Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/421

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Хохирогч А.С, түүний өмгөөлөгч Д.Зулбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П-ын О холбогдох эрүүгийн 2234003720360 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймаг Сэргэлэн сум 1 дүгээр баг Хоолтын даваа гэх газар оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, О

 

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “И Пи Си Эс” ХХК-ийн хашаанд 2022 оны 05  дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.С-тай муудалцан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О: “... 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хуучин ажилдаг байсан газраасаа нүүхээр болоод нэг морио 4 дүгээр сарын 22-ны өдөр айлд тавиад явсан. Дараа нь тэр айлын хүн морийг чинь алдчихлаа гэж хэлэхээр нь би морио хайж яваад орой болоод хонох газар байхгүй байсан. Би үхэрчин н.Ч ахыг таньдаг байсан. Орой болсон байсан учраас утсаар залгаад та нэг хоол хийгээд байж байх боломж байна уу гэж асуусан. Тэгээд хашаандаа байна гэж хэлэхээр нь хашаа руу нь очтол н.Ч ах А.С ахтай хамт байсан. Би нэг пивотой очсон гурвуулаа хамт миний авч ирсэн пивийг уугаад унтсан. Маргааш нь сэртэл А.С-тай маргалдаад цохичихсон байсан” гэв.

 

Хохирогч А.С: “ ... Тэр өдөр бензиний хангалт ирсэн байсан. Оын ирэх өдрөөс өмнө 100 литр бензин алдагдсан байсан. О нь Ч ахаа очоод хоол хийж байгаарай би нэг пивотай очиж байна гэж хэлсэн тэрнээс нь уусан миний буруу байсан. Тэгтэл О та ганцаараа яаж явах бэ? бид нартай суугаад яв гээд сууж явсан. Найзынхаа гэрт очсон найздаа нэг шил архи аваачиж өгсөн. Тэр архиаас нэг хоёр татсан өөр юм уугаагүй. Тэгээд ажил дээрээ иртэл 2 литр бензин өг гэж хэлсэн. Би ажилд ороод 10 хонож байгаа хүнээс хулгай хийнэ гэж байхгүй гэсэн. Тэгтэл би 5 хоноод хулгай хийж байсан чи ямар сүртэй юм бэ? гэж хэлээд зодоон болсон. Би цамцнаас нь зураад барьсан тэрийгээ цамц урсан гэж хэлээд байна. Би гарах гэсэн араас цохисон тэгээд би газарт унаад өгсөн. Тэр үедээ амьсгаа авах боломжгүй амьсгалж чадахгүй байсан. Одоо бол гуурстай байна. Хохирлоо барагдуулмаар байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Гэм буруугийн талаар:  

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокророос хэрэг хянан шийдвэрлэх тухай явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал хүсэлт гаргаагүй болно.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтыг тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Үүнд:

Шүүгдэгч О нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “И Пи Си Эс” ХХК-ийн хашаанд 2022 оны 05  дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.С-тай муудалцан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  үйл баримт нь:

          Хохирогч А.С-ын гэрчээр өгсөн “... Ч ах бид хоёрыг ажил дээрээ байхад О гэж залуу морь алдсан гээд ирсэн хоол хийж байгаарай гээд Ч ахтай ярьсан байсан. Би тэр залууг танихгүй О нь нэг эмэгтэйтэй 1 пиво бариад гэрт ороод ирсэн. Хоол идээд О, Ч ах бид 3 нөгөө пивоо хувааж уугаад тэгээд айлд очиж морь сураглах гээд намайг гэртээ ганцаараа байж байхаар хамт яваад ирье гээд тэгээд 2 залуу дээр очсон. Би тэр хавийг сайн мэдэхгүй хүн танихгүй буцаад Ч ах гэртээ замд үлдээд О нөгөө 2 залуу, эмэгтэйн хамт манай ажил дээр ирсэн. Би хоол хийж өгөөд танихгүй хоёр залуу нэг нь би архи уухгүй хоол иднэ гээд барилддаг гэж өөрийгөө хэлж байсан. Намайг О цай халаагаад байх гэхээр нь би чадахгүй гэсэн чинь чи халаалдаа, үйлчилвэл үйлчилсэн шиг үйлчил гэсэн. Би Оыг ингэж хэлсэний дараа гэртээ орж амарлаа гэж хэлэхэд нөгөө архи уугаагүй залуу нь та ганцаараа гэрт унтаж байхаар наанаа ор засаад бид нарын яриаг сонсоод хэвтэж байгаач гэхээр нь нээрээ ч тийм юмуу гээд хойд захирлын гэрт бид нар байсан. Бид нар нилээн ярьж суусан 1 том пиво, 1 шил архи уусан. Маргалдаад ер нь шалиагүй юм. О намайг орны доод талд сууж байхад нүдрүү цохьсон, дээд уруул руу мөргөсөн, үүний дараа намайг газар унахад миний баруун бөөрлүү хөлөөрөө О өшиглөсөн, би яая бөөр гээд хэлтэл О дахиад баруун бөөрлүү өшиглөсөн. Гэрт байсан О, нөгөө 2 залуу, 1 эмэгтэй нар бүгд яваад өгсөн. Би Отай гэр дотор муудалдаац намайг мөргөхөд нь хаалгаар гадаа гарсан, гадаа гарсаны дараа О 2 удаа бөөрлүү өшиглөсөн. Өглөө сэрэхэд би гэрийн гадаа унтаж байсан. Дараа нь гэртээ ороод хэвтэж байхад Ч ах ирсэн. Тэгээд Ч ах эмнэлэг дуудаж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/,

          Гэрч Ч.Р “...05 дугаар сарын 16-ны орой гэртээ байж байхад харанхуй болж байхад О, С, Чт, нэг эмэгтэйн хамт манай гэрт ирээд О нэг шил архи гаргаж ирээд тэр архийг нь бид нар хувааж уугаад манай гэрийн гаднаас хөдөлсөн. Урагшаа Сын үхэр хардаг хашаа орох гээд явж байхад Чт ах гэртээ буугаад үлдсэн үхэрийн хашаа орчоод Жаргалант сумын төврүү О, Эрдэнэсайхан, С нөгөө эмэгтэй бид 5 явсан. Сумын төв орж ирээд караоке хаах гэж байхад нь нэг шил архи, нэг пиво аваад явсан. Буцаад Сын үхэр хардаг хашаа ороод тэнд С хоол халааж өгөөд нөгөө авчирсан архи, пиво уугаад явах гэж байхад С Оыг заамдаад авсан. Оын цамц урагдсан чинь Сыг О цааш түлхсэн чинь газар унаад өгсөн. Дахиад С босож ирээд Отай зууралдаад авсан Оын цамц урагдсан С газар унасан энэ үед нь О нь намайг харж байхад Сыг хөлөөрөө нэг өшиглөөд авсан, ингээд дахиад салгаад авсан. Эрдэнэсайхан бид хоёр гэрлүүгээ яваад өгсөн, О мөн хамт гараад нөгөө эмэгтэйгээ аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/,

          Гэрч С.Ч-ийн “...2022 оны 5 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед өмнө надтай манай байгууллагад үхэр малладаг байсан О гэх залуу нэг эмэгтэй хамт үхэр малладаг хашаан дээр ирсэн. Ирэхдээ надаа 1 том боргио пивотой ирсэн. Би надтай цуг ажиллаж байгаа Сын хамт байсан. Оын авчирсан том пивыг С, О бид 3 уусан. Пивоо ууж дуусаад С, О, нөгөө хотоос ирсэн эмэгтэй нарын хамт бид 4 124- ын даваанд Аривжын гэрт очсон. Аривжихыг аваад хамт багийн төвийн урд би гэртээ буусан. Арвижих, С, О, нөгөө эмэгтэй 4 манай үхэр малладаг хашаан дээр очоод хонох гээд явсан. Би гэртээ хоночихоод 2022 оны 5 дугаар сарын 17-ны 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд Сыг хөөе босоочээ үхэр, малаа услая гээд дуудсан чинь С би урд шөнө зодуулчих шиг боллоо гэсэн. Би яахаараа зодоон болдог юм бэ гэсэн чинь бид нар архи уугаад сүүлд нь би зодуулчихлаа гэж хэлсэн. Би багийн эмч дуудаж авчираад үзүүлээд өвчин намдаах эм уулгаад С арай гайгүй боллоо гэсэн. Багийн эмч ч гэсэн гайгүй байна дотор бэртэл байж магадгүй гээд орхиод явсан... С нь Оад зодуулчихлаа гэж надад хэлсэн өөр бусад юмаа бол яриагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

          Гэрч Э.Э “...Сын гэрт очоод хоол идээд, архи уугаад сууж байтал С гэх хүн нь манай гэрээс зайлцгаа гээд О нь Ст хандаж ахаа нэг хоноод явж болохгүй юмуу гэсэн. Би Догсом ахын машинруу очоод сууж байтал Отгонбаатар, С нар хоорондоо маргалдаж байсан. С нь эхлээд Оын өмсөж явсан хар өнгийн ноосон цамцыг нь энгэрээс нь татаад урсан чинь О нь Сыг нэг алгадаад авсан. Би машинаас буугаад гүйж очоод салгах хооронд О Сыг хавираад унагасан би очоод салгасан. Тэгээд л Догсомын машиныг бариад бид хоёр явсан.О нөгөө эмэгтэйгээ аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7626 дугаартай “... 1. А.С-ын биөд 10,11 дүгээр хавирганы бага зэргийн зөрүүтэй далд хугарал, баруун уушигны бүрэн бус шалчийлт, цээжний баруун талын хөндий дэх шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/дугаар хуудас/ гэх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг  хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч О нь хохирогч А.С-ын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.  

Хохирогч А.С-т Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7626 дугаартай “... 1. А.С-ын биөд 10,11 дүгээр хавирганы бага зэргийн зөрүүтэй далд хугарал, баруун уушигны бүрэн бус шалчийлт, цээжний баруун талын хөндий дэх шингэн хуралдалт” гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд...” зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч О нь хохирогч А.С-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх .

 

Шүүгдэгч О нь гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогддог тул яллах талын нотлох баримтаар үнэлсэн болно.

 

 Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч А.С-ын эмчилгээний зардалд нийт 2.524.400 төгрөгийг зардал гарсан байна.

Үүнээс шүүгдэгч О 485.350 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.039.050 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

         Хохирогч нийгмийн даатгал төлдөггүй байсан тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2.039.050 төгрөгийг Төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Д.Нэргүй томилогдон нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаарлага нь хэргийн 77 талд авагдсанаар хэт хураангуй, шаардлагатай нотлох баримтыг ирүүлээгүй байх тул дээрхи нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой, нотлох баримтын шаардлагыг хангаж Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

 Хохирогч А.С 1800000 төгрөгийн цалинтайгаар 2022 оны 05 сарын 11-ний өдрөөс малчинаар ажиллахаар тохиролцсон талаар “И Пи Си Эс” ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 33 дугаар тодорхойлолт хэрэгт авагдсан боловч хохирогч нь нийгмийн даатгал төлдөг байсан эсэх, цалин хөлс авч байсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар тус нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хохирогчийн холбогдох баримт бичгээ бүрдүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2234003720360 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шиэж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,эрүүгийн харицлагалагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгч О-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах зохицуулалт бүхий сонгох санкцитай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг байна.           

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж түүнд 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хохирогч А.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, учирсан гэмтлийн хор уршиг арилаагүй, эрүүл мэндийн даатгалын хохирол болон бусад хохирол төлбөр нээлттэй үлдээсэн байх тул шүүгдэгч О-д торгуулийн ял оногдуулах үндэслэлгүй гэж шүүх үзэж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-ыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн гаргасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 2039050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйг нь 2039050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага,

 хохирогч А.С нь ажилгүй байсан хугацааны цалин 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ