Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00653

 

Д.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2020/00415 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,

Д.Г нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны А/866 дугаар, 2019.02.26-ны өдрийн Б/11, Б/12 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Ерөнхий сайдын 2018.09.14-ний өдрийн 157 дугаар захирамжаар Д.Галсандондогийг өөр ажилд томилогдсонтой холбогдуулан Ховд аймгийн Засаг даргыг ажлаас чөлөөлжээ. Монгол Улсын хуульд Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заасны дагуу Д.Галсандондог нь Ховд аймгийн Засаг даргын ажлыг орлогч Ш.Батсүхэд хүлээлцүүлсэн байдаг. Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байх хугацаандаа буюу 2018.09.21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар нэхэмжлэгч ******* намайг Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон. Гэтэл*******ар томилогдсон Б.Дүгэржав нь 2018.12.26-ны өдөр А/866 дугаар захирамж гарган ******* намайг Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон, Ховд аймгийн Засаг даргын 2018.09.21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хууль бусаар ажлаас халлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ... тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэжээ. Хуулийн дээрх заалт нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй гэж Монгол Улсын Дээд Шүүхийн 2010.04.26-ны өдрийн 08 дугаар тогтоолд тодорхой заасан тул******* Б.Дүгэржав нь ******* намайг ажилд томилсон захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шаардлагыг Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаар захирамж хангахгүй байна. Учир нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хууль хэрэглээний алдаатай байна. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна 9.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заажээ. Иймд Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн******* 2019.02.26-ны өдөр Б/11 дүгээр захирамж гаргаж *******г албан тушаалаас чөлөөлж, Б/12 дугаар захирамжаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилсон тул эдгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156, 157 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргалаа, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний хувьд хууль хэрэглээ гэхээсээ өмнө процесст анхаарлаа хандуулахыг хүсээд байгаа. Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаартай захирамж нь Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн Б/49 дугаартай захирамжийг илт хууль бус байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон захирамж байгаа. Тус захирамжийн үндэслэл нь Б/49 дугаартай захирамж нь өөрөө хуульд нийцээгүй, илт хууль бус байна гэж үзсэн учраас захирамжийг хүчингүй болгосон. Ингэхээр*******д Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан эрх, үүрэг нь байж байдаг. Яагаад гэхээр хууль бус захирамжийг хүчингүй болгох эрхийг энэ хуулийн зохицуулалтаар олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан үндэслэлээр Улсын Дээд шүүхийн тайлбарт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан заалтыг тайлбарласан. Хүний нууцтай холбоотой асуудлын хувьд тус хуулийн 29 дүгээр зүйлд заасан заалтад хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой зүйл заалтыг тайлбарласан тайлбар байгаа. Хөдөлмөрийн тухай хууль болон төрийн үйлчилгээний албан тушаалтай холбоотой захирамж гаргаж болохгүй гэсэн зүйлийг хэлээгүй. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбогдуулан гаргасан хүний нөөцийн удирдлагатай холбоотой захирамжийг Засаг дарга захирамжаараа хүчингүй болгож болохгүй гэсэн зохицуулалттай. Энэ ойлголтыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Хэрвээ шүүх хуралдааны явцад харьяалал зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 гэсэн дугаартай захирамж байгаа, Хүний нөөцийн удирдлагатай холбоотой байвал Б гэж гарна, харин өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой захирамж гарч байгаа тохиолдол А гэж дугаарладаг юм. Шүүх энэ хоёрын ялгаан дээр эргэлзээд байна. А/866 гэсэн байхад яагаад хүний нөөцийн удирдлагатай холбоотой захирамж гэж иргэний хэргийн шүүх үүнийг авч хэлэлцээд байгаа юм. Ер нь бол шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд гэхээсээ илүү хуульд заасан бодит нөхцөл байдалд тулгуурласан байх ёстой юм. Энэ захирамж гаргах болсон үндэслэл нь Б/49 гэдэг захирамж нь хууль нийцээгүй, ******* гэдэг хүний Төрийн үйлчилгээний албан тушаалтныг сонгон шалгаруулах журам гэж байгаа энэ журам дээр Төрийн үйлчилгээний ажилтны сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалт явуулна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч маань сонгон шалгаруулалтад орсон гээд байдаг тухайн үед нэхэмжлэгч ******* нь 3 дугаар байранд орсон байдаг юм. 1 дүгээр байранд орсон хүн нь ажилдаа томилогдоод байж байгаад ажлаа хийхгүй би болилоо гээд гараад явсан байдаг. Өөрийнхөө хүсэлтээр гарсан тохиолдолд сул орон тоо юм, түүнээс биш Ш.Батсүх гэдэг хүн хэн нэгнийг аваачаад томилчихдог юм биш. Төрийн үйлчилгээний албан тушаалтны сонгон шалгаруулах журам гэж байгаа. Энэ журмаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулна гэсэн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалтад орсон гэж хэлээд байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* нь 3 дугаар байранд орсон бөгөөд 1 дүгээр байранд орсон хүн томилогдоод ажлаа хийж байгаад ажлаа хийхгүй гэж хэлээд гараад явсан байдаг. Өөрийнхөө хүсэлтээр гарсан тохиолдолд сул орон тоо гэж үздэг. Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй гэдэг асуудлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаад байна. Журмаараа хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулдаг. *******г Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд Б/49 дугаартай захирамжаар томилсны дараа миний бие*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг олж хараагүй. Сонгон шалгаруулалтад 1 дүгээр байранд ороогүй нэхэмжлэгч *******г томилсон Б/49 дугаартай тушаалыг А/866 дугаартай тушаалаар хүчингүй болгосон. Энэ нь захирамжийг захирамжаар хүчингүй болгосон ойлголт юм. ******* нь захирлыг түр орлон гүйцэтгэгч байсан бөгөөд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан үүсгээд байгаа тохиолдолд тус захирамжтай маргах ёстой, Мөн Засаг дарга Б.Дүгэржав 2018.09.21-нд томилогдсон бөгөөд Засаг даргын орлогч Ш.Батсүх засаг даргын эрх хэмжээнд халдаж *******г томилсон захирамж гаргасан, энэ хэрэг нь иргэний шүүхийн шийдэх асуудал биш, захиргааны маргаан юм иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эхлээд нэхэмжлэлийн нэг шаардлага гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд явсан. Анх Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд харьяалал нь захиргааны хэргийн шүүхийн маргаан байгаа. Гэтэл иргэний хэргийн шүүх тус нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нь захиргааны хэргийн шүүхийн маргаан байна гэж үзээд буцааж шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргаснаар шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс төрийн үйлчилгээний албан хаагч учраас хөдөлмөрийн харилцаагаар буюу Хөдөлмөрийн тухай хуулиар эрх зүйн харилцаа үүснэ гэж үзээд байгаа. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд өдөр тутмын үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах боловч ажлаасаа томилогдох, чөлөөлөгдөх харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс баталсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулах журмаар зохицуулагдана. Б.Мөнхбатын хувьд сайн өмгөөлөгч бөгөөд мэдэхгүйгээс болоод тус нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх рүү зүтгүүлээд байгаа асуудал биш юм. Хэргийн үйл явц баримтыг харахад Ховд аймгийн Засаг даргын А/866 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******г үүрэг гүйцэтгэгчээр байсныг захирлаар томилсон Засаг даргын орлогч Ш.Батсүхийн 2018.09.21-ний өдрийн Б/49 дугаартай захирамжийг хүчингүй болгосон нөхцөл байдал байдаг. Энэ нь захиргааны хэргийн шүүх дээр биш иргэний хэргийн шүүх дээр маргаан үүсгээд явж байгаа учраас илт хууль бус акт гэдэг дээр маргахад төвөгтэй болоод байгаа. Ховд аймгийн Засаг даргын А/866 дугаартай захирамжаар Б/49 дугаартай захирамжийг хэрэгт авагдсан баримтаас харахад******* Д.Галсандондогийг чөлөөлөөд Монгол улсын Ерөнхий сайд*******ар 2018.09.21-ний өдөр Дүгэржав гэдэг хүнийг томилсон. Ингэхээр 2018.09.21-ний өдрөөс эхлээд Б.Дүгэржав гэдэг хүнийг Ховд аймгийн Засаг даргын эрх, үүрэг хэрэгжээд явчихсан байхад түр орлож байсан Ш.Батсүх гэдэг хүн эрх хэмжээнд нь халдаж 2018.09.21-ний өдөр захирамж гаргасан байгаа. Гэтэл 2018.09.21-ний өдрийн Б/49 дугаартай захирамж нь илт хууль бус акт байгаа. Үндэслэл нь өөрийн эрхэд олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргах гэсэн агуулгатай. Б.Дүгэржав дарга томилогдсон өдөр буюу 2018.09.21-ны өдөр орлогч Ш.Батсүх нь засаг даргын эрх, үүргийг нь хэрэгжүүлж захирамж гаргасан байдаг.******* ажлаа авсны дараа 2018.12.26-ны өдрийн А/866 дугаартай захирамжаар орлогч Ш.Батсүхийн Б/49 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Энэ үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хууль зүйн хэлтсийн дарга байсан учраас захирамжийн төсөл боловсруулж байсан хүний хувьд маш сайн мэдэж байгаа. Нэгдүгээрт илт хууль бус захиргааны акт гэдгээр хүчингүй болгосон. Хоёрдугаарт Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгох, томилох, чөлөөлөх асуудлыг Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан төрийн албаны удирдах албан тушаалтан томилогдох албан тушаалтанг сонгон шалгаруулах журмаар зохицуулдаг. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013.04.13-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох албан тушаалтанг сонгон шалгаруулах журмаар зохицуулна. Гэтэл Засаг даргын орлогч Ш.Батсүх нь Б/49 дугаартай тушаалаар *******г жинхлэн томилохдоо сул орон тоо дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан үед томилсон. Захирамжийг захирамжаар хүчингүй болгоход Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Захирамжийг захирамжаар хүчингүй болгосноор хэн нэгний эрх ашиг хөндөгдөж байгаа ч гэсэн хуулийнхаа зохицуулалтыг харах шаардлагатай. Нөгөө талаас захирамжийг хүчингүй болгох агуулгатай холбоотойгоор 2 дахь нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойлогдож гараад байгаа. Тус захирамжийг захирамжаар хүчингүй болгосноор Д.Гантогтоог 2018.02.14-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж хүчин төгөлдөр байгаа. Гэтэл ажлаас халагдсан мэтээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Харин албан тушаалд жинхлэн томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлтэй. Анх түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2018.02.14-ний өдрийн захирамжийг хүчингүй болгоогүй. Мөн А/866 дугаартай захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар үндэслэлгүй байна, энэ нь Улсын Дээд шүүхийн тайлбараар үгүйсгэгдэж байгаа гэдэг байдлаар тайлбарлаж байна. 2010 оны Монгол улсын Дээд шүүхийн тайлбараар хүний нөөцийн удирдлагатай холбоотой асуудлыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг баримталж болохгүй гэдгийг тайлбарласан. Тус тайлбар нь Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай гэсэн агуулгатай. 2010 оны Улсын Дээд шүүхийн тайлбарын 18 дугаар зүйлд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-т заасан нөхцөл байдлын талаар тайлбарлаад байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрөө өөрийнхөө тайлбарыг үгүйсгээд байна. Эхлээд ******* нь төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой гэж тайлбарлачхаад 2010 оны Улсын Дээд шүүхийн тайлбар болон Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг заасан тайлбарыг тайлбарлаад байгаа. Үйлчилгээний албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч биш юм. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албыг улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээ гэж ангилдаг. Төрийн үйлчилгээний албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан тушаалтанд хамаарахгүй учраас 2010 оны Улсын Дээд шүүхийн тайлбарыг хүний нөөцийн удирдлагатай холбоотой тайлбар гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ******* нь төрийн жинхэнэ албан хаагч биш учраас өөрийнхөө асуудлыг хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдана гэж үзэж иргэний хэргийн шүүх хүлээж авах үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаартай тушаалтай холбоотойгоор нэгэнт шүүх бүрэлдэхүүн иргэний хэргийн шүүхийн маргаан гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш явагдах үндэслэл болсон. Цааш нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019.06.01-ний өдөр нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаа Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохоор нэмэгдүүлсэн. Ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн ойлголт нь ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ийм байдлаар нэхэмжлэл нь тодорхойлогдоно. *******гийн хувьд өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болоогүй бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаартай захирамжаар хөдөлмөрийн харилцаа шууд дуусгавар болох үндэслэл бий болоогүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагууд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч өөрөө нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлагуудаа 2019.06.01-ний өдөр, 2019.06.06-ны өдөр гаргасан. Гэтэл өөрсдөө үүнийгээ хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдах маргаан гэж тайлбарлаад байгаа. Шүүхэд хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг гаргахад шүүхэд гомдол гаргах хугацааг заасан. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гэж үзсэн гомдлоо шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор гаргана гэсэн зохицуулалттай. Гэтэл маргаан бүхий захирамжууд нь 2019.02.26-ны өдөр гарсан байдаг. Энэ хугацаанаас хойш 5 сарын дараа шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд гомдлын нэмэгдүүлсэн шаардлагуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Иймд тус нэхэмжлэл нь иргэний хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхгүй, энэ хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасан үндэслэлээр хэргийг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2020/00415 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж хүчингүй болгох тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр *******г албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, *******г Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 3 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШЗ2019/00437 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэгдэх хүртлэх хугацаанд хэвээр болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 31 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2020/00415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Чулуунбаатар өмгөөлөгч Ж.Энхжаргал бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Гомдлын үндэслэлээ тайлбарлая:

Нэг. Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.06-ны өдрийн 31 дугаартай магадлалд...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.. гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018.09.14-ний өдрийн Монгол улсын ерөнхий сайдын 157 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжаар ...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1-д заасныг үндэслэн Д.Галсандондогийг Ховд аймгийн засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2018.09.21-ний Монгол улсын ерөнхий сайдын 164 дугаартай Засаг даргаар томилох тухай захирамжаар ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3 дахь хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018.09.10-ны өдрийн 6/04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Б.Дүгэржавыг*******ар томилсон. Өөрөөр хэлбэл 2018.09.21-ний Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нь*******ар Б.Дүгэржавыг томилсон байтал, Засаг даргын орлогч Ш.Батсүх Д. Гантогоог 2018.09.21-ний өдрийн Б/49 дугаартай ажилд томилох тухай Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд томилсоноос харахад томилох эрхгүй этгээд захирамж гаргаж, тухайн өдрөө 2018.09.21-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээнэ" гэх хуулийг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл Засаг даргын орлогч Ш.Батсүхийн албан тушаалын бүрэн эрх дуусгавар болсон байхад нэхэмжлэгч *******г 2018.09.20-ны өдрөөс эхлэн Б/49 дугаартай ажилд томилох тухай" захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд томилсон байна. Мөн 2018.02.14-ний өдрийн Б/12 дугаартай Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр *******г томилсон байна. Улмаар 2018.12.26-ны өдрийн Ховд аймгийн Засаг даргын А/866 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамжаар"... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2013.04.11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэсэн заалтын зөрчиж *******г А/866 дугаар томилох тухай аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2018.09.21-ний өдрийн Б/49 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэжээ. Харин Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/866 дугаартай захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй гэж захирамжийг захирамжаар хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******г Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалаас чөлөөлсөн ойлголт биш тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн аль нэг заалтыг баримтлах шаардлагагүй юм. Хоёр: Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.06-ны өдрийн 31 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт... хариуцагч нь сонгон шалгаруулалтгүйгээр *******г ажилд томилсон гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тайлбарынхаа үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна түүний нэхэмжлэлийн үндэслэлийг татгалзаж буй тайлбар нь нэхэмжлэгчийн анх ажилд томилсон ажил олгогчийн тушаалд заасан үндэслэлээр үгүйсгэгдэж байна... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018.02.14-ний өдрийн Б/12 дугаартай Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр *******г томилсон байна. Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоо гарсан байна. 2013.04.11-ний өдрийн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 60 дугаартай тогтоолын 1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч дарга, захирал, эрхлэгч болох төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтан (цаашид удирдах албан тушаалд томилогдох ажилтан гэх)-ыг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 60 дугаартай тогтоолын 1.2-т Удирдах албан тушаалд томилогдох ажилтанд Төсвийн тухай хуулийн 16.4.1-16.4.17-д зааснаас бусад боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны болон эрүүл мэнд, биеийн тамир, спортын зэрэг албан тушаалтнуудыг хамааруулан ойлгоно, мөн журмын 2.1-д Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ. Мөн хуулийн 7.5-т Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэжээ. Үүний дагуу 2017.11.29-нд Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтанд *******, Б.Ганбаяр, Л.Чулуунбаатар, С.Гантөмөр нар орж би нийт 62.5 оноогоор эхний байранд орсон. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлттэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэжээ. Гэтэл 2018.11.29-ний өдрийн 1 дугаартай Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн Ховд аймгийн төрийн албаны салбар зөвлөлд Сонгон шалгаруулалтын дүн, мэдээ тайлан хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтын үнэлгээгээр Л.Чулуунбаатар нийт 62.5 оноогоор нэг дүгээр байр, Б.Ганбаяр нийт 43 оноогоор хоёрдугаар байр, ******* нийт 42.8 оноогоор гуравдугаар байранд тус тус орсон байна. 2018.11.30-нд 420 албан тоотоор Ховд аймгийн Боловсролын соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Л.Чулуунбаатарыг Ховд аймаг Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд томилсон. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалт хуулийн дагуу хүчин төгөлдөр байхад үндэслэлгүйгээр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/11 дүгээр *******г албан тушаалаас чөлөөлөх тухай" захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулсан гэж үзэж байна. Гурав: Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нь Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/12 дугаар 'Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай" захирамжийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Чулуунбаатар нь Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан байсныг Ховд аймгийн цахим сүлжээнээс олж мэдсэн. Сонгон шалгаруулалтанд орохын тулд Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газарт ирж өөрөө биечлэн ирж бүртгүүлсэн. Мөн 2013.04.12-ны өдрийн 60 дугаар тогтоолын дагуу 2017.11.29-нд Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтанд *******, Б.Ганбаяр, Л.Чулуунбаатар, С.Гантөмөр нар орж би нийт 62.5 оноогоор эхний байранд орсон. Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэн Лхагвасүрэн овогтой Чулуунбаатарыг Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3- р сургуулийн захирлын албан тушаалд томилсон. Дээрх албан тушаалд томилохдоо Авлигатай тэмцэх газрын 2019.02.12-ны өдрийн 05/1255 тоот албан бичгээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг нь хянагдаж, төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2018.11.30-ны өдрийн 420 тоот бичгээр санал нь ирснийг үндэслэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Дөрөв: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.06-ны өдрийн 31 дугаартай магадлалд... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

-Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/866 дугаартай захирамж /ХХ-ийн 4 дүгээр хуудас/ Монгол улсын Ерөнхий сайдын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай" 157 дугаартай захирамж/ХХ-ийн 55 дугаар захирамж/

-Монгол улсын Ерөнхий сайдын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Засаг даргаар томилох тухай 164 дугаартай захирамж /ХХ-ийн 122 дугаар хуудас/

-Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *******г ажилд томилох тухай 6/49 дугаартай захирамж / ХХ-ийн 3 дугаар хуудас/

-Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн "*******г албан тушаалаас чөлөөлөх тухай Б/11 дугаартай захирамж /ХХ-ийн 104 дүгээр хуудас/

-Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай Б/12 дугаартай захирамж /ХХ-ийн 117 дугаар хуудас/

-Завхан аймгийн улиастай сумын ерөнхий боловсролын жавхлант цогцолбор сургуулийн захирлын 2019.04.01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай" тушаал

-Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтын бичиг баримт /ХХ-ийн 89 дүгээр хуудас/

-2020.06.17-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2018.11.29-ний өдрийн 1 дугаартай Ховд аймгийн төрийн албаны салбар зөвлөлд Сонгон шалгаруулалтын дүн, мэдээ тайлан хүргүүлэх тухай /ХХ-ийн 90 дүгээр хуудас/

-Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас /ХХ-ийн 91 дүгээр хуудас/ -Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралт, Терийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын үнэлгээ /ХХ-ийн 92 дугаартай хуудас/

-Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын мэдээ /ХХ-ийн 94 дүгээр хуудас/

-Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/12 дугаартай Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай" захирамж зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах хуулийн шаардлага хангасан. Гэтэл Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Тав: Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019.03.01-ний өдрийн 153/Ш32019/00437 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019.04.01 -ний өдрийн 153/ШТ2019/00017 дугаартай Гомдол хэлэлцэх тухай шүүхийн тогтоол тус тус гарсан. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/11 дүгээр *******г албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж тус тус гарсныг нэхэмжлэгч ******* нь гардан авсан, мэдэж байсан боловч шүүхэд гаргаж өгөлгүй дээрх захирамж тогтоол гаргуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан. Энэ нь гуравдагч этгээд болох Л.Чулуунбаатарын хууль ёсны эрх ашиг Монгол улсын Үндсэн хуулинд заасан хөдөлмөрлөх цалин хөлс авах эрхийг ноцтой зөрчиж өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамж хэрэгжихгүй хохирсоор ирсэнд гомдолтой байна. Мөн Л.Чулуунбаатар нь шүүхэд хүсэлт гаргаж Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.04-ний өдрийн 153/Ш32019/01069 дугаартай Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******д холбогдох Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаар Захирамж хүчингүй болгох тухай тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагч Л.Чулуунбаатарын бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах захирамж гарсан байтал анхан шатны шүүх нь Л.Чулуунбаатарт шүүгчийн захирамж танилцуулаагүй, эрх үүрэг тайлбарлаагүй, нэхэмжлэлийн хувь гардуулаагүй, нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй зэрэг шүүхээс хийгдэх ажиллагаанууд хийгдээгүйг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анзаарсангүй. Зургаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Гэтэл нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/11 дүгээр *******г албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах.Ховд аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх нь хэргийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* нь*******д холбогдуулан тус Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаар захирамж, 2019.02.26-ны өдрийн Б/11, Б/12 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч Б.Дүгэржав нь*******ар 2018.09.21-ний өдөр томилогдсон атал Засаг даргын орлогч Ш.Батсүх мөн өдөр Б/49 дугаар захирамж гаргаж эрх хэмжээгээ хэтрүүлсэн, мөн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ыг зөрчсөн,******* Б.Дүгэржавын 2018.12.26-ны өдрийн А/866 болон 2019.02.26-ны өдрийн Б/11, Б/12 дугаар захирамж хуулийн дагуу гарсан, эдгээр нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн маргаан гэж маргажээ.

Энэ хэрэгт Л.Чулуунбаатар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож хариуцагчийг дэмжсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д ...хэргийн харьяалал зөрчсөн бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн ...65.1.1,....д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан бөгөөд ийм үндэслэл тогтоогдсон тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, *******гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн баримтаас үзвэл, *******г Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн гаргасан 2018.09.21-ний өдрийн Б/49 дугаар захирамжийг шинээр томилогдсон Засаг дарга Б.Дүгэржав 2018.12.26-ны өдөр А/866 дугаар захирамж гаргаж хүчингүй болгожээ.

Дээрх А/866 дугаар захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч ******* анх шүүхэд хандсан байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.03-ны өдрийн 153/ШҮ2019/00067 дугаар захирамжаар хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг, тухайн шүүхийн шүүх бүрэлдэхүүн уг захирамжийг хянаж, 2019.01.23-ны өдрийн 153/ШТ2019/00002 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагджээ. Иймээс шүүх *******гийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед******* Б.Дүгэржав 2019.02.26-ны өдөр Б/11 дугаар захирамж гаргаж *******г захирлын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/12 дугаар захирамжаар Л.Чулуунбаатарыг түүний оронд томилсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дээрх захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна.

*******гийн нэхэмжлэлийн агуулгаас харахад тэрээр А/866, Б/11, Б/12 дугаар захирамжуудыг хүчингүй болгох гэсэн байх ба А/866 дугаар захирамжаар Б/49 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо ...Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын ...7.5 дахь хэсэгт ...заасныг зөрчиж *******г ...захирлаар томилсон гэсэн, Б/11 дугаар захирамжаар *******г захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөхдөө ...сонгон шалгаруулалтын дүнгээр Л.Чулуунбаатар томилогдох болсон... гэсэн, Б/12 дугаар захирамжаар Л.Чулуунбаатарыг ...захирлаар томилохдоо сонгон шалгаруулалтад тэнцэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2018.11.30-ны өдрийн 420 тоот бичгээр санал нь ирсэн... гэсэн үндэслэлийг тус тус заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэх-ээр зааснаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй байна.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ...төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага захиргааны байгууллагад хамаарах-аар, 5.4-т ...нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзэх-ээр, 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох-оор тус тус заасан байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д ...аймгийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг ...томилох, чөлөөлөх эрхтэй гэснээс үзвэл,******* нь захиргааны байгууллага бөгөөд түүний гаргасан захирамж нь захиргааны актад хамаарч байна.

Анхан шатны шүүхийн шүүгч 153/ШҮ2019/00067 дугаар захирамж гаргаж *******гийн нэхэмжлэлийг хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг мөн шүүхийн 153/ШТ2019/00002 дугаар тогтоолоор хүчингүй болгохдоо дээрх дурдсан хуулийн зохицуулалт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг анхаараагүйгээс шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэжээ. Энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцээгүй байна.

Иймд*******д холбогдуулан тус Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаар захирамж, 2019.02.26-ны өдрийн Б/11, Б/12 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох *******гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2020/00415 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар*******д холбогдох тус Засаг даргын 2018.12.26-ны өдрийн А/866 дугаар захирамж, 2019.02.26-ны өдрийн Б/11, Б/12 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох *******гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн /өмгөөлөгч Ж.Энхжаргал/ 2020.10.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                                                       ШҮҮГЧИД                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                    Б.УНДРАХ

                                                                                                                    Г.ЦАГААНЦООЖ