Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 125/ШШ2020/0013

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Амангелдийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Амангелди, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Амангелди шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь Ховд аймгийн Ховд сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б/09 дүгээр захирамж гаргаж, тус өдрөөс эхлэн ******* намайг Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Тус Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/09 дүгээр захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт “талууд харилцан тохиролцсон”, Боловсролын тухай хуулийн 31.1.15 дахь заалтыг үндэслэсэн байгаа нь бодит байдалтай нийцээгүй, хууль зөрчсөн захирамж гэж үзэж байна. ******* миний бие Ховд аймгийн Засаг даргатай Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгох, ажил үүргээ өөрчлөх өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах талаар огт харилцан тохиролцоогүй, ийм хүсэлтийг тавьж байгаагүй болно.

Улмаар Т.Амангелди намайг Ховд аймгийн Ховд сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон байсан бөгөөд ингэж миний зөвшөөрөлгүйгээр, үндэслэлгүйгээр тушаал ажил албан тушаал бууруулж миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Иймд Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Т.Амангелди намайг Ховд аймгийн Ховд сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд сумын цэцэрлэгийн үйл ажиллагаа нь хангалгүй гэж дүгнэсэн тул Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын 2018 оны 6 сарын 15-ны өдрийн 237 тоот албан бичгээр Т.Амангелдийг ажлаас чөлөөлөх тухай саналаа аймгийн Засаг даргад ирүүлсэн. Ховд сумын Засаг даргаас 2019 оны 10 сарын 22-ны өдрийн А/173 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийхэд зөрчил илэрч дүгнэлт гаргасан. Үүний дагуу Ховд сумын Засаг даргаас Боловсрол, соёл урлагийн газарт Т.Амангелдид арга хэмжээ авах тухай албан бичиг ирүүлж байсан.

2020 оны 1 сарын 03-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч нь ямар нэгэн шийдвэргүйгээр дур мэдэн цэцэрлэгээ бүрэн ажиллуулаагүй талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу БСУГ-ын мэргэжилтэн Б.Анхбаяр Ховд сумд ажиллаж тус цэцэрлэг ажиллаагүй талаар илтгэх хуудас бичиж, үйл явцыг гэрэл зураг, бичлэгээр баталгаажуулсан.

Энэ асуудалтай холбоотой Боловсрол соёл урлагийн газраас 2020 оны 1 сарын 13-ны өдөр Т.Амангелдид хариуцлага тооцох саналыг аймгийн Засаг даргад дахин хандсан.

Т.Амангелди нь аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга нартай уулзаж, “..би удахгүй тэтгэвэртээ гарна, сахилгын шийтгэлийг 2020 оны 4 сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж өгөх, бололцооны дагуу өөр ажлын байраар хангаж өгөх санал тавьж, үүний дагуу Т.Амангелдийг цэцэрлэгийн багшаар ажиллуулахаар тохиролцож, 2020 оны 3 сарын 31-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар түүнийг цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... Нэхэмжлэгч Т.Амангелди, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар дараах байдлаар эвлэрч байна.

  1. Т.Амангелдид сар бүр 20-25 хувиар үндсэн цалингаас бодож ур чадварын нэмэгдэл олгох,
  2. 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс Т.Амангелдид тэргүүлэх зэргийн нэмэгдэл олгож, зэргийн нэмэгдлийг тухайн сараас эхлэж олгох,
  3. Нэхэмжлэгч Т.Амангелди нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагч талаас Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Шолпанхантай тохиролцож эвлэрлийн гэрээний 1 болон 2 дахь шаардлагыг биелүүлж, баталгааг бичгээр гаргаж хэрэгт хавсаргасан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн Т.Амангелди нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 31-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийг Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 31-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар дуу хөгжмийн багшаар ажиллуулжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Амангелди, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь “...Т.Амангелдид сар бүр ур чадварын нэмэгдэл 20-25 хувиар олгох, 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс Т.Амангелдид тэргүүлэх зэргийн нэмэгдэл олгож эхлэхээр харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж баталгаажуулан ирүүлсэн байна.

 

 

Эвлэрлийн гэрээнд заасан нэхэмжлэгчид мэргэжлийн ур чадварын болон зэргийн нэмэгдэл олгох, нэмэгдлийн хувийг тогтоох нь хариуцагч аймгийн Засаг дарга бус Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн хуульд заасан бүрэн эрхэд хамаарахаар байх ба Ховд сумын цэцэрлэгчийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шолпанхан нь Т.Амангелдид сар бүр 20-25 хувиар ур чадварын нэмэгдэл олгох, 2021 оны 01 сараас эхлэн тэргүүлэх зэргийн нэмэгдэл олгохыг зөвшөөрсөн талаар баримтыг эвлэрлийн гэрээнд хавсарган ирүүлсэн байх тул талууд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замын талаар харилцан тохиролцож маргаанаа дуусгавар болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 6 сарын 04-ний өдрийн 1/936 дугаар албан бичгээр төлөөлөгч Ч.Эрдэнэбатад олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг олгосон байх ба талууд эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.  

Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Амангелдийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ