| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2022/0071/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/74 |
| Огноо | 2022-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С овогт С-н М-д холбогдох эрүүгийн 2217000000091 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 13-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, нөхрийн хамт Г аймгийн С сумын дүгээр баг, Г гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх С овогт С-н М /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.М нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дэрсэн ус” гэх газар иргэн Ц.Н-тай “мал нийлүүллээ” гэх шалтгаанаар маргалдан, түүнийг дэгээдэж унагах, гуя болон цээж хэсэгт нь цагаан хуванцар хоолойгоор цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гуянд цус хуралт, цээжинд баруун хөхний доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000091 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2. Шүүгдэгч С.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 02 цагийн үед манай хонь бэлчээртээ гарсан. Хонь ямаагаа бэлчээртээ гарахаар андахгүй тургилдаад мэдэгддэг юм. Тэгээд би өөрийн нөхөр З-г босоод малаа тогтоо гэсэн ба З гэрээсээ гарч яваад буцаад орж ирэхдээ манай мал урд айлын малтай нийлчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өглөө босож ялгая гэж хэлээд нөхөр бид хоёр унтацгаасан. Өглөө гэгээ ороход буюу барагцаагаар 06 цагийн үед босоод хонь ямаагаа ялгахаар мал руугаа нөхрийн хамт мөн хажуу айлынхаа О, Э-н хамт явсан. Тухайн үед мал гэрийнхээ зүүн урдхан талд байсан ба хонио ялгаж байхад урд айлын Н, А нар ирсэн. Тэгээд хонио ялгаж байгаад А-ийг ойрхон ирэхээр нь би малаа маллаж чадахгүй, малдаа маллуулсан юм гэж хэлээд А хажуугаар мотоциклтой өнгөрч байхад нь гартаа барьж байсан цагаан өнгийн зүйлээрээ цохисон. Гэхдээ А-ийг онож цохиогүй мотоциклийн суудал дээр цохисон. Гэтэл цаана байсан эхнэр Н нь чи миний нөхрийг зоддог хэн бэ, чаддаг юм бол чи намайг зодчих гээд миний хажууд хүрээд ирсэн. Тэгэхээр нь гартаа барьж байсан цагаан өнгийн зүйлээрээ Н-гийн гуя шилбэ хавьд 1 удаа цохисон. Тэгээд явахгүй миний хажууд байгаад байхаар нь Н-г цээж рүү нь түлхэж унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
3. Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн үед босоод гэрээсээ гараад хартал манай хонь, ямаа бэлчээртээ гараад баруун хойд зүг уул даваад явчихсан байсан. Тэгээд өөрийн нөхөр А-ийн хамт мотоциклоо унаад хонь ямааныхаа араас явтал манай хонь, ямаа жолоочийн овооны урдхан талд манай гэрээс баруун хойд зүгт 5-6 км зайд байх айлын хонь ямаатай нийлчихсэн байсан. Тухайн айл нүүж ирээд сар хүрэхгүй хугацаа өнгөрч байсан болохоор би хэнийх гэдэг айл болохыг мэдэхгүй байна. Нөхөр бид хоёрыг хонь ямаан дээрээ ирэхэд нөгөө айлын 2 залуу 2 хүүхэн ирчихсэн хонь ямаагаа ялгаад зогсож байсан ба нөхөр бид 2 мөн адил хонь ямаагаа ялгалцаад зогсож байхад нэг залуу нь хүрч ирээд та 2 малаа маллаж чадахгүй гээд уурлаад байсан. Манай нөхөр ямар нэгэн хариу хэлээгүй байтал нөгөө залуугийн эхнэр нь бололтой эмэгтэй ирээд малаа хариулж чадахгүй малдаа дээрэлхүүлчихсэн юм гэж хэлээд манай нөхрийг мотоциклоо унаад явж байхад нь ар нуруу нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би хөл муутай нөхрийг минь яагаад цохиж байгаа юм, нийлсэн малыг ялгаад болоо биз дээ гэж хэлтэл чи муу малаа аваад зайл гэж над руу орилоод нөгөө хүүхэн намайг дэгээдэж 2 удаа газар унагаад баруун гуя руу гартаа барьж байсан цагаан зүйлээр 2 удаа, цээж рүү нэг удаа цохисон. Тэгээд эмэгтэйд цохиулснаас үүдэн миний баруун гуя хөхөрсөн, алхахад хөл чинэрч өвдөж байгаа, мөн унаснаас болоод миний толгой хойгуураа өвдөж байна. Намайг зодсон эмэгтэйг би танихгүй, мөн буцааж нөгөө эмэгтэйг зодож цохисон асуудал байхгүй. Би бусдад зодуулсандаа гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 7, 9 дүгээр хуудас/,
4. Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 6 цагийн үед босоод гэрээсээ гартал манай хонь ямаа гэрээсээ баруун хойд зүгт бэлчиж байсан. Тэгээд машинаа унаад хонин дээр яваад очтол манай гэрээс баруун хойд зүгт 3 км-н зайд байх айлын хоньтой нийлчихсэн байсан. Тухайн айлыг хэнийх гэдгийг мэдэхгүй. Учир нь тэднийх нүүж ирээд удаагүй. Тэгээд би гэр лүүгээ буцаж яваад мотоциклоо унаад эхнэр Н-гийн хамт хонин дээрээ иртэл нөгөө айлаас 2 залуу, 2 эмэгтэй ирчихсэн хонио ялгаад зогсож байсан. Тэгээд би бас хонио ялгаад зогсож байтал нөгөө айлын нэг эмэгтэй гартаа цагаан өнгийн зүйл барьчихсан амандаа хараагаад байхаар нь би хараагаад яахав дээ хонио ялгая гэтэл чи муу малаа маллаж чадахгүй, малдаа маллуулдаг гэхээр нь би шөнө бэлчиж байгаад нийлчихэж байгаа малыг би яах юм гэсэн. Тэгээд миний араар хонь гараад гүйхээр нь би мотоциклтойгоо араас нь явтал нөгөө эмэгтэй миний нуруу руу гартаа барьж байсан цагаан өнгийн зүйлээр 1 удаа цохисон. Тухайн үед би тоолгүй хонио ялгахаар явсан бөгөөд тэр эмэгтэйд цохиулснаас үүдэн маргааш нөгөөдөр миний нуруу бага зэрэг өвдөж байгаад зүгээр болчихсон. Гэтэл манай эхнэр цаанаас чи яагаад хөл гар муутай манай нөхрийг цохиод байгаа юм гэхэд нөгөө эмэгтэй манай эхнэрийг бариад авчихсан газар унагааж байсан. Мөн гартаа барьсан цагаан өнгийн зүйлээр нэг удаа баруун гуя руу цохиж байхыг би харсан. Тухайн үед хонь буцаад нийлэх гээд байсан болохоор би тэр 2-г очиж салгаж чадаагүй. Мөн 2 эмэгтэй хүний дундуур ороод яахав гэж бодсон. Төд удалгүй салцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
5. Гэрч Ю.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
М бид хоёр хамтран амьдраад нэг жил гаран болж байна. Бид 2 дундаасаа хүүхэдгүй, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. М нь 1977 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймаг төрсөн, эхээс 4-лээ, айлын 3 дахь хүүхэд. Бүрэн бус дунд боловсролтой. С.М нь зан байдлын хувьд төлөв даруу, ажилсаг, ямар нэгэн илүү дутуу зангүй, бусадтай муудаад байдаггүй, ер нь их хөдөлмөрч хүн байгаа юм. Миний хөл гэмтэлтэй бөгөөд гэрийн бүхий л ажлыг манай хүн амжуулдаг. Одоо М-тай бид 2 Сүмбэр сумын 4 дүгээр багт хөдөө мал маллаж амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
6. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манайх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг Гашууны урдхан талд Ю.З-ынхтай нэг айл болж буугаад 1 сар гаран болж байна. Манайх З-ын малтай малаа нийлүүлж хамт малладаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 6 цагийн үед босоод хартал манай хонь, ямаа урд саахалт айлын малтай нийлчихсэн байсан. Тэгээд хонь ямаагаа М, З, нөхөр Э бид 4 ялгаад байж байтал А, Н нар ирсэн. Н, М нар зогсоод юм яриад байх шиг байсан. Би тэр хоёроос нилээн зайтай байсан болохоор юу ярьсныг сонсоогүй. Хонь ямаагаа ялгаж дуусаад хороон дээрээ иртэл М Н-тай маргалдсан талаар цухас дурдаад өнгөрсөн. Юунаас болж маргасан талаар хэлээгүй. М Н хоёр маргалдаад нэг нэгнийгээ цохиж зодсон талаар би хараагүй. Би тэр хоёроос нилээн зайтай хонио ялгаад тэр хоёрыг харах сөхөөгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
7. Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
С.М эгчийг би бага байхаасаа мэднэ. 1977 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймаг төрсөн, эхээс 4-лээ, айлын 3 дахь хүүхэд. Бүрэн бус дунд боловсролтой. Өргөж авсан ганц хүүгийнх нь нэрийг Хонгор гэдэг. Одоо 9-р ангид сурдаг. М эгч зан байдлын хувьд зөөлөн цагаахан сэтгэлтэй, тусч хөдөлмөрч, бусдад хэлье гэснээ шуудхан хэлчихдэг, шударга хүн байгаа юм. Ямар нэгэн зан байдлын доголдол байхгүй. Өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүй. Ямар нэгэн хорт муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй хүн байгаа юм. Одоо Сүмбэр сумын 4 дүгээр баг хөдөө З гэдэг хүнтэй мал маллаж амьдардаг. З-той албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хүүхэдгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
8. Хохирогч Ц.Н-гийн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/,
9. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаартай дүгнэлтэд:
- Ц.Н-гийн биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт, цээжинд баруун хөхний доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.09.29-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Баруун гуяны цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цээжинд баруун хөхний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 28-29 дугаар хуудас/,
11. Хохиролын баримт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
12. Шүүгдэгч С.М-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч С.М нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дэрсэн ус” гэх газар хохирогч Ц.Н-тай “мал нийлүүллээ” гэх шалтгаанаар маргалдан, түүнийг дэгээдэж унагах, гуя болон цээж хэсэгт нь цагаан хуванцар хоолойгоор цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гуянд цус хуралт, цээжинд баруун хөхний доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч С.М нь хохирогч Ц.Н-г мал нийлүүллээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн шүүгдэгч С.М нь хохирогч Ц.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Н, гэрч С.А нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч С.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.М нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар тогтоогдсон 296 445 /хоёр зуун ерэн зургаа мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг шүүгдэгч С.М нь нөхөн төлсөн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Харин хохирогч Ц.Н нь мөрдөн байцаалтын шатанд “толгой өвддөг болсон, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.М-гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч С.М-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.М-д холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120 см урттай, үзүүр хэсэгтээ нүх гаргаж цагаан өнгийн уяа бэхэлсэн, уяаны урт 97 см цагаан өнгийн хуванцар шилбүүрийг устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт С-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ц.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.Мгаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120 см урттай, үзүүр хэсэгтээ нүх гаргаж цагаан өнгийн уяа бэхэлсэн, уяаны урт 97 см цагаан өнгийн хуванцар шилбүүрийг устгасугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ