Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0544

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Х.Орхон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Гомдол гаргагч: “У ” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-ны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 404 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.З, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Х.Орхон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0396/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1185 дугаар шийдвэрээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-ийн 1.1 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.5, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “У ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-ны гаргасан, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. ... Анхан шатны шүүхээс "У " ХХК нь "О " ХХК-тай өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гурилын үнийг хэлцэн тохирсон гэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасан зөрчлийг үйлдсэн нь "М" ГҮТББ-ын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гурилын үнийг шат дараатайгаар нэмэх тухай мэдэгдэл хийсэн үйлдэл нь тус тус Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтын агуулгад хамаарахгүй." гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой тогтоогоогүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайн бараа бүтээгдэхүүний үнийг ижил цаг хугацаанд, ижил дүнгээр нэмсэн эсэхээс үл хамааран Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:", 11.1.1-т "бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;" гэж заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчдийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан гэж үздэг. Тус газраас 2022 онд Монгол Улсын буудайн гурилын зах зээлд хийсэн судалгаагаар "У " ХХК, О ХХК нь нийт зах зээлийн 40.71 хувийг эзэлж байсан бол бусад 7 аж ахуй эрхлэгч зах зээлийн 59.04 хувийг, импортлогчид 0.25 хувийг тус тус эзэлж байсан. Мөн онд улсын хэмжээнд гурил үйлдвэрлэгч нийт 12 аж ахуй эрхлэгч байсан бол 2024 оны 03 дугаар сарын байдлаар нийслэлд "У ", "О ", "А", "Х" ХХК-иуд, орон нутагт "Ө", “Ө”, “Д”, “Х” ХХК-иуд зэрэг нийт 8 аж ахуй эрхлэгч улсын хэмжээнд дотоодын гурилын хэрэгцээг хангаж байна.

2.2. Анхан шатны шүүхээс хариуцагч гурилын үнийг хэлцэн тогтоосон гэх зөрчлийг хянан шийдвэрлэхдээ хөдөлбөргүй нотлох баримтыг цуглуулаагүй атлаа гомдол гаргагчийг "О " ХХК-тай гурилын үнийг хэлцэн тохиролцсон гэж буруутган шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус, үүний улмаас гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн." гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь зөрчлийн 2202000364 дугаартай хэрэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас аж ахуй эрхлэгчдийн улаан буудайн нөөцийн мэдээлэл, нөөц бүрдүүлсэн үнийн мэдээлэл, "О " ХХК-иас улаан буудайн гурилын үнийн мэдээлэл, үнэ нэмэгдүүлсэн гүйцэтгэх захирлын тушаал болон холбогдох бусад материал, "Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо” ГҮТББ-аас зохион байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хэвлэлийн хурлын бичлэг болон холбогдох бусад материалыг нотлох баримтаар бэхжүүлэн авч шалгасан байдаг. Зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдсан "Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо" ГҮТББ-аас зохион байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн төрийн бус байгууллагын төлөөлөл болох "О " ХХК, "У " ХХК болон бусад гишүүдийн төлөөллийг байлцуулан олон нийтэд хандан хэвлэлийн бага хурал хийсэн бичлэгээр улаан буудайн гурилын үнийг нэмэгдүүлэх болсон талаар мэдэгдсэн үйлдэл нь аж ахуй эрхлэгчдийг гурилын үнийг нэмэгдүүлэхийг урьдчилан хэлцэн тогтооосон үйлдэл юм.

2.3. Иргэний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.", 42.8-д "Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно." гэж, 43 дугаар зүйлийн 43.3-т "Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ." гэж тус тус заасан. "У ", "О " ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь уг хэвлэлийн хуралд биечлэн оролцож, түүнээс өмнөх хугацаа /2022.01-09 сар/ буюу буудайн үнэ хэвийн байх хугацаанд 3-6 удаа, мэдэгдэл хийснээс хойшх хугацаа /2022.10.20/-д 1-3 удаагийн үйлдлээр гурилын үнийг нэмэгдүүлсэн нь гүйцэтгэх захирлын "үнэ тогтоосон тушаал" гэх баримтаар тогтоогдсон бөгөөд уг үйлдлийг "бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох" хэлцэл /картель/ хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

2.4. Буудайн гурилын зах зээлд тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйлдвэрлэл, борлуулалтын тоо хэмжээгээр голлох нөлөө үзүүлж буй томоохон аж ахуй эрхлэгчид хоорондоо үгсэн хуйвалдах замаар бараа бүтээгдэхүүний үнэ тогтоож байгаа нь Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа болох бөгөөд тус зах зээлд бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг бууруулах сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0404 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                           

                                                             ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гомдол гаргагч “У ” ХХК-иас хүчингүй болгуулахаар маргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-ы 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002354 дугаар шийтгэлийн хуудсаар “А” ХХК, “О ” ХХК нар нь гурилын үнийг хэлцэн тогтоож, өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 5.931.232.632 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.1. Гомдол гаргагчаас “...гурил үйлдвэрлэгчдийн зүгээс түүхий эдийн үнэ өссөнөөс үүдэн гурилын үнэ нэмэгдэх талаар нийт хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэсэн төдий, ...хэлцэн тохиролцож дээд болон 1 дүгээр гурилын үнийг тогтоосон гэдэг нь зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаанд болон хууль зүйн хувьд нотлох баримтаар нотлогдоогүй, шийтгэл оногдуулахдаа тухайн компаниудыг өөр өөр хуулийн заалтыг үндэслэн шийтгэл оногдуулсан нь илэрхий хуульд нийцээгүй, гурилын үнийг хэрхэн тогтоосон талаарх зөрчлийн үйлдлийг эргэлзээгүй, хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогоогүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж, хариуцагцаас “...гурилын үнийг нэмэх талаар хийсэн мэдэгдэлд гурил үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь цаашид гурилын үнийг шат дараатай өсгөх талаар дурдсан байх ба мэдэгдэл хийсэн өдрөөс өмнө болон хойших хугацаанд гурилын үнэд өөрчлөлт оруулсан болох нь “У ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогдсон, тухайн бараа бүтээгдэхүүний үнийг нэг өдөр, ижил дүнгээр нэмсэн эсэхээс үл хамааран аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргасан.

2.2. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гээд 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:”, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

2.3. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад нь тэгш өрсөлдөх боломжийг хангах, аж ахуй нэгжийн эрхийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулж, үүгээр дамжуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалахад оршиж байна. Төрөөс аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт явуулахдаа тухайн нөлөөлж буй хүчин зүйлс нь аж ахуй эрхлэгчдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой эсэхийг холбогдох баримтуудад үндэслэн нягтлан шалгасны үндсэн дээр зөрчлийн шинж чанараас хамаарч зохих хариуцлагыг хүлээлгэхээр зохицуулжээ.

2.4. Маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон гэх “Монголын гурил үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо” ГҮТББ-аас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд хандаж гурилын үнийг нэмэх мэдэгдэл хийсэн болон тус байгууллагын гишүүн 2 компани тус хэвлэлийн бага хуралд оролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх хэдий ч зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурилын үнийн өсөлттэй холбоотойгоор мэдээлэл хийснийг бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2.5. Учир нь “У ” ХХК болон “О ” ХХК нар нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гурилын үнийг хэлцэн тохирсон гэх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан “О ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-д холбогдох хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0127 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0206 дугаар магадлалаар “...Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь зөвхөн “гурилын үнэ нэмсэн”-ийг нотлох баримт байх ба харин “үнийг хэлцэн тогтоосон гэх зөрчлийн нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй атлаа “Монголын гурил үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ноос мэдэгдэл гаргасан нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэн” “О ” ХХК-ийг тухайн зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурилын үнийг нэмэх талаар мэдэгдэл хийсэн үйл баримт нь “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хэлцлийн нэг тал болох “У ” ХХК-ийг гурилын үнийг хэлцэн тогтоосон зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

2.6. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийг тухайн гаргасан зөрчил болох буудайн гурилын үнэ нэмэхдээ хэлцэн тохиролцсон гэх зөрчил нь холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд хариуцагчийн “1-3 удаагийн үйлдлээр гурилын үнийг нэмэгдүүлсэн нь гүйцэтгэх захирлын "үнэ тогтоосон тушаал" гэх баримтаар тогтоогдсон бөгөөд уг үйлдлийг "бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох" хэлцэл /картель/ хийсэн гэж үзэх үндэслэлтэй” гэх давж заалдах хүлээн авах үндэслэлгүй.

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5  дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

        ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

        ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ