Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 881

 

 

 

 

 

 

   2019           9              5                                             2019/ДШМ/881                                

 

Т.Рд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Батбямба,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ргийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1811000001183 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

. овгийн Т. Р, 1997 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерын дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:./;

 

Т.Р нь Х.Ттэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ........ тоотод байрлах иргэн Н.Бийн байшингийн цонхыг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Мogul” загварын 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 183.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Ргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..... овгийн ..... Рг бусадтай бүлэглэн нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ргийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 10 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн "Нэт Капитал" ББСБ-ын эзэмшлийн ........ загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгон эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Т.Ргаас түүний үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Рд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Р давж заалдах гомдолдоо: “...би энэ хэрэгт холбогдохоосоо өмнө “Dexter” дуудлагын жолоочийн компанид жолооч хийж, аав ээж хоёртоо болон дүүгийнхээ сургалтын төлбөр, гэрийнхээ хэрэгцээнд нэмэр болдог байсан. Эхнэр Х.Мөнхзул 2 дугаар курст суралцдаг, одоо 9 сартай жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа. Би анх удаа ийм гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүх дээр бүрэн илэрхийлсэн. Иймд надад итгэл үзүүлэн, миний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.Ргийн үйлдсэн гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Т.Рд оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй. ...” гэв. 

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Р нь Х.Ттэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ......тоотод байрлах иргэн Н.Бийн байшингийн цонхыг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Мogul” загварын 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 183.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Бийн “...хөрш айлын Отгоо залгаад танай гэрт ирсэн чинь зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн, ...гэртээ ирэхэд байшингийн хойд цонхыг түлхэж онгойлгосон байдалтай, зурагтын тавиур дээр байсан “Могул” брендийн 32 инчийн LCD зурагт алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 36-38/,

Т.Ргийн сэжигтнээр өгсөн “...Т бид хоёр алхаж очоод байшингийнх нь ар талын вакум цонхны салхивчийг түлхэж онгойлгоод Т цонхоор орж, би хүн харж зогссон. Т байшин дотроос хар өнгийн зурагт аваад цонхоор надад өгсөн, ...бид хоёр гудамжаар хүн явж байгаа эсэхийг харж байгаад машин руу гүйж очоод суугаад явсан. ...” /хх 95-97/ гэх мэдүүлгүүд,

“...хэргийн газраас ирүүлсэн зураг №10-д гутлын мөр харьцуулан ирүүлсэн гутлын мөртэй хээний ерөнхий шинж тэмдгээр ижил байна. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2289 дугаартай дүгнэлт /хх 68-71/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-17/, хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 59-61/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Рг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т.Рг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Анхан шатны шүүх хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” гэж дүгнэхдээ Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй, алдаатай дүгнэлт хийжээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Т.Р нь Х.Ттэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ...................... тоотод байрлах иргэн Н.Бийн байшингийн цонхыг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Мogul” загварын 32 инчийн зурагтыг хулгайлан авч, өөрийн жолоодон явсан ........ улсын дугаартай, “Hyundai Avante XD” загварын мөнгөлөг саарал өнгийн автомашинаар зөөж тээвэрлэн, хэргийн газраас холдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

 

Харин хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийг үйлдэхдээ машин механизмыг ашиглах санаа зорилго байсан эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгоно.

 

Шүүгдэгч Т.Р нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Т.Рд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож, Т.Рг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

 

Шүүгдэгч Т.Ргийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгаж, Т.Ргийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхээс Т.Рг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаагүй гэж үзсэн бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т.Рд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай..” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Бэйсүү овгийн Төмөрбаатарын Рг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусадтай бүлэглэн нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Бэйсүү овгийн Төмөрбаатарын Рг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтад “...шүүгдэгч Т.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Рг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Ргийн бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан "Нэт Капитал" ББСБ-ын эзэмшлийн ...... улсын дугаартай, "Hyundai Аvante XD" загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Т.Ргаас түүний үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн "Нэт Капитал" ...... улсын дугаартай, "Hyundai Аvante XD" загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгосугай. …” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Ргийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН