Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0554

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Д , З.М , С.П нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Нэхэмжлэлийн шаардлага: “… А.Д , З.М , С.П нарт боловсролын байгууллагад 5 жил ажилласны үндсэн цалингийн 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 110/2024/0038/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Д , З.М , С.П  нар нь “… боловсролын байгууллагад 5 жил ажилласны үндсэн цалингийн 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: “Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.Д д 7.278.000 төгрөгийн тэтгэмж олгохыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгаж, нэхэмжлэгч З.М , С.П нарын гаргасан З.М д 8.022.000 төгрөгийн, С.П-т 6.600.000 төгрөгийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. … 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Боловсролын ерөнхий хуулиар боловсролын байгууллагад анх ажилд орсон багш, цэцэрлэгийн туслах багшаар ажилласнаас хойш 5 жил, үүнээс хойш тасралтгүй 3 жил ажилласан тохиолдолд үндсэн цалингийн 6 сартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг хуульчлан баталсан. Боловсролын салбарт ажиллаж буй З.М , С.П нарт төрөөс нэг удаа олгох 3 жилийн хугацааны мөнгөн тэтгэмж олгуулах тухай захиалгыг тэдний ажиллаж байсан байгууллагуудаас баталгаажуулан Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны газарт 2023 оны 08 дугаар сард хүргүүлсэн. Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нэр бүхий ажилтан нарт төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн бичиг баримтуудыг хянан үзээд Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас З.М , С.П нарт төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн бичиг баримтуудыг төслийг хянан үзээд Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас уг тэтгэмжийг Улсын Их Хуралд өргөн барьсанаар Улсын Их Хурал төсвийн төслийг жил бүрийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны дотор батална гэж зааснаар З.М , С.П нарт боловсролын байгууллагад тасралтгүй 3 жил ажилласны нэг удаа олгох тэтгэмжийг хуулийн хэлбэрээр баталгаажуулжээ.

3.2. Улсын Их Хурлаас баталсан 2024 оны Төсвийн тухай хуулийн дагуу З.М , С.П нарт олгох боловсролын байгууллагад 3 жил тасралтгүй ажилласны 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүүгийн дансанд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шилжүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас З.М , А.Д , С.П нарт ажиллаж байсан байгууллагад мэдэгдэл хүргүүлэн тэдэнд олгох нэг удаагийн тэтгэмж авах хүсэлт болон холбогдох бичиг баримтуудыг шаардан гаргуулан авсан.

3.3. Хариуцагч байгууллагын татгалзал нь Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаартай “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-г үндэслэж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь уг журам нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан учраас үүнийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй буюу 2024 оны 03 дугаар сарын 06-наас хойш бий болсон үйл баримтанд үйлчлэх ёстой гэж үзэж байна.

3.4. Ер нь боловсролын байгууллагад тасралтгүй ажилласан ажилтан нарт 3 жилд нэг удаа олгох мөнгөн тэтгэмж нь тэдний нийгмийн баталгаат хангахад чиглэсэн төрийн тусгай бодлого ба З.М , С.П нар нь Боловсролын ерөнхий хуульд заасан ерөнхий шаардлага, болзол, журмыг бүрэн хангаж байгаа учраас уг тэтгэмжийг олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Өнөөдөр тэднийг өндөр насны тэтгэвэрт гарсан гэсэн үндэслэлээр ялгаварлан гадуурхаж байгаа нь Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг ноцтой зөрчиж буй явдал гэж үзэж байна.

3.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж З.М , С.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хүлээн авахыг хүсье” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Боловсролын тухай хууль /2002 он/-н 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гээд 43.1.7а-д “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч”, 43.1.7б-д “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С.П, З.М  нарт тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар, нэхэмжлэгч А.Д д 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар тус тус мөнгөн тэтгэмж олгожээ.

2.2. Нэхэмжлэгч З.М  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар сургалтын менежерийн ажлаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч С.П нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар туслах багшийн ажлаас мөн өдөр чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч А.Д ыг Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар эмчийн ажлаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.3. Улмаар нэхэмжлэгч нар нь “… А.Д , З.М , С.П нарт боловсролын байгууллагад 5 жил ажилласны үндсэн цалингийн 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.4. Анхан шатны шүүх “...Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Монгол Улсын Засгийн газар боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 24.1.2-т энэ хуулийн 13.3.2, 13.3.3, 13.3.4-т заасан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг, мөнгөн тэтгэмж олгох журмыг батлах гэж зааснаар Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баталж, журмын Нэгийн 1.2-т энэ журмаар тэтгэмж авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмжийг олгохгүй байхаар зохицуулжээ. Иймд хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болон 12 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас тус тус чөлөөлөгдсөн нэхэмжлэгч С.П , З.М  нарт тэтгэмж олгохоос татгалзсан нь Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, дээрх журмын Нэгийн 1.2-т заасан зохицуулалтад тус тус нийцсэн байна. Харин нэхэмжлэгч А.Д д 7 278 000 төгрөгийн тэтгэмжийг олгохоос хариуцагч татгалзсан нь буруу байна” гэж нэхэмжлэгч А.Д , З.М  нарт холбогдох хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгч С.П т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

2.5. Учир нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд “Багшийн эрх, үүрэг, багш, ажилтны нийгмийн баталгаа” гээд 13.3.3-д “сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох” гэж заасан.

2.6. Нэхэмжлэгч С.П нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар туслах багшийн ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд дээрх Боловсролын ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд ... дараагийн гурав дахь жилд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг улсын төсвөөс авах эрх нь үүссэн байх тул зөвхөн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын “Нэгийн 1.2-т энэ журмаар тэтгэмж авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмжийг олгохгүй” гэж заасныг баримтлан нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзах үндэслэлгүй.

2.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.П нь хуульд зааснаар нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авах эрх нь үүссэн байхад дээрх журамд зааснаар татгалзаж байгаа нь Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д заасантай нийцэхгүй байна.

2.8. Харин нэхэмжлэгч З.М  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар сургалтын менежерийн ажлаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс чөлөөлөгдсөн байх бөгөөд Боловсролын ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнө өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь тогтоогдож байх тул Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д “сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмыг тус тус хэрэглэх хууль зүйн боломжгүй.

2.9. Боловсролын тухай хууль /2002 он/-н 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэж зааснаар нэхэмжлэгч З.М  нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар дээрх тэтгэмжийг авсан байх тул түүний 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан авах эрх нь үүсээгүй байхад буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

2.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч С.П-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д , С.П нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.Д д 7.278.000 төгрөгийн, С.П т 6.600.000 төгрөгийн тэтгэмж тус тус олгохыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгаж, нэхэмжлэгч З.М гийн гаргасан “З.М д 8.022.000 төгрөгийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ