Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 125/ШШ2020/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Гурвалжинтан ЗБН-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Цэцэгсүрэн, аудитор Б.Должинжав нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймаг дахь төрийн аудитын газрын аудитын менежер А.Цэцэгсүрэн, аудитор Б.Должинжав нарын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актын “Гурвалжинтан” ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч А.Цэцэгсүрэн, Б.Должинжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Гурвалжинтан” ЗБН-ийн Ховд аймаг дахь Төрийн аудитын аудитын менежер А.Цэцэгсүрэн, аудитор Б.Должинжав нарт холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 дугаар төсвийн орлого болгох тухай актын “Гурвалжинтан” ЗБН-д холбоотой хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэл гаргахаасаа өмнө Үндэсний аудитын газарт гомдол гаргаж хариу авсан.

Ховд аймгийн Буянт сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон санхүүгийн тайланд Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас хяналт хийж тус сумын Засаг даргын Тамгын газар нь мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас “тарилгын актаас илүү тооцож олгосон” гэх үндэслэлээр “Гурвалжинтан” ЗБН-д 2.840.000 төгрөгийн акт тогтоосон.

Уг акт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. “Гурвалжинтан” ЗБН нь актаар тогтоосон 2,840,000 төгрөгийн төлбөр төлөх бус харин 2019 онд гүйцэтгэсэн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилгын үйлчилгээний хөлс дутуу авлагатай юм. Улсын төсвөөс болон орон нутгийн төсвөөс санхүүжих малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын хөлсийг нийт дүнгээр авч үзвэл Гурвалжинтан ЗБН нь 2019 онд 25,124,400 төгрөгийн ажил хийсэн. Үүнээс улс болон орон нутгийн төсвөөс 12,087,525 төгрөг авсан. Үлдэгдэл 13,037,335 төгрөг байгааг одоо хүртэл авч чадаагүй. Нэгэнт ажлаа хийсэн учир хөлсөө авах ёстой.

Мал эмнэлгийн газар, Буянт сумын Засаг даргын Тамгын газар, “Гурвалжинтан” ЗБН гурвалсан гэрээ байгуулсан. Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас “...улсын төсвөөс боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тарилгыг санхүүжүүлэх боломжгүй, орон нутгаас санхүүжүүл...” гэх албан бичгийг Буянт сумын Засаг даргад хүргүүлсэн. Буянт сумын Засаг даргаас 2019 оны 1/150 дугаар албан бичгээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд “...Мал эмнэлгийн газраас ирүүлсэн вакцинжуулалтын ажлын хөлсийг шийдвэрлүүлэх...”-ээр хандсан. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 6 сарын 6-ны өдрийн 24 тогтоолоор мал амьтны боом, галзуу өвчний нэмэлт вакцинжуулалтын үйлчилгээний хөлсийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоолоор баталсан тарифын дагуу орон нутгийн хөгжлийн сангийн мал эмнэлгийн хөгжлийн сангаас гаргахыг дэмжсэн. Энэ нөхцөл байдлыг аудитор анхаараагүй учир дээрх 4 өвчинтэй холбогдуулан илүү хөлс авсан гэж үзэж акт тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй байна.

“Гурвалжинтан” ЗБН нь дээрх нөхцөл байдалтай холбогдуулан боом, галзуу өвчний тарилгын актыг Буянт сумын Засаг даргын Тамгын газарт өгч үүнээс 11,900,000 төгрөг авсан боловч энэ нь нэхэмжлэгчийн хийсэн нийт ажлын хөлсөө бүрэн авч чадаагүй, цаана нь авлага үлдсэн байгаа. Сохор догол, Сахуу, Шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын үйлчилгээний хөлсийг малчнаас гаргуулахаар хуульд заасан ба үүнийг нэмэх юм бол нийтдээ бодод 21,267, богд 55,932 тооны малд вакцин буюу миний өмнө ярьсан 25,124,400 төгрөгийн ажил хийсэн. Одоо үлдэгдэл 13,335,000 төгрөг авах ёстой. Боом, Галзуу, Бруцеллёз өвчний вакцинжуулалтын мөнгийг бүрэн авсан гэдэгтэй санал нэгдэхгүй.

Аудиторч акт тавьж байгаа бол актаар төлбөр тогтоосон байгууллагад мэдэгдэхгүй, аудит хийсэн байгууллагадаа мэдэгдэнэ гэж ойлгоод байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэх ёстой. Хэрэв акт тогтоохдоо Гурвалжинтан ЗБН-д мэдэгдэж, энэ талаар тайлбар мэдүүлгийг авсан бол өнөөдөр энэ акт тавигдахгүй байх байсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймаг дахь төрийн аудитын газрын аудитын менежер А.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33, 34, 35 дугаар зүйлд малын ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаар ангилж өгсөн. Уг хуульд зааснаар боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой. Улсын төсвөөс боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зардалд 1,700,000 төгрөг төсөвлөснөөс “Гурвалжинтан” ЗБН малын тарилгын актаар уг мөнгийг бүрэн хүлээж авсан. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зардалд 400,000 төгрөг олгохоос бүрэн олгож, бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх зардалд 2,7 сая төгрөг олгохоос 0,8 сая төгрөг олгож 1,9 сая төгрөгийг дутуу олгосон. Яагаад дутуу олгосон бэ гэхээр Мал эмнэлгийн газраас бруцеллёз өвчний дархлаа тогтсон байдалд хяналт тавихад дархлаа 30 хувьд хүрээгүй гэх дүгнэлт гарсан учраас дутуу олгосон. Гурвалжинтан ЗБН хийгээгүй ажлын хөлсөө дутуу авснаас бус улсын төсвөөс авах ёстой мөнгөө бүрэн авсан. Орон нутгийн сангаас 4 өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарьсан тарилгын актаар 9090600 төгрөгийн үйлчилгээний хөлс авахаар байгаа ба 11930600 төгрөгийн үйлчилгээний хөлс олгосон нь тул үүний зөрүү болох 2,840,000 төгрөгийн акт тогтоосон. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэмэлт вакцинжуулалтын тогтоолын заалт үүнд хамаарахгүй юм.

Боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тарилга хийсэн ч гэсэн улсын байцаагчид өгсөн тарилгын цуваа, вакцин хийсэн малын акт, гүйцэтгэсэн ажлын жагсаалтаар нотлогдох ёстой. Дээрх баримтууд байгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймаг дахь төрийн аудитын газрын аудиторч Б.Должинжав шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Колибактериоз, дуут халдвар, дотрын халдварт хордлого, цусан халдвар зэрэг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины үйлчилгээний хөлс 11930600 төгрөгийг “Гурвалжинтан” ЗБН-д орон нутгийн төсвөөс олгосон байдаг. Гэхдээ малын тарилгын актаар 9090600 төгрөгийн үйлчилгээний хөлс авахаар байгаа юм.

Өөрөөр хэлбэл 9090600 төгрөгийн үйлчилгээний хөлсөд ноогдох вакцин хийсэн малын тоо, вакцины литр таарч байгаа ба нэмэлт вакцин аваагүй байдаг.

Мал эмнэлгийн эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-д орон нутгийн төсөвт мал эмнэлгийн урьдчилсан сэргийлэх зардал нь вакцин, үйлчилгээний хөлстэйгээ цугтаа орон нутгийн төсөвт суудаг. Иймд вакцины үнийг хамтад нь авсан байсан. Боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын санхүүжилтийг магадгүй тухайн аж ахуй нэгж хохирох байх гэж сайтар шалгасан. Улсын төсвөөс 200, 150 төгрөгийн тарифтай ирсэн. Бруцеллёзын вакцин дээр үйлчилгээний хөлсийг бүрэн олгосон байсан.

Аудитор нь Монгол улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/124 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 12.7-д зааснаар Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн асуудлын бүртгэлийг нэгтгэн гаргаж, үйлчлүүлэгч байгууллагад танилцуулан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар Гурвалжинтан зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ЗБН/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Цэцэгсүрэн, аудитор Б.Должинжав нарт холбогдох, 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актын Гурвалжинтан ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхэд хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас Буянт сумын Засаг дарга, Тамгын газрын 2019 оны төсвийн гүйцэтгэл, жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар тус сумын мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас Гурвалжинтан ЗБН-д 2840,0 /хоёр сая найман зуун дөчин мянган/ төгрөгийн үйлчилгээний хөлсийг илүү олгосон гэж акт тогтоосонтой холбоотой маргаан үүсчээ. 

1. Буянт суманд мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг Гурвалжинтан нөхөрлөл нь 2019 онд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үйлчилгээний хөлсийг ажлын гүйцэтгэлээр авсан гэж, хариуцагчаас илүү санхүүжилт олгосон нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргана. 

Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас тухайн үед төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн аудитын тухай /2015 оны 01 сарын 03-ны өдөр батлагдсан/  хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3орон нутгийн төсвийн жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийж дүгнэлт гаргах бүрэн эрхтэй гэж зааснаар Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын явцад зөрчлийг илрүүлж, улмаар 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай”  акт тогтоожээ.

Актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “  Дархлаажуулалтыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага болон мал эмнэлгийн тасаг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй. Гэжээ. 

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 03 сарын 18-ны өдрийн А/41 дүгээр тушаалын[1] нэгдүгээр хавсралтаар 2019 онд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын төлөвлөгөөг баталснаас Буянт суманд 3 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс 17912 бод, 706676 бог нийт 88588 малыг дархлаажуулалтад хамруулахаар, үүнээс Гурвалжинтан ЗБН нь 9 төрлийн өвчний вакциныг нийт 7937 бод, 30426 бог нийт 38363 малд хийхээр төлөвлөжээ.

Улмаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.12-д “Сум, дүүргийн Засаг дарга, мал эмнэлгийн тасаг, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж энэ хуулийн 28.2-т заасан байгууллагын даргын баталсан загварын дагуу гурвалсан гэрээ байгуулж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх мал эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгүүлнэ.” гэж зааснаар Буянт сумын Засаг дарга, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж Гурвалжинтан ЗБН нар 2019 оны 03 сарын 20-ны өдөр 03 дугаартай гурвалсан гэрээ[2] байгуулсан байна.

Гэрээний хавсралтаар баталсан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 2019 оны дархлаажуултад зааснаар нэхэмжлэгч нь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх 2, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх 4, иргэн хуулийн этгээдээс санхүүжүүлэх 3, нийт 9 төрлийн халдварт өвчний дархлаажуулалтыг 7937 бод, 30426 бог малд хийх даалгавартай.

Мал эмнэлгийн үйлчилгээ нь Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.12-т зааснаар орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх, 58.4.4-т зааснаар сум өөрийн төсвөөр бие даан хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарах ба Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33,34,35 дугаар зүйлүүдэд улсын төсөв, орон нутгийн төсөв, иргэн хуулийн этгээдээс санхүүжүүлэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг тусгайлан хуульчилж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Засгийн газраас баталсан мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтад үндэслэн санхүүжилтийг олгохоор заажээ. 

Тодруулбал, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-д зааснаар энэ хуулийн 11.1.2-т заасан жагсаалтад орсон халдварт өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний дараахь зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр байх ба Засгийн газрын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 225 дугаар тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтад гурвалсан гэрээнд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр заасан 5 төрлийн халдварт өвчин хамаарч байх тул зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үндэслэлтэй байна.

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 сарын 24-ний өдрийн 73 дугаар тогтоолоор[3] баталсан Мал эмнэлгийн ажил үйлчилгээ, шинжилгээний төлбөрийн жишиг үнэлгээний дээд хязгаарыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоолоор[4] шинэчлэн баталсан боловч 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 10/09 тогтоолоор[5] хүчингүй болгосон байх тул 73 дугаар тогтоолоор баталсан мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг баримтлах нь зүйтэй байна.

Мал эмнэлгийн газрын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 114 дүгээр албан бичигт[6] дурдсанаар Гурвалжинтан ЗБН нь гэрээгээр хүлээсэн  даалгавраар орон нутгаас санхүүжүүлэх 4 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 4000 бод, 11000 богт хийх үйлчилгээний хөлсөнд 4900,0 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг авахаар байна.

Гэтэл нэхэмжлэгч нь Буянт сумын мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас 2019 оны 03 сарын 25-ны өдөр 4000.0 /дөрвөн сая/ төгрөг, 2019 оны 11 сарын 22-ны өдөр 5000.0 /таван сая/ төгрөг, 2019 оны 12 сарын 09-ны өдөр 2936.0 /таван сая/ төгрөг нийт 11930.6 /арван нэгэн сая есөн зуун гучин мянга зургаан зуун мянган/ төгрөгийн санхүүжилт авсан байна.[7]

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-д тодорхойлсоноор “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно.

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үйлчилгээний санхүүжилтийн тухайд гэрээний даалгаврын гүйцэтгэлийг малд тарилга хийсэн актаар нотлох ба энэ нь санхүүжилт олгох баримт болно.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн малд хийсэн тарилгын актыг[8] үндэслэн тооцож үзэхэд дотрын халдварт хордлого /ДХХ/ өвчний дархлаажуулалтын тарилгыг 9995 хоньд 2 удаа буюу 19990, дуут хавдар өвчний дархлаажуулалтын тарилгыг 2000 үхэрт, цусан халдвар өвчний дархлаажуулалтын тарилгыг 2117 үхэрт 2 удаа буюу 4234, колибактериоз өвчний дархлаажуулалтын тарилгыг 1000 ямаанд 2 удаа буюу 2000 нийт 6234 бог, 21990 бод малд тарилга хийсэн байх ба үйлчилгээний хөлс  90906,0 төгрөг /есөн сая ерэн мянга зургаан зуун төгрөг/ болж байх тул 11930.6 /арван нэгэн сая есөн зуун гучин мянга зургаан зуун мянган/ төгрөгийг олгосон нь үндэслэлгүй байна.

Гурвалжинтан нөхөрлөл нь 2019 оны гэрээгээр батлагдсан даалгавраар  тарилгын үйлчилгээний хөлсөнд 4900,0 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг авах ёстой ч гүйцэтгэлээр зарим тарилгыг 2 удаа хийсэн байх тул гүйцэтгэлээр санхүүжилтийг тооцсон байгааг дурдах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгчээс Мал эмнэлгийн газраас өгсөн чиглэл, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоолын дагуу илүү олгосон гэх 2840,0 /хоёр сая найман зуун дөчин мянган/ төгрөгөөр боом, галзуу өвчний дархлаажуулалтын тарилгыг нэмэлтээр хийсэн гэж тайлбарлан маргажээ. 

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 225 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар боом, галзуу өвчний дархлаажуулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Гурвалжинтан нөхөрлөл нь 1000 бод малд боом өвчний, 2000 бод малд галзуу өвчний дархлаажуулалтын тарилга хийх даалгавартай ч малд хийсэн тарилгын актаар 998 бод нэмэлтээр 4989 бод, 4000 бог малд боом өвчний тарилга хийсэн гүйцэтгэлээр 1797.4 /нэг сая долоон зуун ерэн долоо мянга дөрвөн зуун/ төгрөг, галзуу өвчний тарилга 2000 бод малд хийсэн тарилгын үйлчилгээний хөлс 400.0 / дөрвөн зуун мянган/ төгрөг, нийт 2197.4 /хоёр сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийг Мал эмнэлгийн газраас олгосон нь санхүүгийн анхан шатны баримт.[9] болон гэрч Мал эмнэлгийн газрын нягтлан бодогч Л.Энхтуулын мэдүүлгээр[10] тогтоогдож байна.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр[11] “Гурвалжинтан” нөхөрлөл 4982 малд боом, 2000 малд галзуу өвчний нэмэлт дархлаажуулалт хийх үйлчилгээний хөлсийг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан орон нутгийн хөгжлийн сангийн зардалд тусган санхүүжүүлэх чиглэлийг хүргүүлжээ.

  Уг санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Буянт сумын Засаг даргаас 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 1/150 дугаар албан бичгээр[12] сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандсанаар хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 24 дүгээр “Нэмэлт вакцинжуулалтын үйлчилгээний хөлс гаргуулах тухай” тогтоолоор[13] малын боом, галзуу өвчний нэмэлт дархлаажуулалтын үйлчилгээний хөлсийг орон нутгийн хөгжлийн сангийн Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас гаргуулах саналыг дэмжжээ. 

Уг тогтоолд хичнээн төгрөгийн зардлыг санхүүжүүлэхээр тогтоосон нь тодорхойгүй, хуралдааны тэмдэглэл байхгүй байх бөгөөд уг тогтоолын дагуу орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох талаар сумын Засаг даргын шийдвэр гараагүй болох нь гэрч сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Даваатогтохын мэдүүлгээр[14] тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд Буянт сумаас дээрх санхүүжилтийг давхардуулан олгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс нэмэлтээр тарилга хийсэн гэх өөр баримтыг гаргаж өгөөгүй  байх тул нэг баримтаар хоёр удаа санхүүжилт авах боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчээс боом, галзуу өвчний тарилгын хөлсийг олгохдоо үйлчилгээний хөлсний тарифыг бууруулж бодсон, бруцеллёз өвчний тарилгын үйлчилгээний хөлсийг дутуу олгосон, вакцины үнийг буцааж татсан нь үндэслэлгүй зэрэг тайлбарыг гаргаж маргасан ч маргаан бүхий акттай шууд хамааралгүй тул энэ талаар дүгнэлт хийхээс татгалзав. 

3. Нэхэмжлэгчээс санхүүжилт олгосон буруутай албан тушаалтан хариуцлага хүлээх учиртай, дээрх зөрчлийг албан шаардлага өгч арилгуулах боломжтой гэж маргажээ.

Улсын ерөнхий аудиторын 2016 оны 09 сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 3.1-т “Аудитаар орлого бүрдүүлэх, зарцуулах, өмч хөрөнгө бэлтгэх, ашиглах, хадгалах харилцааг зохицуулсан хууль эрх зүйн актууд болон гэрээ, хэлцлийн нөхцөлийг мөрдөөгүйгээс илэрсэн дараах зөрчилд төрийн аудитын байгууллага акт тогтооно” 4.1-т “Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж байгаа аудитын дүнд шалгагдагч байгууллагын удирдлагаас тодорхой арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх нь тухайн алдаа, зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байхад чухал үр нөлөөтэй гэж үзсэн дараах зөрчлийг арилгуулахаар төрийн аудитын байгууллага холбогдох албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэжээ.

Эндээс үзвэл дээрх зөрчилд төрийн төрийн аудитын албан шаардлага бус акт гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Актыг тогтоохдоо байгууллагын холбогдох албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдуулан түүнд хариуцуулсан байх бөгөөд хариуцлага хүлээлгэх эсэх асуудал нь эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхэд хамаарах асуудал болохыг дурдах нь зүйтэй.  

4. Хариуцагчийг захиргааны актыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж маргажээ.

Ховд аймаг дахь төрийн аудитын газраас Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын явцад зөрчлийг илрүүлж акт тогтоох үндэслэлтэй талаар холбогдох захиргааны албан тушаалтанд танилцуулснаар сумаас тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн Гурвалжинтан нөхөрлөлд мэдэгдсэн байна.

Улсын ерөнхий аудиторын 2018 оны 05 сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 12.7-т “Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг шийдвэрлэх арга замыг оновчтой тогтоох зорилгоор илрүүлсэн алдаа, зөрчлийг асуудлын бүртгэлд тухай бүр бүртгэж, аудитын хянан удирдах албан хаагчдаас чиглэл, зааварчилгаа авч, баримтжуулсны дараа үйлчлүүлэгч байгууллагад нэгтгэн танилцуулж, хариу тайлбар бичгээр авна” гэж, “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 6.5-д “Хяналт хийгдсэн, хариуцагч албан тушаалтан зөвшөөрсний дараа хэвлэмэл хуудсанд хэвлэн Төрийн аудитын байгууллагын ажилтан, хариуцагч албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарснаар албажуулна” гэж заасан байх тул актыг албажуулахаас өмнө хариуцагч байгууллага тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, тайлбар гаргах боломжтой байна.

Мөн актыг холбогдох албан тушаалтанд хариуцуулсан тогтоосон байх тул заавал хариуцагчаас нэхэмжлэгчид актын талаар мэдэгдэх ёстой гэж буруутгахааргүй байна гэж үзлээ.

Иймд Төрийн аудитын газрын 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” акт нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх тул актын улмаас Гурвалжинтан ЗБН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хууль /2003 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1,15 дугаар зүйлийн 15.1.12, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтыг тус тус баримтлан “Гурвалжинтан” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ЗБН/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Цэцэгсүрэн, аудитор Б.Должинжав нарт холбогдох, 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актын “Гурвалжинтан” ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” захирамжийн хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 

 

[1] хх-ийн 176 дахь талд

[2] хх-ийн 64-68 дахь талд

[3] хх-ийн 86-90 дэх талд

[4] хх-ийн 81-84 дэх талд

[5] хх-ийн 85 дахь талд

[6] хх-ийн 74 дэх талд

[7] хх-ийн51, 218-223 дахь талд

[8] хх-ийн 118-128 дэх талд

[9] хх-ийн 189-190 дэх талд

[10] хх-ийн 174-175 дахь талд

[11] хх-ийн 55-58 дахь талд

[12] хх-ийн 54 дэх талд

[13] хх-ийн 59 дэх талд

[14] хх-ийн 48-49 дэх талд