Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 99

 

  2022              11            10                                       2022/ШЦТ/99

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Хо

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Д холбогдох эрүүгийн 2220000000123 дугаартай хэргийг 2022 оны 11 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М овогт Д. Дхолбогдох эрүүгийн 2220000000123 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Н Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн ... банкны ... дугаарын данснаас ачилтын хөлс 2,000,000 төгрөгийг иргэн н.О эзэмшлийн Х  банкны ... дугаарын данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч түүний эзэмшлийн Х банкны ... дугаарын данс руу шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшиж бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Нямцэцэг гэх хүн миний дансанд 2,000,000 төгрөгийг хийсэн. Анхнаасаа андуурч хийгдсэн гүйлгээ гэдгийг мэдэж байсан. Орж ирсэн мөнгийг хувийн хэрэгцээ гэхээс илүү бусдад залилуулсан байсан болохоор хүмүүсийн өрийг тараачихсан юм. Тэгээд дараа нь залилуулсан мөнгөө авчих байх гэсэн бодлоор Н мөнгийг зарцуулсан. Хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг барагдуулахад хугацаа хэрэгтэй байгаа. Х банкнаас ярьсан, тухайн үедээ шилжүүлчихье гэсэн бодол байсан. Ажил ихтэй, завгүй учраас шилжүүлж чадаагүй. Тэгээд маргааш, нөгөөдөр нь өөрийнхөө нөгөө данс руу шилжүүлсэн гэжээ.

Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ... тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 598.80 еврогийн гүйлгээ NYMKAA OD ... банк-... Д.Н гэсэн утгатай байсан. Үүнээс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 588 еврог нь өөрийн худалдаа хөгжлийн банкны ... тоот данс руу шилжүүлсэн. Мөн өдрөө өөрийн ашигладаг Х банкны ... тоот данс руу 588 еврог шилжүүлж Монгол мөнгөөр 1,912,764 төгрөг болсон. Мөн 415074186 тоот дансанд үлдсэн 10 евро, бүх мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /

 Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би ачаа ачуулсан хүн рүү гээ ачилтын мөнгө 2,000,000 төгрөг шилжүүлэх ёстой байсан юм. Тухайн өдөр 22 цагийн үед байх грушигийн ачилтын мөнгөө Х банкны ... дугаарын Од гэх хүний данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад х банкны ... дугаарын дансанд тоо андуураад шилжүүлсэн. Машин доторх гэрэлд харж байгаад шилжүүлсэн болохоор хэн гэж хүний данс руу шилжүүлснээ анзаарахгүй шилжүүлсэн. Тэгээд 30 минутын дараа О над руу мөнгөө хийгээч гэхээр нь би дансаа шалгатал .... гэсэн өөр хүний данс руу шилжүүлсэн байсан. Маргааш өглөө нь Х банкны лавлах руу утасдаж асуухад гомдлыг хүлээн авлаа, бүртгэж авлаа гомдлын албанаас хариу өгнө гэх мэтээр арга саам хийж хугацаа алдсан. Би бодохдоо 2 банк хоорондох гүйлгээ удна гэсэн болохоор хариу ирнэ гэж бодоод хүлээцтэй хандаж байсан. Дараа нь Х банкны лавлахтай холбогдоход та цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан дээр гэхээр нь би миний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй юм байна гээд өөрийн биеэр бичгээр өргөдөл гаргаж ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 08/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 /

Шүүгдэгч Д.Д иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 32-37/

Ю ХХК-ний тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 32-38/

Х банкны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/9654 дугаартай албан бичиг /хх-ийн 42/

 Шүүгдэгч Д.Д Х, ... банкнуудын депозит дансны хуулга, /хх-ийн 43-46/  

Д.Н х банкны депозит дансны хуулга /хх-ийн 50/

Хохиролд 220,000 төгрөг шилжүүлсэн банкны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн талаар дүгнэвэл:

Шүүгдэгч  Д.Д нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Н Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн х банкны ... дугаарын данснаас ачилтын хөлс 2,000,000 төгрөгийг иргэн н.О эзэмшлийн Х банкны ... дугаарын данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч түүний эзэмшлийн Х банкны .... дугаарын данс руу шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшиж бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Д бусдын өмчлөл, эзэмшилд байгаа төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан..” гэсэн шинжийг хангасан байх тул түүнийг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.Н “Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би ачаа ачуулсан хүн рүү гээ ачилтын мөнгө 2,000,000 төгрөг шилжүүлэх ёстой байсан юм. Тухайн өдөр 22 цагийн үед байх грушигийн ачилтын мөнгөө Х банкны .... дугаарын О гэх хүний данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад х банкны ... дугаарын дансанд тоо андуураад шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/9654 дугаартай албан бичиг /хх-ийн 42, шүүгдэгч Д.Д Х, х банкнуудын депозит дансны хуулга, /хх-ийн 43-46, Д ... банкны депозит дансны хуулга /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, бусдад 2,000,000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас  зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.  

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Д.Н 2,000,000 төгрөг төлөхөөс  2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 220,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 1,780,000 төгрөгийг тодорхой хугацаанд нөхөн  төлөхөө илэрхийлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс шүүгдэгч Д.Д бусдын өмчлөл, эзэмшилд байгаа төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч Д.Н 2,000,000 төгрөг төлөхөөс шүүх хуралдааны өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 220,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 1,780,000 төгрөгийг тодорхой хугацаанд нөхөн  төлөхөө илэрхийлсэн тул уг төлбөрийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдав.

 Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын заримыг төлж, үлдэх  төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн зан байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг  ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч  Мэ овогт Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Д  бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны төлбөрт нийт 1,780,000 /нэг сая долоон зуун наян мянган / төгрөгийг гаргуулж, хохирогч ... тоотод оршин суух, Б овогт Д А.Н-т  олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.Ц