Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Вандан-Очирын Цэцэнбилэг |
Хэргийн индекс | 129/2016/0029/Э |
Дугаар | 34 |
Огноо | 2016-04-28 |
Зүйл хэсэг | 153.1., |
Улсын яллагч | Б.Батсайхан |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бямбаагийн Алтантүлхүүрт холбогдох 129/2016/0029/Э/ индекстэй, эрүүгийн 201603000116 дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэхэд
Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, халх, 1976 оны 11 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Элит” байранд үйлчлэгч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагийн 1-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Бямбаагийн Алтантүлхүүр РД:/АЙ76112808/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Алтантүлхүүр нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 19-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хасу-Мандал Трейд” ХХК-ний эзэмшлийн шинээр ашиглалтанд орсон “Баян-Хангай” орон сууцны хороололын 41 дүгээр байрны 2 ширхэг цонх, 43 дугаар байрны 3 ширхэг цонхыг чулуугаар хагалан устгаж 203.850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтантүлхүүрийн өгсөн:
Би өөрөө цонх хагалсанаа сайн мэдэхгүй байсан. Нэг мэдэхэд л архи уугаад цонх хагалсан байсан. Цонх хагалсандаа би харамсаж байна гэх мэдүүлэг.
201603000116 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч байгууллагын төлөөлөгч О.Гэрэлмаагийн өгсөн:
Би “Хасу-Мандал Трейд” ХХК-ний инженер ажил эрхэлдэг бөгөөд 2014 оны 03 сарын 21-ний үеэр Улаанбаатар хотод байрлах өөрийн ажлаасаа томилолт авч Архангай аймгийн төвд баригдаж буй 120 айлын гурван блок байрны инженерийн албан тушаалд томилогдож ирсэн. Манай байгууллага аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Архангай аймагт 120 айлын гурван блок байраа бүрэн барьж дуусгасан бөгөөд улсын комисст 2015 оны 05 сарын 12-ний өдөр хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш байрны захиалга аваагүй бөгөөд хэрхэн яаж борлуулах талаар шийдвэр журам нь батлагдаагүй байсаар одоог хүрч байна. Энэ хугацаанд энэ байранд хүн амьдарч байгаагүй бөгөөд зөвхөн би, сантехникч Майдар гэх хүний хамт уг байрыг хариуцан ажиллаж дотор нь амьдарч байгаа юм. Гэтэл 2016 оны 03 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 41 дүгээр байрны 2 ширхэг цонх, 43 дугаар байрны 3 ширхэг цонхийг хагалаад хаячихсан байхаар нь цагдаад дуудлага өгч шалгуултал надтай хамт ажилладаг Майдар ахын найз Б.Алтантүлхүүр гэдэг эмэгтэй архи уусан согтуу байхдаа байрнуудын цонхыг хагалсан байсан. 41 дүгээр байрны 01 тоотын 1.19 метр урттай, 0.92 метр өргөнтэй нийт 1.28 мкв талбай бүхий давхар шилтэй том цонхны шил, 41 дүгээр байрны 02 тоотын 1.40 метр урттай, 0.92 метр өргөнтэй, нийт 1.29 мкв талбай бүхий давхар шилтэй цонхны шил, 43 дугаар байрны 01 тоотын 1.39 метр урттай, 0.91 метр өргөнтэй нийт 1.26 мкв талбай бүхий давхар шилтэй цонхны шил, мөн уг цонхны порчик хэсэг болох 1.30 метр урттай, 0.35 метр өргөнтэй, нийт 0.45 мкв талбай бүхий давхар шилтэй цонхны шил, зоорийн давхар буюу 00 давхарын 0.92 метр урттай, 0.35 метр өргөнтэй нийт 0.40 мкв талбай бүхий давхар цонхны шил, урт нь 0.39 метр, өргөн нь 0.31 метр нийт 0.21 мкв талбай бүхий давхар шилтэй цонх хагалсан байсан. Би цонхнуудыг зах зээлийн үнээр үнэлнэ. Ойролцоогоор 280.000-300.000 орчим төгрөг болох байх гэж бодож байна. Б.Алтантүлхүүр өөрөө хагалсан цонхнуудаа шиллүүлж байгууллагыг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Би Б.Алтантүлхүүрийг өмнө нь таньдаггүй байсан ба надтай хамт ажилладаг Майдар ахтай уулзаж манай байранд хонож өнжөөд байдаг байсан учраас таньдаг болсон. Би Б.Алтантүлхүүртэй ойр дотно байгаагүй болохоор хувийн байдлынх нь талаар сайн мэдэхгүй. Цонх хагалсан байранд хэдэн чулуу байсан болохоор цонхыг чулуугаар хагалсан байх гэж бодож байна. Би цонх хагалж байхыг сонсоогүй. 2016 оны 03 сарын 19-ний орой байрнуудын цонх бүтэн байсан бөгөөд 03 сарын 20-ны өглөө 09 цагийн үед байрны хажуугаар явж байхад 41, 43 дугаар байрны цонхнууд хагарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/
Хохирогч байгууллагын төлөөлөгч О.Гэрэлмаагийн дахин өгсөн:
Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Б.Алтантүлхүүр архи уусан согтуу байхдаа манай байрнуудын цонхыг хагалсан гэдгээ хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. Би вакум цонхны үйлдвэрт захиалга өгч байрны хагарсан 5 ширхэг цонхыг шиллүүлж, Б.Алтантүлхүүрээс мөнгийг нь авч өгсөн. Одоо манай байгууллагаас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болсон. Би байрнуудын дотор талыг цэвэрлэж байгаад цонх хагалсан байсан хэдэн чулууг гаргаад хогтой хаячихсан. Манай хогийг машин ачаад явчихсан байсан болохоор тэр чулуунууд хаана байгааг одоо мэдэхгүй байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр тал/
Гэрч Л.Майдарын өгсөн:
Би 2015 оны 11 сарын эхээр Улаанбаатар хотоос Архангай аймагт ирж “Булган хангай” нэртэй хороололын сантехникчээр ажиллах болсон юм. Би Архангай аймагт ирээд төрөл садан найз нөхөд байхгүй ганцаараа байсан учир Б.Алтантүлхүүр гэдэг эмэгтэйтэй танилцаад дотно харилцаатай болсон байсан. Б.Алтантүлхүүр намайг гэр бүлтэй гэдгийг эхэндээ мэддэггүй байсан бөгөөд сүүлдээ гэр бүлтэй гэдгийг мэдчихээд хэсэг уурлаж байгаад буцаж дотно найзалж нөхөрлөж байсан. Сүүлдээ Б.Алтантүлхүүр бид хоёр таарахаа болиод хөндийрч эхэлсэн бөгөөд Б.Алтантүлхүүр намайг хамаагүй хүнтэй хардаж хэрүүл маргаан хийдэг болохоор нь би 2016 оны 02 сарын сүүлээс хойш Б.Алтантүлхүүртэй уулзахаа больсон боловч Б.Алтантүлхүүр архи уусан байхдаа шууд миний хариуцан ажиллаж буй байранд хүрч ирээд надтай уулздаг байсан. Тэгээд 2016 оны 03 сарын 19-ний орой намайг “Булган хангай” хорооллын 42 дугаар байранд орших өөрийн өрөөндөө байж байтал Б.Алтантүлхүүр утсаар яриад танай байрны гадаа байна гараад ир уулзъя гэж хэлсэн. Би ажилтай байна, гарч чадахгүй гэж хэлээд хэсэг хүлээлгэж байгаад гарч Б.Алтантүлхүүртэй уулзтал нилээн согтуу байгаа юм уу гэмээр байсан бөгөөд танайд орж усанд оръё гээд байхаар нь би ажилтай байна, усанд орж болохгүй, чи одоо гэртээ хариарай гэж хэлчихээд буцаад яваад орсон. Тэгээд өглөө бостол цонх хагарчихсан байхаар нь цагдаад дуудлага өгч шалгуултал Б.Алтантүлхүүр миний хариуцан ажиллаж буй “Булган хангай” хорооллын 41 дүгээр байрны 2 ширхэг цонх, 43 дугаар байрны 3 ширхэг цонхыг чулуугаар хагалчихсан байсан. Би Б.Алтантүлхүүрийг цохиж зодож байгаагүй. Би Б.Алтантүлхүүртэй уулзахаа болъё гэж бодсоны дараа Б.Алтантүлхүүр өөрөө над руу утсаар яриад манай байрны гадаа ирээд уулзая гэж дууддаг байсан. Тэгээд гараад уулзахаар намайг хүнтэй хардаад надтай маргалдаад харилцан хэл амаар доромжилж хэрэлдэж байгаад салдаг байсан. Миний ярьсан зүйл бүгд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар тал/
Гэрч А.Тунгалагтамирын өгсөн:
Ээж надад хэлэхдээ архи уусан согтуу байхдаа хамт амьдарч байсан Майдар гэдэг хүний ажилладаг байрны цонхыг 2016 оны 03 сарын 19-ний орой хагалчихсан гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Миний ээж Б.Алтантүлхүүр нь даруухан, үг дуу цөөнтэй хүн бөгөөд Майдар гэдэг хүн нь манай гэрт нэг удаа ирж хонож байсан. Заримдаа ээж Майдартай байр руу нь хамт явж хонодог байсан. Ээж надад хэлэхдээ Майдар гэдэг залуутай гэр бүл болж амьдардаг юм билүү, ааш зан сайтай, түшиг тулгуур сайтай хүн байна гэж ярьж байсан бөгөөд Майдарыг өөр гэр бүлтэй гэдгийг ээж сонсоод сэтгэл санаагаар унаад архи уусан байхдаа Майдарын ажилладаг байрны цонхийг хагалсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дүгээр тал/
Гэрч Г.Баярмаагийн өгсөн:
2016 оны 03 сарын 20-ны өглөө намайг гэртээ унтаж байтал миний найз Гэрэлмаа над руу утсаар яриад манай байрны цонхыг хагалчихсан байна хүрээд ир гэж хэлсэн. Би Гэрэлмаагийн байдаг байранд яваад очтол нэг байрны 3 цонх хагарсан бас нэг байрны 2 цонхыг чулуугаар хагалсан байсан. Гэрэлмаа цагдаагийн газарт дуудлага өгч шалгуулсан бөгөөд цагдаагаас хүмүүс ирж шалгалтын ажиллагаа явуулсан юм. Тэгээд дараа нь сонсоход Майдар гэдэг хүний найз болох эмэгтэй согтуу байхдаа байрны цонх хагалсан байна гэж Гэрэлмаа надад хэлсэн. Майдар ахын найз эмэгтэй хагалсан цонхнуудаа шиллүүлж байгууллагыг хохиролгүй болгосон гэсэн. Гэрэлмаа бид хоёр 2002 онд Улаанбаатар хотод танилцаж байсан ба тэрнээс хойш одоог хүртэл найзалж нөхөрлөж байна. Гэрэлмаа 2015 оноос хойш Архангай аймагт баригдсан 120 айлын 3 ширхэг байрыг Майдар гэдэг хүнтэй хамт хариуцан ажиллаж байгаа юм. Би Гэрэлмаагийн амьдардаг байранд нь хэд хэдэн удаа очиж байсан бөгөөд байрнуудын захиалга авагдаагүй хоосон 3 ширхэг том байр байсан. Миний ярьсан зүйл бүгд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар тал/
Шүүгдэгч Б.Алтантүлхүүрийн сэжигтнээр өгсөн:
Би Майдар гэх залуутай 2015 оны 08 сард танилцсан бөгөөд тэрнээс хойш Майдарын хариуцаж ажилладаг шинээр баригдсан орон сууц буюу Майдарын амьдарч байсан байранд очиж 2 сар гаруй хугацаанд хамт амьдарсан юм. Майдар надад хэлэхдээ эхнэр хүүхэдгүй гэж хэлж байсан бөгөөд зарим үед манай гэрт ирж хонож байсан. Тэгээд 2016 оны 02 сард буюу цагаан сарын өмнөхөн Майдарын ажилладаг байсан байрны нярав ажилтай Гэрэлмаа гэдэг эмэгтэй надад хэлэхдээ Майдарыг Улаанбаатар хотод гэр бүлтэй талаар хэлсэн. Би Майдартай гэр бүл болоод хамт амьдрах талаар бодож байсан болохоор тэр үгийг сонсоод сэтгэл санаагаар их унаж байсан юм. Тэгээд Майдартай уулзаж асуухад үнэн гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш Майдар архи уусан үедээ хэл амаар доромжлох болсон. Тэгэхээр нь би 2016 оны 03 сарын 19-ний өдөр ганцаараа “Ерөөл” нэртэй 0.5 граммын архины талыг нь уугаад орой 20 цагийн үед Майдарын ажилладаг байрны гадаа очоод Майдарыг утсаар гараад ир гэж дуудтал за гэж хэлчихээд гарч ирэхгүй байсан. Би Майдар руу дахин залгаад гараад ир, би согтуу байна гэж хэлтэл Майдар намайг бараг 2 цаг гаруй хүлээлгээд гарч ирэхгүй болохоор нь би өөрт байсан тал шил “Ерөөл” нэртэй архиа ууж дуусгаад маш их согтсон. Тэгээд би уурлаад Майдарын ажиллаж байсан байрны цонх руу жижиг чулуу шидэж байснаа санаж байгаа бөгөөд нэг мэдсэн гэртээ байснаа санаж байгаа юм. Тэгээд маргааш нь намайг ажил дээр сууж байхад цагдаа нар ирээд цонх хагалсан байна гэж хэлээд дагуулж явсан. Майдар намайг янхан, гичий гэж хэл амаар доромжлоод байсан. Майдар намайг зодож байгаагүй ба согтуу байхдаа хэл амаар доромжлох болсон. Би 2 чулуу шидэж байснаа санаж байна. Майдар болон Гэрэлмаа нар хэлэхдээ 5 ширхэг цонх хагалсан байна гэж надад хэлсэн. Би цонх хагалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эдгээр хүмүүсийг хурдан хугацаанд хохиролгүй болгох болно гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар тал/
Шүүгдэгч Б.Алтантүлхүүрийн яллагдагчаар өгсөн:
Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би архи уусан согтуу байхдаа үерхэж байсан Майдарын амьдарч байсан байранд очиж цонхыг нь чулуугаар хагалсан нь үнэн. Би Гэрэлмаатай уулзаж уучлалт гуйж мөнгө өгсөн бөгөөд Гэрэлмаа хагарсан цонхнуудыг шиллүүлсэн. Би хагарсан цонхнуудыг бүгдийг нь шиллүүлж гомдол саналгүй болгосон. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар тал/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/
Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтуудаар 2016 оны 03 дугаар сарын 19-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хасу-Мандал Трейд” ХХК-ийн эзэмшлийн шинээр ашиглалтанд орсон “Баян-Хангай” орон сууцны хорооллын 41 дүгээр байрны 2 ширхэг цонх, 43 дугаар байрны 3 ширхэг цонхыг чулуугаар хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж 203.850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Алтантүлхүүрийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Алтантүлхүүр нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хасу-Мандал Трейд” ХХК-ийн эзэмшлийн шинээр ашиглалтанд орсон “Баян-Хангай” орон сууцны хорооллын 41 дүгээр байрны 2 ширхэг цонх, 43 дугаар байрны 3 ширхэг цонхыг чулуугаар хагалан устгаж 203.850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч байгууллагын төлөөлөгч О.Гэрэлмаа, гэрч Л.Майдар, А.Тунгалантамир, Г.Баярмаа нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Б.Алтантүлхүүрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Алтантүлхүүрийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, нягт нямбай, бодит байдлаар нь хянаж, харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.Алтантүлхүүр нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Алтантүлхүүр нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хасу-Мандал Трейд” ХХК-ийн эзэмшлийн шинээр ашиглалтанд орсон “Баян-Хангай” орон сууцны хорооллын 41 дүгээр байрны 2 ширхэг цонх, 43 дугаар байрны 3 ширхэг цонхыг чулуугаар хагалан устгаж 203.850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан дээрхи хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрхи гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Алтантүлхүүр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч байгууллагын төлөөлөгчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Бямбаагийн Алтантүлхүүрийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Б.Алтантүлхүүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Алтантүлхүүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Алтантүлхүүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Б.Алтантүлхүүр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтантүлхүүрт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ