Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/420

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Д.Г, У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Б, Д-гын Г нарт холбогдох эрүүгийн 2120000120392 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо 36-01 тоотод оршин суух хаягтай, урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Дундговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан,  Б гэв.

Монгол улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймаг Айраг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ашиг Буян” ХХК-д  манаач ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 3 дугаар хэсэг төмөр замын 27-29 тоотод оршин суух хаягт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г, У.Б нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 13-ны хооронд иргэн Д-н Хаан банкны 5380061698 дугаарын данс ашиглан “Бяртай эрчүүд” фэйсбүүк хаягаар, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Г, У.Б нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 13-ны хооронд иргэн Д-н Хаан банкны 5380061698 дугаарын данс ашиглан “Бяртай эрчүүд” фэйсбүүк хаягаар, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2120000120392 дугаартай хэрэгт авагдсан

 

Гэрч Д: “Манай хүргэн Б 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр эхнэр Төгсцэцэг, охин Биндэръяа нарын хамт агаарт гарах гээд манайд ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орой манай нөхөр Г, хүргэн Бийг хоёулаа фейсбүук лайв ашиглан техас тоглуулж үзье гээд байсан, Би тэгэхээр нь охин Энх-Амин луу залгаад ээждээ интернэт банкныхаа кодыг явуулчих аав чинь фейсбүүк лайв ашиглан техас тоглуулж үзье гээд байна гээд загнасаар байгаад кодыг авсан. Тэгээд манай хүргэн Б, нөхөр Г нар нь лайваар техас тоглуулж эхэлсэн. Би яг хэдэн хүн тоглосон, хэдэн төгрөгний ашиг олсон талаар сайн мэдэхгүй байна. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай хүргэн Б Улаанбаатар хотруу гэр лүүгээ харих гээд явсан. Тэрнээс хойш хэд хоног тоглуулахгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 11-ний орой манай нөхөр Г дахиад нэг тоглуулаад үзье гээд фейсбүүк лайв хийн нэг суудал дээр суух хүн 8,000 төгрөг шилжүүлж тоглуулсан. Тэгээд 2, 3 хоног тоглуулахгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 13-ны орой манай нөхөр Г дахиад фейсбүүкээр лайв хийн нэг суудал дээр суух хүн 30,000 төгрөг шилжүүлж тоглуулсан. Тэрнээс хойш фейсбүүкээр лайв хийн мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй. Нийт 3 удаа фейсбүүкээр лайв хийн техас тоглоомыг тоглуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 25-р хуудас/,

Гэрч Б.Т “...Уг Хаан банкны 5380061698 тоот данс нь миний төрсөн эгч Д эзэмшлийн данс бөгөөд би тухайн дансанд хааяа нэг эгчийг мөнгө гуйхаар нь мөнгө шилжүүлдэг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Иргэн Д эзэмшлийн Хаан банкны 5380061698 тоот дансны 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 20-ны хоорондох өдрүүдийн орлого, зарлагын гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55-73-р хуудас/,

Шүүгдэгч У.Б-ийн сэжигтнээр өгсөн“...Миний эхнэр Төгсцэцэгийн эгч Дуламсүрэн нь нөхрийнхөө хамт Төв аймгийн Сэргэлэн суманд амьдардаг юм. 2020 оны 12 дугаар сард Г нь миний гар утасруу залгаж ярихдаа ах нь Техас гэдэг тоглоомыг утсан дээрээ тоглоод мөнгө алдаад байх юм чи хүрээд ир хоёулаа энэ тоглоомыг тоглуулж үзье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд эхнэр Төгсцэцэгийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх морины зүчээн дээр байсан Г ахынд очсон. Орой нь очиж хоноод маргааш өглөө нь эхнэр Төгсцэцэгийн ашигладаг байсан “Дашдондог Төгсцэцэг” фэйсбүүк хаягийг нэрийг нь “Бяртай эрчүүд” нэрээр сольж уг хаягаар лайв хийж Техас тоглоомыг тоглуулж эхэлсэн. Эхлээд 8000 /найман мянга/ төгрөгөөр 10 хүн тоглуулаад мөнгийг нь Дуламсүрэн эгчийн “Хаан банк”-ны 5380061698 тоот дансаар авч байсан. Тэгээд орой 23 цаг хүртэл тоглуулсан. Тэгээд хүн орж ирэхгүй болохоор нь зогсоосон. Нийт 3 хоногт 50-60 орчим хүн тоглуулаад 400.000 /дөрвөн зуун/ гаруй төгрөг олсон. Тэгээд би мөнгөнөөс нь 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөг авсан. Г ахынд 3 хоногийн дараа аймгийн төвөөс хүмүүс ирсэн ба тэр хүмүүст архи захиж ууж байгаад гар утсаа хаяад дахиж тоглоом тоглуулж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

  Шүүгдэгч Д.Г-ын сэжигтнээр өгсөн “...Хүмүүс ингээд гадуур фэйсбүүкээр лайв ашиглаад цахимаар покер тоглуулаад байх юм хоёулаа тоглуулж үзье гэж би санал гаргаад У.Боор покерынхоо хөзрийг холиулж заалгаад түүний гар утсаар шууд фэйсбүүк лайв хийгээд хоёулаа нийлж хөзрөө тайлбарлаж хэд хэдэн удаа туршиж үзээд болмоор байсан. Тэгээд анх 2020 оны 12 дугаар сарын 1-ний орой У.Бийн “Бяртай эрчүүд” гэсэн фзйсбүүк хаягаар анх лайв хийж техас покер хөзрийн тоглоом тоглуулж үзсэн. Тухайн анх тоглуулахдаа тоглолт бүрдээ 5 хүн бүртгэж тус бүрээс нь 5000 төгрөгийн хураамж эхнэр Д “Хаан банк”-ны 5380061698 тоот дансанд хурааж аваад тоглолт бүрдээ 25.000 төгрөг цуглуулж, хожсон хүндээ 20,000 төгрөгийг буцааж дансруу нь шилжүүлээд 5000 төгрөгийг нь өөртөө үлдээж авах зарчмаар эхний өдрөө 5000 болон 8000 төгрөгөөр янз бүрээр оройн цагаар яг хэдэн удаа тоглолт зохион байгуулсанаа одоо санахгүй байна. Ямарч байсан миний санаж байгаагаар өдөрт 100.000-150.000 төгрөг хувьдаа олж байсан. Би ихэвчлэн өдөр нь тогпуулаяүй морины ажлаа хийж байгаад орой 18, 19 цагаас эхлээд шөнийн 03 цаг хүртэл л тоглуулдаг байсан. Би тэр 2020 оны 12 дугаар сарын 11, 12, 13-нь өдрүүдээр зохион байгуулсан цахим мөрийтэй тоглоомуудыг анх санаачилж тоглоё гэсэн юм. Яагаад гэвэл тэр манай баз хүргэн дүү У.Б угаасаа өмнө нь фэйсбүүк лайваар иймэрхүү тоглоом зохион байгуулаад сурчихсан туршлагатай болохоор нь би манай гэрт амрах гэж ирсэн 3 хоногт нь л заалгаж сурч аваад хэд хоног тоглуулж үзсэн. Манай хүргэн дүү У.Б нь манай эхнэр Д уг “Хаан банк”-ны 5380061698 тоот дансыг нь ашиглаад лайв 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нарантуул захын хойд талд улаан алаг өндөр байшингуудтай хороололд байр түрээсэлж байхдаа тэндээ цахимаар мөрийтэй покер тоглуулдаг байсан юм. Сүүлд тэр 2020 оны 12 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Төв аймгийн Сэргэлэн суманд манай гэрт ирж надтай цуг тоглуулчихаад буцаад Улаанбаатар хотод гэртээ очоод бас хэд хоног үргэлжпүүлж тоглуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33, 34-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч нарын буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Улсын яллагчаас шүүгдэгч шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах саналыг гаргав.  

 

          Шүүгдэгч У.Б: “ ... Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

         

          Шүүгдэгч Д.Г: “... Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч У.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо 36-01  тоотод ам бүл 5 эхнэр 3 хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд өмнө нь Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Дундговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 28 настай,

Шүүгдэгч Д.Г нь “Ашиг Буян” ХХК-д  манаач ажилтай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 3 дугаар хэсэг төмөр замын 27-29  тоотод ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 50 настай баримт сэлт тус тус хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

 

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Г, У.Б нарт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Г, У.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр явахаар тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Гэмт хэргийн улмаас бусдад хор уршиг учраагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2120000120392 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б, Г нарыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Г нарыг  1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Г нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр явахаар тус тус тогтоож хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б, Г нарт 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Г нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус сануулсугай

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Г нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. 

 

7.Хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б, Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б, Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ