Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 73

 

Б.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0244/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                               А.Оргилбаяр

              Хохирогч                                               Я.О-

              Хохирогчийн өмгөөлөгч                       Ө.Өлзиймаа

              Цагаатгагдсан этгээд                           Б.З-

              Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч   Г.Энхцэцэг

              Нарийн бичгийн дарга                         Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар цагаатгах тогтоолтой, Б-ийн З-д холбогдох, 1818005610045 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Я.О-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн  гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, О- овогт Б-ийн З-.

Б.З- нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 13-14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 угаар баг 6 дугаар хороолол 21 дүгээр байрны урд замын зорчих хэсэгт 84-54 ДАР улсын дугаартай “Соната-7” маркийн авто машин жолоодон ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Я.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 2., 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- овогт Б-ийн З-д холбогдох эрүүгийн 1818005610045 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.З-ыг цагаатгаж.,   хохирогч Я.О-ийн 14.765.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Шүүгдэгч Б.З-ын өмчлөлийн 84-54 ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Я.О-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

Ослын дүгнэлт- Б.З- нь “Соната-7” маркын 84-54 Дар улсын дугаартай авто машин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17.т заасан жолооч бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч /аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг зөрчсөн байна.

Хохирогч Я.О- жолооч Б.З-ын машиныг ухрахаас өмнө эрүүл саруул хоёр хөл дээрээ явж байсан нь тогтоогдсон бөгөөд жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй ухарсан үйлдэл ослын дүгнэлтээр тогтоогдсон зэрэг шалтгаант холбоо бий болсон.

Түүнчлэн хохирогч ухарч ирсэн машинаас зайлж хойшоо 2-3 алхам ухарсан боловч машины баруун талын хэсгийг гараараа тулж улмаар шинжээчийн дүгнэлтэд баруун хохирогчийн баруун шуу сарвуу тулснаас болж гэмтэл тогтоогдсон хүчтэй гадарга дээр цохигдож унаснаас баруун дунд чөмөгний битүү хугарал зэргийг биедээ авсан нь тогтоогдсон хохирогч одоо хүртэл тухайн үйл явдлаас болж бусдын асаргаанд том хүний памперсд бие засаж, удаан хугацаанд хэвтэрт байж одоо тэргэнцэр дээр хоёр хөл дээрээ дахин урьдын адил алхаж гишгэж чадахгүй хохирсон байхад хохирогч машинд мөргүүлэхээс урьдчилан сэргийлж ухрах явцдаа хашлаганд тээглэж унасны улмаас гэмтэл авсан гэж үзэж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй байна. Тээглэж унасан гэх хашлага осол болсон газар байгаагүй.

Хохирогч Я.О- өөрийн биеийг машинд дайрагдахаас хамгаалж машинаас холдож зайлсхийх үйлдэл хийсэн боловч хохирогчийн гар машинд тулж аюулаас бүрэн зайлж чадаагүй биедээ гэмтэл авсан гэж үзэхээр байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйд хохирогч туйлын гомдолтой байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж хохирогч Я.О-, түүний өмгөөлөгч бидний зүгээс үзэж байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

Прокурорын Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн  эсэргүүцэлд:

Хохирогч Я.О- мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би орилоод хойшоо ухрахад тэр машин зогсохгүй байсан ба ямар ч байсан 2 гараараа тулахад цохигдож баруун гар гэмтсэн..." талаар мэдүүлсэн мэдүүлэг нь Шүүх эмнэлгийн  шинжээчийн 751 дугаар  дүгнэлтэнд тусгагдсан Я.О-ийн биед ...баруун шуу, сарвуу цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлт нь Б.З-ын тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийснээс зорчигч Я.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь нотлогдож байна.

Хавтаст хэргийн 63 дугаар талд гэрч Ц.Э-ын “...Я.О- эгч намайг машин дайрчлаа босож чадахгүй байна гарч ирээд ав гэсэн тэгээд гүйгээд гартал 21-р байр 6-р орцны урд талд бүсэлхийнээс доош хэсэг автомашины зам дээр, бүсэлхий хэсэг замын хашлага дээр биеийн цээж хэсэг явган хүний зам дээр орц талд дээшээ хараад ёолоод хэвтэж байсан.., би очоод юу болсон талаар асуухад тэр хүүхэд намайг дайрчихлаа гээд гараараа заахад 21-р байр 5-р орцны хаалганы баруун талд цагаан жижиг тэрэг суудлын машины хажуу хараад зогсож байсан.

Би тэр залууд хөл муутай хөгшин хүн явж байхад хардаггүй юм уу гэхэд эгчээ би хойшоо ухрахдаа анзаарсангүй гэж хэлсэн., ...машин болон жолооч 5-р орцны урд орчимд, Я.О- нь 6-р орцноос 5-р орц руу яваа 2 талд нэг алхам орчим зайд газарт дээшээ хараад хэвтэж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 62-63 –р хуудас /, гэрч Б.Билгүүний “...Би эмээ дээрээ очиход замын боржууран дээр бөгсөн биеэ бариад хэвтэж байсан.., тэр үед манай эмээг мөргөсөн гэх 84-54 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн машины жолооч эмээг чинь байгааг харсангүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 64-65 тал/, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 48 дугаар  дүгнэлтэд Б.З- нь Х/Соната-7 маркийн 8454 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7-р бүлэг 7.17-д бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.

Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. Явган зорчигч Я.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэсэн байхад Б.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хохирогч Я.О- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгт Б.З-ыг бодоод уг машин намайг мөргөж унагаагаагүй, би зугтаж байгаад хашлага даваад унасан талаар мэдүүлдэг. Харин шүүхийн хэлэлцүүлэгт би Б.З-ыг бодоод ингэж мэдүүлсэн гэдэг. Хэргийн газрын үзлэгээр хохирогч Я.О- хашлага давж унах хашлага байгаагүй нь нотлогддог. Анхан шатны шүүхээс хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо илтэд зөрүүтэйгээс түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаатай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Я.О-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Хохирогч Я.О- өөрийн биеийг машинд дайрагдахаас хамгаалж машинаас холдож зайлсхийх үйлдэл хийсэн боловч хохирогчийн гар машинд тулж аюулаас бүрэн зайлж чадаагүй биедээ гэмтэл авсан гэж үзэхээр байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйд хохирогч туйлын гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж хохирогч Я.О-, түүний өмгөөлөгч бидний зүгээс үзэж байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцэлдээ:

Явган зорчигч Я.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэсэн байхад Б.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаатай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Я.О- тайлбартаа:

Өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна., би маш их гомдолтой тул хэргийг дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Б.З- тайлбартаа:

Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Б.З-ын өмгөөлөгч Г.Энхцэцэг тайлбартаа:

        Цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон  прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.З-д  холбогдох эрүүгийн хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж,  хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл:

Прокуророос Б.З-ыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 13-14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 угаар баг 6 дугаар хороолол 21 дүгээр байрны урд замын зорчих хэсэгт 84-54 ДАР улсын дугаартай, “Соната-7” маркийн авто машин жолоодон ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Я.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.,19 дүгээр зүйлийн 1.1.т заасныг  баримтлан    хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.З-ыг  цагаатгаж., хохирогч Я.О-ийн 14.765.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон прокурорын яллах дүгнэлтээс үзвэл    “...Б.З-ын  гэм буруутай гэх үйлдлийг авто машин жолоодон ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Я.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...”  гэж тодорхойлжээ.

          Ийм учраас анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ     зөвхөн тухайн цаг хугацаанд байсан жолооч Б.З-,  хохирогч Я.О-  нарын мэдүүлэгийг үндэслэж, харин гэрч Ч.Э-,  Д.Ү-,  Д.Э-,  Ц.Э- нар нь үйл баримт болсны дараа ирсэн бөгөөд  тэдний мэдүүлэг гэмт хэргийн талаар нотлох ач холбогдолтой баримт биш гэж үзсэнийг үгүйсгэх  боломжгүй.

Гэвч  шүүх хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан зарим нотлох баримтын талаар бодитой дүгнэлт хийгээгүй, түүнчлэн тухайн үйл баримт болон хохирогчид учирсан гэмтэл хоёрын шалтгаант холбоог тогтоож чадаагүй, тухайлбал  Б.З- машиныг ухрах үйлдэл хийхдээ хохирогч Я.О-ийг мөргөсөн., эсхүл   Я.О- машин ухрах  хөдөлгөөн  хийхэд  гараараа тулж унаж бэртсэн.,  эсхүл ойр явж байгаад машинаас зугатах гээд унасан., эсхүл  машин ухархад  айж, сандарч   унахдаа гэмтэл авсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл  шүүх зөвхөн хохирогчийг машин мөргөөгүй гэж үзэж эрүүгийн гэмт хэрэг мөн эсэх талаар дүгнэлт хийгээд харин бусад үйл баримт буюу тухайн үед Я.О-ийн биед гэмтэл учирсан байхад энэ гэм хор нь хэний ямар буруутай үйлдлийн улмаас учирсан эсхүл болгоомжгүй үйлдэл байсан эсэх талаар түүнчлэн гэм буруугүйгээр гэм хор учруулсан байж болох эсэх талаар, мөн эрүүгийн гэмт хэрэг биш гэж үзэж байгаа бол гэм хорын хохирлыг хэн, ямар журмаар барагдуулах талаар огт дурдаагүй нь цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй бөгөөд хэт нэг талыг барьсан шинжтэй болжээ.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй  гэж үзлээ. 

Анхан шатны шүүх хэргийг дахин шийдврлэхдээ дээрх нөхцөл байдлыг зайлшгүй анхаарахаас гадна хохирогч Я.О- нь энэ үйлдлийн улмаас гэмтэл авсанаас гадна  нь урьд нь гэмтэлтэй байсан эсэх, байсан бол гэмтэл нь сэдэрсэн эсэхийг анхаарч картанд бичигдсэн өвчний түүхийг нарийвчлан судалж дүгнэх шаардлагатай, нөхөн гүйцэтгэх боломжтой бол дахин шинжээч томилох, эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд авагдсан  бүтээгдэхүүний үнэ 12.905.000 төгрөг нэхэмжилсэн баримт нь гэмтлийн эмчийн заавартай эсэхийг тодруулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хүчингүй болгохдоо ...шүүхийн тогтоол хэргийн талаар бүрэн,  дүүрэн дүгнэлт хийж, хэргийн оролцогчдын тэгш эрхийг хангаагүй, зарим нотлох баримтанд дүгнэлт өгөөгүй... гэж үзсэн бөгөөд харин цагаатгах тогтоол буруу, зөв эсэх талаар мөн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэх  талаар ямар нэг дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б-ийн З-д холбогдох, 1818005610045 дугаартай, 1 хавтастай  эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  буцаасугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.З-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор цагаатгагдсан этгээд,  хохирогч, тэдний өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МАНЛАЙБААТАР

                                                              ШҮҮГЧИД                                Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                               Ц.ТУЯА