Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Р                                               

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... төрсөн, ... настай, ..., ...д боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хүүхдийн хамт ..., хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 сарын 02-ны өдрийн 12 цагийн үед Дорноговь аймгийн ... багийн нутаг дэвсгэрт байрлах спорт цогцолборын үүдэнд иргэн С.Б-ын нүүрэн тус газарт 1 удаа цохиж үүдэн дээд нэг шүдний бүрэн мултрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр сумын Соёл спорт ордон дээр сагсан бөмбөгийн тэмцээн үзэх гээд очсон тухайн үед би архи уучихсан халамцуу явж байсан. Тэгтэл заалны үүдэнд урд нь хэрэгт цуг орж байсан С.Б таарахаар нь би үгийн зөрүүгүй шууд очоод баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл С.Б нь цаашаа зугтаагаад явсан өөр зүйл болоогүй гэжээ.  /хх-ийн 33-34/   

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 сарын 02-ны өдөр тэмцээн болж байсан газарт очоод Б-тай таарсан. Өмнө нь Б нь манай том эгчийг Эрээнд гурвуулаа бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан. Энэ хэрийн улмаас хотын шүүхэд Б шийтгүүлж ял авсан. Би мөн шийтгүүлсэн. Би хорихоос гарч ирээд их л бие барьж амьдарч байсан. Б нь таарах болгондоо тохуурхаад байгаа мэт араншин гаргаад байдаг байсан. Тэгээд тэр өдөр таарахаар нь би цохисон. Жаахан архи уусан байсандаа тийм үйлдэл гаргасан. Миний буруу, маш их харамсаж байна. хохиролд 346,550 төгрөгийг төлж барагдуулсан гэв.  

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг гардаг өдөр 12 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын соёл спорт цогцолборын зааланд тэмцээн үзэх гээд очсон юм. Тэр үед том тэрэгний жолооч нарын сагсны тэмцээн болоод багийн тамирчдадаа ус ундаа хүргэж өгчхөөд жаахан тэмцээн үзэх санаатай тэнд байж байсан юм. Тэгээд би заалнаас гарч тамхи татах санаатай гараад заалны үүдээр гарч байхад миний өөдөөс Б нь үгийн зөрүүгүй миний өөдөөс шууд гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Өөр зодоон болоогүй. Би шүдээ дараад шууд машин дээрээ очоод тэргээ асаагаад цагдаа дээр ирж болсон зүйлийг хэлтэл жижүүрийн цагдаа надад хандан та эмнэлэгт үзүүлээд өргөдөл бичээд ир гэж зөвлөсөн. Миний шүд, буйл их зовуурьтай байна. Өөр гайгүй байна. Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно гэжээ. /хх-ийн 07-08/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын 3-р багт байрлах спорт цогцолборт том тэрний жолооч нарын сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байсан. Тэгээд би тамхи татах санаатай заалнаас гарсан чинь найз Б.Б нь заалны гадаа өөдөөс ирж байсан. Тэгээд би найзтайгаа мэнд мэдээд тамхи асаах гээд доошоо тонгойж байтал миний ард хүмүүс хоорондоо маргасан. Тэгэхээр нь иргээд хартал манай найз Б.Б нь гараа атгасан харин хажууд нь нэг зүс таних залуу гараараа нүүрээ дарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би цохиулсан гэх С.Б-т хандан “Б.Б нь манай найз байгаа юмаа, чи зүгээр рүү, цагдаад битгий хэлээрэй” гэсэн чинь намайг “чи цаашаа бай” гээд байсан. Тэгтэл иргээд харсан чинь манай найз Б.Б нь алга болсон байсан. Б ч машиндаа суугаад яваад өгсөн. Би заал руу буцаж ороод тэмцээн үзэж дуусаад шууд гэртээ харьсан. Маргааш өглөө нь найз Б.Б миний ... дугаарын утсаар залгаад “найз нь Б-ын нүүрэн тус газар нь цохиод шүд нь унасан байна” гэж байсан. Тэгээд “та хоёр учраа олж чадсан уу” гэсэн чинь “үгүй” гэж байсан гэжээ. /хх-ийн 15-16/    

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирсон иргэн нь Эрүүл мэндийн сангаас 232,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 232,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 144-146/

Шинжээчийн 2022 оны 10 сарын 04-ний 04/205 дугаартай дүгнэлт: 1.С.Б-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.С.Б-ын биед үүдэн дээд нэг шүдний бүрэн мултрал, үүдэн дээд нэг шүдний хагас мултрал гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүдийн үүдэн дээд нэг шүдний бүрэн мултрал “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, үүдэн дээд нэг шүдний хагас мултрал “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19-20/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 24-25/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 сарын 21-ны өдрийн ... дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 36-37/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа, Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын ажлын албаны 2022 оны 10 сарын 27-ны өдрийн ... дугаартай тоот, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тухай мэдээлэл /хх-ийн 44-45, 49-51, 53-73/

Шүүгдэгчийн урд шийтгүүлж байсан шүүхийн шийдвэрүүд /хх-ийн 74-133/

Хохирлын баримт, тооцоо /хх-ийн 135-137/

Хохирол төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 138/

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 147/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 148-149/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 46 дугаартай тогтоол /хх-ийн 151-152/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 153-154/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 сарын 02-ны өдрийн 12 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах спорт цогцолборын үүдэнд иргэн С.Б-ын нүүрэн тус газарт 1 удаа цохиж үүдэн дээд нэг шүдний бүрэн мултрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Б-ын /хх-ийн 07-08/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.М-ийн /хх-ийн 15-16/ өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шинжээчийн 2022 оны 10 сарын 04-ний ... дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг шүүх хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаж байна гэж үзсэн. Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.          Хохирлын хувьд:

Хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээ зардлаа нэхэмжилнэ гэсэн. Шүүхэд шилжиж ирсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч С.Б-т шүүгдэгч Б.Б нь 346,550 төгрөгийг төлж барагдуулсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 138/-аар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн. Хохирогч С.Б нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 232,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 232,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “Тухайн гэмт хэргийн улмаас хохирсон иргэн нь Эрүүл мэндийн сангаас 232,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 232,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 сарын 21-ний өдрийн ... дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 36-37/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 232,000 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлсэн, зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болгон авч үзлээ.

Шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлт болон цалин орлогын байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс өгсөн хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 232,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд оруулсугай.

5. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б