шатны шүүхийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 721 дугаар захирамжийн удирдлага болгосон хуулийн заалт нь хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаах тухай хуулийн зүйл, хэсгийг баримталсан нь буруу бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцэлдээ:
Эсэргүүцлээ дэмжиж байгаа., анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан үндэслэлгүй тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймгийн Прокуророос С.Т-ийг 2018 оны 02 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох малчин Ж.О-д 4.580.000 төгрөгийн цалин олгосон тухай 2 хуудас баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад хэд, хэдэн үндэслэл зааж хэргийг Прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.
Тухайлбал хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед заавал нотолбол зохих байдлуудыг нотлож тогтоогоогүй., С.Т- албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан тухай шийдвэр байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан түүний хувийн байдлын талаарх баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдаагүй., 4.500.000 төгрөгтэй холбоотой ямар үйл баримт байгаа., энэ нь шүүхийн ямар шийдвэрийн үндэслэл болж хэнд, яаж нөлөөлсөн., түүнчлэн тэр шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдаагүй байгаа зэргээс үзвэл одоо хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Т-ийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хэлэлцэх ажиллагааны аль шатнаас эсхүл аль шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах талаар тодорхой, ойлгомжтой зүйл, заалт байгаа., өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бие даасан, нарийвчилсан хууль байгаа учраас хэргийг Прокурорт буцаахдаа Шүүхийн тухай хууль баримтлах шаардлалаггүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 ., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 721 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА