Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

2022       10         26                                     2022/ШЦТ/72

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

иргэдийн төлөөлөгч П.Ж,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Э.Ц,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-н Г-т холбогдох 2217000000060 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 04-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эх, хүүхдүүдийн хамт Г аймгийн Ш сумын  дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт А Г /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 1 дүгээр орцны 1 тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний урд хэсэгт хутгалж биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000060 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогч Э.Ц-ыг өмнө нь таньдаг байсан. Нэг газар ажилладаг байсан. Өмнө нь өр, авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 5 хүн байсан, 0,75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи уусан. Тухайн үед болж буй асуудлыг мэдэх чадваргүй байсан. Шивээговь сумын 8 дугаар байранд уусан. Э.Ц нь Э-тай муудалцаад байхаар нь салгасан. Хохирогч Э.Ц-ын биед учирсан гэмтлийг би учруулсан. Айлгах зорилгоор гал тогооноос хутга авч ирсэн. Тэгээд хутгалсан. Хохирогч Э.Ц-т эмчилгээний төлбөрт 1 370 000 төгрөгийг өчигдөр өгсөн гэв.

 

2. Шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед гэртээ буюу Шивээговь сумын 1 дүгээр багийн 14-4-56 тоотод байж байгаад дэлгүүр орж мах авахаар гарсан. Дэлгүүр лүү явж байх замд Ц таараад ганц юм авах гэсэн юм 1000 төгрөг байна уу гэж асуухаар нь би мах авчихаад илүү мөнгө гарвал өгье гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр лүү Ц намайг дагаж ороод Ц Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи авсан. Ц тус авсан архинийхаа мөнгийг төлөх гэтэл интернет банк нь болохгүй байгаа бололтой байхаар нь би мах авах гэж байсан 20 000 төгрөгнөөсөө гаргаж архиных нь мөнгийг худалдагчид төлсөн. Тэгээд дэлгүүрээс гараад Ц 2-лаа хойшоо З эгчийнд очъё гэхээр нь би зөвшөөрөөд 8 дугаар байрны 1-1 тоот руу хамт явцгаасан. Тухайн үед З эгч Ц-ыг хүлээгээд дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. З эгч, Ц бид гурав З эгчийн гэрт очиход гэрт нь хэн ч байгаагүй бөгөөд бид гурав авсан архиа хувааж уугаад сууж байтал гаднаас Зоригоо, М хоёр ороод ирсэн. Тэгээд бид нар бүгд архиа уугаад сууж байтал Ц Э-г муу хулгайч бацаан гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа алгадаад боосон, тэгэхээр нь Цт хандан чи айлд байж аятайхан бай гэж хэлтэл миний өөдөөс танд ямар хамаатай юм гээд томроод байсан. Тухайн үед З эгчийн том өрөөнд архи ууж байсан ба би гал тогооны өрөө рүү орж хутганы хайрцагнаас цагаан өнгийн иштэй жижиг хутга авч Ц-ыг айлгахаар буцаж том өрөө рүү орсон. Тэгээд Ц буйдан дээр сууж байхаар нь би чи одоо болох юм биш үү айл гэрт байж арай давраад байгаа юм биш үү гэж хэлээд хутгаараа айлгах зорилгоор далайтал Ц босож ирэх гэж байсан бололтой өндийх үед нь миний баруун гараараа далайсан хутга нь Ц-ын цээжнийх нь гол хэсэгт дүрэгдсэн. Тэгээд Ц-ын цээжнээс цус гарч эхэлсэн. Тухайн үед айж балмагдаад хутгыг буцааж байранд нь үлдээгээд гэртээ харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

 

3. Хохирогч Э.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

А.Г ах бид хоёрын хооронд муудах асуудал байхгүй. Шивээ-Овоо уурхайд манай туслахаар ирж байсан. Олон жил уулзаагүй байж байгаад Шивээговь суманд тааралдаад жаахан асуудал гарсан. Хохирол, төлбөр 500 000 төгрөгийг барагдуулвал гомдолгүй гэв.

 

4. Хохирогч Э.Ц мөрдөн байцаалтан шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 06 дугаар сарын 19-ний өглөө би гэртээ амарч байгаад 11 цагийн үед гэрээсээ гараад явж байтал дэлгүүрийн урд Г-тай таарсан юм. Тэгээд надад дүү мөнгө байна уу, ганц юм уух уу гэхээр нь би зөвшөөрөөд дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи аваад тооцоогоо хийх гэтэл миний интернет банк болохгүй байсан. Тэгтэл А.Г ах тооцоог хийгээд бид хоёр дэлгүүрээс гараад иртэл З эгч дэлгүүрийн гадаа таараад манай гэрт очиж ууя гээд дагуулаад явсан юм. Тэгээд 8 дугаар байрны 1-1 тоотод очоод бид гурав ууж эхэлтэл гаднаас Зоригоо ах ороод ирсэн. Тэгтэл удалгүй Э ороод ирсэн. Тэгээд бид тав хамт ууж эхэлсэн юм. Тэгтэл Г ах намайг архи авсан мөнгөө өг гээд гар утас булааж авах гээд байхаар нь бид хоёр бага зэрэг маргалдсан юм. Тэгээд гайгүй болоод сууж байгаад би Этай хамт уухгүй, наадах чинь хулгайч бацаан байгаа юм, өмнө нь миний гар утсыг авч байсан, хамт уухгүй гэсэн. Тэгтэл Э над руу томроод байхаар нь гараараа хацар хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэгтэл Г ах чи одоо боль, наад хар архиа хүнээс харамлаж яадаг юм гэхээр нь би болиод буйдан дээр сууж байгаад нэг хартал Г ах хутга бариад ирчихсэн чи одоо хэзээ ийм том болчихсон юм бэ гээд дээрээс далайж байсан. Тэгэхээр нь би дээшээ босоод та одоо яагаад байгаа юм бэ, болиоч гэтэл над руу 2-3 удаа далайх шиг болсон. Тэгтэл миний цээж хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгээд би буйдан дээр сууж байтал З эгч одоо миний дүү ээж рүүгээ хурдан оч, цус гараад байна гэхээр нь би гэр лүүгээ ортол ээж хараад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед Г-ын барьж байсан хутга нь цагаан өнгийн иштэй 20-30 см орчим урттай хутга байсан. Миний биед зүүн талын цээж хэсэгт 3 см урттай шарх үүсэж 4 шихэг оёдол тавиулсан. Надад одоо гомдол санал байхгүй. Эмчилгээний зардлыг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

5. Иргэний нэхэмжэгч П.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би 11 цагийн үед гэрээсээ гарах гээд дэлгүүр орох гээд явж байтал дэлгүүрээс Ц, Г нар нэг шил 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи нэг ширхэгийг аваад гарч байсан. Тэгээд уух газар байхгүй гэхээр нь би манайд очиж ууя гээд дагуулаад явсан. Тэгээд манай гэрт З, Э, Ц, Г нар цуглаад хамт ууж эхэлсэн. Тэгээд бид хэд том өрөөнд уугаад сууж байтал Э, Ц нар хоорондоо хэрэлдээд Ц гараараа Э-г хацар хэсэгт нь нэг удаа алгадсан юм. Тэгээд бид нар боль гээд болиултал Ц Г-тай муудах гээд байсан. Бид нарыг сууж байтал Г хутга барьж ирээд Ц-ын зүүн далны хөхний дээд хэсэгт хутгалчихсан цус гараад байсан. Тэгээд хамт байсан хүмүүс бүгд гараад явчихсан. Ц манай буйдан дээр шархаа гараараа дараад суугаад байхаар нь би гэртээ очиж ээждээ үзүүл гээд гарсан. Удалгүй цагдаа нар орж ирээд болсон асуудлын талаар тодруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

6. Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад гэр байрны дэлгүүр орж тамхи авчихаад 8 дугаар байрны ард талаар алхаж байтал З эгч цонхоороо намайг ороод ир гээд дуудсан юм. Тэгээд ортол З эгч, З ах, Ц, Г нар архи уугаад сууж байсан. Тэгээд З эгч надаас тамхи асуухаар нь би өгсөн юм. Тэгээд би хамт сууж байтал Ц над руу чи одоо намайг мэдэхгүй байгаа юм уу, намайг гортиг Ц гэдэг юм гэж хэлээд миний үснээс зулгаагаад намайг боогоод миний хацар хэсэгт гараараа нэг удаа алгадсан юм. Тэгтэл Г ах Ц-т чи одоо хүүхэд зүгээр байхад яагаад байгаа юм болиоч гэж хэлтэл Ц та одоо яагаад байгаа юм гээд муудах гээд байсан. Тэгтэл Г ах цаашаа гал тогооны өрөө рүү орчихсон. Удалгүй цагаан иштэй хутга барьж ирээд чи одоо яах гээд байгаа юм гэж хэлээд Ц-ын цээж хэсэгт нэг удаа хутгаараа дүрсэн. Тэгтэл Ц-ын цээж хэсгээс цус гараад эхэлтэл Г хутгаа гал тогооны өрөөнд үлдээчихээд гараад явсан. Тэгэхээр нь З ах бид хоёр араас нь гараад гэр гэртээ харьсан юм. З эгч Ц нар үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

7. Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 12 цагийн үед гэрээсээ гараад гадуур жоохон алхаж байгаад 8 дугаар байранд Згийн гэрт ортол З, Ц, Г нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан. Тэгээд надад хийж өгөхөөр нь би хамт уугаад суусан юм. Тэгтэл гаднаас Э гэх залуу орж ирээд хамт уугаад суусан юм. Би тухайн үед хүүхдүүдээ гадаа тоглоомын талбай дээр үлдээчихсэн байсан болохоор 3 удаа татчихаад тэр хэдийг үлдээгээд гараад ирсэн юм. Сүүлд намайг цагдаагийн байгууллагаас дуудаад болсон асуудлын талаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

8. Гэрч Ш.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн үед манай хүү Э.Ц нь гэрээсээ гарсан юм. Тэгээд би ганцаараа гэртээ үлдсэн. Өдөр 14 цагийн үед гаднаас цээж хэсэг нь цус болчихсон ганцаараа орж ирсэн. Би юу болсон талаар асуутал Г намайг хутгалчихлаа гэхээр нь би цээж хэсэгт нь алчуураар дараад шууд эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

9. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед гэж санаж байна. Ц нь манай эмнэлэгт цээжний зүүн талд хутгалуулсан шархтай, өвдөлт зовуурь ихтэй хүргэгдэн ирсэн. Тэгээд Э.Ц-ын биед үзлэг хийхэд цээжний зүүн талын эгэмийн дунд шугамаар 3, 4 дүгээр хавирганы түвшинд мэс заслын оёдол бүхий ойролцоогоор 5 см орчим шархтай байсан. Мөн Э.Ц-ын цээжний рентген зургийг авч үзэхэд хий хуралдсан байгаа нь харагдсан ба тухайн үед Э.Ц-ын цээжинд нэвтэрсэн шарх авсан байсныг мэдсэн. Цээжний хөндийд хий хуралдсан байсан учир гуурс байрлуулж эвакын аппаратанд холбож анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд Ц-ыг эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийж хэд хоног ажиллахад цээжний хий гадагшилж, уушиг тэлж, өвчтний зовуурь арилсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эвакын аппаратыг салгаж Ц-ыг эмнэлгээс гаргасан. Цээжний хөндийд гадны бие нэвтрэх үед хий хуралдана. Мөн үрэвсэлт өвчний улмаас уушиг урагдах үед хий хуралдах тохиолдол байдаг. Цээжний хөндийд их хэмжээгээр хий хуралдсан тохиолдолд амьсгалын дутагдалд ордог. Амьсгалын дутагдал гүнзгийрсэн тохиолдолд амь насанд аюултай болдог. Эвакын аппарат нь цээжний хөндийд хуралдсан хий шингэнийг гадагшлуулах зориулалт бүхий вакум төхөөрөмж юм... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

10. Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлэхдээ:

 А.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр айлын 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийг бүрэн бус дунд боловсролтой төгссөн. Г нь Сүхбаатар аймгийн Онгон суманд цэргийн алба хааж байсан. Хэдэн онд цэргийн алба хааж байсан талаар мэдэхгүй байна. Одоо дүү Г нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд хадам эх Ш болон 2 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Зан байдлын хувьд томоотой, ажилсаг хөдөлмөрч, бусдад тусархаг, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Баяр ёслолын үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Бусдаар бол архи дарс ууддаггүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

11.  Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаартай дүгнэлтэд:

- Э.Ц-ын биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

- Гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Г.Галиндэв гэжээ. /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

12.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 729 дугаартай дүгнэлтэд:

- Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

- Хохирогч Б овогтой Э-н Ц биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

- Хохирогч Э.Ц-ын биед учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн.

- Хохирогч Э.Ц-ын биед учирсан нь гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

- Хохирогч Э.Ц нь зүүн уушигны зүүн урд талд 2, 3-р хавирганы завсар жижиг зууван дугуй хэлбэрийн хөндийт сүүдэртэй, баруун уушигны доод дотор талбайд бага зэргийн тодролтой бүтэц нэг төрлийн бус сүүдэртэй ба бусад талбайгаар уушигны зураглал олширсон нь архаг хууч өвчтэй байна.

- Хохирогч Э.Цын цээжний хөндий рүү нэвтэрсэн цээжний хөндийд хий хуралдсан гэмтэл нь гадны биед нэвтэрснээс үүссэн.

- Хохирогч Э.Ц-ын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх болон хий хуралдсаныг цээжний рентген зургаар тогтоосон. Түүнд анхан шатны тусламж үзүүлсэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын эмнэлгийн эмч Б.Н эмчилгээ оношилгоо, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч Д.Н эмчилгээ оношилгоо зөв байна.

- Хохирогч Э.Ц-ын цээжний хөндий рүү нэвтэрсэн гэмтлийн гүний хэмжээг өвчний түүхээс харахад зонд хийж тогтоогоогүй байна.

- Хохирогч Э.Ц-ын цээжний хөндий рүү гадны биет нэвтэрч, хий хуралдсаныг тогтоохдоо заавал зоонт хийж гүний хэмжээг тогтоох шаардлагатай. Шархыг зоонт хийлгүйгээр цэвэрлэж оёдол тавьсан тохиолдолд цээжний хөндий рүү нэвтэрсэн эсэхийг цээжийг гэрэлд харах, цээжний рентген зургаар тогтооно.

- Хохирогч Э.Ц-ын 2801 тоот өвчний түүхэнд 2022.06.19-ний мэс заслын тэмдэглэлээс...суганы дунд шугамаар 6, 7-р хавирганы түвшинд 2%-60 мл новокайнаар нэвчүүлэн мэдээгүйжүүлэлт хатгалт хийж соруулахад цээжний хөндийгөөс хий гарч байв. Тухайн хэсгийн арьсанд ойролцоогоор 2.0 см зүслэг хийж тухайн шархыг мохоо багажаар тэлж цээжний хөндийг нээхэд цээжний хөндийгөөс нилээн хэмжээний хий гарч байв гэжээ.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч Ж.Ганцэнгэл, шинжээч эмч Б.Ганзориг, Э.Эрхэмбаяр /хх-ийн 193-197 дугаар хуудас/,

 

13.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2264 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн бариултай хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Мэргэшсэн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Э.Нарантунгалаг гэжээ. /хх-ийн 76-78 дугаар хуудас/,

 

14.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3366 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн орны бүтээлгэн дээрээс хүний цус илэрсэн. Илэрсэн цус нь А /II/ бүлгийн харъяалалтай байна.

- Э.Ц-ын гэх хуруу шилтэй цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна.

- Орны бүтээлгэн дээрээс илэрсэн хүний цус нь Э.Ц-ын гэх хуруу шилтэй цустай бүлгийн харъяалалаар тохирч байна.

Дүгнэлт гаргасан: Бактериологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Цаст-Оргил гэжээ. /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 

15.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3641 дугаартай дүгнэлтэд:

- Хэргийн газраас хураан авсан гэх хутга нь шинжилгээнд тэнцэж байна. Хутганы ажлын хэсэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна.

- Бүлгийн харъяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байх тул асуулт №2-т хариулах боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч, ШУ-ны магистр, цагдаагийн ахмад Б.Тэнүүн гэжээ. /хх-ийн 90-91 дугаар хуудас/,

 

16. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-16 дугаар хуудас/,

 

17. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

 

18. Шүүгдэгч А.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар хуудас/,

 

19. Хохирогч Э.Ц-ын өвчний түүх /хх-ийн 122-136 дугаар хуудас/,

 

20. Хохирогч Э.Ц-ын гаргасан хохиролын баримт /хх-ийн 137-138 дугаар хуудас/,

 

21. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1499 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 150-155 дугаар хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 1 дүгээр орцны 1 тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний урд хэсэгт хутгалж биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Б.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “Хэргийн зүйлчлэл болон шинжээчийн дүгнэлтийн тухайд маргах зүйл байхгүй. Гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй ч хавтаст хэргээс харахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа. Хохирол, төлбөрийн хувьд бүрэн төлсөн гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч П.Ж “Согтуурсан, архидсан үедээ биеэ хянах чадваргүй болтлоо уусан учир хэрэг гарсан. Иймд хохирогч, шүүгдэгч хоёр хоёулаа буруутай байх гэж миний зүгээс бодож байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүх бүрэлдхүүн шүүгдэгч А.Гт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 1 дүгээр орцны 1 тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Э.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний урд хэсэгт хутгалж биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Мөн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулинд заасан “..."зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно...” гэж тайлбарласан байна.

Шүүгдэгч А.Г нь зэвсэг буюу хутга хэрэглэж хохирогч Э.Ц-ын эрүүл мэндэд цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Э.Ц-ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.З-гийн мэдүүлэг, гэрч М.Э, Б.З, Ш.А, Д.Н нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3366 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 729 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч А.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Б нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б овогт А-н Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Шүүгдэгч А.Г-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ц-ын эрүүл мэндэд цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан. Хохирогч Э.Ц нь нийт 1 662 650 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.Г нь нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч А.Г-т 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч А.Г нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна. Шүүх хуралдааны явцад хохирогч Э.Ц-ын хохиролыг бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Б.Б-н гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч А.Г нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан байна.

Харин хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч Э.Ц нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан М.Э-г цохиж, хэрүүл маргаан үүсгэсэн, шүүгдэгч А.Г нь уг үйлдлийг салгасан үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч А.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч А.Г нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Ц-ын нэхэмжилсэн 1 662 650 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга зургаан зуун тавин/ төгрөг буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдүүн дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.Г-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

            Шүүгдэгч А.Г-т холбогдох хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар ногоон өнгийн гурвалжин дүрстэй 50х30 см хэмжээтэй даавуун материалтай орны бүтээлэг 1 ширхэг, цагаан өнгийн бариултай бариулын урт 13 см, ажлын хэсгийн урт 20 см хэмжээтэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-н Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.Г-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            5. Шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар ногоон өнгийн гурвалжин дүрстэй 50х30 см хэмжээтэй даавуун материалтай орны бүтээлэг 1 ширхэг, цагаан өнгийн бариултай бариулын урт 13 см, ажлын хэсгийн урт 20 см хэмжээтэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ

 

              ШҮҮГЧ                             Б.БАТТУЛГА

 

                  ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ