Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/239

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч С.М*******,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Батхүү, П.Цэцгээ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч П.О******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О*******т холбогдох эрүүгийн 2215000000198 дугаартай, 163/2022/0226/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт П******* О*******, Булган аймгийн Баяннуур суманд .. оны .. дүгээр сарын ....3-ны өдөр төрсөн, Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр, ээж, хүүхдүүдийн хамт амьдардаг, 45 настай, эрэгтэй, урьд

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйл, 39 дүгээр зүйлүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД: ...../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.О******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.М*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000198 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.О******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Могод суманд болсон 3 түмэн адууны баярт оролцохоор ирээд тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.М*******тай өөрийн бор азаргаа улсад уралдуулж, айрагдуулна гэх асуудлаас болж маргаан үүсгэн маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь 2, 3-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 1, зүүн 1-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

          1.Шүүх хуралдаанд шүүгдэгч П.О*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч дүүгээсээ уучлалт гуйж байна гэв.

2. Шүүх хуралдаанд хохирогч С.М*******ын өгсөн: Төдийгөөс өдий хүртэл О******* гэж хүнийг төрсөн ах шигээ хүндэлж хайрлаж, сайхан харилцаатай байсан нь үнэн. Морь мал уяад сүүлийн 3 жилийн хугацаанд Булган аймгийн наадамд О******* гэдэг хүний бор болон хээр азаргыг нь аймгийн наадмаас 2 түрүү 1 аман хүзүү авч өгсөн. Хамтдаа л сайхан наадаж, хамтдаа л нэр алдраа өргөж явъя гэж бодсон болохоос муу санаж, муу зүйл хийж байсан удаа байхгүй. Тухайн үед яагаад би Т шиг байж чадна. Би чамайг ална гээд зодсон юм бол. Миний утсан дээр бичлэг хүртэл байгаа. Бичлэг хийлээ шүү ахаа гээд бичлэг хийж байхад би чамд өс санаж явдаг, би чамайг яавал ч яаж чадна, би Т шиг байж чадна гэж хэлсэн үгнүүдийг нь бодохоор өс хонзонгийн сэдэлттэй байсан юм болов уу? гэж бодож байгаа. Тухайн үед миний үүдэн 2 шүд хугараад, нурууны 2 сэртэн яс хугарсан. Сүүлд дүрс оношилгооны шинжилгээгээр 2 үений нурууны голын зөөлөн эд диск дээр бүрхүүл урагдалтай ханзарсан, өнчин тархины хажууд усан уйланхай үүссэн гэж хариу гарсан. Зүгээр байж байгаад ийм их гэмтэлтэй болсон болохоор миний хувьд маш их гомдолтой байна. Имплант шүд хийгдэх нь дор хаяж 6, 7 сар эмчилгээ хийж байж шүд суулгах уу? үгүй юу гэдгийг хардаг юм байна лээ эмчилгээ үргэлжлээд явж байгаа. Цаашдаа ах******* эмчлүүлэх нь тодорхой болсон. Ах******* эмнэлгээр үзүүлнэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэргийн шүүхээр нэхэмжилнэ гэж бодож байгаа. Эргээд бодоод байхад П.О******* нь урдаас төлөвлөж байгаад намайг ийм болгосон учраас өс хонзонгийн асуудал байсан гэж бодож байгаа. Миний хувьд маш их гомдолтой байна гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хохирогч С.М*******ын өгсөн “...О******* нь машины урдуур орж ирж зогсоод намайг явуулахгүй машины хаалга онгойлгож татаж буулгаад машинаас холдож байгаад юм яръя гэхээр нь дагаад явж байтал янз бүрээр хэл амаар доромжлоод, хэрүүл өдөж байгаад хавирч газар унагаад нүүр лүү нэг удаа өшиглөж дээд нэг үүдэн шүдийг хугалсан /унасан/. Тэгэхээр нь би та миний шүдийг хугалчихлаа гэж хэлтэл дахин машины араар орж юм ярина гээд мөрнөөс татаад байхаар нь дагаад ортол би угаасаа чамд хорсож явдаг та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд дахин хавирч унагаагаад гараараа нүүр лүү цохиод хөлөөрөө миний хоёр хавирга руу өшиглөөд байсан тухайн үед миний 2 хавирга хугарчих шиг болсон тэгэхээр нь би О*******ыг одоо боль гэж хэлтэл намайг ална гэж хэлээд миний гар утсыг аваад дээлийг тайлж угаасаа чамайг алъя гэж бодсон би Т шиг байж чадна гээд инээгээд байсан. Тухайн үед дахин үүдэн дээд шүдний нэг нь хугарсан /унасан/ байсан ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 6 дахь тал/,

  1. Гэрч Э.С******* өгсөн “М*******, О******* хоёр нь хоорондоо архи ууж байгаад хэрэлдээд байж байтал О******* нь М*******ын нүүр лүү цохиод шүдийг нь хугалсан чинь М******* нь миний хоёр шүдийг хугалаад хаячихлаа гэсэн чинь О******* нь чи яасан бааштай янгууч пизда вэ гэж хэлээд О******* нь М*******ын дээр гарч сууж байгаад цохиж байгаад хавиргыг нь гэмтээсэн чинь М******* ах миний хоёр шүд хоёр хавирга хугалчихлаа одоо болно гэж хэлсэн чинь О******* нь Т Э алсан шиг ална гэж хэлээд дахин нүдээд байсан. Тухайн үед очоод салгах гэсэн чинь бид нарыг ойртох юм бол ална гэж хэлээд архины шил бар******* дайраад байсан. Тэгээд М******* ах босож ирээд машинаа унаад зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
  2. Гэрч С.Манлайбаатарын өгсөн “..гар утсаар манай дүү М******* нь над руу залгаад намайг О******* нь зодчихлоо миний хоёр шүдийг булга цохисон, цээжээр өвдөөд амьсгалж чадахгүй байна хамгийн түрүүн намайг зодчихоод дараагийн хүнийг ална гэж хэлээд Тулгын ухаа гэх морийг унаад бусад хүмүүсийг хөөгөөд явчихаар нь уг хүнээс зугтаагаад машинаа унаад Тулга ах дээр ирээд Тулга ахын утсаар ярьж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11017 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “С.М*******ын биед 2, 3-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 1, зүүн 1-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун 1, зүүн 1-р шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-иар алдагдуулна” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
  4. Яллагдагч П.О*******ын өгсөн “би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлд тохирч байна. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутагт түмэн адууны баяр болсон. Тухайн наадамд би өөрийн уясан морьдоо уралдуулсан юм. Тухайн наадамд миний уясан бор зүсмийн азарга аман хүзүүдсэн юм. Тэгээд орой наадам дуусаад хөдөө гараад морьдоо аргамжчихаад хамт морь уядаг М*******, туслах уяач нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Ингээд тухайн үед Сайханаа миний хонгор морийг авч явж гангаръя гэж байна гэж хэлтэл “та чөдрийн морь ярилаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний хоёр хүүд хэрэгтэй байх гайгүй төл гарах байлгүй дээ ах нь бор азаргаа улсад айрагдана гэж боддог гэж хэлэхэд “таны бор азарга шиг адуу улсад айрагддаггүй юм. Миний хүрэн морь, халтар үрээ шиг адуу л улсад айрагддаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би ”чи яахаараа дандаа хүний юм доош нь хийж байдаг юм бэ гэж хэлсэн. Ингээд М******* бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн, ингээд маргалдаж байтал М******* намайг толгойгоороо нэг удаа миний уруул хэсэгт мөргөсөн. Намайг мөргөхөд би хойшоо бараг унах шахаад буцаж босож ирээд М*******ын доогуур нь ороод өргөөд газарт унагаасан. Ингээд би М*******ын дээр нь гараад баруун гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь хоёр удаа цохисон. Намайг нүүр лүү нь цохисны дараа газраас М******* босож ирээд миний 2 шүд хугарчихлаа гээд хугарсан шүдээ надад үзүүлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.М*******ын мэдүүлэг, гэрч Э.С, С.Манлайбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч П.О******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Могод суманд болсон 3 түмэн адууны баярт оролцохоор ирээд 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.М*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь 2, 3-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 1, зүүн 1-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Хэргийн хохирогч С.М*******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж хэргийн онолоо дэвшүүлж, хохирогчийн өмгөөлөгч нар улсын яллагчийн байр суурийг дэмжиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг төлүүлэх байр сууринаас, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О гэм буруугийн талаар маргахгүй, хөнгөрүүлэх талаас хэргийн онолоо тус тус дэвшүүлж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч П.О******* нь үл ялих зүйлээр шалтаглаж маргалдсаны улмаас хохирогч С.М*******ын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос П.О*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч П.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч С.М*******ын биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч С.М******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 254.500 төгрөгийн, шүүхийн шатанд эмчилгээний зардалд 8.548.000 төгрөгийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 5.660.884 төгрөгийн нийт 14.463.384 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч П.О******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд 254.500 төгрөгийн хохирлыг хохирогч С.М*******ын дансанд төлж барагдуулсан байна.

Шүүх хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.О*******аас эмчилгээний зардалд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Сон медикал эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн 157.500 ₮, АБА фарм трейдинг-ээс худалдан авсан өвчин намдаах эмний үнэ 25.500 ₮, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ДУБ эрүүл мэндийн үйлчилгээ гэх 650.000 ₮, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн БАСА өвчтөнд үзлэг хийх үйлчилгээ гэх 3.030.000 ₮, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НС12271210 сугалааны дугаартай 2.310.000 төгрөгийн БАСА эмнэлгийн үйлчилгээ гэх нэртэй е.баримт, НС122271212 сугалааны дугаартай 2.310.000 төгрөгийн БАСА эмнэлгийн үйлчилгээ гэх е.баримт, Басхүү медикал клиник БАСА эмнэлгийн үйлчилгээ 65.000 ₮ нийт 8.548.000 төгрөг, Улаанбаатар хотоос Булган аймагт шүүх хуралдаанд ирэх, буцах унааны шатахууны үнэ 285.008 ₮, 205.876 ₮, Сэлэнгэ мэргэн ХХК-ны буудлын төлбөр 170.000 ₮ нийт 660.884 төгрөг, бүгд 9.208.884 төгрөгийг хангаж, шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 

Мөн хохирогч С.М******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр МЕД ТРАУМА эмнэлэгт толгойн болон бүсэлхийн нурууны соронзон резонаст томографи хийлгэсэн, эрүүл мэндийн хохирол бүрэн эдгэрээгүй дахин эмчилгээ хийлгэнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт дүрс оношлогооны шинжилгээний хариуг нотлох баримтаар гаргаж өгч байх тул хохирогч С.М******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хохирогчийн өмгөөлөгч авсан зардал 5.000.000 /таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулахаар заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2018.05.30-ны өдрийн 161 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор заасан байна”. Төлбөрийн чадваргүй хохирогчид улсын өмгөөлөгч томилсон тохиолдолд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байх тул төлбөрийн чадвартай хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, иргэд хоорондын сайн дурын чөлөөт сонголтын үндсэн дээр хийгддэг хэлцэл байна.

Иймд хохирогчийн өмгөөлөгч нарт төлсөн 5.000.000 /таван сая/ төгрөгийн хөлс нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.О*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 38-53 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 402 дугаартай мал тооллогын тодорхойлолт, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, захиргааны зөрчил шийдвэрлэлтийн хайлтын системийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч П.О******* нь ам бүл 6, эхнэр, ээж, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багт 1440 толгой мал маллан амьдардаг, нэр дээр Булган аймгийн Б......... гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч П.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох,  хохирогчийн өмгөөлөгч нараас 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дөрвөн зуун тавин нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.О*******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан улсын яллагчаас гаргасан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О шүүгдэгч П.О******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилсэн 254.500 төгрөгийг хохирогчид төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж мэтгэлцэж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос 14.208.884 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг ирүүлсэн, шүүх нотлох баримтын шаардлага, хэргийн хамаарлыг нягтлан шалгаад шүүгдэгчээс 9.208.884 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн хуралдаанаас шийдвэрлэсэн дээрх хохирлыг хуульд зааснаар завсарлага авч төлөхөө илэрхийлээгүй болно.

Иймд шүүгдэгчид учруулсан хохирлыг төлсөн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч П.О*******ын гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байх ба С.М*******ын эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодод нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О*******ыг 3 /гурав/ сарын хугацаагаар Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.О******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч П.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* овогт П******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О*******ыг 3 /гурав/ сарын хугацаагаар Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.О******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч П.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О*******аас 9.208.884 /есөн сая хоёр зуун найман мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо 764-13 тоотод оршин суух /ГД89121873/ хохирогч С.М*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч П.О*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ