| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2017/01596/и |
| Дугаар | 184/ШШ2018/02791 |
| Огноо | 2018-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2018/02791
| 2018 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 184/ШШ2018/02701 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, хороолол, -р байр, тоот хаягт оршин суух Хянт буржгар овогтЦ.Х /рд:-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, хороолол, -р байр, тоот хаягт оршин суух Харнууд овогт Т.М /рд-д холбогдох,
Гэр бүлийн гишүүний дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Т.М түүний өмгөөлөгч М.Энхзаяа, нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.Х, Т.М нар нь 2006 онд танилцаад 2011 онд гэр бүл болж, хурим найраа хийсэн. 2013 оны 11 сарын 23-нд хүү М.Хувьтөгөлдөр төрсөн. Тэд зан харилцааны таарамжгүй байдлаас болоод 2018 оны 03 сарын 28-нд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Ц.Х хүүгээ өөрийнхөө асрамжинд үлдээж, Т.М нь өөрсдийн амьдарч байсан Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, дүгээр байр, тоот орон сууцаа өөрийн хүү, Ц.Х нарт үлдээсэн байдаг. Энэ талаар шүүхийн шийдвэрт тусгагдсан байдгаа. Гэрлэлтээ цуцлуулсны дараа орон байрны маргаан үүсч Ц.Х нь одоо хүүгийн хамт ээж, аавынхаа гэрт амьдарч байгаа. Ц.Х нь ээждээ элэгээ өгснөөс үүдэн байнгын эмнэлгийн хяналтанд байдаг. Эрүүл мэндийн хувьд байнгын эм ууж байгаа.
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргах үед Т.М, Ц.Х, хүү М.Хувьтөгөлдөр хоёрыгоо байрандаа амьдар би хувцсаа аваад явна гэж хэлсэн учраас орон байрны асуудал дээр эвлэрэн хэлэлцсэн гэж үзээд энэ талаар нэхэмжлэл гаргаагүй. 2013 оноос хойш энэ байранд амьдарч байсан болох нь хорооны тодорхойлолтоор нотлогдоно. Гэр бүл болсноос хойш энэ байранд амьдар гэж өгсөн байдаг. Байр Т.Мын нэр дээр бүртгэлтэй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа байраа аавынхаа нэр дээр шилжүүлсэн. Байраа 50, 000 000 төгрөгөөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэсэн баримт байдаг. Нэхэмжлэгч Ц.Х нь байраа авна гэж нэхэмжлэл гаргаагүй, харин байрыг үнэлсэн үнийн дүнгээс өөрт болон хүү М.Хувьтөгөлдөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах үед талууд орон сууцанд маргаагүй тул тухайн үед дундын хөрөнгийг нэхэмжлээгүй. Сонгинохайрхан дүүрэг, -р хороо,-р байр, тоот орон сууцны зах зээлийн үнэ 68 380 000 төгрөгөөр үнэлсэн тул гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнөгөөс , Ц.Хт болон хүү М.Хувьтөгөлдөрт ногдох хувийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.М нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ маргаад байгаа байрны хувьд намайг 9-р ангид байхад миний эцэг эх хоёр 2002 онд өөрсдийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө худалдаж авсан байр юм. Бид хоёрыг гэр бүл болоход зориулагдаж өмчлөгдөөгүй бөгөөд хамтран амьдрах хугацаанд аавын өмч болох Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -р байр, тоот
Байранд амьдарч байгаагүй. Гэр бүл болсноос хойш Говь-Алтай аймагт 5 жил ажиллаж амьдарч байгаад 2017 оны 4 сард хотод эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажлаасаа чөлөөлөгдөж ирсэн энэ тухай байгууллагын даргын тушаал болон өвчний карт зэрэг баримтаар нотлогдоно.
Намайг гэртээ Ц.Хийг хүүтэйгээ үлдээгээд явсан гэж тайлбарлаж байгаа нь эд хөрөнгөө хуваана гэсэн үг биш. Хүүхдийн цэцэрлэг тартал аав, ээжийн байранд ээжтэйгээ хамт амьдарч байхыг зөвшөөрсөн гэсэн санаа байсан. Гэртээ үлд гэсэн нь өнөөдрийн нөхцөл байдал шиг дундын эд хөрөнгө хуваах асуудал биш юм. Бид хамт амьдраад 10 жил болсны дараа гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулсны дараа 2 хоноод гэртээ ирэхэд 2,3 танихгүй хүүхэд эмэгтэйчүүд ирсэн, гэр орон маш замбараагүй байсан болохоор ингэж амьдраад яах юм бэ гэж хэлсэн. Шүүхээр гэрлэлт цуцлах үед эд хөрөнгө миний нэр дээр байсан гэж хэлж байна. 2012 онд гэрлэлтээ батлуулж байхад манай аав байраа миний нэр дээр шилжүүлээгүй. Би 2016 оны 12 дугаар сард зүүн нүдний болорыг гэмтээгээд гадаадад эмчилгээ хийлгэх шаардлага гарсан. Энэ эмчилгээг Монголд эмчлэх боломжгүй гэсэн. Гадаадад эмчлүүлэхтэй холбоотойгоор маргаан бүхий байрыг барьцаанд тавих зорилгоор миний нэр дээр байраа шилжүүлсэн. Монголд эмчлэгдээд миний нүд харьцангуй сайжирсан тул аав байраа буцаагаад өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Одоо энэ байр манай аавын нэр дээр бүртгэлтэй, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр миний аавын нэр байдаг. Иймд бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Т.Мад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, -р байр, тоот, 58 мкв 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт болон хүүдээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.М нь маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш эцэг Д.Тгийн өмчийн байр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбаруудаас үзэхэд:
Маргааны зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн /Ү-2201008781 дугаар бүхий 30 мкв талбайтай .......... тоот 2 өрөө орон сууцыг анх Т.Мын эцэг Д.Т 2002 оны 01 сарын 28 нд иргэн гэгчээс орон сууц бэлэглэх гэрээгээр хүлээн авч мөн өдөр “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн” /тухайн үеийн нэршлээр/ гэрчилгээ авч байсан болох нь Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар нотлогдож байна /хх 39-40/
Дараа нь 2017 оны 08 сарын 22-нд маргаан бүхий байрыг Т.Мын өмчлөлд шилжүүлж, 2018 оны 5 сарын 22 нд Т.М өөрийн эцэг Д.Тд бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлсэн зэрэг үйл явдал болсон нь холбогдох баримтуудаар болон /хх 41,94/ дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Шүүх хуралаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Зохигчид гэр бүл болоод маргаан бүхий байранд 2013 оноос хойш 5 жил амьдарсан энэ нь хороон даргын тодорхойлолтоор тогтоогдсон, мөн гэрлэлт цуцлах үед байрны өмчлөгч Т.М байсан гэж тайлбарласан,
гэрчээр оролцсон Ц.Хийн ээж Д.Мөнхжаргалаас: “тухайн үед хурим хийсний дараа M.М ээж 2 хүүхдээ оруулах байр бэлэн гэж хэлсэн учир манай талаас охиныхоо унтлагын өрөөний тавилгыг бэлэглэсэн. Би бодохдоо хоёр хүүхэддээ байр бэлэглэж байна ойлгосон“ гэж ,
Хариуцагч Т.М : Бид хурим хийсний дараа Говь-Алтай аймагт 2013-2017 он хүртэл амьдарч ажиллаж байгаад хотод 2017 оны 4 сард шилжиж ирсэн. Хурим хийхэд орон сууцыг бэлэглээгүй, миний аав ээж хоёр “чи өөрийн байртай болтлоо амьдарч бай” гэж хэлдэг байсан. Миний өмч биш, аавын өмч болох нь баримтаар нотлогдоно,
2016 оны 12 сард нүдний хүнд гэмтэл авсны улмаас ажлаасаа 2017 оны 05 сарын 12-нд чөлөөлөгдөж, эмчилгээ хийлгэх зардал төлөхийн тулд эцгийнхээ өмчлөлийн байрыг өөрийн нэр дээр шилжүүлж зээл авсан гэж маргаж байна.
Зохигчид нь 2006 онд танилцаж, 2012 онд гэр бүл болж 2013 онд хүү М.Хувьтөгөлдөр төрсөн, 2013-2017 оны 4 сар хүртэлх хугацаанд Т.Ц, Ц.Х мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт клиник эм зүйчээр тус тус ажиллаж амьдарч байгаад эмнлэгийн даргын 2017 оны 05 сарын 12 ны өдрийн Б/23 тушаалаар
Т.М /хх 38/, 2015 оны 03 сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар ,Ц.Х /хх 33/ нар ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.
Тэрээр хариуцагч 2016 оны 12 сарын 6-аас эхлэн амбулаториар эмчлүүлсэн өвчний карт, 2017 онд ажлаас чөлөөлөгдсөн, 2017 оны 8 сард орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн, 2018 оны 3 сарын 28-нд гэрлэлтээ цуцлуулсан зэрэг үйл явдлууд болсон болох нь холбогдох баримтууд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байгаа ба / хх-6/ энэ байдал нь эмчилгээ хийлгэх зорилгоор зээл авахын тулд эцгийн өмчлөлийн байрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Дээр дурдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж дүгнэв.
Харин нэхэмжлэгчээс хороон даргын тодорхойлолтыг /хх 4/, үндэслэн маргаан бүхий байранд зохигчид 2013 оноос хойш амьдарсан гэсэн баримт нь тэдний Говь-Алтай аймагт эмнэлэгийн байгууллагад ажиллаж байсан талаарх тушаал, тэдний тайлбараар няцаагдаж байна гэж үзлээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-д “Гэр бүлийн гишүүдийн хуваарьт эд хөрөнгийг ... анх гэр бүл болоход нь зориулагдсан ... /орон сууц / бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно” гэж заасан байна.
Дээрх хуулийн заалт болон зохигчдын тайлбараас үзэхэд: цаг хугацааны хувьд ч зохигчид маргаан бүхий орон сууцанд удаан хугацаанд амьдарч байгаагүй ба гэрлэгчдийн хурим дээр орон сууцны түлхүүр гардуулан өгсөн, орон сууцыг бэлэглэсэн гэж үзэх үйл баримт болсон эсэх нь хэрэгт ирүүлсэн баримтаар болон шүүх хуралд тайлбарлаж байгаа байдлаар нотлогдохгүй байгаа ба маргаан бүхий байрны өмчлөгч Т.М биш түүний эцэг Д.Тгийн өмч болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-д “өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө мөнгө” гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөнд хамаархаар хуульд заажээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан байна.
Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөөс бусад өөр хөрөнгөнөөс ногдох хэсгийг хувааж авахаар шаардах эрхтэй байна. Харин маргаан бүхий орон сууцнаас ногдох хэсгийг шаардах эрхгүй хуульд нийцэхгүй байх тул маргаж буй орон сууцнаас адил хэмжээгээр хуваагдах үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “- д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт: Хөрөнгийн үнгэлгээний төвөөс ирүүлсэн /хх 49-73/ дахь талд авагдсан дүгнэлт, Д.Т, Т.Хулан нарын тайлбар, мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан шаардлагад нийцээгүй ба хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул үнэлээгүй болно. Харин хариуцагч нь өөрийн хүүхэддээ ирээдүйд хуримтлал бий болгох хөрөнгө оруулалт хийхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Ц.Хийн нэхэмжлэлтэй Т.Мад холбогдох Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, -р байр, тоот хаягт байрлах 30 мкв 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт болон хүү М.Хувьтөгөлдөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ