Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 125/ШШ2020/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: МАХН-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэнбал, Д.Басбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэнбал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5-р сарын 28-ны өдрийн 02 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1-р хавсралтын дагуу аймгийн Засаг даргын 2015 оны 10-р сарын 07-ний өдрийн А/483 дугаар захирамжаар зарласан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтанд оролцож Цамбагарав багт Эсбагийн 6 давхар байрны хажуу талд байрлах 0,018 га газрын сонгон шалгаруулалтанд тэнцсэний дагуу Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 2-р сарын 15-ны өдрийн А-37 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 8414110145 дугаар бүхий 180.0 м2 газрыг 15-н жилийн хугацаатай Цамбагарав баг Эсбагийн 6 давхар байрны хажуу талд оффис үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр аймгийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулж, кадастрын зураг гаргуулж баталгаажуулан, 000306555 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

Газар эзэмших гэрээний дагуу жил бүр газрын төлбөрөө тогтмол хугацаанд нь төлж барилга барих газрын техникийн нөхцөлийг Ховд аймгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК, Шим Ус ОНӨААТҮГазар, МХСТӨК-ийн Ховд газар, Дулааны Бадамлах Дөл ХХК-уудаас авсан.  Мөн манай нам Д.Басбишийн барилгын компанитай гэрээ байгуулж барилга барихад шаардагдах техникийн нөхцөлийг бүрдүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбиш өөрөөсөө зардлаа гаргаж үйл ажиллагаануудаа явуулж байсан. Барилгын зураг төсөл болон инженер техникийн ажлыг хийж 2016 оныг дуусгасан. 2017 онд хөрсний шинжилгээ хийгээгүй учир зураг төсөл хийх боломжгүй болсон. Барилгын техникийн шаардлагын дагуу Экотехпроект ХХК-тай инженерийн хайгуулын ажил гүйцэтгэх тухай  гэрээг 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05/018 дугаартай гэрээ байгуулж төлбөрөө төлж,  хөрсний шинжилгээ хийлгэж дүгнэлтээ гаргуулсан. Нэгэнт газрын зөвшөөрлөө авсан юм чинь бид барилгын сууриа цутгаад явж болдоггүй юм уу гэхэд эрх бүхий байгууллагаас заавал зураг төсөл хийлгэсэн байх ёстой гэсэн. Бид нэгэнт 15-20 жилийн хугацаатай газар эзэмшиж авсан. Газрынхаа төлбөрийг жил болгон төлж байсан.

 Барилгын техникийн дагуу үйл ажиллагаа явуулж 30 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд газар эзэмших гэрээний нэг ч заалтыг зөрчөөгүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр аймгийн Засаг дарга өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс бидэнтэй уулзаж мэдэгдэлгүйгээр нууцаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газарт хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар тендер зарлаж Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Ганданповрон хүүхдийн тоглоомын талбай барьж байгаа ба сонгуулиас өмнө нэг хүүхдийн тоглоомын талбай барьж намынхаа нэр хүндийг өсгөх гэсэн санаа.

 Иймд Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбиш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас зарласан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтанд Монгол ардын хувьсгалт нам оролцож Цамбагарав багт Эсбагийн 6 давхар байрны хажуу талд байрлах 0,018 га газрыг МАХН-ын байрны зориулалтаар эзэмшихээр болсон. Үүнтэй холбоотой барилга барих техникийн нөхцлийг холбогдох байгууллагуудаас авсан. Мөн барилгын зураг төсөл хийхээс өмнө уг газрын хөрсний шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон. Ингээд 2017 онд хөрсний шинжилгээ хийлгэсэн. Мөн жил бүр газрын төлбөрөө бүрэн төлж байсан. Энэ хугацаанд Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас бидэндэй уулзаж газар эзэмшүүлэх гэрээгээ дүгнэж байгаагүй ба 2020 оны 4 сарын 4 сарын 15-ны өдрийн А/212 дугаар захирамжаар гэнэт МАХН-ын эзэмшлийн газрыг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын 2016 оны А/37 дугаартай Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт оффис үйлчилгээний зориулалттай 180 м2 газрыг МАХН-д эзэмшүүлсэн. Гэтэл МАХН тухайн газрын зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон мэдэгдэх хуудсыг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01002 дугаартай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэнбалд хүлээлгэн өгөхөд хүлээж авах боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Мөн Д.Цэдэнбал, Д.Басбиш нь нарыг дуудаж мэдэгдсэн боловч Д.Басбиш нь манайх газраа байнга ашиглаж байгаа, зураг төсөл хийлгэж байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Гэтэл тухайн газрыг эзэмших гэрээ хийснээс хойш 2 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд зааснаар тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй учир газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Ийм тайлбарыг би анхнаасаа өгсөн. Иймд захирамж хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч МАХН-ын Ховд аймгийн аймгийн Засаг даргын 2020 оны 04 сарын 15-ны өдрийн А/212 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхэд хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дарааллан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч үл зөвшөөрч маргана.

Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 02 сарын 15-ны өдрийн А/37 дугаар захирамжаар төсөл шалгаруулалтаар шалгарсан  МАХН /Монгол ардын хувьсгалт нам/-д оффисийн үйлчилгээний зориулалтаар 180 метр квадрат газрыг эзэмшүүлж, 2016 оны 02 сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгожээ.

Маргаан бүхий газрын байршил нь мэдээллийн санд нэгж талбарын 8414110145 дугаартай Эсбагийн 6 давхар байрны урд талд залгаа 180 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдсэн, газрын байршил, хэмжээнд өөрчлөлт ороогүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д тайлбарласнаар “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох ба мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д газар эзэмших эрхийн гэрчилгээнд газар эзэмших зориулалтыг тусгах, 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших эрхтэй.

   Нэхэмжлэгч нь эзэмшсэн газартаа барилга байгууламж бариагүй болох нь шүүхэд гаргасан тайлбар, шүүхээс хэргийн газарт хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Харин уг газрын эзэмшсэн цагаас эхлэн газрын төлбөрөө тухай бүр төлж ирсэн, барилга байгууламж барих бэлтгэл ажил хийгдээд явж байгааг үл харгалзан гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой гэж маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 32 дугаар зүйлийн 32.3 “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасан. 

Нэхэмжлэгчээс 2016 оны 02 сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг авснаас хойш 2016 оны 08 сарын 29-ний өдөр “Оюу Мандал” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /2017 оны 4-р улиралд багтаан өөрийн хөрөнгөөр МАХН-ын оффиссын зориулалттай барилга ашиглалтанд оруулахаар тохиролцсон/, 2018 оны 03 сарын 10-ны өдөр байгуулсан барилгын талбайд инженер- хайгуулын ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар гаргаж өгч, Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу барилга барих ажлын бэлтгэл ажил буюу хөрсний шинжилгээ, судалгааны ажил үргэлжилж байгаа тул барилгын ажил эхлүүлээгүй байгаа гэж тайлбарлана.

Мөн захиргааны байгууллагаас дээрх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж маргах ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байх тул энэ талаар хариуцагчийг тодруулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна. Хэрэв барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч ажил эхлүүлсэн байхад газраа ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэн  бол түүнийг зайлшгүй тодруулах шаардлагатай. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх 2 нөхцөлийг заасан ба “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж гэнэтийн давагдашгүй хүчин зүйл эсхүл байгалийн гамшигт үзэгдлийн улмаас болон бусдын хууль бус үйлдлийн улмаас тус газраа эзэмшиж ашиглах боломжгүй байсныг ойлгох, газраа ашиглаагүй 2 жилийн хугацааг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилээр тооцож үзэхээр байх тул нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэл, хугацааны хувьд гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна гэж дүгнэв.

Иймд Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчийн газар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.  

Газрын төлбөр төлөх, газар эзэмших гэрээг дүгнэх үүрэг нь гэрчилгээг хүчингүй болгох дээрх үндэслэлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Ховд аймгийн  Засаг даргын 2020 оны 04 сарын 15-ны өдрийн А/212 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийн улмаас нэхэмжлэгч МАХН-ын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МАХН-ын “Ховд аймгийн  Засаг даргын 2020 оны 04 сарын 15-ны өдрийн А/212 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ОЮУНГЭРЭЛ