Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2018/02961

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би

            Нэхэмжлэгч: Х.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 24,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ж.Э-д хүүгүйгээр 16,000,000 төгрөгийг аман хэлцлээр тохиролцон хийсэн бөгөөд бэлнээр хариуцагчид хүлээлгэн өгсөн. Ж.Э нь төлбөрөө төлөхгүй байсан учир 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлэн, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай хүүгүйгээр 16,000,000 төгрөгийг зээлүүлж хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 2.7 дугаар зүйлд заасны дагуу “хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн 480 хоног бөгөөд нэг хоногт төлөх алданги нь 80,000 төгрөг нийт 38,000,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувь болох 8,000,000 төгрөг,  үндсэн төлбөр 16,000,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол болох 600,000 төгрөг, нийт 24,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч Ж.Э гарын үсэг зурсан. Энэ талаар маргахгүй. Энэ гэрээг нөхөн байгуулсан, энэ тухайгаа ч гэрээндээ дурдсан байдаг. Гэхдээ нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16,000,000 төгрөг бэлнээр аваагүй. Энэ гэрээ байгуулах болсон шалтгаан бол  Ж.Э нь 2015 оны 12 дугаар сарын өдөр 13-ны өдөр Х.Т-ийн худалдаж байсан тоёато приус маркийн  автомашиныг Б.М гэх хүнээс худалдан авсан. Нэхэмжлэгч бол автомашины худалдаа хийдэг хүн юм байна лээ. Ийнхүү худалдан аваад “Энт финанс” ХХК-аас зээл аван барьцаанд автомашиныг тавьсан. “Энт финанс” ХХК-д 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтэд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсны дараа автомашины өмчлөх эрхийг Х.Т-т шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Эндээс 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ бол тоёато приус автомашин худалдан авсантай холбоотой юм шиг байна лээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт энэ гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 24,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ж.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 16,000,000 төгрөг, алдангид 8,000,000 төгрөг, гэрээний хохиролд 600,000 төгрөг, нийт 24,600,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзах үндэслэлээ зээлийн гэрээний дагуу 16,000,000 төгрөг шилжүүлэн аваагүй хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгч Х.Т, хариуцагч Ж.Э нар 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр Х.Темирбек нь Ж.Энхболдод 16,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 23-нд буцаан төлөх, хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /xx-4/

Зохигчид гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтын тухайд маргаагүй байх ба талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа байна. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүрэг зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Гэрээний дагуу зээлдүүлэгч зээлдэгчид мөнгө шилжүүлэн өгсөн эсэх нь буюу зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.  

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор зохицуулсан бөгөөд энэ бол зээлийн гэрээний гол шинж бөгөөд зээлдүүлэгч зээлдэгчээс мөнгийг буцаан шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлийг бүрдүүлнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгийг бэлнээр шилжүүлэн өгсөн гэх ба үүнийг талуудын байгуулсан гэрээний 3.5-д “Нэмэлт нөхцөл: 2015 оны 12 дугаар сарын 15-нд авсан зээл” гэж зааснаар нотлогдоно гэжээ. Гэрээний уг заалтыг талуудын хооронд мөнгө хүлээлцсэн болохыг тодорхойлох баримттай адилтган үнэлэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч 16,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болохоо нотлоогүй тул хариуцагчаас мөнгийг буцаан шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч Х.Т-ээс хариуцагч Ж.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Т-ээс хариуцагч Ж.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба тус хуулийн 120 дугаар дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.НЯМСҮРЭН