Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Хохирогч Ц.Ч,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тт холбогдох эрүүгийн 2219001570204 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         С.Т

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч С.Т нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу фэйсбүүкээр зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, Хаан банкны 5023384449 дугаартай дансыг ашиглаж, хохирогч Ц.Чээс 180,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч С.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2022 оны 03 сарын хэдэнд гэдгээ сайн мэдэхгүй байна. Хохирогч Чээс мөнгө залилж авсандаа харамсаж байна. Мөнгө авна гэж бодоогүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна ...” гэсэн мэдүүлэг,

          Хохирогч Ц.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 03 дугаар сард үсчин дээр байхдаа хулдаас зарна гэсэн зар байхаар нь залгасан,найдвартай гэж байсан. Тэгээд над руу залгаад та яасан бэ, мөнгөө шилжүүлээч би найдвартай 2 боодол хулдаасыг чинь явуулъя гэсэн. Найдвартай юм бол хүнээс хүүтэй мөнгө зээллээ гээд хүнээс хүүтэй мөнгө зээлээд шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлээд орой нь залгахад утсаа аваагүй, маргааш өглөө нь залгахад утсаа авсан, тэгээд яасан бэ гэхэд тээшинд хийсэн та одоо очоод авчих гэж хэлсэн. Тээшин дээр очиж асуухад тийм зүйл ирээгүй гэж хэлээд би 2 цаг хүлээсэн. Би 3, 4 хоноод мөнгөө буцаагаад шилжүүлчих юм болов уу гэж их хүлээсэн. Аргаа бараад цагдаад өгсөн ...” гэсэн мэдүүлэг,

          Хохирогч Ц.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Дорноговь Сайншанд” нэртэй олон нийтийн цахим сүлжээнд “гэр ахуйн шалны хулдаас хямд үнээр зарна” гэсэн зарын дагуу “Амжилт дээшээ” нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй чатаар харилцаж 2 боодол /нэг боодолдоо 40 метртэй/  80 метрийн урттай шалны хулдаасыг 180.000 төгрөгөөр худалдан авахаар болж өөрийнхөө утасны дугаарыг чатаар тэр хүн рүү явуулсан. Удалгүй над руу 90550123 дугаарын утаснаас эмэгтэй хүн залгаад Сайншанд сумаас хулдаас авахаар холбогдсон хүн мөн үү,  Сайншанд руу тээшинд бараа хийх гэж байна. Та авахаар бол яаралтай 5023384449 дугаарт данс руу 180.000 төгрөгийг шилжүүл гэж хэлсэн. Тухайн үед би итгээгүй болохоор мөнгө шилжүүлээгүй юм. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр над руу 90550123 дугаараас дахиж залгаад “Сайншандаас хүмүүс хулдаас захиалж байна. Би тээшинд бараа хийх гэж байгаа учраас та захиалга өгөх үү ? Хулдаас авахаар бол 5023384449 дугаартай данс руу мөнгөө хийгээрэй гэхээр нь итгээд 180.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 08:00 цагт залгахад “Би таны барааг вагоны тээшинд хийчихсэн байгаа гэж хэлэхээр нь Сайншанд сумын вагоны тээшинд очиж үзтэл миний нэр дээр ямар нэгэн бараа ирээгүй байсан. Бараа захиалсан 90550123 дугаарын утас руу “Амжилт Дээшээ” нэртэй фэйсбүүк хэрэглэгч рүү залгахад намайг блок хийсэн. Дээрх асуудлаас болж би цахим орчинд бараа захиалахаар үл таних хүн рүү 180.000 төгрөг шилжүүлсэн учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 79 дүгээр хуудас/,

           Гэрч Б.Ууганаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 4 хороо Алтайн 10-18 тоот хаягаас такси дуудлага өгсөн. Тэгэхээр нь яваад очиход бор царайтай эмэгтэй гарч ирж миний машинд суусан. Машинд суугаад төв Хаан банк орно гэж хэлэхээр нь төв Хаан банкин дээр очсон...удалгүй гарч ирээд ахаа би виза картаа мартчихсан байна, та виза картаа ашиглуулаач гэсэн. Тэгэхээр нь би виза картаа өгөөд миний виза карт руу 240.000 төгрөг хийгээд авсан...Таны үзүүлсэн зургийг үзлээ миний данс руу мөнгө хийгээд авсан хүн мөн байна. Тухайн хүнийг яаж таньж байна гэхээр царайны төрхөөр нь болон нүдээр нь таньж байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

          Шүүгдэгч С.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк дээр хулдаас дуудлагаар зарна гэсэн утга бүхий пост бичсэн, удалгүй Ц.Ч гэх хүн над руу 2 боодол хулдаас худалдаж авъя гэж чат бичсэн. Тэгэхээр нь би 1 боодол нь 90.000 төгрөг та худалдаж авах гэж байгаа бол Хаан банкны 5023384449 дугаарын данс руу 180.000 төгрөг шилжүүлсний дараа унаанд хулдаасыг нь тавьж явуулах болно гэж хэлсэн. Удалгүй миний дансанд 180.000 төгрөг орж ирсэн... тэгээд тухай хүнийг фейсбүүк дээрээ блок хийчихсэн юм ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 75-76 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Чээс Сайхнаагийн /данс руу 180.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

Скайтел ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22/7516 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 12-19 дүгээр хуудас/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 39-59 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч С.Т нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу фэйсбүүкээр зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч Ц.Чээс Хаан банк дахь өөрийн ээж болох Сайхнаагийн 5023384449 дугаартай дансыг ашиглаж 180,000 төгрөг шилжүүлэн авсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох хууран мэхлэх аргаар хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийн үндсэн шинжид хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг.

Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэдэг нь хохирогчийг хуурч, төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд хууль бусаар авах үйлдлийг хэлнэ.

Шүүгдэгч С.Т нь ямар нэгэн лангуу ажиллуулж наймаа эрхэлдэггүй атлаа цахим хэрэгсэлд “Амжилт дээшээ” нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээж “лангуугаа буулгаж байгаа учраас үлдэгдэл бараагаа хямдруулан зарж байна” гэж зах зээлийн үнээс илтэд хямд буюу нэг боодолдоо 40 метртэй хулдаасыг 90 000 төгрөгөөр зарна гэж бусдыг хуурч мэхлэх аргаар зар тавьж, “...одоо Сайншандын тээшинд хүмүүсийн захиалсан хулдаасыг хийж байна, авах бол мөнгөө шилжүүл гэх буюу таны захисан хулдаасыг тээшинд хийсэн ...” гэж итгэл төрүүлж, мөнгийг өөрийн ээжийн дансанд хийлгүүлж, түүнийгээ “...виза картаа мартчихлаа” гэж худал хэлж таксины жолоочийн дансаар дамжуулах авах, бусдын мөнгийг авсны дараа утсаа болон фэйсбүүк хаягаа блоклох зэргээр хүний эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зохилгоо хэрэгжүүлж, хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Ц.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол 180,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч С.Т хохирлыг төлж барагдуулаагүй байна.

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Таас 180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Чт олгох нь зүйтэй.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч С.Тт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, түүний хувийн байдал, зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй.

          Шүүгдэгч С.Т нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.

            Шүүгдэгч С.Т нь 67 удаагийн үйлдэлтэй залилах гэмт хэрэгт шалгагдаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/732 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял нэгтгэх хуулийн зохицуулалт хамаарч байна.

Шүүгдэгч С.Т нь өмнөх шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан нь ял эдэлж үлдсэн хугацаа тоологдох үндэсгүй байна.

Иймд С.Тт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч С.Т нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр 02-04 насны хоёр хүүхэдтэй, одоо 5 сартай жирэмсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, эмнэлгийн баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч мэхлэх аргаар хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч С.Тт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

        5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолд дурдсан цагдан хоригдсон 61 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Т нь бага насны хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг сануулсугай.

         8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд С.Т нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

         9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Таас 180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Чт олгосугай.

10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА