Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2019/00210

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2019/00210 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д,

Хариуцагч: С.А,

Хариуцагч: С.М нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.440.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, хариуцагч Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гэрч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т миний бие нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С.М, С.А, Д.Д нарт 2.000.000 төгрөгийг 8%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний хугацаа дуусаж мөнгөө төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5%-ийн алданги бодож тооцохоор болсон. Гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хүү нь 960.000 төгрөг, нийт 2.960.000 төгрөг болсон. Үүний алданги нь 1.480.000 төгрөг нийт 4.440.000 төгрөг болсон. Миний бие хариуцагч С.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул энэ мөнгийг хариуцагч С.А, Д.Д нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны эхээр С.Т гэдэг хүнээс өдрийн зээл авч түүнийгээ өгөлцөж авалцаж байгаад сүүлд нь 980.000 төгрөг үлдсэн. Миний охин С.М Солонгос явах гэж байхдаа энэ залуутай уулзаж би энэ мөнгийг одоохондоо өгч чадахгүй байна Солонгост очоод 2.000.000 төгрөг болгож төлье гэсэн байна. Тэгвэл чи гэрч болгож 2 хүн олж ирээд гарын үсэг зуруул гэсэн болохоор нь С.А бид хоёр гарын үсэг зурсан юм. 2.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С.Таас хүлээж аваагүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иймд 2.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Аби С.Т гэдэг хүнээс 2.000.000 төгрөг аваагүй. Мөнгөнцэцэг өдрийн зээлийн үлдэгдэл 980.000 төгрөг үлдсэн, үүнийг нь 2.000.000 болгож өгнө гэж ярилцаад ээж бид хоёрыг гарын үсэг зураад өгөөч гэхээр нь зурсан юм. Дүү Солонгос руу явах гээд элчинд виз хүссэн байсан. Гэвч виз нь гараагүй учир өгч чадаагүй байна. Уг нь виз гарсан бол 100.000, 200.000-аар нь өгье гэсэн боловч Тамир тэгж цувуулахгүй гээд аваагүй гэсэн гэжээ.

Хариуцагч С.Мт холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч С.Т татгалзсан.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т нь зээлийн төлбөрт 2.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 960.000 төгрөг, алдангийн төлбөрт 1.480.000 төгрөг, нийт 4.440.000 төгрөгийг хариуцагч Д.Д, С.А, С.М нараас шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Мт холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч Д.Д, С.А нар нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2.000.000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй, өмнөх зээлийн төлбөр байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан талаар маргаагүй боловч тухайн зээлсэн мөнгийг хүлээж авсан эсэх талаар маргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог боловч, ийнхүү мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн аваагүй гэх тайлбар нь хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон тул хариуцагч нар нь уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан, 1-9 гэсэн дугаарлалт бүхий дэвтэр /хариуцагч талаас гаргаж өгсөн ногоон эрээн дэвтэр /-ийн хуудаснуудад бичигдсэн бичвэрүүдэд нэхэмжлэгч С.Т гарын үсэг зураагүй тул уг баримтыг эргэлзээтэй гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Нөгөө талаас, талуудын хооронд үйлдсэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ гэх бичмэл баримтад: ...2.000.000 төгрөгийг Сандагсүрэн овогтой Тамираас зээлэв хэмээн, үйл баримтыг болж өнгөрсөн цаг дээр, мөнгө хүлээж авсан агуулгаар бичсэнээс гадна 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь гэрч Ц.Ггийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хэдийгээр гэрчээр шүүхэд мэдүүлэг өгсөн Ц.Г нь нэхэмжлэгч С.Тын эхнэр, хамтран зээлдүүлэгч мөн гэж үзэхээр байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д зааснаар өөрөө зөвшөөрч мэдүүлэг өгсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ. Энэ тохиолдолд гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хуулиар зөвшөөрсөн нотолгооны хэрэгсэлд тооцогдох юм.

Зохигчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримтын эх сурвалж болдог. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зохигч хэргийн талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй болохыг хуульчилсан хэдий ч зохигчийн энэхүү үүрэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагддаггүй ба гагцхүү тухайн этгээдийн өөрийн ашиг сонирхлоор хамгаалагддаг байна. Харин гэрчийн мэдүүлэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг тул маргаж буй үйл баримтыг тогтооход ач холбогдолтой гэж шүүх үзсэн болно.

Дээр дурдсанаар талуудын хооронд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ баримтын Мөнгө зээлүүлсэн хэсэгт С.Т, Ц.Г нарын нэр бичигдэж, гарын үсэг зурсан байх тул С.Т болон Ц.Г нарыг хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзнэ. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн аль нэг нь, дангаар үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байдаг байна.

Хариуцагч талаас, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нэхэмжлэгчид төлбөр төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нараас зээлийн төлбөрт 2.000.000 төгрөгийг, гэрээгээр тохирсон хүү болон алдангийн хамтаар гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

Талуудын байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хүүгийн нөхцөл ойлгомжгүй бичигджээ. /1 сард 8 хувийн хүү тооцох, эсхүл нийт зээлийн гэрээний хугацаанд 8 хувийн хүү тооцох эсэх/ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д: Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба зээлийн гэрээнд сар бүр, эсхүл 1 сард 8 хувийн хүү тооцох талаар бичигдээгүй байна.

Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т: Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.гэж заасан байна. Нэхэмжлэгч С.Т нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд: Зээлийн үйл ажиллагаа тогтмол эрхэлдэггүй, эхнэрийн найзын хувьд туслалцаа үзүүлсэн... гэх тайлбар нь гэрээнд ойлгомжгүй бичигдсэн хүүгийн тохиролцоог тодорхойлох нөхцөл байдал болсон /тогтмол орлого олох зорилгогүй гэж үзэхэд хүрсэн/ болно.

Дээр дурдсанаар зээлдэгч нар нь 2.000.000 төгрөгийг 6 сарын дараа, 160.000 төгрөгийн хүүгийн хамтаар зээлдүүлэгч нарт буцаан төлөх үүрэгтэй байсан ба энэ үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу өдрийн 0.5%-ийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасан үндэслэлээр мөн төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч С.А, Д.Д нараас 3.240.000 төгрөг /зээлийн төлбөр 2.000.000 төгрөг+хүүгийн төлбөр 160.000 төгрөг+алданги 1.080.000 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч С.Тт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч С.Ат шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дд мэдэгдсэн/ боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч С.Аийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тут тус баримтлан Д.Д, С.А нараас 3.240.000 төгрөгийг гаргуулан С.Тт олгож, нэхэмжлэлээс 1.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Т нь хариуцагч С.Мт холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.000 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д, С.А нараас 66.790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Тт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР