Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

         Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2219001780258 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, Дүүдээбаатарын 416 тоот хашааны гадна бага насны хохирогч Т.Мийн биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Бага насны хохирогч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ... Б ах намайг дуудахаар нь би чадахгүй гэж хэлээд цааш нь яваад өгсөн чинь араас дуудаад байхаар нь би сонсоогүй юм шиг яваад өгсөн чинь араас ирээд “намайг араасаа гүйлгэдэг ямар овоо бацаан бэ” гэж хэлээд баруун хөлөөрөө хавирч унагаад миний хажууд зогсож байгаад баруун гараа зангидаад миний зүүн талын хацар хэсэгт 1 удаа цохиж, зүүн гараараа миний баруун талын хацар руу 2 удаа алгадсан ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

           Насанд хүрээгүй гэрч М.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Мөрөнтэй хамт дэлгүүр ороод ирэхэд М буюу Мөнхүүш манай найз Мөрөнг зодоод байхаар нь би байрны ах Баагий ахад хэлсэн чинь очоод уулзах гэтэл Мөнхүүш Баагий ахыг элдвээр хэлээд байсан. Тэгтэл Баагий ах Мөнхүүшийг 1 удаа зүүн хацар руу нь алгадсан. Тэгсэн чинь Мөнхүүшийн ээж нь гарч ирээд Баагий ахыг болиулсан ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

         Шинжээч У.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т.М ирэхдээ толгой өвдөнө, нүд бүрэлзэнэ, нүдээр хатгуулна гэсэн. Т.Мийн биед учирсан зүүн нүдний алимын салстын цус харвалт гэмтэл нь дээрх цохиж алгадсаны улмаас үүсэх боломжтой. Учирсан гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байрны дүү Дөлгөөнмөрөнг дэлгүүр рүү төмсөнд явуулсан чинь Дөлгөөнмөрөн хүүхдэд зодуулсан гээд ороод ирсэн. Тэр үед би гэртээ байрны дүү Мөнгөншагай, Гансэлэм, Болдоо гуравтай сээр цохиж байсан. Тэгэхээр нь би Мөнгөншагай, Гансэлэм, Болдоо, Дэлгэрмөрөн нарын хамт гэрээс гараад Дөлгөөнмөрөнг зодсон гэх Мийн гэрийнх нь ойролцоо Болдоогийн гэрийн гадаа очсон. Мийг Болдоогийн гэрээс гаргаж ирээд “уулзъя” гэсэн чинь М “ахыгаа дуудаж байгаад чамайг зодуулна чамайг алуулна” гээд байхаар нь би зүүн гараараа Мийн толгойн араас нь зүүн хацар дээр нь 1 удаа алгадсан чинь газар унаад өгсөн. Тэгээд би босгох гээд цамцнаас нь татсан чинь орилж чарлаад уйлаад байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 48 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02/0233 дугаартай “Т.Мийн биед зүүн нүдний алимын салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

          Хохирогч Т.Мийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

          Хохирогч Т.Мийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

    Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, Дүүдээбаатарын 416 тоот хашааны гадна бага насны хохирогч Т.Мийн биед халдаж зангидсан гараараа зүүн талын хацар хэсэгт 1 удаа цохиж, зүүн гараараа баруун талын хацар руу 2 удаа алгадсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас бага насны хохирогч Т.Мийн эрүүл мэндэд зүүн нүдний алимын салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02/0233 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хүсэлтдээ “эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэх боловч энэ талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Номинцэцэг нь бага насны хохирогч Т.Мийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүйг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байал тогтоогдоогүй болно.

            Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

           4.Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Номинцэцэг нь бага насны хохирогч Т.Мийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА