Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2019/00090

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СХД НДХ нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: и ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4,152,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, О.У, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн өөрсдийн гаргасан хүсэлтийн дагуу 2015 оны 5-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нөхөн гарган ирүүлснийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татварын хэлтэст тайлагнасан тайланг үндэслэн шалгасан байна. Шалгалтаар 2015 оны 4-9 дүгээр саруудад олгосон 2,750,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж, төлөөгүй зөрчил илэрсэн байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй дээрх орлогоос 577,500 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 288,750 төгрөгийн алданги ногдуулж, нийт 866,250 төгрөгийг төлүүлэх акт тавьсан байна. Үүнээс 288,750 төгрөгийн төлбөрийг барагдуулсан байна. Мөн И ХХК нь 2015 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн шимтгэл төлөлгүй 2,383,140 төгрөгийн өр үүсгээд байна. Компанийн гүйцэтгэх захиралтай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлийг төлж барагдуулах талаар удаа дараа сануулсан боловч одоог болтол шимтгэлийн өрөө төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг зэрэг заалтуудыг тус тус зөрчиж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги оногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 1,191,570 төгрөгийн алдангийг ногдуулаад байна. Иймд Нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тавигдсан төлбөрийн үлдэгдэл 577,500 төгрөг болон төлбөл зохих шимтгэлийн 2,383,140 төгрөг, түүнд ногдох алдангийн дүн 1,191,570 төгрөг, нийт 4,152,210 төгрөгийг хуулийн дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нөхөн гаргах хүсэлт гаргасан нь үнэн. Нэг хүнийг оруулаагүй байсан учраас нөхөн оруулсан. Актаар тавигдсан төлбөр болон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг багасган, үндсэн шимтгэлийг хуваарь гаргаж төлөх хүсэлтэй байна. Одоо компани үйл ажиллагаа явуулдаггүй тул төлөх чадваргүй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СХД НДХ нь хариуцагч И ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, түүний алдангид нийт 4,152,210 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь төлбөрийн чадваргүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 070 тоот актаар И ХХК-ийн 2015 оны 5 дугаар сараас 9 дүгээр сард 2,750,000 төгрөгийн цалинд ногдох 577,500 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 288,750 төгрөгийн алданги, нийт 866,250 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй болохыг тогтоосон ба И ХХК-ийг төлөөлж захирал Л.Б, нягтлан бодогч Э.У нар акттай танилцан зөвшөөрч, гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг актаар тавигдсан төлбөрөөс 288,750 төгрөгийг төлж, 577,500 төгрөгийг төлөөгүй гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх-3-15/

Мөн хариуцагч И ХХК-ийн 2015 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд хамаарах төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 2,383,140 төгрөг, алданги 1,191,750 төгрөг, нийт 3,574,710 төгрөг болсон байна. /хх-16/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасан ба ажил олгогч нь мөн хуулийн  17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг ажил олгогч хүлээхээр заасан. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байна.

Хариуцагч И ХХК нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл болон, улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрийн тооцоолол, хэмжээг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,383,140 төгрөгт алданги 1,191,570 төгрөг, мөн нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тавигдсан төлбөрийн үлдэгдэл 577,500 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг тухайн сарын 30-ны өдөр хэмээн тооцвол нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жил хугацаандаа гаргасан гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг баримтлан хариуцагч И ХХК-аас 4,152,210 төгрөг гаргуулан СХД НДХ-т олгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 81,385 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.НЯМСҮРЭН