| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2022/0764/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/805 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/805
2022 10 13 2022/ШЦТ/805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч П.Тыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Тт холбогдох эрүүгийн 2211 00000 0828 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 11 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав хүүгийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,Т, регистрын дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тоотод бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ тухайн тоотод оршин суух насанд хүрээгүй Н.Иий Iphone 8 plus загварын 750,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч П.Т нь “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Насанд хүрээгүй хохирогч Н.Иий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,
- Гэрч Д.Нямдоржын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
- Гэрч Л.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 20 дахь тал/,
- Шүүгдэгч П.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 78 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас П.Тыг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг Зүүн тасганы 4-39 тоотод бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ тухайн тоотод оршин суух насанд хүрээгүй Н.Иий Iphone 8 plus загварын 750,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан авсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул П.Тт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч П.Т нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг Зүүн тасганы 4-39 тоотод бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ тухайн тоотод оршин суух насанд хүрээгүй Н.Иий Iphone 8 plus загварын 750,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан авсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Насанд хүрээгүй хохирогч Н.Н.Эий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө би гар утсаараа тоглоод унталгүй байж байгаад 23-ны өглөө 09 цагт орон дээрээ унтсан. Унтахдаа орны хажууд өөрийн Iphone 8plus маркийн гар утсыг цэнэглээд унтсан ба нэг сэрэхэд манай гэрт аав Нямдорж хамт архи уудаг хоёр ахын хамт архи уугаад сууж байсан. Тэгээд би гар утасныхаа цагийг харахад 12 цаг өнгөрч байсан ба буцаад унтаж байтал 16 цаг өнгөрөөгөөд манай нагац ах Эрболд орж ирээд намайг сэрээсэн. Гэтэл миний гар утас байхгүй байсан ба ах бид хоёр гарч Apple ID ашиглаж хайхад 100 метр орчим зааж байгаад олдоогүй юм. Тэгээд тухайн үедээ цагдаад хандаагүй байж байтал 2022 оны 03 сарын 08-ны өдөр манай гудамжинд архи уудаг зүс таних нэг ах П.Т Iphone гар утас зарсан гээд ярьж байсан. Тэгэхээр нь П.Т ахыг дэлгүүрт байхад нь барьж аваад цагдаа дуудаж өгөхөд цагдаагийн машинд ороод би гар утсыг хулгайлчихсан юмаа төлөөд хохиролгүй болгож өгье гэж хэлсэн...“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Гэрч Д.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээсээ гараад тамхи авах гээд дэлгүүрт явж байгаад танил П.Т, Чинзориг хоёртой таарахад тэр хоёр 0.75 литр хэмжээтэй Хараа нэртэй архи авчихсан явж байсан ба хамт уухаар болоод Чингэлтэй дүүрэг 8-р хороо Зүүн тасган 4-39 тоот манай гэр лүү орцгоосон. Ингээд манай гэр лүү ороход манай хүү Н.И гар утсаа орныхоо хажууд цэнэглээд унтаж байсан.Тэгээд П.Т, Чинзориг бид гурав авчирсан 0.75 литр хэмжээтэй архиа ууж дуусаад дахин архи авахаар бид гурав хамт дэлгүүр гараад 0.75 литр хэмжээтэй Хараа нэртэй архи аваад буцаж гэр лүү ороод ууцгаасан, ууж байх үед манай хүү Н.Иий гар утас байгаа харагдсан. Ингээд сүүлд авчирсан Хараа нэртэй архиа ууж байтал би архиндаа согтоод тасраад унтаад орой 21 цагийн үед сэрэхэд манай хүүгийн гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би хамт архи уусан П.Т, Чинзориг нарыг хайхаар гарч яваад олоогүй гэртээ ирээд унтсан юм. Манай хүүгийн Iphone 8 plus гар утсыг П.Т, Чинзориг хоёрын нэг нь л хулгайлж гарсан байгаа...“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
- Гэрч Л.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хүү П.Т надад 2022 оны 1 сард хөрш айл болох Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо Зүүн тасган 4-39 тоот буюу Нямдоржийн гэрээс хүүхдийнх нь Iphone гар утсыг хулгайлсан гэж надад хэлсэн ба үүний дагуу би хүний гар утас хулгайлсан бол үнэнээ хэл гэж хэлээд дараа нь би өөрөө Нямдоржтой уулзаад хүүхдийнх нь гар утасны хохирол төлбөрийг нь барагдуулаад П.Тын цагдаа дээр шалгагдаж байгаа хэргийг нь гайгүй шийдүүлэх хүсэлтэй байна гэж хэлсэн. Манай хүү удахгүй цалингаа авахаараа Нямдоржийн хүүгийн гар утасны төлбөрийг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- “Дамно” ХХК-ын гаргасан хохирогчийн хулгайд алдсан утас болох Iphone 8 plus нь 2022 оны 01 сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нь 750,000 гэдгийг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 20 дахь тал/,
- Шүүгдэгч П.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нямка ах архиндаа согтоод унтаад өгсөн. Чинбат бас бие засахаар гарсан. Тэгэхээр нь Н.Иий орны хажууд цэнэглэж байсан Iphone 8 plus загварын гар утсыг аваад халаасандаа хийсэн. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны “Тэди” гар утас худалдааны төвийн гадна ирээд хулгайлсан гар утсаа ченж эмэгтэйд 60,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч байгаа шунахай сэдэлттэй үйлдлийг ойлгох ба шүүгдэгч П.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүхэн хангажээ.
Иймд шүүгдэгч П.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хохирогчид гар утсыг нь буцаан өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд насанд хүрээгүй хохирогч Н.И нь “...Миний утсыг хулгайлсан хүн нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо гомдол, санал байхгүй...” /хавтаст хэргийн 64 дэх тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт ял оногдуулахыг 8 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч П.Тт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ