Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.А даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт З-ын Тт холбогдох эрүүгийн 2217001250089 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн........... сумын ...... дугаар баг, ........ километр, ....... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

урьд сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 07 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Х овогт З-ын Т /РД:............................/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 3 дугаар гудамжын 8 тоотод 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Атай маргалдан улмаар түүнийг бусадтай хардан толгойн тус газар нь халуун сав шидэж эрүүл мэндэд нь зүүн зулай хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч З.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 08 дугаар сарын 19-ний өглөө босоод 10 цагийн үед хажуу дэлгүүрээс 2,5 литрийн пиво аваад ээхийнхээ гэрт ороод ээж Д-, эхнэр А нарын хамт уусан. Манай ээжийнх манай хашаанд байдаг юм. Тэгээд пиво ууж дуусаад эхнэр А бид 1 гэртээ ороод байж байхад 13 цагийн үед манай найз Г хөдөөнөөс ирлээ гээд 1 шил 0,750 илтрийн архи авчирсан ямар архи авчирсныг нь санахгүй байна. Тэгээд ээжийнд ороод манай ээж, эхнэр А, Г бид нар авчирсан архийг хувааж уугаад би жаахан согтчихсон байсан бөгөөд найз Гтэй авгайгаа хардсан байх А руу ууралсан чинь миний өөдөөс хэрэлдээд байсан. Тэгээд би ээжийн гэрийн голд ширээн дээр байсан жижиг цагаан өнгийн халуун савыг А руу шидсэн чинь толгой хэсэгт оноод халуун сав хагараад газар унасан чинь Аын толгойноос цус гараад байсан. Тухайн үед А бага хүү Э-ийг тэвэрсэн байсан. Халуун саванд цай байгаагүй Аын толгойг л оносон хүүгээ оноогүй. Тэгсэн чинь А уурлаад эмнэлэг цагдаа дуудсан, удалгүй эмнэлэг ирээд Аыг манай хүүхэдтэй цуг аваад явсан. Харин цагдаа нар намайг эрүүлжүүлэх байранд хийсэн...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 86 хуудас/

 

2. Хохирогч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 3-8 тоотод гэртээ байж байгаад 10 цагийн үед Т бид 2 хажуу гэрт байдаг хадам ээж Д-ын гэрт 2,5 литрийн савалгаатай 1 пиво хувааж уусан. Тэгээд гэртээ ороод байж байхад 12 цагийн үед манай нөхөр Тын найз гээд хөдөөнөөс 1  залуу ирсэн. Би тэр залууг танихгүй, өмнө нь харж байгаагүй одоо харин харвал зүс танина. Тэр залуу ирэхдээ 1 шил 0,750 литрийн 1 шил Чингис нэртэй архи авчирсан. Тэгээд тэр архиа манай хадам ээж Д-, нөхөр Т, нөгөө залуу бид нар хувааж уугаад сууж байхад Т гэнэт л над руу уурлаад загнаад байхаар нь би юунаас болоод загнаад байгааг нь мэдэхгүй хэрэлдсэн чинь Тын найз нь гэрээс гарч яваад дахиж орж ирээгүй. Тэгтэл Т ширээн дээр байсан жижиг халуун сав авч шидээд миний толгойн зүүн орой хэсэгт оноод толгой хагараад цус гарсан. Тус халуун саван бага зэрэг цай байсан гэхдээ хүн түлэхээр цай байгаагүй. Тэгээд толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг дуудаж эмнэлэг дээр очиж оёо тавиулсан. Миний толгойноос гарсан цус хүү Эрхэсийн толгой дээр дуссан байсан чинь эмнэлгийн хүмүүс харчихаад толгой нь хагарсан юм шиг байна гээд эмнэлэг аваад явсан. Эмнэлэг дээр ирээд хүүхдийн толгойны цусыг нь угаасан чинь зүгээр байсан. Тэгээд цагдаа ирээд Тыг аваад явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

3. Гэрч Ц.О- мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2022 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед Т А 2 архи уусан байсан. Хашаан дотроо хэрэлдэж маргалдаад, ноцолдоод, зодолдоод байсан. Тэгээд өдөр 12 цагийн орчимд Д- гэх эмээ манай дэлгүүрээс 1 том пиво аваад гэрлүүгээ орсон. Д эгч гэрлүүгээ А, Т 2-той цуг орж тэр пивоо уусан. Тэгээд гарч ирээд надаас архи нэхээд байхаар нь би өгөхгүй гэтэл намайг хэл амаар доромжилсон. Тэгээд байж байгаад 00 орох гээд явж байтал А толгойноос нь цус гарсан байдалтай сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Т халуун сав шидсэн гэж байсан. Би яг хажууд нь байгаагүй болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/

4. Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би яг хэзээг нь санахгүй байна 2022 оны 08 дугаар сарын дундуур хаягийг нь хэлж мэдэхгүй байна Сүмбэр сумын 3-р баг Хонхороос хойш гэр хороололд найз Тынд очсон юм. Тухайн үед 12 цаг болж байсан Т эхнэрийн хамт гэртээ байна. Тэр 2 архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Би айлд очихдоо хоосон очоод яахав гээд 1 шил 0,750 литрийн Чингис нэртэй архи авч очсон. Тэгтэл Т хажуу гэрт орьё гэхээр нь ортол Тын ээж сууж байсан нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд Т, А, Тын ээж бид нар тэр архийг хувааж уусан. Тэгээд тэр архийг дуусаж байхад Т нилээн согтсон байдалтай эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Би эхэндээ яагаад хэрэлдээд байгааг нь ойлгохгүй байсан чинь надтай хардаад байгаа бололтой чи Г-ийг харчихаад гээд над руу заагаад байхаар нь надтай хардаад байгаа юм байна гэж бодоод би гэрээс нь гараад явсан. А тэд нар 2 том пиво уусан гэж байсан. Тэгээд би буцаж ороогүй гэртээ харьсан намайг тэднийд байхад Т нь Аыг зодсон зүйл болоогүй, намайг гарсаны дараа зодсон байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

5. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183 дугаар дүгнэлтэнд:

Ч.Аын биед толгойн зүүн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн 2022.08.19-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 68, 71-7 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Төв аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 82 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч З.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 3 дугаар гудамжын 8 тоотод 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Атай маргалдан улмаар түүнийг бусадтай хардан толгойн тус газар нь халуун сав шидэж эрүүл мэндэд нь зүүн зулай хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч З.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Тын өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.А, гэрч М.Г, У.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.

Мөн шүүгдэгч З.Т нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч З.Т  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо гэр бүлийн асуудлаар ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч З.Т нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч З.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч З.Т нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч З.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч З.Тын хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2217001250089 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хагархай халуун сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч Ч.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч З.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт З-ын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тыг  500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч З.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хагархай халуун сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ