Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0552

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/353 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах тухай   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 244 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2023/1020/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Д ” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/353 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгуулах”-аар маргасан байна.       

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Д ” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/353 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... “Д ” ХХК-ийг газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан байсан. Манай компанийн зүгээс гурвалсан гэрээ байгуулахаар хэд хэдэн удаа биеэр хандсан боловч манай компанитай гэрээ байгуулаагүй өдийг хүрсэн. Гэрээ байгуулаагүйгээс шалтгаалж газрын төлбөрөө төлөх гэхээр газрын нэхэмжлэх үүсэхгүй, хаана хэдэн төгрөг хэрхэн төлөх нь тодорхойгүй биднээс үл шалтгаалах захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүйд хүрч манай байгууллагыг газрын төлбөр төлөх боломжоор хангаагүй юм.

3.2. “Д ” ХХК нь авсан газар дээр “Амралт, сувиллын цогцолбор" байгуулах төслийг 10237.1 м2 буюу 1.03 га талбайд нийт 233,540,600 төгрөгөөр хэрэгжүүлэхээр төсөвлөж “Д ” ХХК-ийн хүсэлтийн дагуу Байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Дойтын булаг” ХХК-тай гэрээ байгуулсан. Мөн бид тухайн газрыг ашиглах эрх авснаас хойш үйл ажиллагааны төслүүдийг боловсруулж, холбогдох эрх бүхий зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдээр барилгын зураг төсөл боловсруулж, төслийн дагуу баригдах барилгын ажлын санхүүжилт эдийн засгийн байдал, ковид-19 зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан удааширсан нөхцөл байдалтай байсан.

3.3. Газрын тухай хууль болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх бүхий гэрчилгээтэй этгээд тухайн газарт заавал үл хөдлөх эд хөрөнгө барих, бариагүй нь газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл болох тухай зохицуулалт байхгүй юм.

3.4. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 244 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/353 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй байсан бөгөөд энэ талаар үзлэгт оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлсэн бөгөөд энэ талаар маргаагүй … нэхэмжлэгч Д ” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг зэргээр тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

2.4. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2.5. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/353 дугаар тушаалаар “Д ” ХХК-ийг “... олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж үзэж, газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Ж Д ” ХХК-д 10297 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгож, уг тушаалыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас нэхэмжлэгч компанид маргаан бүхий 10297 м.кв талбайг ашиглах 0211848 дугаартай гэрчилгээг олгосон боловч газар ашиглах тухай гэрээ байгуулсан эсэх, энэ талаарх хүсэлтээ, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж байсан эсэх талаарх баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлд дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь буруу байна.

2.7. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... газар ашиглах гэрээ байгуулах талаар удаа дараа хүсэлтээ гаргаж байсан гэж тайлбарлаж байх тул энэ талаар тодруулж, холбогдох албан тушаалтнаас гэрчийн мэдүүлэг авсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

2.8. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... газрын төлбөр төлөгч байна” 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна”  гэж, 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заасан бөгөөд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшигч этгээд нь газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нь бүрэн төлж, газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.

2.9. Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Д ” ХХК-ийг дээрх хуульд заасан үүргээ биелүүлж байсан эсэх талаарх нотлох баримтуудыг цуглуулж, тодруулж, хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй эсэх, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

2.10. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ