| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2022/00105/э |
| Дугаар | 2022/ШЦТ/108 |
| Огноо | 2022-10-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/108
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: .............,
Улсын яллагч: ....................,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:...................
Шүүгдэгч .............нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогтой ********************** холбогдох эрүүгийн 1827001430011 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ****************хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эмээ, дүү нарын хамт *****************хот, ************** дүүрэг, ****************, ***************** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй,
- Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн.
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар **************** холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 болгон өөрчлөн хэргийг хэрэгсэхгүй болгосон, *****************овогтой *************** /РД:**************************/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ************ нь 2018 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ***********аймгийн ********** сумын ******************багийн нутаг дэвсгэр “**********” нэртэй аялал жуулчлалын баазын 40 дугаартай монгол гэрээс хохирогч ************** ipad-9, бэлэн 105 000 төгрөг, хохирогч ********************* Самсунг нөүт-5 загварын гар утсыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********************мэдүүлэхдээ:
Би 2020 оны 01 дүгээр сард Хархорин сумын цагдаа дээр хэрэгт байцаагдаж байсан. Тухайн үед Хархорин сумын цагдаагийн мөрдөгч * гэх байцаагч нам*********************айг энэ хулгайн гэмт хэргийг даалгах санал тавьсан. ***************** байцаагч надад камерын бичлэг үзүүлэхэд тухай бичлэгт надаас өөр хоёр хүн байсан. Чи энэ хоёр хүнийг таних уу гэж надаас асууж байснаа чи энэ хэргийг даачих гэж хэлсэн бөгөөд энэ хэрэг цагдаа дээрээс хэрэгсэхгүй болох хэрэг байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг буцаагаад явуулсан. Намайг *************гэх байцаагч дуудаад энэ хэргийг мөрдөн байцаалтад шилжсэн гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ. Би энэ хэргийг хийгээгүй. Наад хэргээ ********************* асуу гэж хэлсэн. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. 2020 онд эрүүгийн дарга ************************гэж хүн надаас гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн хэрэг нь хоёр гар утас, мөн цүнх нь дотроос мөнгө алдагдсан хэрэг байсан. Би тийм гэмт хэрэг үйлдээгүй гэв.
Хохирогч ********************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед ************ сумын “************” жуулчны бааз дээр жуулчин нарын хамт ирж амарсан. Жолооч *****************гэх хүнтэй хамт 40 дугаартай гэрт хамт хоёулаа хоносон. Өглөө 06 цагийн үед сэрээд харсан чинь миний цүнх алга болсон талаар мэдсэн. Бид хоёр 22 цагийн үед унтаж амарсан. Миний Ipad-9 болон түрүүвчинд байсан 105 000 төгрөг алга болсон. Би цүнхээ өглөө нь гэрийн гаднаас олсон. Тэгсэн чинь миний Ipad-9, цүнх дотор байх түрүүвч дотроос бэлнээр 105 000 төгрөг, виза картууд алдагдсан байсан. Би тухайн “***********” баазын менежер миний алдагдсан мөнгө болох 105 000 төгрөгийг өгсөн. Одоо Ipad-9-н хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-57, 65 дугаар хуудас/,
Хохирогч ********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн ******************суманд ирээд “****************” жуулчны бааз дээр хамт аялалд явсан хүмүүстэйгээ буудалласан. Би тухайн шөнө орчуулагч *************** гэх хүнтэй 40 дугаартай гэрт амарсан. Тэгээд өглөө сэрсэн чинь бид хоёрыг унтах гэж байхад гаднаас хүн орж ирээгүй. Бид 2 шөнө унтахдаа хаалгаа түгжээгүй, хаагаад л унтсан. Миний алга болсон утас нь гадна талаараа хар өнгийн гэртэй, 2018 оны 05 дугаар сард 420 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч **************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би “**********************” ХХК-ийн “Мөнхтэнгэр” жуулчны баазад ерөнхий менежер ажилтай. 2018 оны 08 дугаар сарын 07-ноос 2018 оны 08 дугаар сарын 08-нд шилжих шөнө **********************алдсан гэх 105 000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Гэрч ******************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай жуулчны баазын 40 дугаартай гэрт амарч байсан 2 монгол иргэн шөнө унтаж байгаад гэр дотроосоо эд зүйлээ хулгайд алдсан хэрэг гарсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед харуулаар манай ажилчин **************гэдэг залуу гарч байсан. Би тэр өдөр эрт амарсан, өглөө нь хулгай орсон байсныг мэдсэн. Хэрэгт сэжиглэж байгаа хүн алга гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,
Гэрч ************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2018 оны 08 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө баазын харуулаар гарсан. Би тээврийн хэрэгслүүдийн дугаарыг 23 цагт тэмдэглэж дуусаад хашаан дотроо нэг бүтэн тойроод зууван заал дотор ороод камер хараад сууж байсан. Хулгай орох үеэр би 5 ханатай гэрт ороод утсаа цэнэглэсэн. Өглөө 06 цаг 40 минутын орчим унтсан. Тэгээд унтаж байтал хулгай орсон гээд намайг дуудсан. Би анх удаагаа л харуулд гарч хонож байгаа юм. Манай бааз дээр шөнө оройн цагаар гэр асуусан хүмүүс л ирдэг, ажилчин дээр бол ирсэн удаа байхгүй. Хэрэгт сэжиглэж байгаа хүн алга гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоол, тус прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мөрдөн байцаалтыг сэргээх тухай тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 209, 211, 81-82, 71-73, 44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч *************нь 2018 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ************ аймгийн ********** сумын ************багийн нутаг дэвсгэр “************” нэртэй аялал жуулчлалын баазын 40 дугаартай монгол гэрээс хохирогч ******** ipad-9, бэлэн 105 000 төгрөг, хохирогч ************* Самсунг нөүт-5 загварын гар утсыг нь хулгайлсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч******************үйлдсэн болох нь
Хохирогч ************* нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-56, 60, 65 дугаар хуудас/, гэрч ******************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 71-73 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ******************хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүгдэгч **************** нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч *********** үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч *****************1 707 120 /нэг сая долоон зуун долоон мянга нэг зуун хорин/ төгрөг, хохирогч ********************* 392 000 /гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч *************105 000 /нэг зуун таван мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нар маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч, иргэний нэрэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгчээс 1 707 120 төгрөг гаргуулан хохирогч ******* овогтой **********, 392 000 төгрөг гаргуулан хохирогч **********овогтой *****************, 105 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч *********овогтой ******** нарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч ***********хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт “...Өөрөө хэргээ хүлээсэн талаар мэдүүлгүүд хавтаст хэрэгт байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд зохих хууль журамд заасны дагуу Өршөөлийн хуульд хамруулах боломжтой бол хамруулж шийдэж өгнө үү гэсэн саналтай байна. ...Тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг ч оногдуулах боломжтой. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй байхаар хуульчлагдсан.
Шүүхээс шүүгдэгч **************эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирлыг нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн яллагдагч, шүүгдэгчийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж болохоор заасан ба шүүгдэгч ************ тухайд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй тул Өршөөлд хамруулах хууль зүйн боломжгүй юм.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч ***************** нь нийт 25 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Шүүгдэгч ************ нь шүүх хуралдаанд цагдаагийн албан хаагч нь эрүүдэн шүүсний улмаар энэ хэргийг хүлээсэн мэдүүлэг өгсөн гэж тайлбарлаж байгаа ба энэ талаараа холбогдох байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрх нь нээлттэй, мөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд ярьж байгаа хяналтын камерын бичлэг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* овогтой ************ хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар **********02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ***************оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар ******************* энэ хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *************хохиролд 1 707 120 /нэг сая долоон зуун долоон мянга нэг зуун хорин/ төгрөг гаргуулан хохирогч ********** овогтой ********** /РД:**************, *********** хот, ************ дүүрэг, ********** дугаар хороо, ******** дүгээр хороолол, ************* өргөн чөлөө ******** байр ************* тоотод оршин суух/, 392 000 /гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулан хохирогч ********** овогтой ********************* /РД:****************, ************ аймаг, ************сум,*********** дугаар баг, ************** тоотод оршин суух/, 105 000 /нэг зуун таван мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч ********* овогтой *************** /РД:*************, *************хот, **************дүүрэг, **********дугаар хороо ****************тоотод оршин суух/ нарт тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ********************** хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл **************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА