Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга *******

          Улсын яллагч *******

          Хохирогч *******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч *******  

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2222000000143 дугаартай хэргийг 2022 оны  09 дүгээр сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

      Монгол Улсын иргэн 1954 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3,         эхнэр, ачийн хамт Дундговь аймгийн ******* сумын 8-р баг ******* 9-30 тоотод оршин суух, онц тээвэрчин тэмдгээр шагнагдаж байсан, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ******* овогт /ЗЮ54012270/ гэв.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг “Мандал” худалдааны төвийн машины зогсоол дээр 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 45-35 ДУА улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 10-аад жил таксины жолооч хийсэн. Хүн авах гэж яваад мөргөсөн. Энэ хүн зугтах байтал доогуур нь хөлөө хийсэн. Би тэргэнцэр авч өгсөн. Эмнэлгийн зардал 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 1980 оны жолооч архи огт хэрэглэдэггүй, өөрийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тухайн тээврийн хэрэгслээ 5-6 жил өдөр тутамдаа хэрэглэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би таксинд явдаг юм. Мандал худалдааны төвийн таксины зогсоол дээр машинаа тавьж зогсдог. Зүүн хойшоо лагерь руу хүн буулгачхаад буцаад худалдааны төвийн зогсоол дээр ирээд зогсох гээд уулзвараар баруун эргээд зогсоолдоо орох гэтэл нэг хөгшин зам дээр явж байхыг нь хараад зогсох гэтэл амжаагүй. Гэнэт очоод шүргэчихсэн, тэр хөгшин газар уначихсан. Би ганцаараа явж байсан. Шүргүүлсэн хүнээ би яаралтай эмнэлэг рүү авч явсан. Тэр хөгшин нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Би хурд хэтрүүлж яваагүй, зогсоол руугаа орох гээд эргэх санаатай явж байтал машины урдуур зүүн гупер хэсэгт шүргүүлсэн. Тэгээд л газар уначихсан, тэр хүнийг зам дээр явж байхыг нь бол харсан, ойр орчимд хүн болон машины хөл хөдөлгөөн багатай байсан. Би арав ч хүрэхгүй километр цагийн хурдтай явж байсан. Урдуур орж ирээд л шүргүүлчихсэн. Машины зогсоол яг хойд талд байсан болохоор явган хүний гарц гэсэн зүйл байхгүй. Миний өөрийн эзэмшлийн машин. Миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учраагүй, ямар ч сэв зураас болоогүй бүрэн бүтэн байгаа. Би тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хүүхдээ хөтлөөд хүнтэй явж байсан. Хойно ганц такси байхаар нь тэр такси руу явж байсан юм. Тэгсэн модны хажуугаас ороод ирсэн. Миний гутал задраад хөлийн хумс арьс хуураад ойчсон, эдгэхгүй байна. Би хэцүү байна. 2-р ангийн хүүхдээ хүргэж чадахгүй, өдөр болгон таксидаж байна. 7 хоногт 3 удаа эмнэлэгт очдог. Охин минь сар гаран тойлоод явсан. Одоо цайгаа ч чанаж чаддаггүй. Гадуур явж юм авч ч чадахгүй, үнэндээ хохироод хэцүү байна. Манай өвгөн 5 сард нас барсан. 2.500.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Тэтгэврийн дэвтрээ аваачаад зээлд тавьсан байгаа. 2.500.000 төгрөгийн хохирлоос 1.500.000 төгрөг нь сэтгэл санааны хохирол, бусад нь эрүүл мэндтэй холбоотой хохирлын баримтууд байгаа” гэв.

 

        Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 8 сарын 02-ны өдөр Мандал худалдааны төвийн зогсоол дээрээс таксинд суух гээд танил гийн хамт явж байсан. Машины зогсоол дээр баруун урд тал хавьцаа л явж байсан. /хойшоо хэд алхаад л таксиндаа суух зайтай байсан/ Гэтэл баруун талаас гэнэт нэг машин эргэж орж ирээд намайг зүүн талаас мөргөчихсөн. Би ч шууд газарт унасан зүүн талын гар хөл хөдөлж чадахгүй байсан. Тэгээд тэр мөргөсөн жолооч намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Миний зүүн гар хугарсан, зүүн хөл шагай хэсгээрээ бас хугарсан. Би эмнэлэгт орж гипс хийлгэсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, гомдолтой байна. Миний бие маш их өвдөж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/

 

         Гэрч Н.гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би танил эгч Лхамжавын хамт Мандал худалдааны төвийн эмийн сан болон Дэлгэрхангай хүнсний дэлгүүрээр орчихоод Мандал худалдааны төвийн таксины зогсоол руу хойшоо явж байсан. Би 2, 3 алхамын урд талд Лхамжав эгч миний ар талд үл ялиг сүүлд явж байсан. Гэтэл баруун талаас гэнэт машин хурдтай орж ирээд Лхамжав эгчийг зүүн талаас нь мөргөөд газар унагачихсан. Тэгээд сандралдаад яаралтай эмнэлэг рүү явсан. Бид 2-ыг хойшоо явж байхад машин гарч ирээгүй байсан. Гэтэл баруун талын уулзвараас эргэж орж ирээд л мөргөчихсөн. Баруун талаас эргэдэг уулзвараас л нэлээн хурдтай ороод ирсэн. Бид 2 амьхандаа машин хараад л нэг их хурдан яваагүй, аажуухан сажилж байхад л ирээд мөргөчихсөн. Ойр хавьд олон машин огт байгаагүй, зам нэлээн чөлөөтэй байсан. Жолооч машиндаа ганцаараа явж байсан. Харин Лхамжав эгч бид 2 явж байсан. Өөр анзаарч харсан хүн байгаа үгүйг мэдэхгүй, дандаа танихгүй л хүмүүс байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн18 хуудас/

 

      2022 оны 08 сарын 08-ны өдрийн 17 дугаартай: “Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх  заалтыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 30 хуудас/

 

        Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 хуудас/

        Хэрэг осол гарсан газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-08 хуудас/

       Согтуурлыг багажаар шалгахад ******* нь 0.00 хувийн согтолттой гэсэн тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/

       Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 237 дугаартай шинжээчийн:

        “1. Лхамжавын зүүн бугалганы булууны хугарал, зүүн гадна, дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтлүүд, мохоо хүчин зүйлийн тус тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

        3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

        4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 хуудас/

          Яаралтай тусламжийн хуудас /*******т үзлэг хийсэн тухай/ /хх-ийн 26-27 хуудас/

          *******гийн эзэмшлийн 4535 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 45/

           Гэрлэсний бүртгэлгүй талаар лавлагаа /хх-ийн 49/

           *******гийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 51 хуудас/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуудас/

           Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчоос шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд, шүүгдэгчээс гаргаж өгсөн 100.000 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

  Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

             Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг “Мандал” худалдааны төвийн машины зогсоол дээр 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 45-35 ДУА улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг мөргөж түүний биед “зүүн бугалганы булууны хугарал, зүүн гадна, дотор хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

      шүүгдэгч *******гийн шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч *******ын “Хойно ганц такси байхаар нь тэр такси руу явж байсан юм. Тэгсэн модны хажуугаас ороод ирсэн. Миний гутал задраад хөлийн хумс арьс хуураад ойчсон, эдгэхгүй байна.”гэх,

        хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2022 оны 8 сарын 02-ны өдөр “Мандал” худалдааны төвийн зогсоол дээрээс таксинд суух гээд танил гийн хамт явж байсан. ...Гэтэл баруун талаас гэнэт нэг машин эргэж орж ирээд намайг зүүн талаас мөргөчихсөн. Би ч шууд газарт унасан зүүн талын гар хөл хөдөлж чадахгүй байсан. ... Миний зүүн гар хугарсан, зүүн хөл шагай хэсгээрээ бас хугарсан.” гэх

          гэрч Н.гийн: “Би танил эгч Лхамжавын хамт “Мандал” худалдааны төвийн эмийн сан болон Дэлгэрхангай хүнсний дэлгүүрээр орчихоод “Мандал” худалдааны төвийн таксины зогсоол руу хойшоо явж байсан. Би 2, 3 алхмын урд талд Лхамжав эгч миний ар талд үл ялиг сүүлд явж байсан. Гэтэл баруун талаас гэнэт машин хурдтай орж ирээд Лхамжав эгчийг зүүн талаас нь мөргөөд газар унагачихсан. ...Бид 2-ыг хойшоо явж байхад машин гарч ирээгүй байсан. Гэтэл баруун талын уулзвараас эргэж орж ирээд л мөргөчихсөн. Баруун талаас эргэдэг уулзвараас л нэлээн хурдтай ороод ирсэн.” гэх мэдүүлгүүд болон хохирогч *******ын биед “зүүн бугалганы булууны хугарал, зүүн гадна, дотор хавчаар ясны хугарал гэмтэл” учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, “Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн талаарх мөрдөгчийн магадлагаагаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг төлбөрийн талаар:

 

         Хохирогч ******* нь сэтгэл санааны хохирол 1.500.000 төгрөг, эм тариа, эрүүл мэндийн үйлчилгээ авсан зардал 1.000.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлжээ.

      Түүний шүүхэд ирүүлсэн хохиролтой холбоотой баримтуудыг судалж үзэхэд нийт 947.755 төгрөгийн үнийн дүн бүхий баримт байна.

      Хохирогчийн эрүүл мэндийн хохиролтой холбоотой 947.755 төгрөгийн баримтаас 40.600 төгрөгийн баримт нь хохирогчийн эрүүл мэндийн зардалтай холбоогүй /С.Түвшинжаргал, У.Сэсмаа, Э.Алтанцоож нарын эм авсан/ баримт байх тул хэрэгсэхгүй болгож, 28.520 төгрөгийг /нотлох баримтын шаардлага хангахгүй/ тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч *******гоос 868.335 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 100.000 төгрөгийн хохирол төлснийг хасаж тооцон /868.335-100.000=768.335/  шүүгдэгчээс 768.335  төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.      

          Мөн хохирогч сэтгэл санааны хохирол 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байх боловч энэ талаар баримт байхгүй тул шүүх хэлэлцэхгүй орхилоо.

           

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

       Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол 100.000 төгрөг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

         

        Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн өндөр настай, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэдэг, сар тутам Улаанбаатар хот руу зорчдог гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн  хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

             Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

          Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 100.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

      Хохирогч шүүх хуралдаанд хөлийн ар хэсэг идээлсэн эдгэхгүй байгаа цаашид хагалгаа хийлгэнэ гэж мэдүүлж байна. Иймд хохирогчийн эрүүл мэндийн зардалтай холбоотой нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхисон хэсэг болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Шүүгдэгч ******* ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

          2. Шүүгдэгч ******* ******* овогт д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

          5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 100.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 1.500.000 төгрөг, эрүүл мэндийн зардалтай холбоотой 28.520 төгрөгийг  тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч хохирлын хэлэлцэхгүй орхисон хэсэг болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гоос нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлээс 40.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гоос 768.335 /долоон зуун жаран найман мянга гурван зуун гучин тав/ төгрөг гаргуулан хохирогч *******т олгосугай.

          9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.УУГАНБАЯР