Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

           Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

           Улсын яллагч П.Итгэл

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222001750159 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр баг ын 5-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* РД:/*******/.

 

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр баг ын 5-2 тоотод *******тэй маргалдан улмаар түүний нүүр рүү нь цохиж, өвдөглөж биед нь зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

 

     Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ овогтой миний эхнэр байгаа юм. Бид хоёр анх 4 жилийн өмнө танилцаж байсан, хамт амьдарч эхлээд 3 жил болж байна. Гэрлэлтээ батлуулаагүй дундаасаа нэг хүүхэдтэй. Би 2022 оны 9 дүгээр сарын 05-ны орой найз , , нарын хамт гэртээ байж байгаад “Нитро” баар орж хэсэг суусан. Тэгээд 22 цаг өнгөрч байх үед манай эхнэр залгаад хүүхэд түлэгдчихлээ гэж хэлээд намайг эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Намайг эмнэлэгт яваад очих үед хүүхдийн баруун талын хонго хэсэгт түлэгдсэн боолт хийлгэж байсан. Тэгээд би эргээд “Нитро” баар ороод байж байтал эхнэр хүүхдээ унтуулчихаад намайг баарнаас ирж авсан. Тэгээд гэрт очоод хүүхэд түлэгдсэн гэх шалтгаанаар эхнэртэйгээ маргалдсан. Тэгж байтал эхнэр цагдаа дуудлаа гээд би гэрээс гарах гэтэл эхнэр гэрийн хаалга түгжчихээд үүдэн дээр зогсоод хөлөөс тэврээд тавихгүй гаргахгүй гээд байсан. Тэгэхээр нь би эхнэрийг цаашлуулах санаатай толгойг нь цааш түлхэхэд санаандгүй байдлаар эхнэрийн нүд хэсэгт өвдөглөсөн. Тэгэхэд эхнэрийн нүд хөхөрсөн. Удалгүй цагдаа нар ирээд эхнэр бид 2-ыг цагдаа дээр авч ирсэн. Хүүхэд түлэгдсэний улмаас эхнэр бид 2 хэрүүл маргаан хийсэн ба тухайн үед би гэрээс гарах гэтэл эхнэр намайг гаргахгүй гээд зууралдаж байгаад биед нь халдчихсан. Би нэг удаа өвдгөөрөө эхнэрийн нүүр нүд хэсэгт өвдөглөсөн юм. Тухайн үед эхнэрийн баруун нүд хөхөрсөн өөр гэмтэл учраагүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цагдаа дээр ирээд согтуурал хэмжигч багаж үлээхэд 1.52 хувийн /дунд зэргийн/ согтолттой байсан. Харин манай эхнэр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би урьд өмнө нь эхнэрийнхээ биед халдаж зодож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/

 

          Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 9 сарын 05-ны өдөр 17 цагийн үед охин Насанжаргалын хамт гэртээ ирсэн. Тухайн үед нөхөр гэртээ 2 найзынхаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрээ галлаагүй хүйтэн байж байсан. Тэгээд би нөхрөө гал түлсэнгүй, гэрээ хүйтэн байлгалаа гэж уурлахад 2 найзыгаа дагуулаад гараад явсан. Би гэрээ галлачихаад хоол ундаа хийгээд байж байтал манай охин Насанжаргал зуух руу ойчиж бөгсөн хэсгээ түлчихсэн. Тэгэхээр нь би охиноо аваад эмнэлэг дээр очоод нөхөр рүүгээ охиноо түлчихлээ, эмнэлэг дээр байна гэж хэлэхэд нөхөр эмнэлэг дээр согтуу ирээд намайг хүүхдээ түлчихлээ, харсангүй гэж загнасан. Тухайн үед 19 цаг 40 минут болж байсан байх. Тэгж байх үед манай охиныг боож байсан эмч “чи тийм сайн юм бол хүүхдээ өөрөө харахгүй яасан юм. Архи ууж байхын оронд” гэж хэлээд гарахад манай нөхөр гараад явсан. Тэгээд би охиноо гэртээ авч ирээд унтуулчихаад “Нитро” баар орж нөхрийгөө аваад гэртээ ирсэн. Тухайн үед 23 цаг 30 минут болж байсан ба гэрт ирээд нөхөр дахин намайг охиноо харсангүй, түлчихлээ гэж загнаад янз бүрээр хараагаад байхаар нь би маргааш өөрт нь үзүүлнэ гээд бичлэг хийсэн. Тухайн үед би гэрийнхээ баруун талын орон дээр сууж байсан ба нөхөр гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байсан. Гэтэл нөхөр намайг гар утсаараа бичлэг хийлээ гээд над руу жижиг модон сандал мөн өөрийнхөө гар утсыг шидсэн тухайн зүйлс намайг оноогүй. Тэгэхээр нь би өөрийн гар утсаараа цагдаад нөхөр агсам тавиад байна гэж дуудлага өгсөн. Гэтэл нөхөр намайг цагдаа дуудсаныг мэдээд гэрээс гараад явах гээд байхаар нь би гэрээ дотроос нь түгжсэн. Тэгээд байж байтал нөхөр босч ирээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд би 2 удаа алгадсан. Тухайн үед нөхөр гарах гээд байхаар нь би подволкноос нь зуураад таттал подволк нь урагдчихсан. Нөхөр подволкоо тайлаад гарах гэхээр нь өмднийх нь тэлээнээс зуураад тонгойтол нөхөр миний баруун шанаа нүд хэсэг рүү өвдөглөчихсөн. Тэгж байтал цагдаа ирсэн. ******* миний толгой руу нэг удаа гараараа цохисон. Мөн баруун шанаа нүүр хэсэгт нэг удаа өвдөглөсөн. *******т өвдөглүүлсний улмаас миний баруун нүд хөхөрсөн өөр гэмтэл учраагүй. Хэрүүл маргаан миний гэрээс гаргахгүй гэж зууралдсаны улмаас болсон. Урьд өмнө бид 2 маргалддаг байсан ч миний биед халдаж байсан зүйл байгаагүй. Би эрүүл, ******* архи уусан байсан. Дунд зэргийн согтолттой байсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/

        

         Дундговь аймгийн шүүүх шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 265 дугаартай шинжээчийн:

          1.2. ийн биед зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал хатуу мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.          

         3. Тухайн гэмтэл нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цагийн үед бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

         4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

           Шүүгдэгч ******* “1.52 хувийн согтолттой байсан тухай” согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 4/

           Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл “бага үнэлгээтэй” /хх-ийн 6-8/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

           Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 41/

           “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 70-71/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 сарын 05-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр багийн  ын 5-2 тоотод *******тэй тухайн үед үүссэн “хүүхдээ түллээ” гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүр рүү нь цохиж биед нь зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 сарын 05-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр баг ын 5-2 тоотод *******тэй тухайн үед үүссэн “хүүхдээ түллээ” гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүр рүү нь цохиж биед нь зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

      шүүгдэгч *******ийн: “... 22 цаг өнгөрч байх үед манай эхнэр залгаад хүүхэд түлэгдчихлээ гэж хэлээд намайг эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Намайг эмнэлэгт яваад очих үед хүүхдийн баруун талын хонго хэсэгт түлэгдсэн боолт хийлгэж байсан. ... Тэгээд гэрт очоод хүүхэд түлэгдсэн гэх шалтгаанаар эхнэртэйгээ маргалдсан. Тэгж байтал эхнэр цагдаа дуудлаа гээд би гэрээс гарах гэтэл эхнэр гэрийн хаалга түгжчихээд үүдэн дээр зогсоод хөлөөс тэврээд тавихгүй гаргахгүй гээд байсан. Тэгэхээр нь би эхнэрийг цаашлуулах санаатай толгойг нь цааш түлхэхэд санаандгүй байдлаар эхнэрийн нүд хэсэгт өвдөглөсөн. Тэгэхэд эхнэрийн нүд хөхөрсөн. ... Хүүхэд түлэгдсэний улмаас эхнэр бид 2 хэрүүл маргаан хийсэн ба тухайн үед би гэрээс гарах гэтэл эхнэр намайг гаргахгүй гээд зууралдаж байгаад биед нь халдчихсан. Би нэг удаа өвдгөөрөө эхнэрийн нүүр нүд хэсэгт өвдөглөсөн юм. Тухайн үед эхнэрийн баруун нүд хөхөрсөн өөр гэмтэл учраагүй...гэх,

          хохирогч *******ийн: “... Би гэрээ галлачихаад хоол ундаа хийгээд байж байтал манай охин Насанжаргал зуух руу ойчиж бөгсөн хэсгээ түлчихсэн. Тэгэхээр нь би охиноо аваад эмнэлэг дээр очоод нөхөр рүүгээ охиноо түлчихлээ, эмнэлэг дээр байна гэж хэлэхэд нөхөр эмнэлэг дээр согтуу ирээд намайг хүүхдээ түлчихлээ, харсангүй гэж загнасан. ... Тэгээд би охиноо гэртээ авч ирээд унтуулчихаад “Нитро” баар орж нөхрийгөө аваад гэртээ ирсэн. Тухайн үед 23 цаг 30 минут болж байсан ба гэрт ирээд нөхөр дахин намайг охиноо харсангүй, түлчихлээ гэж загнаад янз бүрээр хараагаад байхаар нь би маргааш өөрт нь үзүүлнэ гээд бичлэг хийсэн. ... Гэтэл нөхөр намайг гар утсаараа бичлэг хийлээ гээд над руу жижиг модон сандал мөн өөрийнхөө гар утсыг шидсэн тухайн зүйлс намайг оноогүй. Тэгэхээр нь би өөрийн гар утсаараа цагдаад нөхөр агсам тавиад байна гэж дуудлага өгсөн. Гэтэл нөхөр намайг цагдаа дуудсаныг мэдээд гэрээс гараад явах гээд байхаар нь би гэрээ дотроос нь түгжсэн. Тэгээд байж байтал нөхөр босч ирээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд би 2 удаа алгадсан. Тухайн үед нөхөр гарах гээд байхаар нь би подволкноос нь зуураад таттал подволк нь урагдчихсан. Нөхөр подволкоо тайлаад гарах гэхээр нь өмднийх нь тэлээнээс зуураад тонгойтол нөхөр миний баруун шанаа нүд хэсэг рүү өвдөглөчихсөн. ...*******т өвдөглүүлсний улмаас миний баруун нүд хөхөрсөн өөр гэмтэл учраагүй. Хэрүүл маргаан миний гэрээс гаргахгүй гэж зууралдсаны улмаас болсон...” гэх мэдүүлгүүд болон хохирогч *******ийн биед зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсснийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэгээр нотлогдож байна.

  

        Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

        Шүүгдэгч *******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч А.ийн эрүүл мэндэд “зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгджээ. Иймд  шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаартай тогтоолоор хангаж, түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

       

          Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

          Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч ******* гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.УУГАНБАЯР