Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гд холбогдох эрүүгийн 2219002940307 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Н.Г

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Сидней караокед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан, улмаар нийтийн караокены өрөөний зурагтыг пивоны шил шидэж гэмтээн бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Иргэний нэхэмжлэгч Д.Соронзонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг гэртээ байхад манай караокены зөөгч Оюунчимэг залгаж “караокед хүмүүс зодолдоод нийтийн караокены зурагтыг хагалчихлаа” гэхээр нь би очсон. Намайг очиход цагдаагийн алба хаагч болон өөр нэг хүүхэдтэй согтуу эмэгтэй, түүний найз залуу гэх эрэгтэй байсан. Мөн хамт явж байгаа гээд нэг эрэгтэй байсан. Зөөгчөөс юу болсон талаар асуухад тэр эмэгтэйн нөхөр гэх залуу нийтийн караокед байх үедээ пивоны шил шидэж байхыг харсан гэж хэлсэн. Би уг зурагтыг 1,299,990 төгрөгөөр худалдаж авсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

          Гэрч Х.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 11-ний оройн 23 цагийн үед үүдний өрөөнд орсон хэдэн залуус ариун цэврийн өрөөнөөс гарахдаа нийтийн өрөөнд сууж байсан 2 залуу, 1 хүүхний сууж байсан газар очиж маргалдаж, пивоны шил авч шидэж зодолдож эхэлсэн. Тэгээд зурагтыг пивоны шилээр ариун цэврийн өрөө рүү орох гэж байсан 2 залуугийн нэг нь оночихсон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

         Гэрч О.Пүрэвцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... АТМ-ээс мөнгө авахаар гараад буцаад ороод ирэхэд нөгөө туслах Оюунчимэг нийтийн өрөөнд байгаа хүмүүс зодолдоод байна гээд хүмүүсийг нь гаргаад ирчихсэн байсан. Тэгээд би бохироо цэвэрлэхээр ороход зурагт хагарсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

        Гэрч Д.Мөнхбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г, Гантулгын эхнэр Нандинбэлэг нарын хамт караоке орсон. Би караокед байх үедээ Сэнгүр пиво 16 шилийг уусан. Караокед ууж сууж байхад Нандинбэлэгийн танил гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүн нэмэгдэж ирсэн. Зурагт хагарсан үгүйг мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

         Гэрч Н.Нандинбэлэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 11-ний оройн 21 цагийн үед Сидней караокед нөхөр Г найз Мөнхбуян нарын хамт очиж, ресепшний текний баруун талын өрөөнд орсон. Би караокед Сэнгүр пиво 12 шилийг уусан. Бид 3 дээр хамаатны дүү Учралзаяа, нөхөр Бат-Эрдэнийн хамт ирж бид нартай суусан. Караокед байхад дүү Учралзаяа эгч зодоон болоод байна гэхээр нь хаана гэхэд нийтийн караокед гэсэн. Өрөөнөөс гарахад 2 эрэгтэй хүн караокеноос гараад явсан ... зурагтын дэлгэцийг хэн хагалсныг мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

          Гэрч Ц.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... намайг караокеноос гарах үед үүдэнд 2-3 залуу байсан. Нэг залуу нь намайг хөөе гэж дуудахаар нь эргээд харсан чинь өндөр бор залуу ирээд намайг мөрлөн “чи хэн бэ” гэхээр нь “чи яах гээд байгаа юм” гээд гарах үед эхнэр Пүрэвцэцэг намайг “боль боль гар” гэж хэлсэн. Харин Оюунчимэг нь “манай нөхөр байгаа юм, чи яах гээд байгаа юм” гэж тэр залууд хэлсэн. Намайг хэн гэдэг залуу мөрлөсөн талаар мэдэхгүй. Би буцаж Сиднейд очоогүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

         Гэрч О.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г гэх залуу анх таарсан үеэс эхлэн өөрийгөө удирдах чадваргүй, ойр хавийнхаа хүмүүсийг өдөн муудах гээд яваад байсан. Намайг нийтийн караокед үйлчлүүлж байхад зурагт хагарч, цуураагүй байсан. Миний бодлоор Г юм уу, хүүхэдтэй эмэгтэй хоёрын аль нэг нь зурагт хагалсан гэж бодож байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

          Шүүгдэгч Н.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 07 дугаар сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад Мөнхбуян, Нандинбэлэг нарын хамт Сидней караокед орж, ресепшний зүүн талд байх өрөөнд орсон ... Нойл руу ороод гараад ирэхэд нийтийн караокены үүдэнд Учралзаяа, түүний нөхөр Баагий нар хүмүүстэй маргалдаж байхаар нь би Баагийг өмөөрч муудалцаж байсан хүмүүсийн дунд орж санамсаргүй нийтийн караокены зурагтыг шивоны шилээр хагалсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 36, 49 дүгээр хуудас/,

          “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №881 дугаартай “... 55 инчийн зурагт 500,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,

         Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

          Хохирол төлсөн баримт  /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Сидней караокед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан, улмаар нийтийн караокены өрөөний зурагтыг пивоны шил шидэж гэмтээн бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Иймд шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Соронзонтуяад учруулсан хохирол 500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Н.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Г нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА