Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0318/З |
Дугаар | 221/МА2024/0545 |
Огноо | 2024-08-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2024/0545
Н.О , Ю.К нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд Ю.А
Нэхэмжлэлийн шаардлага: “...М.Ж-с Ю.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох, М овогтой Ж-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/306 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 393 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э
Гуравдагч этгээд Ю.А
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0318/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О , Ю.К нар нь “М.Ж-с Ю.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох, М овогтой Ж-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/306 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 393 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.К , Н.О нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/306 дугаар захирамжийг М.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
3. Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг шүүхээс гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ хоёр ч удаа хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолоор илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаа хамаарахгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлохдоо “М овогтой Ж-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/306 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”, мөн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийн илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журам нь захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх процесс хэрхэн явагдах, түүнд ямар шаардлага тавигдах талаар зохицуулсан бөгөөд ялангуяа 94 дүгээр зүйл нь иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэхтэй холбоотой хугацааны талаарх шаадлага байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/306 дугаар захирамжийг хүчингүй болгуулах талаар урьдчилан шийдвэрлэх журмаар огт хандаж байгаагүй. Гэвч 10 жилийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх нь өөрөө шүүхийн процессийн урьдчилсан нөхцөл болдог тул уг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байгаа юм.
3.2. Анхан шатны шүүх хэзээ гарсан актыг хүчингүй болгуулахаар хэзээ хандсан нь чухал биш, харин хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн л бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр шийдвэрлэнэ гэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 20, 30 жилийн өмнөх актын талаар өнөөдөр захиргааны байгууллагад хандалгүй шууд шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх замаар хүчингүй болгуулахаар хандаад, шүүх түүнийг хүлээн аваад, хэрэг үүсгээд шийдээд байх нь үндэслэлгүй байна. Мөн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим энэ тохиолдолд заавал хэрэгжих ёстой. Маргаан бүхий 2014 оны А/306 дугаар захирамж нь миний төрсөн эх М.Ж-д газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан өдрөөс нь хойш таван жилийн хугацаа өнгөрсөн бол хүчингүй болгож болохгүй хуулийн зохицуулалттай. Энэхүү зохицуулалт нь нэг талаас эрх зүйн тогтвортой байдлыг хангах, нөгөө талаас иргэний төрд итгэх итгэлийг хамгаалах үүднээс захиргааны актыг хүчингүй болгох эрхийг таван жилээр хязгаарласан байдаг. Үүнийг анхан шатны шүүх огт анхаарч үзсэнгүй.
3.3. Маргаан бүхий газар буюу М.Ж-н эзэмшиж байсан 182 м.кв газар дээр болон доогуур ямар нэг инженерийн шугам, сүлжээ байхгүй болно ... Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон дээрх шийдвэрүүд гараагүй байхад дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. Цаг хугацааны хувьд дүүргийн Засаг даргыг буруутгах ямар ч боломжгүй юм. Мөн хавтаст хэрэгт авагдсан Ус сувгийн удирдах газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/32 дугаар албан бичигт “маргаан бүхий 182 м.кв газрын хойд хэсэгт цэвэр, бохир усны шугам байна. Тус шугам сүлжээний ажлыг 2015 онд барьж ашиглалтанд оруулсан байна” гэсэн хариуг өгсөн байдаг. Дээрх нотлох баримтуудаас харвал маргаан бүхий захиргааны актыг гарах үед нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ 182 м.кв газар дээр байгаагүй, тус газарт сүлжээнд холбогдохоор төлөвлөөгүй байсан нь тодорхой байна. Хот суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөөгүй газарт дүүргийн Засаг дарга хуулиараа газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээтэй, мөн нийслэлийн Засаг дарга инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлэх бүрэн эрхээ дүүргийн Засаг даргад шилжүүлэх хуулийн зохицуулалттай болно.
3.4. ... Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нарын яг ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй юм. Маргаан бүхий 2014 оны А/306 дугаар захирамж гарах үед нэхэмжлэгч нар нь тухай хашаанд амьдардаггүй байснаас гадна газар эзэмших талаар ямар нэг хүсэлт хуулийн дагуу гаргаж байгаагүй байдаг. Миний ээжийн нэр дээр 182 м.кв газрын эрх гарснаас хойш буюу намайг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд буух газаргүй болчихлоо гээд 2016 оны үед хашаанд буусан байсан. Төрсөн ах дүү учир хашаандаа буусныг тоогоогүй өнгөрсөн. Манай ээж 0.7 га газраа өмчилж авчихаад илүү гарсан хэсэг болох 182 м.кв газрыг ном журмынх нь дагуу хүсэлтээ гаргаад эзэмших эрхтэй болсон. Гэтэл энэ газрыг бид авах байсан, гэр барьсан байсан гэж 10 жилийн дараа маргаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй. Нэхэмжлэгч нар нь шүүхэд 2014 онд миний төрсөн эхийн нэр дээр газар эзэмших эрх гарчихсан байсан тул газар эзэмших хүсэлт гаргах боломжгүй болчихоод байсан гэж тайлбар гаргадаг. Тэгвэл мэдсэн даруйдаа гомдол гаргаад явахгүй дахин төлөвлөлт хэрэгжиж эхлэх үед гаргаж байгаа нь тэдний газар эзэмшихтэй холбоотой эрх ашиг огт хөндөгдөөгүй, харин тухайн газар эдийн засгийн эргэлтэд орж, үнэ хүрэх үед маргаж байгаа нь захиргааны байгууллага тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүйг илтгэнэ.
3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч Н.О, Ю.К нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “…Майна овогтой Жавзанжавд газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/306 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, М.Ж-с Ю.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар болох нь тогтоогдож байна. Газрын тухай хуульд заасны дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрх нь нийслэлийн Засаг даргад байхад М.Ж д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/306 дугаар захирамж хуульд нийцээгүй, өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй. Ю.А-д газар эзэмшүүлэх шийдвэрийн үндэслэл болсон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/306 дугаар захирамжийн М.Ж-д холбогдох хэсэг нь хууль бус байх тул уг хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй илт хууль бус шийдвэрийн шинжийг агуулж байна” гэж дүгнэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/306 дугаар захирамжийг М.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
2.4. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд М.Ж аас Ю.А д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар захирамж, М овогтой Ж-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/306 дугаар захирамж гарах үед нэхэмжлэгч Н.О , Ю.К нар нь тухайн газарт газар эзэмших тухай хүсэлтүүдийг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж байсан эсэх талаар баримт авагдаагүй байх тул “М овогтой Ж-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/306 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, М.Ж аас Ю.А д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар захирамжийн Ю.А д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
2.6. Мөн анхан шатны шүүх “М.Ж аас Ю.А д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар захирамжийн Ю.А д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
2.7. Түүнчлэн, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох ёстой. Нэхэмжлэгчээс Газрын тухай хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж маргаж байгаагаа бүрэн тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд газар эзэмшихтэй холбоотой ямар эрх нь, хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасныг зөрчжээ.
2.8. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ